Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 1820

 

 

 

 

 

 

 

 

 

“В-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/01953 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “В-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э- ХХК-д холбогдох

 

2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн СТГ/12-184 тоот, 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн СТГ/12-389 тоот санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 2 286 760 781 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн СТГ/12-184 тоот Санхүүгийн түрээсийн гэрээнээс татгалзаж, СТГ/12-184 тоот гэрээний дагуу төлсөн 367 294 951 төгрөгийг буцаан гаргуулах, Э- ХХК, “М-” ХХК нарын хооронд байгуулсан 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2013/011 тоот зээлийн гэрээний дагуу төлсөн /нэмэгдүүлсэн хүү, алданги/ 2 191 935 134 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, өмгөөлөгч Н.Ц, хариуцагчийн төлөөлөгч Г.О, хариуцагчийн өмгөөлөгч Т.Б, Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч “В-” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Б.Б, Д.Д нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн СТГ/12-184 тоот, 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн СТГ/12-389 тоот санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 2 286 760 781 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Э- ХХК-тай байгуулсан гэрээгээр 6 ширхэг тоног төхөөрөмжийг түрээслүүлэхээр харилцан тохирсон. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1.-д зааснаар түрээслэгч нь гэрээгээр хүлээсэн төлбөр болон хүүг хугацаандаа төлөх үүрэгтэй байтал хариуцагч тал түрээсийн зүйлийг доголдолтой хэмээн үндэслэлгүйгээр төлбөр төлөхөөс санаатай зайлсхийж, 2012 оноос хойш тоног төхөөрөмжүүдийг ашигласаар ирсэн. Бидний хооронд байгуулсан гэрээгээр түрээслэгч тал түрээсийн зүйлийн үнэ, хүүг зохих ёсоор төлсөн тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар заасан ба гэрээний хугацаанд amity air dril загварын 460456 тоот сериал дугаартай 359 928 411.63 төгрөгийн үнэтэй үрлэгчийг буцаахаар шийдвэрлэж, уг тоног төхөөрөмжид урьдчилан төлсөн 85 694 700 төгрөгийг бусад тоног төхөөрөмжийн төлбөрт суутгасан. Санхүүгийн түрээсийн үйлчилгээ нь гэрээний зүйлийг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлэхээс гадна санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг тул хүү мөн адил тооцогддог, манай компани эдгээр тоног төхөөрөмжийг бусдаас худалдан авч, үнийг нь төлсөн бөгөөд хариуцагчаас өнгөрсөн хугацаанд гэрээнд заасан үндсэн төлбөр, хүүг зохих ёсоор авч чадаагүйгээс улбаалан санхүүгийн хувьд хохирч, нийлүүлэгч, үйлдвэрлэгчдийн өмнө хүлээсэн үүргээ зөрчихөд хүрч байна. Шаардлагаа Иргэний хуулийн 9.4.3, 9.4.6, 186.1, 208.1, 222.7, 312 дахь заалт, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 7, 9 болон талуудын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээ, нэмэлт санхүүгийн түрээсийн гэрээ, нэмэлт өөрчлөлт тооцоо нийлсэн актуудыг үндэслэн нэхэмжилсэн. Иргэний хуулийн 26-р бүлэг, санхүүгийн түрээсийн тухай хуулийг үндэслэн 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 184 тоот гэрээгээр үрлэгч, челленжэр, строко гэх 3 техникийг жилийн 9 хувийн хүүтэйгээр 55 сарын хугацаатайгаар түрээслүүлсэн. Мөн 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 389 тоот гэрээгээр 4 төрлийн техникийг жилийн 12 хувийн хүүтэй 41 сарын хугацаатайгаар хариуцагчид шилжүүлсэн. Уг 2 гэрээнийхээ үүргийг хариуцагч зөрчиж, төлбөр мөнгөө төлөхгүй байдаг байсан. зарим үед ургац хурааж чадаагүй гэрээг сунгаад өгөөч гээд хүсэлт ирүүлдэг байсан. хэрэгт байгаа. хүү тооцохгүй үе ч байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагч техник чинь доголдолтой байсан гээд тайлбар хэлээд байна. Үрлэгчээс бусад нь сан ажиллаж байгаа гэдэг байсан. Үрлэгчийн тухайд талууд санамж бичиг үйлдээд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан, үрлэгчийг буцаагаад авсан. Нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд нийт 2 286 761 781.81 төгрөг болгоод нэмэгдүүлсэн. Энэ шаардлагынхаа хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа. Шаардлагаа бүрэн дэмжиж байгаа. Нэмэлт өөрчлөлтүүдийг бол тооцоо нийлээд зурсан байгаа. 2016 он хүртэл маргаантай байгаа нь харагдаж эндээс харагдаж байгаа. Санхүүгийн түрээсийн гэрээний 2.4.1-д баталгаат хугацааны талаар тодорхой заасан. 1 жилийн дотор 1 000 мотор цагаас хэтэрсэн бол баталгаат хугацаа дуусна гэсэн заалт байгаа. Эхний гэрээгээр анхнаасаа машин эвдрэлтэй гэсэн байгааг дэмжихгүй байна. Шүүх шинжээчийн дүгнэлтийг үнэлэхдээ заавал тэрийг хараад шийдвэр гаргах гэсэн зүйл байхгүй. Шинжээч дүгнэлт хийхэд би хажууд нь байсан. Тэр хүмүүс бол хариуцагчийн ажилчдаас тайлбар аваад, тракторыг асаасан бусдыг нь асааж ч үзээгүй зургийг нь авч байгаад эргээд ирсэн. Тэгэхээр шинжээч нар асуухгүйгээр яаж доголдол эвдрэлийг тогтоосныг ойлгохгүй байна. шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас өнөөдрийг хүртэл цагдаагийн байгууллагад гомдол гаргаад явж байгаа. Нэмэлт гэрээ, санамж бичиг, протокол зэрэг нь яг юуг нотлох хэлэх гээд хэрэгт авагдсан бэ. Хариуцагч бол төхөөрөмж болж байна. 1 жил сунгаад өгөөч, тариалан хураах гэсэн юм гэж байсан. Болохгүй байна гэсэн зүйл огт хариуцагч хэлж байгаагүй. Хэргийн 1-р хавтаст протокол, хүсэлтүүд байгаа. Нэхэмжлэгч “В” ХХК-ийг 2018 онд “В-” ХХК-д нэгтгэсэн. Тэгэхээр одоо нэхэмжлэгч нь “В-” ХХК болсон учраас хариуцагчаас “В-” ХХК гэрээний үүргийг шаардан нэхэмжилж байгаа. Иймд санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт хариуцагчаас 2 286 760 781.81 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Э- ХХК шүүхэд болон захирал Г.Одгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн зарим хэсгийг эсэргүүцэж байгаа. 2012 оноос 2016 оны хооронд 5 жилийн хугацаанд бол манайх үр шим хүртээгүй. Гэрээгээр авсан тоног төхөөрөмжүүдэд 2012 оноос хойш нэлээд эвдрэлтэй зүйлүүд гарч ирсэн. Зарим зүйлийг тастаад, гагнаад, сантехникийг сольж хийсэн. Трактор бол өөрсдийнх нь инженерүүд хийж өгсөн. Иж бүрдэл дутуу, систем ажиллуулах гэж оролдсон. 2016 онд захирлуудтай нь уулзсан. Доголдолтой талаар хэлсэн. Хохирол үр дагаврыг шийдэхгүй гэсэн учраас манайх 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Арбитрт өгсөн. Үүний дараа 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч тал иргэний шүүхэд өгсөн. Арбитр бол трактор, үрлэгч, хор шүршигчийг үйлдвэрийн доголдолтой талаар шийдвэр гаргасан. Мөн Арбитрын томилсон хөндлөнгийн шинжээчээр машиныг шинжлүүлэхэд машинаас болж, үр шим хүртэж чадаагүй талаар дүгнэлт гаргасан байдаг. Тариалалтын тухайд ургац хураасан бол аймгийн хэмжээнд ургац хураах бүрэн боломжтой талаар Монгол улсын зөвлөх инженерүүд, агрономич нар дүгнээд хэлсэн. Гэрээний ашиглалтын хугацаа дууссан гээд хэлж байсан. Тариалалтын тоног төхөөрөмжүүд хүртэл ашиглалтын байдлаас болсон гэсэн дүгнэлт гаргасанд нэхэмжлэгч тал буруутай гэдгийг хэлмээр байна. Үр шим хүртээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй. 184 тоот гэрээний 3 төхөөрөмжийг эвдрэлтэй доголдолтой байсан учраас хүү, алдангийг төлөх боломжгүй. 389 тоот гэрээгээр авсан төхөөрөмжүүдэд үндсэн төлбөр төлөхөд татгалзах зүйлгүй. Харин үндсэн тоног төхөөрөмж 5 машины хүү алдангийг авах боломжгүй юм. Тариалалтын машиныг ашиглаж чадахгүй бол ургаагүй ургац хураалтад ашиглах боломжгүй. Баталгаат хугацааг 1 жил эсвэл 1 000 мотор цаг гээд яриад байна. Энэ талаар задалж бичих ёстой байсан. Энэ талаар бичээгүй. Шинжээчийн тухайд бол машин техникт шинжээч нар дүгнэлт гаргахад хариуцагч талын хэлснээр дүгнэлт гаргаад өгсөн юм шиг цагдаад хандсан байгаа юм. Шинжээч томилох талаар энэ шүүх дээр ирээд дахин шинжээч томилуулж болох байсан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Э- ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компаниудын хооронд газар тариалангийн үйл ажиллагаа явуулахаар 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн СТГ12-184 тоот, 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн СТГ12-389 тоот санхүүгийн түрээсийн гэрээнүүд байгуулагдсан. Дээрх гэрээгээр нийлүүлсэн 5 нэр төрлийн 8 тоног төхөөрөмжүүд нь тусгай цаг хугацаанд, онцгой нөхцөл, агротехнологийн нарийн шаардлагад нийцэж, тусгай зориулалтаар ашиглагддаг, нэг техник нь гэмтэлтэй тохиолдолд нөгөө техник нь гэмтэлтэй техникийн гүйцэтгэх ажлыг хийх боломжгүй багц тоног төхөөрөмжүүд юм. Энэ нь жирийн автомашин болох техникүүдээс ажиллах горимын хувьд өөр гэдгийг тодруулах нь зөв байх. Газар тариалангийн үйл ажиллагааны үргэлжлэх хугацаа нь жил бүрийн 5 дугаар сард эхэлж 9 дүгээр сард дуусдаг. Өөрөөр хэлбэл, үрлэгч машин 1 жилд 14 хоног ажилладаг, хор шүршигч жилд 1 cap, ангилан хадагч болон комбайнууд жилд 1 cap тус тус ажилладаг. Манай компанид эдгээр машинууд 2012-2016 онуудад нийт 5 жил байхдаа үрлэгч 7 хоног, хор шүршигч, трактор 5-н cap, комбайн болон ангилан хадагч машинууд нь 4 cap ажилласан бөгөөд зарим машинуудын үйлдвэрийн тос нь ч арилаагүй шинээрээ байгаа юм. Гэтэл зарим машин нь үйлдвэрлэлийн эвдрэл доголдолтой, зарим нь засвар үйлчилгээнээс шалтгаалсан гэмтэлтэй байсан тул гадна талаасаа эвдрэл доголдол нь илэрч харагдахгүй, улмаар үр шим олох зорилгоор ашиглах боломжгүй байсан. Энэ нөхцөл байдлыг МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрын 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 145 тоот шийдвэрээр “В-” ХХК-ийн шилжүүлсэн 3 тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй доголдолтой үйлдвэрийн эвдрэлтэй үйлдвэрийн алдаа, биет байдлын доголдолтой, иж бүрдэл дутуу тоног төхөөрөмжүүд нийлүүлсэн болох нь нотлогдсон. Нэхэмжлэгч СТГ/12-184 тоот санхүүгийн түрээсийн гэрээний 5.2.1-д заасан үүргээ биелүүлээгүй. Манайх гэрээнээс татгалзах мэдэгдлээ 2016 оны 11 дүгээр сарын 01, 2016 оны 11 дүгээр сарын 07, 2018 оны 6 дугаар сарын 28, 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр тус тус мэдэгдсэн. Гэрээний дагуу нийт 367 294 950 төгрөгийг “В-” ХХК-иас гаргуулж Э- ХХК-д олгож өгнө үү. Мөн “М-” ХХК, Э- ХХК нарын хооронд 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 2013/011 тоот зээлийн гэрээгээр 3 569 959 юань зээлсэн. Уг зээлийн дагуу алданги болон хугацаа хэтэрсэн хүүг нэхэмжлээд байгаа. Гэрээний зориулалт нь хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжүүдийн үнэ, тээврийн зардал болон эргэлтийн хөрөнгөнд төлөх төлбөрт зарцуулсан. Энэхүү гэрээний төлөлтийг Э- ХХК нь Эрээнцав ХХК-тай 2011 оны хамтран ажиллах гэрээний үндсэн дээр ажиллаж олсон ашгаасаа төлж барагдуулах зорилготой байсан бөгөөд мөн л “В-” ХХК нь Э- ХХК-ийн өмнө хүлээсэн гэрээний үүргээ биелүүлээгүй, санхүүгийн түрээсийн СТГ12/184 тоот гэрээнд заасан тоног төхөөрөмжүүд нь анхнаасаа үйлдвэрийн гэмтэлтэй байсан, СТГ12/389 тоот гэрээнд заасан тоног төхөөрөмжүүд нь явцын дунд доголдолтой байсан зэргээс шалтгаалж ашиг олж чадаагүй, алдагдалтай ажилласны улмаас манай компани “М-” ХХК-д 4 346 686 750 төгрөгийн төлбөрт Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Тайны Ам-1/3 тоотод байрлах, Ү-2206008211 улсын бүртгэлийн дугаартай 1477.89 мкв талбайтай, амралт аялал жуучлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1 мкв талбайг нь 942 916 төгрөгт тооцон 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлж бүрэн төлсөн. Зээлийн гэрээгээр “М-” ХХК нь 3,5 сая юанийн үндсэн зээл, 2,2 сая юанийн хүү, нэмэгдүүлсэн хүү, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 10-ны хүртэлх хугацааны хүү гээд нийт 11,6 сая юанийн төлөлт хийсэн. Хэрэв “В-” ХХК биднийг хуурч мэхэлж үйлдвэрийн доголдол, гэмтэлтэй тоног төхөөрөмж нийлүүлээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж эвдрэлгүй тоног төхөөрөмж нийлүүлсэн бол манай компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж “М-” ХХК-д зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлж зөвхөн үндсэн зээл болоод хүүгийн төлбөрийг л төлөх байсан ба хугацаа хэтрүүлсний нэмэгдэл хүү болон алдангид төлөхгүй байсан. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар СТГ/12-184 тоот санхүүгийн түрээсийн гэрээний дагуу төлсөн төлсөн 367 294 961 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулж Э- ХХК-д олгож, Э- ХХК-ийн “М-” ХХК-д нэмэгдүүлсэн хүү, алдангид төлсөн 2 191 935 134 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан манай компанид олгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “В-” ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Олон удаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Удаа дараа манайх тайлбар өгсөн. Талуудын хооронд 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн санхүүгийн түрээсийн төлбөрт төлсөн 367 сая төгрөгийн манайхаас гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээ хэрэгжээд төхөөрөмжөө ашиглаад нэг нь болохгүй байна гээд талууд тохиролцоод санамж бичиг үйлдээд машинаа буцаагаад авсан. Бусад техникүүд сайн ажиллаж байгаа талаар ч хэлж байсан байж одоо яагаад ингээд ажиллахгүй байсан гэж хэлээд байгааг гайхаж байна. Өдий хүртэл асуудал байгаа талаар хэлэхгүй байсаар шүүхэд хандаад байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гэрээнээс татгалзах асуудал бол 2012 онд авсан техникийг 2016 он хүртэл явагдаагүй. Дээд шүүхээс буцаад ирсний дараагаар энэ асуудлыг үүсгэж эхэлсэн байгаа. Гэрээнээс татгалзах журам бол хуульд заасан хугацаандаа хэрэглэгдээгүй гэж үзэж байгаа. Шүүх, прокуророор явж байгаад эцэст нь энэ шүүхэд ирсэн. Ай ми ти-гийн тухайд бол буцаагаад санамж үйлдээд авсан гэж үзэж байгаа. Бусад техник эвдрэлтэй гэдэгт санал нийлэхгүй байна. Эвдэрсэн талаар ч мэдэгдээгүй. Мөн гэрээний дагуух авсан техникүүдийг 7 жил гаран хэрэглэж байгаа. “М-” ХХК-тай гэрээ хийсэн талаар мэдэхгүй, тэрхүү компанитай эрх зүйн харилцаанд ороогүй учраас түүний үр дагаврыг манайх хариуцахгүй. Энэ талаар манайд холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. “М-” ХХК нь яагаад банк бус санхүүгийн байгууллагын тухай хуулиар алданги, нэмэгдүүлсэн хүү аваад байгааг гайхаж байна. Монголд бол тийм хууль байхгүй. Мөн “М-” ХХК-ийн нягтлан бодогч гэх хүн компанийнхаа тамгыг ашиглаад О гэх хүн Хятадаас мөнгө авсан гээд тодорхойлолт бичээд өгсөн байгаа. Үүнийг зөвхөн “М-” ХХК-ийнх байна гэж ойлгож болохгүй. Манайхтай хамааралгүй учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 232 дугаар зүйлийн 232.6, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Э- ХХК-иас 1 267 469 967.06 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “В-” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлээс 1 019 290 814.74 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “В-” ХХК-иас 367 294 951 төгрөг гаргуулан хариуцагч Э- ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 2 191 935 134 төгрөгийн шаардлагыг хэрэсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 11 749 704 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 18 758 892 төгрөгөөс 14 432 531 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э- ХХК-иас 6 495 299 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч “В-” ХХК-д, нэхэмжлэгч “В-” ХХК-иас 7 728 311 төгрөг нөхөн гаргуулж хариуцагч Э- ХХК-д, улсын орлогоос хариуцагчийн илүү төлсөн 4 326 360 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагч Э- ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “В-” ХХК-ийн нэхэмжлэлтэй Э- ХХК-д холбогдох иргэний хэргийг 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхээс хянан шийдвэрлэж 101/ШШ2019/01953 дугаар шүүхийн шийдвэр гаргасан байна. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргалаа. Үүнд:

Шүүхийн шийдвэрийн хуулийн болон бодит үндэслэлийн талаар

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Нэхэмжлэгч дээрх хоёр гэрээний үүргийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөр тооцон үндсэн төлбөр, хүү, алдангийн хамт шаардсан ба хариуцагч 2012 оны СТГ/12-184 тоот гэрээнээс татгалзсаныг шүүх үндэслэлтэй гэж үзсэн тул нэхэмжлэгчийн 2012 оны СТГ/12-284 тоот гэрээний үүрэгт 1 005 091 743.74 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож..." гэсэн нь хуулийн болон бодит үндэслэлгүй дүгнэлт хийлээ. "В-" ХХК нь 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн СТГ/12-184 тоот Санхүүгийн түрээсийн гэрээ/1хх-ийн 24-29/, 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн СТГ/12-389 тоот Санхүүгийн түрээсийн гэрээг/1хх-ийн 47-54/ тус тус байгуулсан юм. Гэтэл Э- ХХК нь дээрх 2 ширхэг санхүүгийн түрээсийн гэрээ болон тэдгээрт нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнүүдээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, үндсэн төлбөр, хүү, алдангийг тохирсон хугацаанд төлөхгүйгээр “В-” ХХК-ийг хохироож байсан учраас нийт төлөх төлбөр болох 2 286 760 781 төгрөгийг гаргуулахаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Дээрх гэрээнүүдээр нийт 2,7 тэрбум төгрөгийг Э- ХХК-д түрээслүүлсэн буюу Э- ХХК-ийн “В-” ХХК-аас худалдан авсан тоног төхөөрөмжүүдийн үнийг тухайн үед нь "В-" ХХК хариуцагчийн өмнөөс төлж санхүүгийн түрээсийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байдаг. Харин Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт "Санхүүгийн түрээсийн гэрээ"-ээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан Санхүүгийн түрээсийн гэрээг Э- ХХК зөрчиж, үүргээ биелүүлээгүй. Хариуцагчийн зүгээс санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг шүүхээр шийдвэрлүүлэх, нэхэмжлэл гаргасан үеэс эхлэн өөрсдийн 4-5 жил ашигласан тоног төхөөрөмжүүдээ доголдолтой байсан гэх үнэмшилгүй зүйл ярьж, бичиж, эхэлсэн. Бодит байдал дээр тоног төхөөрөмжүүдийн баталгаат засварын хугацаа дууссан төдийгүй доголдлын талаар гомдлын шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийн өнгөрсөн байдаг. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зүгээс хуульд заасан хугацаанд доголдолтой холбоотойгоор гомдлын шаардлага гаргаж, гэрээнээс татгалзаагүй юм. Харин талууд харилцан тохиролцож санамж бичиг байгуулан/1хх-ийн 37/, Санхүүгийн түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан/1хх-ийн 38/ Amity Air Till Drill-18m үрлэгч тоног төхөөрөмжийг буцаан авсан. Түүнээс биш хэн аль Санхүүгийн түрээсийн гэрээнээс татгалзаагүй юм. Хариуцагч нь харилцан тохиролцож гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсныг гэрээнээс татгалзах ажиллагаа хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагад энэхүү техникийн ашиглалттай холбоотой түрээсийн төлбөр ороогүй болно. Манай компанийн хувьд 2012 оны 12-284 дугаар Санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн төлбөр буюу түрээсийн төлбөрт 618 650 594.52 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл шүүхээс манай компанийн нэхэмжлэл гаргах хүртэлх санхүүгийн түрээсийн төлбөрийг хариуцагчаас гаргуулахгүйн дээр хариуцагчийн санхүүгийн түрээсийн төлбөрт төлсөн 367 294 951 төгрөгийг буцаан гаргуулах нь бодит үндэслэлгүй юм. Бусдын хөрөнгийг үнэ төлбөргүйгээр ашиглаж, нэг ч төлбөр төлөхгүйгээр 7 жилийн дараа буцаан өгнө гэдэг нь үндэслэлгүй билээ. 2012 онд нийлүүлсэн техниктэй холбоотой 2019 онд гэрээнээс татгалзсан тухай ярьж байгаа нь үндэслэлгүй. Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу авсан техникүүдийг 7 жил хэрэглэж байгаа бөгөөд Санхүүгийн түрээсийн төлбөрийг нь нэхэмжлэхээр гэнэт биет байдлын доголдол, эвдрэл ярьж, буцааж өгнө хэмээж байгааг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д "гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил" байна гэж, 76.1 дэх хэсэгт "Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно" гэж, 76.2 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ" гэж тус тус заасан байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 2012 оны СТГ/12-184 тоот гэрээнээс татгалзах сөрөг нэхэмжлэлийг гаргаж, дээрх гэрээгээр шилжүүлсэн бусад тоног төхөөрөмж нь мөн адил доголдолтой гэж маргасан" гэж, "Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдөр нэхэмжлэгчид холбогдуулан "2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн СТГ/12-184 тоот, 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн СТГ/12-389 тоот Санхүүгийн түрээсийн гэрээг цуцлах, гэрээгээр шилжүүлэн авсан тоног төхөөрөмжүүдийг нэхэмжлэгчид буцаан өгөх, санхүүгийн гэрээний төлбөрт төлсөн 819 501 159 төгрөгийг буцаан гаргуулах" сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр өөрчилж " 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн СТГ/12-184 тоот Санхүүгийн түрээсийн гэрээнээс татгалзаж, СТГ/128184 тоот гэрээний дагуу төлсөн 367 294 951 төгрөгийг буцаан гаргуулах гэжээ. Хариуцагч 2012 оны СТГ/12-184 тоот гэрээнээс тоголдолтой үндэслэлээр татгалзаж, нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасныг татгалзлаа мэдэгдсэн гэж үзэх бөгөөд гэрээнээс татгалзах мэдэгдэлд хуулиар хэлбэрийн шаардлага тавигдаагүй тул хариуцат сөрөг нзхэшслэл гаргах замаар гэрээнээс татгалзсаныг мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзсэнийг үндэслэлтэй, хариуцагч гэрээнээс татгалзах эрхтэй байна" гэж тус тус үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Шүүхийн дүгнэлтээс харахад Э- ХХК гэрээнээс татгалзсан бөгөөд гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол нэхэмжилсэн гэх утга бүхий зүйлс бичжээ. Гэтэл Э- ХХК нь Санхүүгийн түрээсийн гэрээнээс хуульд зааснаар татгалзаагүй бөгөөд гэрээнээс татгалзах үндэслэл, журмыг иргэний хуулиар нарийн зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, Иргэний хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн гэрээнээс татгалзаагүй тул татгалзснаас үүдэлтэй хохирол төлбөр нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлээр гэрээнээс татгалзах журмын талаар, 205 дугаар зүйлээр гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврын тухай, 225 дугаар зүйлээр Үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах асуудлыг тус тус нарийн зохицуулсан байдаг бөгөөд 2012 оны Санхүүгийн түрээсийн гэрээний талаар 2019 онд гэнэт гэрээнээс татгалзан, хохирол гэх зүйл нэхэмжилж байгаа нь хуулийн болон бодит үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Хариуцагч сөрөг нэхэмжлэлээ нотолж Монголын Олон улсын ба Үндэсний Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтийг шүүхэд нотлох баримтаар гаргасан. Тус 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлтээр SС4660 загварын хор шүршигчийн " хойд хагас голын захын дамжуулагчаас ус гоождог" нь үйлдвэрийн доголдолд хамаарахыг зааж техникийн ажиллагааг зогсооход хүргэдэг гэж, МТ96С-530НР загварын тракторын хувьд хүндрүүлэгч ачаа болон дагалдах хэрэгслийг дутуу нийлүүлсэн, тус техникт ашиглаж буй дүүжин төхөөрөмж стандарт бус байгаа нь холбогчийг хүчээр ажиллуулахад хүргэж улмаар 3-р хавхлагын доод эд ангийг эвдрэлд оруулж, гидросистемийн хуваарилах хэсгийн программыг гэмтээсэн" гэж, Air till drill-18m загварын үрлэгчийн " үндсэн рамын бүтцүүд буруу хэмжээстэй, татуурга дутуу, цилиндрийн суурь алдаатай" гэж дүгнэн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй хүлээлцсэн гэх дүгнэлт гаржээ" гэсэн дүгнэлт хийжээ. Дээрх тоног төхөөрөмжүүдээс Air till drill-18m загварын үрлэгчийн хувьд талуудын хооронд санамж бичиг байгуулан, гэрээнд нэмэлт оруулан эцэслэн шийдвэрлэсэн учраас тухайн үрлэгчтэй холбоотойгоор гэрээнээс татгалзах үндэслэлгүй. Бусад тоног төхөөрөмжүүдийн эвдрэлд “В-" ХХК буруугүй бөгөөд санхүүгийн түрээсийн гэрээгээр авсан техникийн засвар үйлчилгээг цаг тухайд нь хийлгээгүй, зориулалтын бусаар ашиглаж байсан нь тогтоогдсон. Тухайн тоног төхөөрөмжүүдийт ашиглаж байсан эхний жилүүдэд Үрлэгчээс бусад техникийн талаар гомдол гаргаж байгаагүй бөгөөд хариуцагчийн зүгээс санхүүгийн түрээсийн гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө барагдуулах тухай амлалт өгч, албан бичгүүдийг удаа дараа ирүүлэхдээ тоног төхөөрөмжүүд сайн ажиллаж байгааг илэрхийлж байсан нь нотлох баримтуудаас харагдна/1хх-ийн 152-166, 176-177/ Мөн шүүх хуралдаан дээр 85 694 700 төгрөгийг талууд харилцан тохиролцож 13-389 тоот гэрээний урьдчилгаа төлбөрт суутгасныг хэлж, баримтаар нотолсон байтал буруу тооцоолж 367 294 951 төгрөг нэхэмжлэгчээс гаргуулна хэмээн шийдвэрлэсэн бодит үндэслэлгүй байна. Харин нэхэмжлэгчийн зүгээс тухайн тоног төхөөрөмжүүдтэй холбоотой шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч нарыг цагдаагийн байгууллагад өргөдөл гарган өгч шалгуулж байгаа бөгөөд одоогоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Арбитрын хэргийг хянан шийдэрлэх явцад нэхэмжлэгч талаас хүсэлт гаргаж тоног төхөөмжүүдийн биет байдлын доголдол, ургац ургаагүй шалтгаан, олох байсан ашиг зэргийг шинжээчээр тогтоолгохоор хүсэлт гаргасныг арбитрын бүрэлдэхүүн хангаж шийдвэрлэсэн. Улмаар арбитраас 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Хөдөө аж ахуйн их сургуулийн инженер, технологийн сургуулийн дэд профессор, доктор Л.Д, доктор Т.Г, Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн доктор, профессор О.М, Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн доктор профессор Д.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй шинжээчээр томилсон юм. Гэтэл хараат бусаар дүгнэлт гаргах ёстой шинжээч Л.Д, Т.Г, О.М, нэхэмжлэгч талын сонгосон арбитрч Ч.Г арбитрын нарийн бичиг, бусад ажилчид болон нэхэмжлэгч компаний захирал Г.О, түүний хүү О.Т нартай хамт 20-99 УНА болон 00-58 УНК улсын бүртгэлийн дугаартай Toyota Land 200 маркийн, хар өнгийн тээврийн хэрэгслүүдээр Улаанбаатар хотоос ирж, очсон төдийгүй Чулуунхороот суманд байх Г.О-ийн хувийн байшинд буудаллан, нэхэмжлэгчийн бүрэн хяналт, үйлчилгээ, нөлөөн дор үйл ажиллагаагаа явууллаа. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын бүрэлдэхүүний 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 315 дугаар шинжээч томилох тухай шийдвэрийн 6 дахь заалтад "шинжээч дүгнэлт гаргахад шаардлагатай зардлыг хүсэлт гаргасан нэхэмжлэгч тал болох "Э-" ХХК-аас урьдчилж гаргуулахыг үүрэг болгосугай" гэжээ. Өөрөөр хэлбэл шинжээч дүгнэлт гаргахад шаардагдах зардлыг урьдчилан гаргуулхаар заасан. Гэтэл хараат бусаар үйл ажиллагаа явуулах ёстой шинжээч нарт нэхэмжлэгч тээврийн хэрэгсэл, байр, хоол ундаар үйлчилж, үйл ажиллагаанд оролцсон байна. Мөн аль нэг талын сонгосон арбитрч нь хөндлөнгийн хараат бус шинжээч нартай хамт явж байгаа нь хууль бус төдийгүй ёс зүйгүй, эрээ цээргүй үйл ажиллагаа юм. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д "Шүүхийн шинжилгээ хийхэд дараахь зарчмыг баримтална" гэсний 4.1.1-д "хууль дээдлэх", 4.1.3-д "хараат бус байх" гэж, мөн хуулийн 14.1.7-д "шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд болон бусад этгээдээс хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах" гэж тус тус заасан. Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлд шинжээчийг татгалзах үндэслэл журмыг заасан байдаг. Тус хуулийн 16.4 дэх хэсэгт "Энэ хуулийн 16.1.1-16.1.4-т заасан үндэслэл байвал хэргийн оролцогч, түүний хууль ёсны төлөөлөгч шинжээчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг гаргаж болно" гэсний 16.1.3-д "шинжээч нь албан тушаалын болон бусад талаар хэргийн оролцогчийн эрхшээлд байгаа бол" гэж, 16.1.4-д "хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, туүнчлэн тухайн хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал" гэж тус тус заасан бөгөөд хариуцагч талд шинжээч нарыг хууль дээдлэн, шударгаар, хараат бусаар, зөвхөн өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргана гэдэг нь эргэлзээтэй юм. Түүнчлэн Арбитрын хуралдаан дээр шинжээч нар эдгээр техник тоног төхөөрөмжийг сайн мэдэхгүй тухайгаа ярьж байсан. Дээр дурьдсан нөхцөл байдлуудаас үзэхэд эдгээр шинжээч нарын гаргаж буй дүгнэлт нотолгооны чанаараа алдсан учраас шүүхээс нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй юм. Анхан шатны шүүхийн шийдсэнээр бол “В-” ХХК-ийн их хэмжээний үнэтэй техник, тоног төхөөрөмжүүдийг Э- ХХК 7 жил үнэ төлбөргүй ашиглаад, эвдээд, буцааж өгч байгааг хэн хариуцах нь тодорхойгүй болж байна. Э- ХХК-ийн тухайн техникүүдийн түрээсийн төлбөрт төлсөн 367 294 951 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулснаар тухайн техникүүдийг үнэ төлбөргүйгээр ашиглах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломжийг хариуцагчид олгож байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж, мөн зүйлийн 116.3 дахь хэсэгт "Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана" гэж тус тус заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийн шийдвэр гаргаж чадсангүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасныг баримтлаагүй гэж үзэж байна. Иймд 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 101/ШШ2019/01953 дугаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцачгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Нэхэмжлэгч “В-” ХХК, хариуцагч Э- ХХК-д холбогдуулан 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн СТГ/12-184 тоот гэрээний үүрэгт үндсэн төлбөр 618 650 594.52 төгрөг, хүү 152 063 580.09 төгрөг, алданги 226 103 394.14 төгрөг, зардал 8 274 175 төгрөг, бүгд 1 005 091 743.74 төгрөгийг, 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн СТГ/12-389 тоот гэрээний үүрэгт үндсэн төлбөр 686 313 886.61 төгрөг, хүү 246 379 772.25 төгрөг, алданги 334 776 308.20 төгрөг, зардал 14 119 071 төгрөг, бүгд 1 281 669 038.06 төгрөг, нийт 2 286 760 781 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн СТГ/12-389 тоот Санхүүгийн түрээсийн гэрээний үүргээс 686 313 886.61 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, бусад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрчээ. Улмаар хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчид холбогдуулан 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн СТГ/12-184 тоот, 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн СТГ/12-389 тоот Санхүүгийн түрээсийн гэрээг цуцлах, гэрээгээр шилжүүлж авсан тоног төхөөрөмжүүдийг нэхэмжлэгчид буцаан өгөх, санхүүгийн гэрээний төлбөрт төлсөн 819 501 159 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр өөрчилж, 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн СТГ/12-184 тоот Санхүүгийн түрээсийн гэрээнээс татгалзаж, СТГ 128184 тоот гэрээний дагуу төлсөн 367 294 951 төгрөгийг буцаан гаргуулах, Эрхэт трейд ХХК, М- ХХК нарын хооронд байгуулсан 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2013/011 тоот зээлийн гэрээний дагуу төлсөн /нэмэгдүүлсэн хүү, алданги/ 2 191 935 134 төгрөгийг гаргуулах гэж өөрчилсөн байна./3хх36-40, 4хх 104, 5хх 205-208, 6хх 106-108 дугаар тал/

 

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн СТГ/12-184 тоот, 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн СТГ/12-389 тоот Санхүүгийн түрээсийн гэрээ тус тус байгуулагдаж, 2012 оны СТГ/12-184 тоот гэрээгээр нэхэмжлэгч 1 146 777 404.92 төгрөгийн үнэ бүхий “Air till drill-18m” загварын үрлэгч, “MT965C-530HP” загварын трактор, “SC4660” загварын хор шүршигчийг, 2013 оны СТГ/12-389 тоот гэрээгээр 1 071 000 420.50 төгрөгийн үнэ бүхий “WR9740” загварын ангилан хадагч, “CY647C 275 hp combine 7.5m rigid header” загварын комбайн, “N500 pick up header” загварын шактыг хариуцагчид тодорхой нөхцөл, үе шаттайгаар түрээслүүлэх, хариуцагч тодорхой хугацаагаар буюу СТГ/12-184, СТГ/12-389 тоот гэрээнүүдийн 2.1.3.2-т тодорхойлж Хавсралт 1-д заасны дагуу төлбөрийг төлөх, төлбөр бүрэн төлөгдсөн бол эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар тохиролцсон байна. /1хх 24-29, 47-52 дугаар тал/

 

            Мөн 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу нэхэмжлэгч “Air till drill-18m” загварын үрлэгчийг үйлдвэрийн доголдолтой шалтгаанаар буцаан авч бусад тоног төхөөрөмжийг хариуцагч үргэлжлүүлэн түрээслэхээр тохиролцсон байх ба талууд 2012 оны СТГ/12-184 тоот гэрээнд 2012 оны 10 дугаар сарын 31, 2013 оны 7 дугаар сарын 26, 2013 оны 11 дүгээр сарын 12, 2013 оны 12 дугаар сарын 26, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрүүдэд, 2013 оны СТГ/12-389 тоот гэрээнд 2013 оны 12 дугаар сарын 26, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрүүдэд тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан байна./1хх 32, 34, 37-38, 40-41, 43, 55, 57, 59-60, 62 дугаар тал/

 

            Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Шүүхээс хариуцагч 2012 оны СТГ/12-184 тоот гэрээнээс татгалзсаныг үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэгчийн уг гэрээний үүрэгт 1 005 091 743.74 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс 2 191 935 134 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Учир нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар зохигчдын хооронд 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээний Хавсралт 1-д дурдсан 1 884 998 456.89 төгрөгийн үнэ бүхий 7 ширхэг тоног төхөөрөмжийг хариуцагч нь “В-” ХХК-тай байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн дээр худалдан авсан болох нь тогтоогдож байна./1хх 226-230 дугаар тал/

 

            Хариуцагч Э- ХХК нь дээрх Худалдах-худалдан авах гэрээг үндэслэн арбитрт хандаж, улмаар Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 145 дугаартай хүчин төгөлдөр шийдвэрээр 2012 оны СТГ/12-184 тоот гэрээний зүйл болох “Air till drill-18m” загварын үрлэгч, “MT965C-530HP” загварын трактор, “SC4660” загварын хор шүршигч нь үйлдвэрийн алдаа, биет байдлын доголдолтой, иж бүрдэл дутуу болохыг тогтоосон байна. /4хх 13-44 дүгээр тал/

 

            Хэдийгээр талууд 2012 оны СТГ/12-184 тоот гэрээний зүйлийн доголдол, төлбөр төлөх нөхцөлийн талаар харилцаж байсан нь албан бичиг, уулзалт, ярилцлагын тэмдэглэл, арбитрын маргааны явцад гаргасан шинжээчийн дүгнэлт, Арбитрын хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй байна. Иймд хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар тус гэрээнээс татгалзах эрх үүссэн гэж үзнэ.

 

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

            Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар 2012 оны СТГ/12-184 тоот санхүүгийн түрээсийн гэрээний төлбөрт шилжүүлсэн 367 294 951 төгрөгийг нэхэмжлэгч “В-” ХХК-иас буцаан гаргуулж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7 дахь хэсэгт зааснаар дээрх гэрээний дагуу шилжүүлэн авсан техник, тоног төхөөрөмжүүд болох “MT965C-530HP” загварын трактор, SC4660 загварын хор шүршигчийг нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэгтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Мөн шүүх хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний төлбөрт “М-” ХХК-д төлсөн гэх 2 191 935 134 төгрөгийн үр дагаврыг нэхэмжлэгч хариуцах шууд шалтгаант холбоо тогтоогдоогүй гэж сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

 

            Нэхэмжлэгч 2012 оны СТГ/12-184 тоот гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүйгээс, “М-” ХХК-иас зээлийн гэрээний дагуу авсан 3 195 200 юанийг хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн үнэ, тээврийн зардал, эргэлтийн хөрөнгөд төлөх төлбөрт зарцуулсан гэх тайлбар нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдоогүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлож чадаагүй байна.

 

            Харин хариуцагч СТГ/12-389 тоот гэрээний үндсэн үүргийг хүлээн зөвшөөрсөн учир зохигчийн хооронд байгуулсан 2013 оны СТГ/12-389 тоот гэрээний 2.1.3.1, 2.1.3.2, 3.2-т зааснаар хариуцагчийн төлбөл зохих үндсэн төлбөр, хүү, алдангийг тооцож үндсэн төлбөрийн үлдэгдэл 686 313 886.61 төгрөг, хүү 246 379 772.25 төгрөг, алданги 334 776 308.20 төгрөг, нийт 1 267 469 967.06 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт нийцжээ.

 

Мөн нэхэмжлэгч 2013 оны СТГ/12-389 тоот гэрээгээр хариуцагчид шилжүүлсэн ямар техник, тоног төхөөрөмжүүдэд засвар, үйлчилгээ хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Иймээс хариуцагчаас засвар, үйлчилгээний зардалд 14 199 071 төгрөг шаардсан нь үндэслэлгүй байна.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/01953 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 090 879 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                     ШҮҮГЧИД                              Т.ТУЯА

 

                                                С.ЭНХТӨР