Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 47

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Долгорын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 153/ШШ2019/00437 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 62 айлын орон сууцны 2-20 тоотод оршин суух, ПВ58010623 тоот регистрийн дугаартай, тарвагатайхан овогт Бямбаагийн Долгорын нэхэмжлэлтэй, Ховд их сургуульд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэг, нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: 5,039,755 төгрөгийн цалин гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Би 1979 онд Улаанбаатар хотод Багш нарыг бэлтгэх сургуулийн номын сангийн ангийг эчнээгээр төгссөн. 1980 оны 10 сарын 07-оос Ховд дахь Улсын багшийн дээд сургуулийн номын санд номын санчийн ажил албан тушаалд томилогдсон. Тус сургуульд 1983 оноос ном зүйчийн албан тушаалд томилогдож мэргэжлээрээ тасралтгүй 38 жил 5 сар ажилласан. Ажиллаж байх хугацаандаа сахилгын ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, үе үеийн захирал, албан тушаалтануудтай ажиллаж байсан. Гэтэл миний хариуцсан номын сан нь хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангадаг, хууль ёсны эрх ашигт нийцсэн номуудаар үйлчлэх байтал танхим танхимын онцлог хэрэгцээг хангадаггүй, олон номтой юм шиг харагддаг байтал агуулга үнийн хувьд зөрүүтэй энэ нөхцөл байдлуудаа танилцуулах үүднээс удаа дараа сургалтын алба, удирдлагуудад, үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчид, хуулийн зөвлөхөд номын тооллого хийлгэхээр хандсан боловч дорвитой арга хэмжээ аваагүй. Миний бие хуулийн дагуу хэрэглэгч оюутнуудын өмнөөс ажлын байранд тавигдсан шаардлага үүргийн дагуу тавьсан шаардлагыг минь шийдвэрлэхийн оронд 2018 оны 3 сарын 29-ний Б/81 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээ цуцлаж ажлаас халсан.

Миний бие Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, өөрийнхөө хууль ёсны эрх ашгаа зөрчигдсөн байсныг сэргээсэн.

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 сарын 21-ний өдрийн 153//ШШ2018/00627 дугаартай шийдвэрээр намайг өмнөх ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 сарын 02-ны өдрийн 55 дугаартай Магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 сарын 26-ны өдрийн 001/ХТ2019/00412 дугаартай тогтоолоор Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 21-ний өдрийн 153//ШШ2018/00627 дугаартай Шийдвэр, Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 сарын 02-ний өдрийн 55 дугаартай Магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хуулийн дагуу хүчин төгөлдөр болмогц хариуцагч Ховд их сургууль нь 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б/104 дугаартай тушаал гаргаж, нэхэмжлэгч Б.Долгор намайг Ховд их сургуулийн ном зүйч ажил албан тушаалд томилж, ажлаа 2019 оны 05 сарын 08-ны өдөр хүлээн авсан. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь ханган хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

                Хариуцагчийн хариу тайлбар: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ховд их сургуульд ном зүйчээр ажиллаж байсан Б.Долгор нь 2018 оны 1 дүгээр сард 60 насанд хүрсэн учраас Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн байдаг. Б.Долгор нь тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Ховд их сургууль уг шийдвэртэй санал нийлээгүй учраас давах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан. Б.Долгор нь 60 нас буюу тэтгэвэрт гарах насанд хүрсэн байсан. Гэтэл шүүхийн шийдвэр өөр гарсан тул дараагийн шатанд хандаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хянуулсан. Хяналтын шатны шүүхээс ээлжийн амралтын тооцоог хийгээгүй байна гэдэг үндэслэлээр ажилд нь эгүүлэн тогтоосон. Улсын дээд шүүхийн тогтоол ирсний дараа гардаж аваад 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр ажилд нь томилсон. Улсын дээд шүүхийн тогтоол нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хянах буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа явагдаж байсан гэж үзэж байна. Ажил олгогчийн зүгээс ямар нэгэн буруутай үйлдэл байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 153/ШШ2019/00437 дугаар шийдвэрээр: “1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд их сургуулиас Б.Долгорын ажилгүй байсан 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх нийт 7 сар 16 өдрийн цалин хөлстэй тэнцэх олговор 5,039,755 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Долгорт олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Долгорын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,587 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд их сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 95,587 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Долгорт олгосугай гэж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасангүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй олговрыг олгоно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж заасан байна. Улсын дээд шүүхийн тогтоол гарсны дараа анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж байгаа ба дээд шүүхийн тогтоол гарах хүртэл хугацаа нь анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 627 дугаар шийдвэрийг хүчин төгөлдөр болох үр дагаварыг бий болгосон. Энэ нь ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас хамааралгүй бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны хугацаа юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлага хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Б.Долгор нь хариуцагч Ховд Их сургуульд холбогдуулан 5,039,755 төгрөгийн цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч Ховд Их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “анхан шатны шүүх хуралдаан болсон өдрөөс Улсын дээд шүүхийн шүүх хуралдаан болж тогтоол гарах хүртэлх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа нь хариуцагчийн үйл ажиллагаанаас хамааралгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлажээ.

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Долгорын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагч Ховд Их сургуулиас  5,039,755 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

            Ховд Их сургуульд холбогдох Б.Долгорын нэхэмжлэлийг шүүх 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хуваарийн дагуу шүүгч Б.Маринад хуваарилсан байна.

Шүүгч Б.Марина хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаад 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа авч байгаа тул Б.Долгорын нэхэмжлэлтэй Ховд Их сургуульд холбогдох цалин хөлс 5,039,755 төгрөг гаргуулах тухай хэргийг  Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэд шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор шилжүүлсэн байна.

2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ ээлжийн амралтаа эдлэхдээ Б.Долгорын нэхэмжлэлтэй Ховд Их сургуульд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох хэргийг шүүгч С.Оюунжаргалд шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор шилжүүлсэн байна.

            Гэтэл  2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр шүүгч Б.Марина Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа Б.Долгорын нэхэмжлэлтэй Ховд Их сургуульд холбогдох цалин хөлс 5,039,755 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Б.Маринаг томилсон шийдвэрийг албажуулсан байна.

            Өөрөөр хэлбэл Б.Долгорын нэхэмжлэлтэй Ховд Их сургуульд холбогдох цалин хөлс 5,039,755 төгрөг гаргуулах тухай хэргийг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнээс шүүгч Б.Маринад   шилжүүлсэн шүүгчдийн зөвлөгөөний тогтоол байхгүй байхад шүүгч Б.Маринаг уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар томилсон шийдвэрийг албажуулсан байна.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсгүүдийг зөрчсөн байх тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт нэхэмжлэгч Б.Долгорын ажилгүй байсан хугацааг бичихдээ оныг буруу бичсэн техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул цаашид анхаарах нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул хариуцагч Ховд Их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэгийн давж заалдсан гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 153/ШШ2019/00437 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарсугай.

 

 

   

           ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Н.ТУЯА

  

                   ШҮҮГЧИД                                                 Б.ДАМБА

                                                                      

                                                                                                М.НЯМБАЯР