Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 619

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, улсын яллагч Х.Анхцэцэг (томилолтоор), шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газраас А овогт Б.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 01427 0481 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

А овогт Б.У, Монгол Улсын иргэн, ........, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл зургаа, таван хүүхдийн хамт ........ оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ..........регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар

Шүүгдэгч Б.У нь учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох халив хэрэглэж 2018 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо ББУ-ын 2-32а тоот нийтийн байрны 08 тоотод оршин суух иргэн А.О-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны хаалганы цоожийг эвдэн нэвтэрч Самсунг загварын 42 инчийн зурагт, айфоне-5 загварын гар утас 2 ширхэг, скай загварын гар утас 1 зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан бусдад 1.220.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруун Баян Уулын 2-32а тоот нийтийн байрны 6 тоотод амьдрах иргэн Б.Чинзаяагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч Самсунг загварын 32 инчийн зурагт, делл загварын иж бүрэн суурин компьютер зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан 610.000 төгрөгийн буюу бусдад нийт 1.830.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд А овогт Б.У нь:

-2018 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян-Уулын 2-32а тоот нийтийн байрны 8 тоотод оршин суух иргэн А.О-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны хаалганы цоожийг гол тааруулж онгойлгон нэвтэрч “Samsung” загварын 42 инчийн зурагт, “Iphone-5” загварын хоёр ширхэг гар утас, “Sky” загварын нэг ширхэг гар утсыг нууцаар, хууль бусаар авч 1,220,000 төгрөгийн хохирол,

-2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян-Уулын 2-32а тоот нийтийн байрны 6 тоотод оршин суух иргэн Б.Ч-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч “Samsung” загварын 32 инчийн зурагт, “Dell” загварын иж бүрэн суурин компьютерийг нууцаар, хууль бусаар авч 610,000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 1,830,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.У шүүх хуралдаанд: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Миний хувьд хохирогч А.О-ийн гэрт орохдоо, гэртээ байсан цоожны голоо тааруулж хаалгыг нь онгойлгосон бөгөөд халив хэрэглээгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хоёр талдаа нэмэх, хасах үзүүртэй голын бариул нь хагарсан халивыг огт харж байгаагүй. Түүнээс бусад хэргийн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргаан байхгүй. Бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулна...” гэв.

2. Хохирогч Б.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... 2018 оны 3 дугаар сарын 31-ний өглөө би ажилдаа яваад, орой ажил тараад гэртээ харилгүйгээр 10 жилийн ангийнхантайгаа уулзаж гадуур хоносон юм. Тэгтэл манай хоёр хүүхэд бас гэртээ хоноогүй манай эгчийн гэрт хоносон байсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өглөө 08 цагийн үед гэртээ хаалгаа онгойлгох гэтэл хаалга дотроосоо түгжээтэй онгойхгүй байсан. Тэгэхээр нь хүүхдээ зүүн талын цонх руу очоодохдоо гэтэл манай хүүхэд цонх онгорхой байна гээд дотроосоо хаалга онгойлгож өгсөн. Тэгээд гэртээ ортол манай гэрийн хойморт тавиур дээр байсан Самсунг загварын 32 инчийн зурагт, өрөөний зүүн талд байсан делл загварын суурин компьютер иж бүрнээрээ алга болсон байсан. Ингээд цагдаад дуудлага өгсөн юм. Цагдаа нар энэ хэргийг шуурхай илрүүлээд манай зурагт, компьютерийг хүлээлгэж өгсөн. Өөр алдагдсан зүйл байхгүй. Манай хаалга цонх болон бусад эд зүйлд ямар нэгэн эвдрэл, гэмтэл байгаагүй…“гэсэн мэдүүлэг (хх-ийн 19 дүгээр хуудас),

3. Гэрч Д.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...шөнө 04 цагийн үед манай нийтийн байрны 1 давхарт амьдардаг нэг залуу, мөн 9 тоотын эгч хоёр өрөөнийхөө хаалгыг оролдоод байсан юм. Тэгэхээр нь би “хүүхэд унтахгүй байна” гэж хэлэх гээд гартал 9 номерийн эгч “хаалга эвдэх гэсэн юм хутга байна уу” гэхээр нь би “байхгүй” гэж хэлсэн. Би доод жижүүр лүү явчихаад буцаад ирэхэд нөгөө хүүхэн, залуу хоёр байхгүй байсан…” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22 дугаар хуудас),

4. Гэрч Д.Ж-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2018 оны 3 дугаар сарын 31-нээс 2018 оны 04 дүгээр сарын 01-нийг шилжих шөнө 03 цаг 40-50 минутын үед өөрийн амьдардаг СХД-ийн 27 дугаар хорооны 35а дугаар байрны хонгил дахь 40 тоот гэртээ унтаж байтал хаалга тогшихоор нь онгойлготол танил Ундраа “би нөхөртэйгөө хэрэлдээд салж байна, би гэрээсээ өөрийн зурагт, компьютер хоёроо аваад ирсэн юм аа, танай гэрт түр үлдээчихээд, өглөө буцааж авъя” гэсэн. Тэгэхээр нь би “хулгайн юм биш үү, би авч үлдэхгүй” гэтэл “зүгээрээ найз нь өглөө ирээд авчихъя” гээд гуйгаад байхаар нь 32 инчийн зурагт, зурагтын удирдлага, делл загварын процессор, компьютерийн гар, хулгана, дэлгэц үлдээгээд явсан. Тэгээд намайг ажил дээр байж байтал цагдаа нар ирээд, тэдгээрийг хулгайн эд зүйлс гэхээр нь би Ундрахын үлдээсэн эд зүйлсийг цагдаад авчирч өгсөн юм. Би хулгайн эд зүйлс гэж мэдээгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 24 дүгээр хуудас),

5. Гэрч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...дээд давхраас нэг эгч ирээд “би хаалгаа онгойлж чадахгүй байна, чи онгойлгоод өгөөч” гэж гуйгаад байхаар нь би хоёр давхар луу гараад 9 тоот хаалгыг нь онгойлгох гэж оролдож байтал арын өрөөнөөс нэг хүүхэн гарч ирээд “хүүхэд унтаж байна, яагаад чимээ гаргаад байгаа юм бэ” гэсэн. Тэгтэл 9 тоотын эгч тэр хүүхнээс “хутга байна уу, хаалгаа онгойлгох гэсэн юм” гэтэл “байхгүй” гэж хэлээд хаалгаа хаасан. Тэгээд би гараараа оролдож татаж байгаад хаалгыг нь онгойлгож өгчихөөд ахындаа орж амарсан...”(хх-ийн 26 дугаар хавтас),

6. Гэрч Н.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 31-нээс 2018 оны 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянхошууны шинэ эцсийн буудал уруудаад машинтайгаа явж байтал 30 орчим насны эмэгтэй хүн гар өргөхөөр нь зогсоод “хааша явах вэ” гэтэл “21 дүгээр хороолол орох гэсэн юм” гэхээр нь зогссон. Тэр хүүхэн таксинд орж ирж суугаад “гэрээсээ юм аваад явна, нөхөртэйгөө хэрэлдсэн” гэж хэлээд 76 дугаар сургуулийн урдуур эргээд нэг хашааны үүдэнд очсон. Тэгээд гэр лүүгээ ороод гарч ирэхдээ ЛСД зурагт гаргаж ирээд машинд хийчихээд, ахин ороод иж бүрэн компьютер аваад гарч ирсэн. Би тэр эмэгтэйн зааснаар 21 дүгээр хороололд нэг айл руу гэрээсээ авсан зүйлсээ оруулж тавьчихаад гарч ирсэн. Дараа нь буцаж гэртээ хүргүүлчихээд “эгчид нь мөнгө байхгүй, нөхөр эгчийнхээ иргэний үнэмлэхийг барьцаанд үлдээчихье, маргааш өглөө ирээд таксины 10.000 төгрөгөө аваарай” гэхээр нь хоёр иргэний үнэмлэх аваад гэртээ харьсан. Тэгээд маргааш өглөө нь мөнгөө авах гээд иртэл үүдэнд нь цагдаа нар ирсэн байсан. Гэтэл тэр эмэгтэй, айлаас зурагт, компьютер хулгайлсан юм байна лээ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 32-33 дугаар хуудас),

7. Насанд хүрээгүй гэрч О.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хаалгаа түлхүүрээр онгойлгох гэтэл хаалга дотроосоо түгжээтэй онгойхгүй байсан. Тэгтэл ээж намайг цонхон дээр очоод хар гэхээр нь нөгөө талаар цонхон дээр очтол цонх онгорхой байхаар нь дотогшоо ороод хаалгаа дотроос нь замган түгжээгээр нь онгойлгож өгсөн. Тэгтэл манай зурагт компьютер алга болсон байсан. Би уг нь дүүгийн хамт гэрээсээ гарахдаа цонхоо шалгаад гарсан цонх түгжээтэй байсан. Тэгээд хаалгаа гаднаас нь түгжээд гарч явсан юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 35 дугаар хуудас),

8. 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүлээлэнгийн инжээчийн 2434 дугаартай “...Адилтгалын шинжилгээнд тэнцэж буй “3” гэж дугаарласан гарын мөр харьцуулах загвараар ирүүлсэн Б.У-ын зүүн гарын долоовор хуруугаар үүсгэгдсэн байна...” (хх-ийн 40 дүгээр хуудас),

9. 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн “...цонхны орчим криминалистик шинжээчийн рүбин гэх нэршилтэй хүрэн өнгийн нунтаг бодис ашиглан ул мөр хайхад салхивчны дотор талын бариулаас доош 10 см зайд гарын мөр 1 ширхэгийг бэхжүүлэн авч “3” гэж дугаарлав...” гэсэн тэмдэглэл (хх-ийн 3-4 дүгээр хуудас),

10. 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 100-101 дүгээр хуудас),

11. Хохирогч А.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн үед би нөхөр, хоёр хүүхдийн хамт гарч зүүн салаанд хадмынхаа гэрт хоносон. Тэгээд өглөө 08 цагийн үед нөхөр над руу залгаад “гэрт хулгайч орсон байна” гэхээр нь яваад очтол самсунг загварын 42 инчийн зурагт, айфоне 5 загварын гар утас 2 ширхэг, скай загварын гар утас 1 ширхэг алга болон байсан. Өөр эд зүйл алдагдаагүй байсан. Манай гэрийн цоожийг эвдэлсэн байсан бөгөөд бид өөрсдөө сольж янзалсан. Цоожны эвдрэлд үнэлгээ хийлгэх шаардлагагүй...”, “...манай гэрийн хаалганы цоожны голд түлхүүр хийн гацаасан, хаалганы гадна талын цоожны наад талд байдаг бөөрөнхий төмрийг салгаад эвдсэн байсан. Уг нь зүгээр, бүрэн бүтэн байсан юм. ...улаан иштэй халив нь манайх байсан, харин нөгөө ишгүй халив нь манайх биш тул хулгайчийн халив байсан байх... Манай гэрээс эд зүйл хулгайлсан У-аас дансаар 800,000 төгрөг авсан. Үлдэгдэл 420,000 төгрөгөө нэхэмжилж байна...”гэсэн мэдүүлэг (хх-ийн 109-110 дугаар хуудас),

12. Гэрч Д.Э-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 9 тоот өрөөний эмэгтэйг надад туслаад байна гэж бодож байтал манай зурагт гар утаснуудыг хулгайлсан хүн байсан юм байна. Би дараа нь мэдсэн юм. Би цоожны голыг үнэлэхгүй, харин зурагт, гар утаснуудаа л олж авмаар байна. Манай цоожны голд гацсан түлхүүр бол миний түлхүүр биш ээ, тэр хулгай хийсэн хүн л манай цоожны гадна талын бөөрөнхий төмрийг эвдэж салгаад манай цоожны голд өөр түлхүүр хийж гацааж эвдлэн гэрт орж зурагт, гар утаснууд хулгайлсан байх гэж бодож байна... Улаан иштэй халив нь манай гэрийнх, харин ишгүй хоёр талдаа нэмэх хасах үзүүртэй халив нь манайх биш байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 111-112 дугаар хуудас),

13. Гэрч Э.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хуурай дүү Э-с хонда сивик загварын машины батерейг өөрт байсан хоёр ширхэг гар утсаар сольж авч байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 122 дугаар хуудас),

14. Гэрч Ю.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Э гэх залууг зүс харсан юм байна. Надаас 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр Скай вега загварын гар утас худалдан авсан. Би тухайн үед баталгааны хуудсыг 14 хоногоор бичиж өгч байсан... гэсэн мэдүүлэг (хх-ийн 124 дүгээр хуудас),

15. Гэрч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: ”...тэгээд би хоёр давхарт үзлэгийг үргэлжүүлж өрөөрүү нь орж хийхэд уг цоожны гол төмөр өрөөнд нь түлхүүр хийж гацаасан байдалтай байсан. Түүний хажууд нь 2 ширхэг халив байсан ба нэг халив нь ишгүй байсан. Тухайн үед гомдол гаргагчаас асуухад манай гэрт ийм эд зүйл байдаггүй гэж хэлснээр уг эд зүйлээр цоожийг эвдэлсэн байх боломжтой гэж үзээд хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр хураан авсан. Улаан иштэй халив нь гомдол гаргагчийн өөрийнх нь халив гэж байсан. Гомдол гаргагч нь гацаасан түлхүүрийг “манай түлхүүр биш” гэж хэлсэн санагдаж байна... гэсэн мэдүүлэг (хх-ийн 158 дугаар хуудас),

16. Шүүгдэгч Б.У-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 70 дугаар хуудас),

17. Шүүгдэгч Б.У-ын оршин суугаа хаягийн тодорхойлолт (хх-ийн 68 дугаар хуудас),

18. Шүүгдэгч Б.У нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаарх ял шалгах хуудас бүхий лавлагаа (хх-ийн 71 дүгээр хуудас),

19. Шүүгдэгч Б.У-ын 5-13 настай таван хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримт),

20. “Арвижих-эстимейт” ХХК-ийн хохирлын дүнг тогтоосон” хөрөнгийн үнэлгээ (хх-ийн 134 дүгээр хуудас),

21. Шүүгдэгч Б.У-ын яллагдагчаар өсгөн: ”...Надад мөнгөний хэрэг болоод хулгай хийсэн юмаа, би гацаараа л хулгай хийсэн...” “...Би хажуугийн 8 тоот өрөөний хаалгыг халиваар эвдээгүй. Ямар нэгэн түлхүүр тааруулаагүй. Цоожний голыг гараараа оролдтол цаашаа уначихаар нь өөрт байсан цоожны голоор хаалгыг онгойлгосон… ” гэсэн мэдүүлэг (хх-ийн 63-64, 166-167 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, шүүхээс тогтоосон үйл баримт буюу хэргийн талаарх нотолбол зохих байдлыг бүрэн нотолж байх тул хууль ёсны үнэн зөвд тооцож, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч Б.У нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар буюу сэм авч, бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан байх тул хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэх үндэслэл болно.

Прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа, яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч Б.У-ыг хохирогч А.О-ийн гэрийн хаалгыг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж онгойлгон учрах саадыг арилгасан гэж үзсэн байх боловч энэ нөхцөл байдал нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Хохирогч А.О-ийн “...улаан иштэй халив нь манайх байсан, харин нөгөө ишгүй халив нь манайх биш тул хулгайчийн халив байсан байх...”гэсэн мэдүүлэг (хх-ийн 109-110 дугаар хуудас), гэрч Д.Э-ны “...Улаан иштэй халив нь манай гэрийнх, харин ишгүй хоёр талдаа нэмэх хасах үзүүртэй халив нь манайх биш байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 111-112 дугаар хуудас), гэрч М.А-ийн ”...хажууд нь 2 ширхэг халив байсан ба нэг халив нь ишгүй байсан. Тухайн үед гомдол гаргагчаас асуухад манай гэрт ийм эд зүйл байдаггүй гэж хэлснээр уг эд зүйлээр цоожийг эвдэлсэн байх боломжтой гэж үзээд хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр хураан авсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 158 дугаар хуудас) зэрэг нотлох баримтууд нь хоёр талдаа нэмэх, хасах үзүүртэй иш нь хагарсан халивыг хэрэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж нотолж чадахгүй байх бөгөөд мэдүүлгийн эх сурвалж нь таамаглалын шинжтэй байна. Нөгөөтээгүүр, шүүхийн хэлэлцүүлгийн үед түлхүүр хийж гацаасан гэх цоожийг шинжлэн судлах үед түлхүүр нь хэвийн сугарч байсан бөгөөд эвдэрсэн гэх цоожийг шинжлээгүй, зоолттой түлхүүр, цоож хоёр нь нэг, эсхүл өөр эсэхийг тусгай мэдлэгийн хүрээнд шалгаагүй, хэрэглэсэн гэх халивд криминалистик шинжилгээ хийгээгүй зэргээс дүгнэвэл учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн нь нотлогдоогүй гэж үзнэ.

Иймд шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 01427 0481 дугаартай хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.У-ын хоёр удаагийн хулгайлах үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг гэмт хэргийн шинжийг хангасан үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэрэг байх тул нэг зүйлчилж, нэг ял оногдуулах нь зөв.

Шүүгдэгч Б.У-ын үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл байгаа тул түүнийг хулгайлах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.У-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд  хоёр удаагийн үргэлжилсэн үйлдлээр нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:

Шүүгдэгч Б.У нь 1,830,000 төгрөгийн хохирол учруулсан буюу 300,000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учруулсан байгаа нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж үзнэ.

Хохирогч А.О нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан зардалд 1,220,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд 800,000 төгрөгийг авч, 420,000 төгрөгийн хохирол үлдсэн талаар мэдүүлсэн нь үндэслэл бүхий байх бөгөөд бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй тул шүүгдэгч Б.У-аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар 420,000 төгрөгийн төлбөр гаргуулж, хохирогч А.О-т олгох нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.У нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Б.У-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар Б.У-д дөрвөн жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан хоёр хоногийг эдлэх хорих ялаас нь хасаж тооцуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг халив, түлхүүр нь зоолттой цоожны гол зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах, шүүгдэгч Б.У-аас 420,000 төгрөгийг гаргуулж хохирогч А.О-д олгуулах саналтай байна. Мөн түүний бага насны хүүхдүүдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох үүргийг харьяа нутаг дэвсгэрийнх нь засаг даргад даалгах нь зүйтэй гэв.

Шүүгдэгч Б.У-ын өмгөөлөгчийн дүгнэлтэд: Шүүх шүүгдэгч Б.У-ын холбогдсон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь түүний мэдүүлгийн агуулгатай тохирч байгаа тул түүнийг гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Харин шүүгдэгч бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй байгаа учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй байна. Иймд шүүх түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хөнгөн ял оногдуулж өгнө үү. Түүнчлэн, түүний бага насны 5 хүүхдэд асран хамгаалаг, харгалзан дэмжигч тогтоох асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх шүүгдэгч Б.У-ыг гэм буруутай болохыг тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.У-д хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд ялтанг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.У нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн зөвшөөрөлгүйгээр 48 цагийн хугацаагаар баривчлагдсан байх тул энэ хугацааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2 хоног цагдан хоригдсоноор тооцож, түүний эдлэх ялаас хасах нь зүйтэй.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Бүх шатны Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ хүүхдийн эрхийг хангах талаар дараахь арга хэмжээ авна:” гээд уг хэсгийн 17.1.6 дахь заалтад “эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг түр байршуулах, асрамжлах, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх” гэж;

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалт “эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд” гэж эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин нь алдагдсан, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгчгүй, эсхүл гамшиг, онцгой байдлын нөхцөлд байгаа хүүхдийг” гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт  “Эрсдэлт нөхцөлд байгаа, гэмт хэргийн хохирогч болсон, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, ял шийтгүүлж, албадлагын арга хэмжээ авагдсан, сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагаас суллагдсан хүүхдийг нийгэмд хэвийн амьдрахад нь тусалж, дэмжих чиглэлээр дараахь хариу үйлчилгээ үзүүлнэ” гэж;

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална” гэж, мөн зүйлийн 25.10 дахь хэсэгт “Хүүхдийг энэ хуулийн 25.9-д заасны дагуу шилжүүлэх боломжгүй бол сум, дүүргийн Засаг дарга нь асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгох, үрчлүүлэх, хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан тул хорих ял шийтгүүлсэн Б.У-ын асрах хүнгүй үлдэж буй бага насны таван хүүхдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудийн хөгжлийн хэлтэст, асран хамгаалах харгалзан дэмжигч тогтоох, эсхүл хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад тус тус даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг халив, түлхүүр нь зоолттой цоожны голыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.У-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс тоолж, түүнд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.А овогт Б.У-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хоёр удаагийн үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар Б.У-д хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-ын цагдан хоригдсон хоёр хоногийг түүний эдлэх хорих ялаас хассугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг халив, түлхүүр нь зоолттой цоожны голыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар холбогдох байгууллагад хүргүүлсүгэй.

7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.У-ын иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

8.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.У-аас 420,000 төгрөг гаргуулж, хохирогч А.О-т олгосугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.У-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10.Шүүгдэгч Б.У-ын бага насны таван хүүхдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудийн хөгжлийн хэлтэст, асран хамгаалах харгалзан дэмжигч тогтоох, эсхүл хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад тус тус даалгасугай.

11.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг тайлбарласугай.

12.Оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.У-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

ШҮҮГЧ                                                Б.БАТАА