Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 831

 

     

 

 

 

 

 

 

 

Б.У-д холбогдох

                                                                    эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           

             прокурор Д.Цолмон

             шүүгдэгч Б.У-ын өмгөөлөгч Ё.Энхбулган,

            нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 619 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.У-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 1808014270481 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Амбуугийнхан овгийн Б.У, Улаанбаатар хотод 1984 оны 7 дугаар сарын 4-ний өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин гоо сайханч мэргэжилтэй, ам бүл 6; хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Өнөр хорооллын 12 дугаар байрны 145 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ЧА................./;

 

            Б.У нь тусгайлан бэлтгэсэн зүйл болох отвёрка хэрэглэж 2018 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, ББУ-ын 2-32а тоотод байрлах нийтийн байрны 8 тоотод оршин суух А.Оюунбилэгийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 1.220.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung” загварын 42 инчийн зурагт, “I phone-5” загварын гар утас 2 ширхэг, “Sky” загварын гар утас 1 ширхэгийг хулгайлсан,

2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 6 тоотод оршин суух Б.Чинзаяагийн гэрийн  цонхоор нэвтэрч 610.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung” загварын 32 инчийн зурагт, “Dell” загварын суурин компьютер хулгайлж, бусдад нийт 1.830.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Б.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчилж,

 Б.У-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хоёр удаагийн үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил хорих ял оногдуулж, уг ялын нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялаас хасч, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.У-ын иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж,

Б.У-ын бага насны 5 хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудийн хөгжлийн хэлтэст, Асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, эсхүл хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.У-аас 420.000 төгрөг гаргуулж, хохирогч А.Оюунбилэгт олгуулж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.У давж заалдах гомдолдоо: “... өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, шийтгэх тогтоол гарснаас хойш хохирогч А.Оюунбилэгт 450.000 төгрөг төлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн. Миний бие 5-аас 13 насны таван хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдэж, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Иймд хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.У-ын өмгөөлөгч Ё.Энхбулган тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх Б.Уд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэнд санал нэг байна. Шүүгдэгч үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо төлсөн. Тэрээр анх удаа гэмт хэрэгт холбогдсон, 5-аас 13 насны 5 хүүхэдтэйгээ амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй зэрэг байдлыг нь харгалзан үзэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Прокурор Д.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх, шүүгдэгч Б.Уын гэм буруу, үйлдсэн хэрэгт нь тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай... Давж заалдах гомдлын хувьд шүүгдэгч хохирлоо давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэх явцад бүрэн төлж барагдуулсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал хангагдсан, шүүх хөнгөрүүлэн шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй.” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.У-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзвэл Б.У нь 2018 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, ББУ-ын 2-32а тоотод байрлах нийтийн байрны 8 тоотод оршин суух А.Оюунбилэгийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 1.220.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung” загварын 42 инчийн зурагт, “I phone-5” загварын гар утас 2 ширхэг, “Sky” загварын гар утас зэрэг эд хөрөнгө хулгайлсан, 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 6 тоотод оршин суух Б.Чинзаяагийн гэрийн  цонхоор нэвтэрч 610.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung” загварын 32 инчийн зурагт, “Dell” загварын суурин компьютер хулгайлж, бусдад нийт 1.830.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

 

Хохирогч Б.Чинзаяа /хх-18-19/, А.Оюунбилэг /хх-108-109, 110/, гэрч Д.Соёл-Эрдэнэ /хх-22/, Д.Жаргалсайхан /хх-24/, Н.Батмөнх /хх-26/, Н.Өлзиймөнх /хх-32-33/, Д.Эрдэнбулган /хх-111-112/, Э.Отгонзаяа /хх-122/, Ю.Октябрь /хх-124/, М.Алтангэрэл /хх-158/, насанд хүрээгүй гэрч О.Гоомарал /хх-35/ нарын мэдүүлгүүд, “Арвижих-Эстимейт” ХХК-ийн хийсэн эд зүйлийн үнэлгээнүүд /хх-50-51, 134/ болон Б.У-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой байна.  

 

            Анхан шатны шүүх, Б.У-ын үйлдэлд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хоёр удаагийн үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутай тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болжээ.

 

Шүүгдэгч Б.У нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлж, барагдуулсан байх тул түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан үзээд шүүгдэгч Б.У-ын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 619 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар Б.У-д хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Б.У-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил хорих ял шийтгэсүгэй” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Б.У нь шийтгэх тогтоолд заасан 420.000 төгрөгийг хохирогч А.Оюунбилэгт төлсөн болохыг дурдсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ОЧ

                                 ШҮҮГЧИД                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН