Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Сарангэрэл |
Хэргийн индекс | 119/2023/0030/з |
Дугаар | 119/ШШ2023/0028 |
Огноо | 2023-10-17 |
Маргааны төрөл | Тендер, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 119/ШШ2023/0028
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Б” ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.А,
Хариуцагч: “Э” ТӨҮГ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Г, Н.Х нарын хоорондын
“Э” ТӨҮГ-ын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” ТБ-117-12/1178 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох”, “Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажлын гэрээг “Б” ХХК-тай байгуулах тухай эрх олгох шийдвэр гаргахыг “Э” ТӨҮГ-т даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай тендерийн маргаан бүхий захиргааны хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А /цахим/, түүний өмгөөлөгч Т.Н /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, Н.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь “Э” ТӨҮГазарт холбогдуулан
“Э ТӨҮГ-ын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” ТБ-117-12/1178 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох”, “Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажлын гэрээг “Б” ХХК-тай байгуулах тухай эрх олгох шийдвэр гаргахыг “Э” ТӨҮГ-т даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэгчээс 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “Э” ТӨҮГазарт Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 119/ШШ2022/0070 дугаар бүхий шийдвэр, тендерийн Үнэлгээний хорооны 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаар шийдвэрийн хүрээнд гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулахаар, мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт тус тус ханджээ. /ХХ-ийн 10-11, 15-16 дугаарт/
3. “Э” ТӨҮГ-аас 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” №ТБ-117-12/1178, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А-1/687 дугаар бүхий албан бичгээр “Б” ХХК-д тус тус хариу хүргүүлсэн байна. /ХХ-ийн 12-14, 17 дугаар тал/
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
1/. Манай компани “Э” ТӨҮГ-аас 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” №ТБ-117-12/1178 тоот албан бичгийг эс зөвшөөрч Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах журмын дагуу 2023 оны 03-р сарын 09-ний өдөр “Э” ТӨҮГазарт “Хүсэлт” (2023 оны 03-р сарын 17-ны өдөр татгалзсан хариу өгсөн), 2023 оны 03-р сарын 21-ний өдөр дээд шатны байгууллага буюу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт гомдол гаргасан. Ингээд татгалзсан хариу авсан тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
2/. Манай “Б” ХХК нь “Э” ТӨҮГазарт холбогдуулан “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Б-ийн 2022 оны 08-р сарын 23-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгох тухай” №ХБ-134-12/3794 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12-р сарын 20-ны өдрийн №70 дугаартай шийдвэрээр “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2022 оны 08-р сарын 23-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгох тухай” №ХБ-134-12/3794 тоот албан бичгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
3/. Харин “гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 12-т “... гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах нь Үнэлгээний хороо болон захиалагчид хуулиар тусгайлан олгосон эрх хэмжээ, бүрэн эрхийн асуудал тул шүүхээс гэрээ байгуулахыг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэсэн.
4/. “Б” ХХК-ийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.2, 47.2.2-т заасны дагуу Үнэлгээний хорооны 2022 оны 07-р сарын 20-ны өдрийн 05 дугаартай Үнэлгээний дүгнэлт буюу тендерт шалгарсан шийдвэр нь аль хэдийн гарсан байгаа.
Тиймээс “Э” ТӨҮГ-ын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” ТБ-117-12/1178 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох, “Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажил”-ын гэрээг “Б” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг “Э” ТӨҮГ-т даалгах” тухай шаардлага гаргасан.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, Н.Х нар шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Б” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Б” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгох тухай” ХБ-134-12/3794 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмж нийлүүлэх, зүгшрүүлэх ажлын гэрээг “Б” ХХК-тай байгуулахыг “Э” ТӨҮГазарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус тендерийн маргааныг хянан хэлэлцэж “Э” ТӨҮГ-ын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгох тухай” ХБ-134-12/3794 дүгээр албан бичгийг хүчингүй болгож, Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажлын гэрээг “Б” ХХК-тай байгуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу захиалагчийн гэрээ байгуулах эрх олгох эсэх шийдвэрийг гаргах эрх хэмжээг хөндөх боломжгүй гэж үзэж, гэрээ байгуулахыг “Э” ТӨҮГазарт даалгаагүй байна.
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 119/ШШ2022/0070 дугаар шийдвэрийн дагуу 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ХБ-134-12/3794 дүгээр “Гэрээ байгуулах эрх олгосон” мэдэгдэл хүчингүй болсон хэдий ч 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ДҮ-134-12/3444 дүгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдэл бүхий албан бичгийн дагуу “Б” ХХК-тай гэрээ байгуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн буюу тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан байна.
Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэсэн хуулийн хугацааг мөрдөх боломжгүй, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “Худалдан авах гэрээг дараах тохиолдолд хүчин төгөлдөр бус гэж үзнэ”, 42.1.2-т “захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан” гэсэн хуулийн заалтыг үндэслэн хүчин төгөлдөр бус гэрээ байгуулах үндэслэлгүйн улмаас гэрээ байгуулах боломжгүй юм.
Хэрэв дээрх хуулийн заалтыг зөрчин гэрээ байгуулсан тохиодолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42.1, 42.1.2-т тус тус зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ болно.
Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна”, 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”, 56.4-т “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно”, 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй”, 56.6-д “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасныг үндэслэн тус тендер шалгаруулалтад оролцсон бусад компани шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй байх тул дахин маргаан үүсэж тендер шалгаруулалтын үйл ажиллагаа удааширснаас үйлдвэрийн газар нь нэн шаардлагатай бараа, ажил үйлчилгээг цаг хугацаанд нь худалдан авч чадахгүй байдалд хүрч, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа тасалдах эрсдэл учирч болзошгүй байна.
Мөн “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүх хянан хэлэлцэх явцад ЭҮТӨҮГ/2022011.. дугаартай Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажлын тендер шалгаруулалтын явцад авлигын гэмт хэрэг үйлдэгдсэн үндэслэл тогтоогдсон тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа болох нь хэргийн оролцогчдод ил болсон.
Иймд аль аль талдаа учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж, “Э” ТӨҮГ-аас хууль тогтоомжийн хүрээнд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлан Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажлын тендер шалгаруулалтыг дахин зарласан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараах зүйл хамаарна” гээд 52.5.1-д “...нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж зааснаар нэхэмжлэгч зөвхөн өөрийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн, зөрчсөн гэж үзэж байгаа захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны талаар шүүхэд маргах боломжтой бөгөөд нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн болох нь нэхэмжлэлийн үндэслэлд тодорхой байх ёстой.
“Э” ТӨҮГ-ын “Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажлын” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер дахин зарлагдсан байхад нэхэмжлэгч өөрийнх нь ямар эрх, ашиг сонирхол хөндөгдсөн /нэхэмжлэгчид ямар ч хохирол төлбөр үүсээгүй/-ийг тодорхойлолгүй нэхэмжлэлийн шаардлага гаргаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т заасныг зөрчсөн байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...гэрээг “Б” ХХК-тай байгуулах эрх олгох шийдвэр” гаргахаас татгалзсан шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу хууль бус болохыг тогтоож, уг эрх олгох шийдвэр гаргахыг даалгах...” гэж дурдсан байна.
Энэ нь Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 119/ШШ2022/0070 дугаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу захиалагчийн гэрээ байгуулах эрх олгох эсэх шийдвэрийг гаргах эрх хэмжээг хөндөх боломжгүй гэж үзэж, гэрээ байгуулахыг “Э” ТӨҮГазарт даалгаагүй байхад дахин ийм утга агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь ЗХХШТХ-ийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” заасан үндэслэлд хамаарч байна.
Өөрөөр хэлбэл ЗХХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах” “эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж ерөнхийлөн заасан байхад нэхэмжлэгч шүүхээс “гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг” хүссэн байгаа нь өөрөө ЗХШХШТХ-ийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан үндэслэлд хамаарч байна.
Мөн ЗХХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэж заасан байдаг. Хэдийгээр үнэлгээний хорооноос “Б” ХХК-ийг шаардлагад нийцсэн “хамгийн сайн” тендер ирүүлсэн оролцогч гэж үзэж тендер шалгаруулалтыг явуулсан боловч тус компанид гэрээ байгуулах эрх олгох хуулийн нөхцөл боломж байхгүй байна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага өөрөө хууль ёсны биш байна. Үүнийг шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхаарч үзэхийг хүсэж байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр “Б” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгчээс манай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэлгэрэнгүй уншсан тул би гол хэлэх гэсэн зүйлээ тайлбарлая. Өмнө нь шийдэгдсэн хэрэгтэй холбоотой гэдгийг бүгд мэдэж байгаа. Манай компани тендерт шалгарч гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гарч гэрээгээ байгуулаад явж байхад захиалагч талаас зогсоосон. Захиалагчийн энэ шийдвэрийг шүүх хүчингүй болгосон. Шүүх гэрээ байгуулах эсэх нь захиалагчийн хуулиар олгосон эрх хэмжээний асуудал гэж үзсэн, бид шүүхийн шийдвэрт сэтгэл хангалуун байсан учир давж заалдах гомдол гаргаагүй. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандахад хариуцагч тал шийдэгдсэн хугацааны талаарх асуудлаа яриад гэрээ байгуулах эрхийг захиалагч талаас гаргаж өгөөгүй. Өмнө нь гаргасан шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан учир “Б” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах шаардлага гарсан. Гэрээ байгуулахгүй гэж татгалзаж байгаа үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй байсан. Хариуцагч талаас мөн л нөгөө шүүхээр шийдэгдсэн нөгөө хугацааны асуудлаа яриад байна. Үүн дээр тайлбар хэлье.
2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гэрээнд гарын үсэг зураад явуулсны дараа араас нь гэрээ байгуулахаа болилоо гэсэн бичиг явуулсан. Үүнийгээ Авлигатай тэмцэх газартай холбож тайлбарласан. Гэтэл 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр буюу 7 хоногийн дараа манай материалыг явуулсан байсан. Хариуцагч тал шүүхээр нэгэнт шийдсэн хугацааны асуудлыг дахин яриад байгааг шүүх анхаарч үзнэ үү. Захиалагч тал хугацаагаа өөрсдөө алдчихаад ийм тайлбар өгөөд байгаа нь үндэслэлгүй. Тендерийн хугацааг сунгах эрх нь захиалагч талд байдаг. Энэ эрхээ хэрэгжүүлээгүй. Тендерийн маргаантай нэг хэрэг 2017 онд шүүхээр шийдэгдэж 2 жилийн дараа гэрээ байгуулсан ийм компани байсан. Сүүлийн тендерт ямар булхай, будилаан явж байгааг мэдэхийн тулд дахин оролцсон. Сүүлийн тендертэй бид огт маргаагүй. Хариуцагч талыг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мэтгэлцэхийг хүсэж байна. Тиймээс Үнэлгээний хорооны дээрх шийдвэрийн дагуу “Б” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг “Э” ТӨҮГазарт даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна” гэв.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Тухайн тендерт оролцсон нь үнэн, гэхдээ тендер хэрхэн явагдаж байгааг мэдэх боломжгүй учраас орж хяналт тавихаас өөр арга байгаагүй, мөн тендертэй холбоотой материалыг үзэх боломжгүй болчих гээд байсан учир дахин сүүлд зарласан тендерт дахин оролцсон. Шүүхийн журмаар хариуцагч талаас нотлох баримт гаргуулъя гэсэн хэдий ч баримтыг дутуу ирүүлсэн байсан. Тендерт оролцсон хоёр компаний материалыг ирүүлээгүй байсан. Ирсэн байгаа баримт нь тендерийн зааварчилгаа, Үнэлгээний хорооны дүгнэлт гэх мэт зүйл байгаа болохоос тендерт оролцсон компанийн материалууд ирээгүй байгаа. Нэхэмжлэгчийн шаадлагатай холбогдуулж хариу тайлбар гаргахдаа өмнө нь шийдэгдсэн хугацааны талаар яриад шүүхийн шийдвэр гараад олон сар болж байхад биелүүлэхгүй байгаа.
Шүүхийн шийдвэрт захиалагч тал хугацааг хэтрүүлсэн байна, “Б” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох үндэслэл үүснэ гэсэн байгаа. Үүнийг биелүүлэхгүй байгаа учир шүүхэд хандсан. Энэ маргаан дуусаагүй байгаа, тоног төхөөрөмж байхгүй бид хэцүү байдалд хүрээд байна гээд байгаа хэр нь шүүхийн шийдвэр гараад 10 гаран сар болж байхад биелүүлэхгүй үндэслэлгүйгээр татгалзаад яваад байгаа. Үнэлгээний хорооны гишүүнийг манайхтай холбоотойгоор шалгаж байгаа гэсэн баримт Авлигатай тэмцэх газраас ирээгүй учир бид энэ талаар хандсан байгаа. Сүүлийн зарласан тендер нилээн асуудалтай байгаа. Бид эрхээ хамгаалахын тулд шүүхэд хандсан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч удаа дараа Авилгатай тэмцэх газраар шалгагдаж байгаа гэсэн зүйл яриад байдаг. Энэ талаар нотлогдсон зүйл байхгүй. 2018 оны асуудлыг яриад яваад байж болохгүй. Хэрвээ үнэхээр тоног төхөөрөмж нь хурдан эвдэрч гэмтсэн бол тухайн үедээ гомдлоо гаргаад явахгүй яасан юм бэ, гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Шүүх ховны газар биш, цаг нартай асуудлыг шийддэг газар. Гэтэл ийм хариуцлагагүй тайлбар хэлээд байж болохгүй. Хариуцагч талаас манай зарласан тендер зөв байсан гэсэн тайлбар хэлж байна. Тендерийг DDP нөхцөлөөр зарлагдсан тендер боловч хавтаст хэрэгт авагдсан баримтыг харахаар зээлийн нөхцлийг зөвшөөрсөн байсан. Энэ нөхцөл нь нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн татвар ороогүй тендерийг хэлдэг. Хавтаст хэргийн 129 дүгээрт авагдсан тендерийн зааварчилгааг харахаар DDF нөхцөлөөр гэж заасан байгаа. Асуудал шүүхээр шийдэгдээгүй байхад дахин тендер зарласан нь үндэслэлгүй. Үндэслэлгүйгээр төдийгүй Үнэлгээний хороо шийдвэрлэхдээ хүртэл асуудалтай байдлаар шийдсэн. Монголын татвар албаны татвар төлөлтийн лавлагаа байгаа. Тухайн тендерт оролцсон Хятад компани нь Монголд төлөөлөгч байхгүй цэвэр хятад компани байсан. Үнэлгээний хороонд оролцсон нэг гишүүн энэ талаар санаа, оноогоо хэлсэн байдаг.
Хавстаст хэргийн 243-р хуудсанд Сангийн яамнаас энэ тендерийг түдгэлзүүлсэн бичгийг 08 дугаар сарын 30-ны өдөр өгсөн байхад 242-р талд захиалагч байгууллага “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэрийг Хятад компанид 08 дугаар сарын 31-ний өдөр өгсөн байсан. Энэ мэтчилэн өөрсдөө процесс зөрчсөн. Энэ нь нэхэмжлэлтэй хамааралгүй ч гэсэн шүүх үүнийг анхаарч үзнэ үү гэсэн үүднээс хэлж байна. Хавтас хэрэгт нийт 153 хуудас баримт авагдсан, үүнээс 127 хуудас нь нотлох баримтын шаардлага хангасан байсан. 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу “Б” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг “Э” ТӨҮГазарт даалгаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Хугацаа нь дууссан тендерийг шаардлага хангасан тендер гэж үзвэл бид өөрсдөө асуудалд орно. “Б” ХХК-ийн тендерт ирүүлсэн баримтыг шаардлага хангасан гэж Үнэлгээний хороо үзэх үндэслэлгүй. Анхны тендер хуулийн дагуу явагдсан бол хугацаан дээр алдахгүй байсан. Яагаад гэхээр Н.Ч нь нэхэмжлэгч компанитай хамтарч ажилласан гэдэг нь илэрч Авилгатай тэмцэх газраас манай тендерийн бүх материалыг татаж үзсэн учир хугацаа алдсан асуудал байгаа. Үнэлгээний хорооны гишүүн Н.Ч гэдэг хүнийг Авилгатай тэмцэх газар “Б” ХХК-тай хамаарал бүхий гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан байна. Бид үүнийг сүүлд мэдсэн. Баяжуулах үйлдвэрийн 10 гаран хүнээс мэдүүлэг авч, гэрт нь нэгжлэг хийсэн байсан. Магадгүй мөрдөн байцаалтын нууц байсан болоод тухайн үед нь мэдэж чадаагүй байх. Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангиас албан тоот ирүүлсэн. Гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож хүчингүй болгосон шийдвэрийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дотор ирүүл гэсний дагуу шийдвэрийг хүчингүй болгосон учир шүүхийн шийдвэр шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэж байгаа. Дахин тендер шалгаруулалтанд оролцохдоо тендерийн шаардлага хангасан материалыг ирүүлэх боломжтой байсан. Гэтэл боломжоо алдаж тендерт ирүүлсэн материалдаа зарим нэг зүйлийг нууж хааснаас болж тендерийг хүчингүй болгосон. Тендерт шаардлага хангахгүй материал ирүүлчихээд дахиад хүчингүй болгож өгнө үү гээд байгаа нь ямар учиртай юм. Заавал энэ тендерт шалгарах ёстой гэсэн хувийн сонирхол яваад байна уу гэж харж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Өмнөх тендер шалгаруулалт дээр Сангийн яаманд гомдол гаргаад тендерийн хугацааг нэг удаа сунгасан. Тендерийн хугацааг 15 хоногоор сунгаж хүчинтэй байх хугацаа 45 хоног байсан. Тендерийн хугацаа хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулах ёстой байдаг. Хугацаа дууссанаас хойш байгуулсан гэрээг хууль бус гэрээ гэж үздэг учир нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “Б” ХХК нь “Э” ТӨҮГазарт холбогдуулан “Э” ТӨҮГ-ын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” ТБ-117-12/1178 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох”, “Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажлын гэрээг “Б” ХХК-тай байгуулах тухай эрх олгох шийдвэр гаргахыг “Э” ТӨҮГазарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргажээ.
Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, Н.Х нараас:
2.1. “Б” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Б” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгох тухай” ХБ-134-12/3794 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмж нийлүүлэх, зүгшрүүлэх ажлын гэрээг “Б” ХХК-тай байгуулахыг “Э” ТӨҮГазарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан,
2.2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус тендерийн маргааныг хянан хэлэлцэж “Э” ТӨҮГ-ын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгох тухай” ХБ-134-12/3794 дүгээр албан бичгийг хүчингүй болгож, Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажлын гэрээг “Б” ХХК-тай байгуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,
2.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэсэн хуулийн хугацааг мөрдөх боломжгүй, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “Худалдан авах гэрээг дараах тохиолдолд хүчин төгөлдөр бус гэж үзнэ”, 42.1.2-т “захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан” гэсэн хуулийн заалтыг үндэслэн хүчин төгөлдөр бус гэрээ байгуулах үндэслэлгүйн улмаас гэрээ байгуулах боломжгүй,
2.4. Хэрэв дээрх хуулийн заалтыг зөрчин гэрээ байгуулсан тохиодолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42.1, 42.1.2-т тус тус зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ болно,
2.5. “Э” ТӨҮГ-ын “Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажлын” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер дахин зарлагдсан байхад нэхэмжлэгч өөрийнх нь ямар эрх, ашиг сонирхол хөндөгдсөн /нэхэмжлэгчид ямар ч хохирол төлбөр үүсээгүй/-ийг тодорхойлолгүй нэхэмжлэлийн шаардлага гаргаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т заасныг зөрчсөн,
2.6. ЗХХШТХ-ийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” заасан үндэслэлд хамаарч байна. Өөрөөр хэлбэл ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах” “эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж ерөнхийлөн заасан байхад нэхэмжлэгч шүүхээс “гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг” хүссэн байгаа нь өөрөө ЗХШХШТХ-ийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан үндэслэлд хамаарч байна гэж тус тус маргасан.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарт дараах хууль зүйн дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 “тендер” гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг”, 5.1.2 “тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг”, 5.1.5 “тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг”, 5.1.6 “тендерт оролцогч” гэж захиалагчаас хараат бус дараахь этгээдийг ойлгоно”, 5.1.6.а. “дангаараа тендер ирүүлсэн этгээд”, 5.1.6.б. “хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн хэд хэдэн этгээд”, 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана”, 25 дугаар зүйлийн 25.1 “Тендерийг тендерийн баримт бичигт товлосон хугацаанд, дурдсан хаягаар, заасан хэлбэрээр ирүүлэх бөгөөд тендерт оролцогч энэ хугацаанд тендерт нэмэлт, өөрчлөлт оруулах, татгалзах саналаа ирүүлж болно”, 26 дугаар зүйлийн 26.1 “Захиалагч хүлээн авсан бүх тендерийг тендерийн баримт бичигт заасан газар, товлосон хугацаанд нийтийн өмнө нээх бөгөөд тендер нээх хугацааг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас хойш 1 цагийн дотор байхаар товлоно”, 27 дугаар зүйлийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.1.1 “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага”, 27.4 “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж тус тус хуульчилсан.
5. Захиалагч “Э” ТӨҮГ нь маргаан бүхий “Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажил”-ын тендерийг цахимаар /tenger.gov.mn/ 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр дахин зарлаж, нээлтээ 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг 30 минутад Орхон аймаг, Баян-Өндөр сум, Найрамдал талбай, “Э” ТӨҮГ-ын Захиргааны 2 дугаар байрны 103 тоотод хийсэн ба тухайн тендерт нэхэмжлэгч “Б” ХХК нь материалаа хүргүүлж оролцсон болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбаруудаар тус тус нотлогдсон, шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас /итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч/ энэ талаар үгүйсгэж маргаагүй болно. /ХХ-ийн 115, 189, 197, 200, 201-214, 240-241 дүгээр тал/
6. Ийнхүү ЭҮТӨҮГ/2022011.. дугаартай тендерийг сонгон шалгаруулалтыг зохион байгуулах эрх бүхий Үнэлгээний хороо 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр анх хуралдаж, 08 дугаар сарын 14-ний өдрийн №03 тоот үнэлгээний дүгнэлтээр “Б” ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” зааснаар “Шаардлагад нийцээгүй тендер” гэж дүгнэж, оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д /Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна/ зааснаар шийдвэрлэсэн байна. /ХХ-ийн 208-211 дүгээр тал/.
7. Дээрх Үнэлгээтэй хорооны 08 дугаар сарын 14-ний өдрийн №03 тоот /үнэлгээний дүгнэлт/ шийдвэр, түүнээс улбаалж гарах бусад шийдвэрүүдэд нэхэмжлэгч тал гомдол гаргаж, шүүхэд маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Н-аас энэ өдрийн шүүх хуралдаанд “тухайн тендерт оролцсон нь үнэн, гэхдээ тендер хэрхэн явагдаж байгааг мэдэх боломжгүй учраас д орж хяналт тавихаас өөр арга байгаагүй, мөн тендертэй холбоотой баримтуудыг олж авч чадахгүй учраас уг тендерт оролцсон” гэж тайлбарлаж байгааг зөвтгөх үндэслэл тогтоогдсонгүй.
8. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд маргаан бүхий тендер шалгаруулалт дахин явагдаж Үнэлгээтэй хорооны 08 дугаар сарын 14-ний өдрийн №03 тоот шийдвэр гарсан /ХХ-ийн 208-211 дугаар тал/, нэхэмжлэгчийн тодорхойлон маргаж буй тендер шалгаруулалттай холбоотой “...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй Үнэлгээний хорооны 2022 оны 07-р сарын 20-ны өдрийн 05 дугаартай үнэлгээний дүгнэлт /2 дахь ХХ-ийн 58-61 дүгээр тал/ нь хэрэгжиж дуусгавар болсон байна.
9. Улмаар “Э” ТӨҮГ-аас тендер шалгаруулалтыг дахин явуулах эрх зүйн үндэслэл бүрдсэн, түүний дагуу тендерийн үнэлгээг дахин хийсэн зэрэг нь захиргааны байгууллагын бие даасан шийдвэр гаргах ажиллагаа бөгөөд түүнээс гарах шийдвэрүүдийг бие даасан захиргааны акт гэж үзэх тул нэхэмжлэгч тэдгээр шийдвэрүүдэд маргах боломжтой.
10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 14 дүгээр зүйлин 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй.
11. Иймд нэхэмжлэгчийн тодорхойлон маргаж буй тендер нь дээрх байдлаар хэрэгжиж дуусгавар болсон, өмнөх захиргааны акт үр дагавар үүсгэхгүй болсон байх тул шүүхээс “Э ТӨҮГ-ын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” ТБ-117-12/1178 дугаар бүхий албан бичгийг илт хууль бус болохыг тогтоох”, “Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажлын гэрээг “Б” ХХК-тай байгуулах тухай эрх олгох шийдвэр гаргахыг “Э” ТӨҮГазарт даалгах” талаар шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй.
12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой.
13. Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүхийн мөн чанар, зорилго нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч нийтийн захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.
14. Иймд дээрх үндэслэлүүдээр “Б” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй, нэхэмжлэлдээ тодорхойлсон зөрчигдсөн гэх эрх нь сэргээгдэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
15.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-аас шүүх хуралдаанд: “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүх хянан хэлэлцэх явцад ЭҮТӨҮГ/2022011.. дугаартай тендер шалгаруулалтын явцад авлигын гэмт хэрэг үйлдэгдсэн үндэслэл тогтоогдсон” гэх тайлбарыг гаргасан бөгөөд энэ нь хэргийн оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, нотлох баримтаар тогтоогдоогүй тул уг тайлбарыг үндэслэлгүй гэж үзсэн болохыг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 106.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 14 дүгээр зүйлийн 14.1, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.1.5, 5.1.6, 5.1.6.а, 5.1.6.б, 12 дугаар зүйлийн 12.2, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1, 27.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн “Э” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан “Э ТӨҮГ-ын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” ТБ-117-12/1178 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох”, “Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажлын гэрээг “Б” ХХК-тай байгуулах тухай эрх олгох шийдвэр гаргахыг “Э” ТӨҮГазарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болно.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.САРАНГЭРЭЛ