Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 483

 

Б.У-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ё.Энхбулган, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 619 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 831 дүгээр магадлалтай, Б.У-д холбогдох 1808014270481 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.У-ын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин гоо сайханч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, 5 хүүхдийн хамт амьдардаг, *** тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй А овогт Б-н У.

Б.У- нь учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох отвёртка хэрэглэн 2018 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян-Уулын 2-32а дугаар нийтийн байрны 08 тоотод оршин суух иргэн А.О-ийн гэрт хууль бусаар нэвтэрч “Самсунг” загварын 42 инчийн зурагт, “Айфон-5” загварын гар утас 2 ширхэг, “Скай” загварын гар утас 1 ширхгийг хулгайлж 1,220,000 төгрөгийн,

2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруун Баян-Уулын 2-32а дугаар нийтийн байрны 6 тоотод амьдрах иргэн Б.Ч-гийн орон байрны цонхоор хууль бусаар нэвтэрч “Самсунг” загварын 32 инчийн зурагт, “Делл” загварын иж бүрэн суурин компьютерийг хулгайлж 610,000 төгрөгийн буюу бусдад нийт 1,830,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хулгайлсан” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, Б.У-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хоёр удаагийн үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар Б.У-д хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.У-аас 420,000 төгрөг гаргуулж, хохирогч А.О-т олгуулж, шүүгдэгч Б.У-ын бага насны таван хүүхдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст, асран хамгаалах харгалзан дэмжигч тогтоох, эсхүл хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад тус тус даалгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар Б.У-д хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Б.У-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил хорих ял шийтгэсүгэй” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, Б.У- нь шийтгэх тогтоолд заасан 420,000 төгрөгийг хохирогч А.О-т төлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.У- гаргасан гомдолдоо “...Анхан шатны шүүхээс 2 жил хорих ял оногдуулсан. Давж заалдах шатны шүүх 1 жилийн хорих ял болгон хөнгөрүүлсэнд их баярлаж байгаа хэдий ч ар гэрт минь асран хамгаалах хүнгүй 05-13 насны 5 хүүхдийн минь хувь заяа хүнд үлдсэнд маш их эмзэглэж арга буюу хандаж байна. Сургуулийн бага насны хүүхдүүд минь хараа хяналтгүй, асарч хамгаалах хүнгүй, сурч боловсроход хүнд байгаа аргагүй гачигдлыг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар өөрчилж өгнө үү.

Би гэм буруугаа ухамсарлан, гэм хорыг бүрэн арилгасан, цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж үр хүүхдээ зөв төлөвшүүлж, сурган хүмүүжүүлэх тул анх гэмт хэрэгт холбогдсон, гэм хорыг арилгасан 05-13 насны 5 хүүхэдтэй өрх толгойлон амьдардаг зэрэг байдлыг минь харгалзан үзэж үр хүүхэдтэйгээ хамт байхад тусална уу” гэв.   

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ё.Энхбулган хэлсэн саналдаа “Шүүгдэгчийн хувийн байдалтай нь холбоотой юм. Анхан шатны шүүх хуралдаан хэлэлцэгдсэнээс хойш 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шүүгдэгчийн төрсөн ах Ундралбаяр нь Солонгос улсад ажиллаж амьдарч байгаад нас барсан талаар гадаад явдлын яамнаас Монгол хэл дээр орчуулсан албан бичиг ирсэн. Мөн төрсөн ээж Болормаа нь нойр булчирхайн хорт хавдраар өвчилсөн. Сая 11 сарын 09-ний өдөр “Хавдар судлал”-ын эмнэлэгт хэвтээд 13-ны өдөр хагалгаанд орох болсон. Дээрх нөхцөл байдал болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсан 5 хүүхдийн асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа тул хяналтын шатны шүүх бүрэлдэхүүнээс дээрх байдлыг харгалзан үзэж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгчийн үйлдсэн хулгайн гэмт хэрэг нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтаар хангалттай нотлогдож, тогтоогдсон. Прокуророос хэргийг хүндрүүлэх нөхцөл байдал болох учрах саадыг арилгах зорилгоор отвёртка хэрэглэн бусдын орон байранд нэвтэрч хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж хэргийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар зүйлчилснийг шүүх хөнгөрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байна. Гэхдээ Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг шүүх харилцан адилгүй шийдвэрлэж байгаа. Отвёрткийг зэвсгийн чанартай зүйл гэж үзэх үү үгүй юу гэдэг нь асуудал дагуулж байна. Отвёртка болон тээврийн хэрэгслийн эд ангийг ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгаад хэрхэн дүгнэлт хийж байгаа гэдэг нь эргэлзээтэй байна. Шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан байна. Шүүгдэгч нь ял хойшлуулах үндэслэлээр гомдол гаргаж байгаа боловч Эрүүгийн хуульд заасан ял хойшлуулах үндэслэл хэргээс харагдахгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.У-ын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.У- нь 2018 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, 2-32а дугаар нийтийн байрны 08 тоотод оршин суух иргэн А.О-ийн гэрт хууль бусаар нэвтэрч “Самсунг” загварын 42 инчийн зурагт, “Айфон-5” загварын гар утас 2 ширхэг, “Скай” загварын гар утас 1 ширхгийг хулгайлж 1,220,000 төгрөгийн,

2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян-Уулын 2-32а дугаар нийтийн байрны 6 тоотод амьдрах иргэн Б.Ч-гийн орон байрны цонхоор хууль бусаар нэвтэрч “Самсунг” загварын 32 инчийн зурагт, “Делл” загварын иж бүрэн суурин компьютерийг хулгайлж 610,000 төгрөгийн буюу бусдад нийт 1,830,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Прокуророос шүүгдэгч Б.У-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хулгайлсан” гэж зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Давж заалдах шатны шүүх Б.У-ын дээрх үйлдлийг “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хоёр удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтаар шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, хоёр шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримтыг өөрчлөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг няцаах эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.У-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 619 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 831 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.У-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

          ШҮҮГЧ                                                       С.БАТДЭЛГЭР

                                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                          Д.ГАНЗОРИГ

                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН