Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2021/00321

 

*******ийн нэхэмжлэлтэй

                 иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2019/02166 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1830 дугаар магадлалтай, 

*******ийн нэхэмжлэлтэй,

*******, *******нарт холбогдох, 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрхэмбаярын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Нарантуяа, хариуцагчийн өмгөөлөгч Н.Ичинхорлоо, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Би 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Б.Наранцогттой зээлийн гэрээ байгуулж уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 21-р гудамж, 359/г тоот, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.

*******зээлийн гэрээний үүргээ зөрчиж биелүүлэхгүй байсан тул би Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хандаж тус шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1772 дугаар шийдвэрээр хариуцагч Б.Наранцогтоос 45,738,000 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгийг худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. 2017 оны 12 дугаар сард маргаан бүхий орон сууцыг миний өмчлөлд шилжүүлж, энэ үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.

Гэтэл улсын бүртгэлийн байгууллага иргэн *******ын гаргасан гомдлын дагуу тус хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлсэн миний бүртгэлийг хүчингүй болгосон. Хариуцагч *******шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул, барьцаа хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгө миний өмчлөлд шилжсэн байсан, улсын бүртгэлээс миний өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон боловч тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч хэн болохыг эцэслэн тогтоогоогүй.

Иймд хариуцагч *******од холбогдуулж би Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо Орбитын 21-р гудамж, 359/г тоотод байрлах Ү-2201013525 дугаар бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаж байна, хариуцагч *******нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой үйл баримттай холбоотой учир хамтран хариуцах ёстой гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо Орбитын 21-р гудамж, 359/г тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 100 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг иргэн *******оос иргэн Б.Наранцогтын өмчлөлд шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон тухай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/00168 дугаартай шийдвэр, мөн иргэн *******ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болсон тухай Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0240 дугаартай шийдвэрүүд тус тус гарсан. Тиймээс дээрх шүүхийн шийдвэрүүд хүчинтэй мөн Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо Орбит 21 гудамж 359г тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө нь *******ын өмч мөн болохыг нотолсон улсын бүртгэлийн гэрчилгээ байгаа. Иймд нэхэмжлэгч *******ийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч *******шүүхэд гаргасан тайлбартаа: Би уг нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь би 20,000,000 төгрөгийг хүүгийн хамт зээлэхдээ тухайн үед миний нэр дээр байсан уг объектыг барьцаалсан бөгөөд төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж чадаагүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас *******ийн өмчлөлд шилжүүлсэн. Миний *******ээс зээлсэн 20,000,000 төгрөгийн 10,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлөхөөр *******ын хадам эцэг Цагаандорж, хадам эх Оюун нар авсан. Цагаандорж, Оюун нар авсан мөнгөнөөсөө нэг төгрөг ч зээлэндээ төлөөгүй бөгөөд хүргэн *******оос надад бэлэглэлийн гэрээгээр өмчлөгдсөн уг объектыг янз бүрээр арга заль хэрэглэн буцааж *******ын нэр дээр хууль бусаар шилжүүлсэн байна. Миний зүгээс өөрсдийн зээлсэн мөнгөө *******эд төлсөн тохиолдолд уг объектыг буцааж өгөхөд ямар ч асуудалгүй гэдгээ олон удаа бүх шатны шүүхэд тайлбар гаргаж байгаа бөгөөд Цагаандорж, Оюун нарт удаа дараа хэлсэн. Иймд уг объектыг хууль бусаар *******ын өмчлөлд шилжүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2019/02166 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн гаргасан, хариуцагч *******, *******нарт холбогдох Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 21 дүгээр гудамж, 359/г тоот, 100 м.кв, үйлчилгээний зориулалттай, Ү-2201013525 эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг төлснийг дурдаж, түүнээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 316,440 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1830 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2019/02166 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 386,640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрхэмбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадалгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, түүнчлэн хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэлийн үндэслэлийг нотолж байгаа баримтуудыг тал бүрээс нь бүрэн харьцуулан судлалгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул дараах гомдлыг гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх *******, *******нарын хооронд хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас тухайн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэх боломжтой эсэх талаар маргааны гол үйл баримтыг үнэлж дүгнэх ёстой байтал шүүх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон л бол шилжүүлсэн зүйлээ буцааж өгнө гэж, тухайн хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр бусадтай хийсэн аливаа хэлцэл хүчин төгөлдөр бус гэх байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн болох нь харагдаж байна. Хариуцагч *******, *******нарын хооронд 2008 оны 11 сарын 07-ны өдөр байгуулагдсан Бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцсон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2016 оны 06 сарын 22-ны өдөр гарч, уг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 56.4, 56.5, 56.6-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврын талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй... болохыг дүгнэсэн буюу хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас шилжүүлсэн зүйлээ буцаан өгөх эсэх асуудлыг шийдвэрлээгүй байдаг. Гэтэл анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх уг шүүхийн шийдвэрээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр хариуцагч *******ыг тогтоосон гэж дүгнэсэн нь буруу болсон гэж үзэж байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн болох нь *******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнд хавсаргасан баримт, бүртгэлийн газраас ирүүлсэн баримт, бусад үйл баримтаас тодорхой харагддаг. Нэхэмжлэгч ******* нь 2008 онд хариуцагч Б.Наранцогттой Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ байгуулахдаа, шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны гэрээний зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгө нь Б.Наранцогтод хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжсэнийг мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан. Гэтэл анхан шатны шүүх ..Б.Наранцогтын хучин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр бусадтай хийсэн аливаа хэлцэл хучин төгөлдөр бус байна... гэх ойлгомжгүй дүгнэлтийг хийж, ******* болон *******нарын хооронд 2008 оны 11 сарын 11-ны өдөр байгуулагдсан Барьцааны гэрээ хууль ёсны эсэх асуудлыг дүгнэсэн үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 12-ны 128/ШШ2018/0240 дугаар шийдвэрээр ..Л.Гансүхийн нэр дээр бүртгэсэн өмчлөх эрхийн бүртгэл болон 000603101 тоот гэрчилгээг 6 сарын хугацаатайгаар түдгэлзүүлэхээр... дурдсан боловч дахин шинээр бүртгэл хийх тохиолдолд ...хэргийн оролцогчдын хоорондын өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэх, дуусгавар болгох, зээлийн төлбөр авагч *******ийг хохиролгүй болгосны дараа жинхэнэ өмчлөгч хэн болохыг тодорхойлж, түүнийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэх нь зүйтэй.. гэж заасан. Ийнхүү захиргааны хэргийн шүүхээс жинхэнэ өмчлөгч хэн болох, хэргийн оролцогчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлох, өр төлбөр хохирлын асуудлыг шийдсэний дараа хэнийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэх ёстой гэх агуулгаар бүртгэлийг түдгэлзүүлсний дагуу *******, ******* хэн аль нь иргэний хэргийн шүүхэд маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байдаг.

Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 32 дугаар Иргэний зарим хэргийг харьяаллыг захиргааны хэргийн харьяаллаас зааглан ялгах тухай тогтоолын Тогтоох хэсгийн 3.2-т ...өмчийн болон гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэсний үр дүнд хууль ёсоор хийгдсэн улсын бүртгэлийг өөрчлөх, хүчингүй болгох асуудал иргэний хэрэг хянан шийдвэрлэх ерөнхий харьяалалд хамаарна. Энэ тохиолдолд улсын бүртгэлийн байгууллага иргэний хэрэгт хариуцагчаар орохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь өмчлөгчөөр тогтоолгох асуудлыг эхлээд иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. *******ийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан иргэний эрх зүйн харилцаанаас үйлдэлтэй буюу хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар, хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн эд зүйлийг буцаан
өгөх боломжгүй эсэхийг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй билээ. Нэхэмжлэгч нь бүртгэлийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргаснаар тухайн эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоогдохгүй, харин өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаж, шүүхээс нэхэмжлэлийг хангасан тохиолдолд бүртгэлийн байгууллага тухайн шийдвэрийг үндэслэж *******ын нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгоно гэж үзэж байна.

Иймд дурдсан тайлбар, үндэслэлийг харгалзан үзэж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 сарын 25-ны өдрийн 1830 дугаар магадлалыг нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ 

******* нь *******, *******нарт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 21 дүгээр гудамж, 359/г тоотын 100 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

1.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсоныг дурдах шаардлагатай гэж үзлээ. Үүнд:

а.*******нь өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 21 дүгээр гудамж, 359/г тоотын 100 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалан *******ээс 2008 оны 11 дүгээр сард 20,000,000 төгрөгийг 3 сарын хугацаагаар зээлсэн ба гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байна.  

******* нэхэмжлэл гаргасан, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010.11.16-ны өдрийн 1772 дугаар шийдвэрээр Б.Наранцогтоос зээлийн төлбөрт 45,738,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох, шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны хөрөнгийг албадан худалдаж, түүний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.  

Төлбөр төлөгч төлбөрийг төлөөгүй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-т заасны дагуу төлбөрт тооцон төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсний дагуу ******* уг хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдэж, 2017.8.07-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна /хэргийн 6-17, 120-123 дугаар тал/. 

б.******* нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 21 дүгээр гудамж, 359/г тоотын 100 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Б.Наранцогтод бэлэглэсэн 2008.11.7-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.6.22-ны өдрийн 00168 дугаар шийдвэрээр бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзжээ /хэргийн 41-42 дугаар тал/.  

в.******* нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан ...*******ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.4.12-ны өдрийн 0240 дүгээр шийдвэрээр хариуцагч хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах дахин шинэчилсэн бүртгэл хийх хүртэл ...үл хөдлөх эд хөрөнгийг *******ийн нэр дээр бүртгэсэн өмчлөх эрхийн бүртгэл болон гэрчилгээг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ шүүх ...хэргийн оролцогчдын хоорондын өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэх, дуусгавар болгох, зээлийн төлбөр авагч *******ийг хохиролгүй болгосны дараа жинхэнэ өмчлөгч хэн болохыг тодорхойлж, түүнийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэх нь зүйтэй... гэж үзжээ /43-48 дугаар тал/. 

Шүүхийн дээрх шийдвэрүүд хүчинтэй байна.  

2. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн үндэслэлээ ...шүүхийн шийдвэр, түүнийг гүйцэтгэх ажиллагааны үндсэн дээр өмчлөгч болсон, ... захиргааны хэргийн шүүх өмчлөгч хэн болохыг тогтоогоогүй, энэ талаар шүүхийн шийдвэр байхгүй гэж тайлбарлажээ. Нэхэмжлэлээс татгалзахдаа хариуцагч ******* ...шүүхийн шийдвэрүүд хүчинтэй байгаа, ...үл хөдлөх эд хөрөнгө *******ын өмч болохыг нотолсон улсын бүртгэлийн гэрчилгээ байгаа гэсэн, *******...нэхэмжлэл үндэслэлтэй, ...*******ээс зээлсэн 20 сая төгрөгийн 10 сая төгрөгийг *******ын хадам эцэг эх болох Цагаандорж, Оюун нар авсан, нэг ч төгрөг төлөөгүй, ...зээлсэн мөнгөө төлсөн тохиолдолд объектыг буцааж өгөхөд асуудалгүй... гэсэн тайлбарыг тус тус гаргажээ.  

Нэхэмжлэгч шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндсэн дээр өмчлөгч болсон гэж үзэж, шаардлага гаргасан байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т нийцээгүй байна.  

Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрээр бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн боловч уг хэлцлийн үр дагаврыг шийдвэрлээгүй байхад анхан шатны шүүх ...*******, *******нарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээ шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хүчин төгөлдөр бус болсноор тухайн гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь ******* хэвээр үлдэх бөгөөд Б.Наранцогтын хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр бусадтай хийсэн аливаа хэлцэл хүчин төгөлдөр бус болно... гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 зохицуулалтыг тухайн маргаанд буруу тайлбарлан хэрэглэжээ.  

Түүнчлэн шүүх ...шийдвэрийн дагуу Б.Наранцогтоос гаргуулах 45,738,000 төгрөгийн төлбөрийг хариуцагч *******оос гаргуулах, улмаар энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр хариуцагчийг тогтоох үндэслэлгүй, ...маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч *******ийг бүртгэсэн бүртгэл, өмчлөх эрхийн гэрчилгээ нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр болсон үндэслэлээр өмнөх өмчлөгч *******ын нэр дээр бүртгэсэн бүртгэлийг үнэн зөв гэж үзнэ... гэсэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй, хоорондоо зөрчилтэй болжээ.  

Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт *******ыг тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэж үзэх, түүнийг улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгох агуулга тусгагдаагүй байгааг шүүх анхаараагүй байна.  

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх илрүүлж, зөвтгөлгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т нийцээгүйгээс гадна хариуцагч *******нэхэмжлэлийг эсэргүүцээгүй гэж үзсэн нь буруу.  

Шүүх маргааны зүйлийг оновчтой тодорхойлоогүйгээс зохигчид бүрэн мэтгэлцэж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүй, энэ тохиолдолд хяналтын шатны шүүх хэрэгт авагдсан баримт, маргааны үйл баримтын хэмжээнд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болно.  

Иймд нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2019/02166 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1830 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 386,640 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА 

Х.СОНИНБАЯР  

Г.ЦАГААНЦООЖ