Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 96

 

 

 

 

 

 

 

 

2019        06         18                                     96

 

 

Э ОНӨХК

нэхэмжлэлтэй, хариуцагч Г-д

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2019/00653 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Э ОНӨХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г-д холбогдох,

Дулаан, цэвэр ус, бохир ус татан зайлуулсны төлбөр 619.353 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-, хариуцагч Г-, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Тус халуун усны эзэн Г- нь Дэнж багийн 3 байрны 2 дугаар подвалд байрлан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2018 оны 08 сараас эхлэн хэрэглээний төлбөрөө төлөлгүй удаа дараа шаардсан. Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийн үйл ажиллагааг зогсоосон. Төлбөрөө төлөхгүй гэсэн тайлбар хийдэг бөгөөд иргэдийн гомдол саналын дагуу Номин телевиз сурвалжлага мэдээлэл хийж, үүний үндсэн дээр 2018 оны 09 дүгээр сарын 11-нд манай байгууллагын зүгээс тоолууруудыг хураан авч, өр барагдаж дуустал усыг таслан, лацдах арга хэмжээг авсан байдаг.Тухайн байрны оршин суугчдаас тус халуун ус нь дахин үйл ажиллагаагаа явуулж байна гэж мэдэгдсэний дагуу шалгахад тоолуурыг дур мэдэн залгаж ус хэрэглэсэн байдалтай, тавьсан лацыг авчихсан байсан тул 2018 оны 11 сарын 21-нд дахин усыг нь хааж лацдсан бөгөөд 2018 оны 08 дугаар сараас 2019 оны 02 дугаар сарын эцсийн байдлаар дараах өр төлбөрийг үүсгэн төлж барагдуулаагүй байна. Үүнд: Дулаан хэрэглэсний 318.780 /гурван зуун арван найман мянга долоон зуун наян төгрөг/ төгрөг, халуун ус хэрэглэсний 88.904.25 /наян найман мянга есөн зуун дөрвөн төгрөг хорин таван мөнгө/төгрөг, цэвэр ус хэрэглэсний 11.694.38 / арван нэгэн мянга зургаан зуун ерэн дөрвөн төгрөг гучин найман мөнгө/ төгрөг, бохир ус татан зайлуулсны 7.016.63 /долоон мянга арван зургаан төгрөг жаран гурван мөнгө/ төгрөг, ус ашигласны 820.14 / найман зуун хорин төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөг, усны суурь үнэ 8.800 /найман мянга найман зуун төгрөг/ төгрөг, алданги 171.399.82 /нэг зуун далан нэгэн мянга гурван зуун ерэн есөн төгрөг/төгрөгийг төлөөгүй. Иймд 2018 оны 8 дугаар сараас 2019 оны 2 дугаар сарын эцсийн байдлаар хэрэглэсэн дулаан, халуун ус, цэвэр ус, бохир ус татан зайлуулсны төлбөрийг алдангийн хамт гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Шүүх хуралдааны тов зарлахад төлбөр тооцоонд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй бол нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх, эсвэл бүтэн болон зарим хэсгээс татгалзах эсэхээ шүүхэд хүргүүлэх болно гэжээ.

Хариуцагч Г- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2013 оны 4 дүгээр сард Дэнжийн 3 байрны подволд байрлах халуун усны газрыг худалдаж аваад 5 жил хэвийн үйл ажиллагаа явуулсан. 2018 оны 8 дугаар сард халуун усны дээд талын 3 өрөөнд өмчийн албанд ажилладаг н.Баттөрийнх нүүж ирсэн. н.Баттөрийнх байнга хэл ам хийсээр 2018 оны 9 дүгээр сарын 11-нд халуун усны үйл ажиллагааг хаасан. “Эрдэнэт ус, ДТС” ОНӨХК газартай 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гэрээтэй ажиллаж байсан. Байцаагч Энхмэнд нь акт гаргаж бүх тоолуурыг хураан авч лац тавьсан. Халуун усны газар нь 2018 оны 09 сарын 11-нээс хойш ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Иймд дулаан хэрэглэсний 318.780 төгрөгийг төлөх үндэслэлгүй, халуун ус 88.504 цэвэр ус 11.964 бохир ус 7.016 ус ашигласан 820.14 усны суурь үнэ 8.800 төгрөг төлөх болно. Алданги 171.399.82 төгрөг төлөх боломжгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2019/00653 дугаар шийдвэрээр:

Нэхэмжлэгч “Э” ОНӨХК нь алданги 171 399,82 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-д заасныг баримтлан хариуцагч Г-гаас 117.234.4 төгрөг гаргуулан “Э” ОНӨХК-д олгож, нэхэмжлэлээс 330.718 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19.230 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 4.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ОНӨХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б- давж заалдсан гомдолдоо:

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн 3 байрны 2 дугаар подвалд үйл ажиллагаа явуулдаг халуун усны газрын эзэн Г-тай Иргэний хуулийн 195 дугаар зүйлийг үндэслэн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр цахилгаан, цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах тухай гэрээг байгуулсан байдаг. Гэвч Гарьдмаа нь 2019 оны 8 дугаар сараас эхлэн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, төлбөрөө төлөлгүй өр үүсгэсэн тул манай байгууллагын зүгээс үүргийнхээ дагуу төлбөрөө төлөхийг шаардаж, гэрээ цуцлах хүсэлтээ өгөхгүй бол сар бүр дулааны төлбөр / Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагчдын зөвлөлийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 206 дугаар тогтоолоор батлагдсан тарифаар Подваль, 00-н өрөөнөөс 1м2-ийг нь 506 төгрөгөөр тооцон төлбөр авах тухай журам/ 70.840 /далан мянга найман зуун дөчин төгрөг/ төгрөг нэмэгдэж байгааг удаа дараа анхааруулсан боловч Мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагааг зогсоосон, Аймгийн засаг даргад бичиг өгсөн хариуг нь хүлээж байна гэсэн хариу өгсөөр байгаад 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ирж хүсэлтээ өгснөөр гэрээ цуцлагдаж, 2019 оны 2 сараас эхлэн дулааны хэрэглээний төлбөр нь зогссон байдаг. Дулааны хэрэглээг хааж болохгүй шалтгаан нь Монгол улсын эрчим хүчний сайдын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 109 дугаартай “Халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоох тухай” тушаалын З.а-д заасанчлан гадна агаарын температур буурч, өвлийн ачаалалд шилжихтэй холбогдуулан хот суурин газрын дулаан хангамжийн хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах зорилгоор тухайн оны 11 дүгээр сарны 01-ний өдрөөс дараа оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дулааны шугамнаас огтолгоо авч, сүлжээнд хэрэглэгч шинээр холбохгүй байх, аваар болон ослын бус шалтгаанаар дулаан хангамжийн ажиллагааг зогсоохгүй байх гэсэн заалтыг баримтлан хүйтний улиралд тасралтгүй үйлчилгээг үзүүлж байсан. Иймд үйл ажиллагаа явуулаагүй гэдэг үндэслэлээр дулааны төлбөрийг хасаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь тухайн айл өрх, аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулсан эсэхээс үл хамааран тухайн аж ахуй нэгж байгууллагатай байгуулсан гэрээний 2.1-д заасанчлан Чанар, стандартын шаардлагыг хангасан цахилгаан, ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир усыг татан зайлуулах гэсэн үүргийнхээ дагуу тухайн аж ахуй нэгжийг дулаанаар хангаж байсан байхад гэрээний хүчин төгөлдөр үйлчлэлийг үл хамааран гэрээг үнэлж үзээгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөн манай байгууллага нь “Эрдэнэт дулаан цахилгаан станц” ТӨХК-тай “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ” байгуулан гэрээний үндсэн дээр айл өрх аж ахуй нэгж байгууллагад дулааны эрчим хүчийг нийлүүлэн, худалдан авсан дулааны эрчим хүчний тооцоог сар бүр тулган, хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөр тооцоо, хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алдангийг төлдөг учраас энэхүү дулааны төлбөр 318.780 /гурван зуун арван найман мянга долоон зуун наян төгрөг/ төгрөгийг хасаж тооцсон нь үндэслэлгүй байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн дулааны төлбөр 318.870 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг өөрчилж өгнө үү гэжээ.

                                                      ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Э” ОНӨХК нь Г-д холбогдуулан 619.353 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ. 

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б- нь алданги 171.399.82 төгрөгөөсөө татгалзаж, нэхэмжлэлийн үнийн дүнгээ 447.953 төгрөг болгон бууруулжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Шүүх хэргийг Нэхэмжлэгч “Э” ОНӨХК нь алданги 171 399,82 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-д заасныг баримтлан хариуцагч Г-гаас 117.234.4 төгрөг гаргуулан “Э” ОНӨХК-д олгож, нэхэмжлэлээс 330.718 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г- нь Дэнж багийн 3 байрны 2 дугаар подвольд байрлах халуун усны үйл ажиллагааг эрхэлж байсан байна.

2017 оны 01 дүгээр сарын 31 ний өдрөөс Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газраас уг халуун усны үйл ажиллагааг бүрэн зогсоожээ.

2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс “Э” ОНӨХК-ийн зүгээс усыг нь хааж, тоолууруудыг хураан авчээ.

Нэхэмжлэгчээс дулаан хэрэглэсний 318.780 төгрөг, халуун ус хэрэглэсний 88.904.25 төгрөг,  цэвэр ус хэрэглэсний 11.694.38  төгрөг, бохир ус татан зайлуулсны 7.016.63 төгрөг, ус ашигласны 820.14 төгрөг нийт 619.353 гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч Г- нь нэхэмжлэлээс халуун усны 88.504.25 төгрөг, цэвэр усны 11.964.38 төгрөг, бохир усны 7.016.63 төгрөг, ус ашигласны 820.14 төгрөг, усны суурь үнэ 8.800 төгрөг нийт 117.235.4 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаас 330.718 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

2015 оны 10 дугаар сарын 1 ний өдөр нэхэмжлэгч Г- нь “Э” ОНӨХК-тай “... цэвэр ус, дулаан эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах тухай гэрээ байгуулжээ.

Гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 01 хүртэл сунгагдсан байна. /х/х-ийн 8 дугаар хуудас/, Г- нь 2019 оны 01 дүгээр сарын 29 ний өдөр гэрээгээ цуцлуулах талаар хүсэлт гаргасан бөгөөд гэрээг цуцалж 2019 оны 2 дугаар сараас дулаан хэрэглээний төлбөр нь зогсжээ.

Иймд хариуцагч Г- нь гэрээнд заасны дагуу дулаан хэрэглэсний төлбөр 318.780 төгрөгийг төлөх үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2019/00653 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг  “...Нэхэмжлэгч “Э” ОНӨХК нь алданги 171.399.82 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталсугай ...” гэснийг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар нэхэмжлэгч “Э” ОНӨХК нь алданги 171.399.82 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталсугай ...” гэж,

2 дугаар заалтыг “...Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2.-д заасныг баримтлан хариуцагч Г-гаас 117.234.4 төгрөг гаргуулан “Э” ОНӨХК-д олгож, нэхэмжлэлээс 330.718 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай ...” гэснийг “...Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-д заасныг баримтлан хариуцагч Г-гаас 447.954 төгрөг гаргуулан “Э” ОНӨХК-д олгосугай ...” гэж,

3 дугаар заалтыг “...хариуцагчаас 4.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ОНӨХК-д олгосугай” гэснийг “...хариуцагчаас 14.089 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ОНӨХК-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.213 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ                                                                     Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР