Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2022/00276

 

  

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2021/02700 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1818 дугаар магадлалтай,  

*******ийн нэхэмжлэлтэй,

*******, ******* нарт холбогдох  

Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбит 21 дүгээр гудамж, 359г хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

уг эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүхийн гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарантуяа, түүний өмгөөлөгч Д.Батсүх, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюун, түүний өмгөөлөгч Н.Ичинхорлоо хариуцагч *******ын өмгөөлөгч Н.Ичинхорлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. ******* нь *******, ******* нарт холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбит 21 дүгээр гудамж, 359г хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсаныг хариуцагч ******* эс зөвшөөрч, мөн хаягт байрлах энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох сөрөг нэхэмжлэл гаргаж, хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаагүй гэх тайлбарыг гаргажээ.

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2021/02700 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар *******ийг Сонгинохайрхан дүүрэг, 2 хороо, Орбит 21 гудамж, 359г тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201013525 дугаар бүртгэлтэй, 100 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, хариуцагч *******ын Сонгинохайрхан дүүрэг, 2 хороо, Орбит 21 гудамж, 359г тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201013525 дугаар бүртгэлтэй, 100 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 сарын 10-ны өдрийн 184/ШЗ2019/06807 дугаар захирамж шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386,640 төгрөг, хариуцагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас тус бүр 193,320 төгрөг нийт 386,640 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******эд олгож шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1818 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2021/02700 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбит 21 дүгээр гудамж, 359г хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, 2 дах заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан хариуцагч *******ын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн нэмэлт өөрчлөлт, 3 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 386,640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгосугай гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 2, 3, 4 гэсэн дугаарлалтыг 3, 4, 5 гэж өөрчлөн дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386,640 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.  

4. Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 001/ШХТ2022/00187 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасны дагуу хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.  

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль болон Улсын Дээд шүүхийн тогтоолд нийцээгүй. Анхан шатны шүүх ...Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.12-ны өдрийн 128/ШШ2018/0240 дүгээр шийдвэрээр *******ыг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тооцох, бүртгэх, гэрчилгээ олгохоор шийдвэрлээгүй, харин төлбөр авагч *******ийн хохирлыг барагдуулсны дараа маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч хэн болохыг тогтоохоор шийдвэрлэжээ... гэж дүгнээд *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүх ...хуулийн хүчин төгөлдөр шийдвэр болох Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 240 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч *******ийн 359г тоот барилгын өмчлөх эрх хүчингүй болж, хариуцагч ******* өмчлөгч болсон... гэж дүгнэж, *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т ...Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй... гэснийг зөрүүтэй хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх ...хуулийн хүчин төгөлдөр шийдвэр болох Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 240 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч *******ийн 359г тоот барилгын өмчлөх эрх хүчингүй болж, хариуцагч ******* өмчлөгч болсон байх тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д заасны дагуу нэхэмжлэгч *******ийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй... гэж дүгнэсэн. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.12-ны өдрийн 128/ШШ2018/0240 дүгээр шийдвэрээр "...*******ийн нэр дээр бүртгэсэн өмчлөх эрхийн бүртгэл болон 000603101 тоот гэрчилгээг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэхээр... дурдсан боловч дахин шинээр бүртгэл хийх тохиолдолд ...хэргийн оролцогчдын хоорондын өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэх, дуусгавар болгох, зээлийн төлбөр авагч *******ийг хохиролгүй болгосны дараа жинхэнэ өмчлөгч хэн болохыг тодорхойлж, түүнийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэх нь зүйтэй... гэж дүгнэсэн. Ийнхүү захиргааны хэргийн шүүхээс жинхэнэ өмчлөгч хэн болох, хэргийн оролцогчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлох, өр төлбөр хохирлын асуудлыг шийдсэний дараа хэнийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэх ёстой гэх агуулгаар бүртгэлийг түдгэлзүүлсний дагуу *******, ******* хэн аль нь иргэний хэргийн шүүхэд маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байдаг. Давж заалдах шатны шүүх Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.12-ны өдрийн 128/ШШ2018/0240 дүгээр шийдвэрээр эхлээд хэргийн оролцогч нарын өр төлбөрийн асуудал шийдэгдэх, улмаар жинхэнэ өмчлөгч хэн болох асуудал шийдэгдэх ёстой гэх үндэслэлээр *******ийн нэр дээр бүртгэсэн бүртгэлийг түдгэлзүүлсэн болохыг анхаарч үзээгүй. Энэ талаар энэ хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 321 дүгээр тогтоолд ...Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт *******ыг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэх, түүнийг улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгох агуулга тусгагдаагүй байгааг шүүх анхаараагүй байна... гэж маш тодорхой дүгнэсэн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.12-ны өдрийн 128/ШШ2018/0240 дүгээр шийдвэрээр тогтоогдоогүй ...уг шүүхийн шийдвэрээр *******ыг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэсэн... гэх үйл баримт тогтоогдсон мэтээр дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.5-т заасныг тус тус зөрчсөн.

5.1. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй бөгөөд хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэлийн үндэслэлийг нотолж байгаа баримтуудыг тал бүрээс нь бүрэн харьцуулан судалж дүгнэлт хийгээгүй, мөн *******, ******* нарын хооронд ямар тохиролцоо байсны улмаас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр тэдгээрийн хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон үйл баримтыг дүгнээгүй атлаа *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. *******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнд хавсаргасан баримт, бүртгэлийн газраас ирүүлсэн баримт, бусад үйл баримтаас үзэхэд ******* нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 1772 дугаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, уг шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааны үндсэн дээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн бөгөөд уг үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байдаг. Тухайлбал, нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд 2008.11.11-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ /Барьцааны гэрээ/-ний үүргийн гүйцэтгэлд холбогдох маргааныг хянан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн шүүхийн 1772 дугаар шийдвэр 2010.11.16-ны өдөр гарсан. Уг шүүхийн шийдвэрээр хариуцагч *******оос 45,738,000 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө буюу маргаан бүхий Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбитын 21-р гудамжны 359/г тоотод байрлах 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгыг худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа зургаан жилийн хугацаанд үргэлжилж, хоёр ч удаа албадан дуудлага худалдаанд оруулахад борлогдоогүй тул 2015.09.02-ны өдөр төлбөрт тооцон барьцаа хөрөнгийг нэхэмжлэгч *******эд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2015.11.06-ны өдрийн 1/38675 тоот Эрх шилжүүлэх тухай мэдэгдлээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг *******ийн нэр дээр бүртгэхийг даалгасан. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016.12.07-ны өдрийн №3/37302 тоот мэдэгдлээр Ү-2201013525 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн гэх үндэслэлээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон. Тодруулбал, хариуцагч *******, ******* нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон шүүхийн шийдвэр 2016.06.22-ны өдөр буюу маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг *******эд шилжүүлснээс хойш гарсан байх бөгөөд энэхүү үйл баримтын он, цагийн дарааллыг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй. Нэхэмжлэгч ******* нь шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндсэн дээр өмчлөгч болсон гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад давж заалдах шатны шүүх энэхүү нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг үгүйсгэж байгаа үндэслэл, тухайн асуудлаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг ямар үндэслэлээр үгүйсгэж няцааж байгаагаа магадлалын хянавал хэсэгт тодорхой тусгаагүй нь Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 21 дүгээр тогтоолын 2.1, 3.3-т заасанд нийцээгүй гэж үзэж байна.

5.2. Давж заалдах шатны шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн. Улсын Дээд шүүхийн 2006 оны 21 дүгээр тогтоолын 4-т "...Шүүхийн шийдвэрийн агуулга, хэлбэр, бүтцийн талаар хуульд заасан шаардлагуудыг бүх шатны шүүхийн шүүгчид хэлбэрэлтгүй баримталж, шүүхээс гарч буй аливаа эрхийн актын боловсруулалт, найруулгад онцгой анхаарч ажиллахыг нийт шүүхүүдэд үүрэг болгон, шүүхийн шийдвэр боловсруулах аргачлалын талаар шүүн таслах ажиллагааны чиглэл тус бүрээр зөвлөмж гаргахыг Улсын Дээд шүүхийн эрүү, иргэн, захиргааны хэргийн танхимуудад даалгасугай... гэж заасныг үндэслэн Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас 2006.04.25-ны өдөр Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлалын тухай зөвлөмж гаргасан бөгөөд тус зөвлөмжийн 1-д ...Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд заасан бүтэцтэй байна. Энэхүү бүтэц нь анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүгчийн захирамж, шийтгэвэр, шүүхийн тогтоол зэрэгт хамааралтайгаас гадна давж заалдах, хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан магадлал, тогтоолд мөн хамааралтай болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, давж заалдах болон хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан магадлал, тогтоол нь шүүхээр хянан хэлэлцэгдсэн асуудлын хүрээнээс шалтгаалж агуулгын хувьд өөр байх боловч бүтэц нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд заасантай нийцсэн байна... гэж заасан. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт ...Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээд тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн... гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх энэхүү дүгнэлтийг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, Шүүхийн шийдвэрийн тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2006.04.24-ний өдрийн 21 дүгээр тогтоолын 2 дахь хэсгийн 2.2.1 2.2.3-т зааснаас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн. Энэхүү хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг үгүйсгэж байгаа үндэслэл, тухайн асуудлаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг ямар үндэслэлээр үгүйсгэж няцааж байгаагаа магадлалын хянавал хэсэгт тодорхой тусгаагүй нь Улсын дээд шүүхийн 2006 оны 21 дүгээр тогтоолын 3.3-ын Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн талаар дүгнэлт өгөх үүрэгтэй ба хариуцагчаас гарсан шаардлагыг сөрөг нэхэмжлэл гэж үзсэн тохиолдолд түүний талаар мөн дүгнэсэн байвал зохино..., ...хэрэгт цугларсан баримтаар хангалттай бүрэн тогтоогдсон үйл баримтыг тогтоогдоогүй гэж үзэх нь шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж буй явдал мөн... гэсэнд нийцээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3-т заасан үндэслэлд хамаарна гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлийг харгалзан үзэж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.  

6. Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюун нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ. 

ХЯНАВАЛ: 

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүхийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хэргийг хянахад шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдлоо. 

8. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар *******ийг Сонгинохайрхан дүүрэг, 2 хороо, Орбит 21 гудамж, 359г тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201013525 дугаар бүртгэлтэй, 100 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, хариуцагч *******ын Сонгинохайрхан дүүрэг, 2 хороо, Орбит 21 гудамж, 359г тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201013525 дугаар бүртгэлтэй, 100 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.  

Давж заалдах шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан хариуцагч *******ын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулсан байна.  

9. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар барьцааны зүйлийг миний өмчлөлд шилжүүлсэн, ... *******ын гомдлоор миний бүртгэлийг хүчингүй болгосон, хариуцагч ******* нь 2008.11.11-ний өдөр надтай зээл, барьцааны гэрээ байгуулж 20,000,000 төгрөг зээлж, үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавьсан. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1772 дугаар шийдвэрээр хариуцагч *******оос 45,738,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******эд олгож, шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдан борлуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилж, албадан дуудлага худалдаанд оруулсан боловч борлогдоогүй тул төлбөр авагч *******ийн төлбөрт тооцон өгөхөөр шийдвэрлэсэн, би шүүхийн 1772 дугаар шийдвэр, түүний дагуу явагдсан гүйцэтгэх ажиллагаагаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2017.08.07-ны өдөр бүртгүүлсэн. ... Улсын бүртгэлийн хэлтсээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч хэн болохоо шүүхээр шийдвэрлүүлсний дараа бүртгэлийн асуудлыг шийдвэрлэнэ гэсний дагуу шүүхэд хандсан, Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын Улсын байцаагчийн үл хөдлөх эд хөрөнгийг миний нэр дээр шилжүүлэн бүртгэх дүгнэлт гарсан... гэх агуулгаар тодорхойлсон байна.  

10. Хариуцагч ******* тайлбартаа ...Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/00168 дугаар шийдвэрээр *******, ******* нарын 2008.11.07-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, ...*******ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэл хүчингүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрүүд ...хүчинтэй, ...тухайн эд хөрөнгө *******ын өмч болохыг нотолсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ байдаг. ...үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, ...бэлэглэлийн гэрээг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ...хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон тул үр дагаврыг арилгуулахаар шийдвэрлэсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019.01.30-ны өдрийн 7/933 дугаар албан тоот, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019.02.26-ны өдрийн 301 дүгээр мэдэгдлээр *******ын өмчлөлд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжин бүртгэгдэх болсон тухай *******эд мэдэгдсэн... гэж мэтгэлцжээ. 

11. Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн тайлбарын үндэслэл, тэдгээрийн агуулгыг тодруулаагүй, хэргийн зарим нөхцөл тодорхой бусаас хийвэл зохих эрх зүйн дүгнэлт бүрэн болоогүй, зарим үйл баримтын талаар зохигч шүүхэд мэтгэлцээгүйгээс, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

12. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0240 дүгээр шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгийг *******ийн нэр дээр бүртгэсэн өмчлөх эрхийн бүртгэл, гэрчилгээг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж, хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн газар нь шүүхээс тогтоосон хугацаанд шинээр бүртгэл хийгээгүй бол үл хөдлөх эд хөрөнгийг *******ийн нэр дээр бүртгэсэн бүртгэл, гэрчилгээ хүчингүй болохыг дурдсан байна.  

12.1. *******ийн нэр дээрх улсын бүртгэлийн гэрчилгээг Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон хэдий ч тэрээр Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010.11.16-ны өдрийн 1772 дугаар шийдвэрийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар Сонгинохайрхан дүүрэг, 2 хороо, Орбит 21 гудамж, 359г тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201013525 дугаар бүртгэлтэй, 100 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авсан, уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчинтэй эсэхийг шүүх тодруулаагүй, энэ нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой. 

Учир нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт заасан зургаан сарын хугацаа өнгөрч *******ийн нэр дээр бүртгэсэн бүртгэл, гэрчилгээ хүчингүй болсон, энэ хугацаанд хариуцагч ******* өөрийн нэр дээр өмчлөх эрхийн бүртгэл хийлгэсэн хэдий ч Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010.11.16-ны өдрийн 1772 дугаар шийдвэр, түүний дагуу явагдсан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар маргааны зүйл болсон орон сууц *******ын өмчлөлд улсын бүртгэлд бүртгэлтэй байх үед үүссэн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх, түүний талаар шүүх тодруулж, талуудыг мэтгэлцүүлэх шаардлагатай байжээ.  

Тухайлбал, зохигчийн хооронд үүссэн өмчлөх эрхийн талаархи маргааны үйл баримтыг зөв тогтоож, улмаар холбогдох хуулийг үндэслэлтэй хэрэглэх нөхцөл бүрдэнэ.  

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/00168 дугаар шийдвэрээр *******, ******* нарын 2008.11.07-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож шийдвэрлэсэн нь хариуцагч *******ын ...маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг *******оос *******ын өмчлөлд шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон, ...*******ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэл хүчингүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрүүд ...хүчинтэй, ...тухайн эд хөрөнгө одоо *******ын өмчлөлд бүртгэгдсэн гэсэн үндэслэл зааж, ...үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, ...хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон тул үр дагаврыг арилгуулна... гэх агуулгатай сөрөг нэхэмжлэл гаргасан, энэхүү нөхцөл байдал сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэл болох эсэхийг тодруулж, үндсэн ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүдийг харьцуулж дүгнэх шаардлагатай.  

13. Иймд хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хэмжээнд маргааны зүйлийн талаар талууд бүрэн мэтгэлцэж чадаагүй байхад нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ. 

14. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээр дурдсан нөхцөл байдлуудыг гүйцэт тодруулж, хууль зүйн дүгнэлт хийсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2021/02700 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1818 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386,640 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

  

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Б.МӨНХТУЯА  

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                    Г.АЛТАНЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                    Г.БАНЗРАГЧ 

                                                                                         П.ЗОЛЗАЯА 

                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ