Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 00437

 

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 153/ШШ2019/00437

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 62 айлын орон сууцны 2-20 тоотод оршин суух, ..... тоот регистрийн дугаартай, тарвагатайхан овогт Б-ийн Д нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х сургуульд холбогдох 5,039,755 төгрөгийн цалин гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Долгор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1979 онд Улаанбаатар хотод Багш нарыг бэлтгэх сургуулийн номын сангийн ангийг эчнээгээр төгссөн. 1980 оны 10 сарын 07-оос Ховд дахь Улсын багшийн дээд сургуулийн номын санд номын санчийн ажил албан тушаалд томилогдсон. Тус сургуульд 1983 оноос ном зүйчийн албан тушаалд томилогдож мэргэжлээрээ тасралтгүй 38 жил 5 сар ажилласан. Ажиллаж байх хугацаандаа сахилгын ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, үе үеийн захирал, албан тушаалтануудтай ажиллаж байсан. Гэтэл миний хариуцсан номын сан нь хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангадаг, хууль ёсны эрх ашигт нийцсэн номуудаар үйлчлэх байтал танхим танхимын онцлог хэрэгцээг хангадаггүй, олон номтой юм шиг харагддаг байтал агуулга үнийн хувьд зөрүүтэй энэ нөхцөл байдлуудаа танилцуулах үүднээс удаа дараа сургалтын алба, удирдлагуудад, үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчид, хуулийн зөвлөхөд номын тооллого хийлгэхээр хандсан боловч дорвитой арга хэмжээ аваагүй. Миний бие хуулийн дагуу хэрэглэгч оюутнуудын өмнөөс ажлын байранд тавигдсан шаардлага үүргийн дагуу тавьсан шаардлагыг минь шийдвэрлэхийн оронд 2018 оны 3 сарын 29-ний Б/81 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээ цуцлаж ажлаас халсан. Миний бие Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, өөрийнхөө хууль ёсны эрх ашгаа зөрчигдсөн байсныг сэргээсэн.

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 сарын 21-ний өдрийн 153//ШШ2018/00627 дугаартай шийдвэрээр намайг өмнөх ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 сарын 02-ны өдрийн 55 дугаартай Магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 сарын 26-ны өдрийн 001/ХТ2019/00412 дугаартай тогтоолоор Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 21-ний өдрийн 153//ШШ2018/00627 дугаартай Шийдвэр, Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 сарын 02-ний өдрийн 55 дугаартай Магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хуулийн дагуу хүчин төгөлдөр болмогц хариуцагч Х сургууль нь 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б/104 дугаартай тушаал гаргаж, нэхэмжлэгч Б.Долгор намайг Х сургуулийн ном зүйч ажил албан тушаалд томилж, ажлаа 2019 оны 05 сарын 08-ны өдөр хүлээн авсан. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь ханган хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Долгор нь өмнө нь ажлаас халагдаад шүүхэд хандаад ажилд нь эгүүлэн тогтоосон. Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00627 дугаартай шийдвэр гарсан өдрөөс хойш Х сургуулийн захирлын 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Б/104 дугаартай тушаал гарч ажилд томилсон өдөр буюу 7 сар 6 хоногийн нийт 5,039,755 төгрөгийн цалин олговор гаргуулах тухай гэсэн нэхэмжлэл гаргасан. Б.Долгор нь 

1979 онд Улаанбаатар хотод Багш нарыг бэлтгэх сургуулийн номын сангийн ангийг эчнээгээр төгссөн. 1980 оны 10 сарын 07-оос Ховд дахь Улсын багшийн дээд сургуулийн номын санд номын санчийн ажил албан тушаалд томилогдсон. Тус сургуульд 1983 оноос ном зүйчийн албан тушаалд томилогдож мэргэжлээрээ тасралтгүй 38 жил 5 сар ажилласан. Ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Ажил олгогчийн зүгээс Б.Долгорыг 60 нас хүрсэн гэдэг үндэслэлээр өөртэй нь тохирохгүй тэтгэвэрт гаргасан. 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн шүүхийн шийдвэр гарч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг гарснаас хойш ажилгүй байсан бүх хугацааны цалин олговрыг гаргуулна гэсэн хуулийн заалт байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Х сургуульд ном зүйчээр ажиллаж байсан Б.Долгор нь 2018 оны 1 дүгээр сард 60 насанд хүрсэн учраас Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн байдаг. Б.Долгор нь тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Х сургууль уг шийдвэртэй санал нийлээгүй учраас давах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан. Б.Долгор нь 60 нас буюу тэтгэвэрт гарах насанд хүрсэн байсан. Гэтэл шүүхийн шийдвэр өөр гарсан тул дараагийн шатанд хандаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хянуулсан. Хяналтын шатны шүүхээс ээлжийн амралтын тооцоог хийгээгүй байна гэдэг үндэслэлээр ажилд нь эгүүлэн тогтоосон. Улсын дээд шүүхийн тогтоол ирсний дараа гардаж аваад 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр ажилд нь томилсон. Улсын дээд шүүхийн тогтоол нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хянах буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа явагдаж байсан гэж үзэж байна. Ажил олгогчийн зүгээс ямар нэгэн буруутай үйлдэл байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Долгор нь хариуцагч Х сургуульд холбогдуулан 5,039,755 төгрөгийн цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Долгор нь Ховд аймгийн төв дэх Багшийн дээд сургуулийн ректорын 1980 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 71 дугаартай тушаалаар 1980 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн төв дэх Багшийн дээд сургууль, Монгол улсын Их сургуулийн Ховд дахь салбар сургууль, Х сургуульд ном олгогч, ном зүйч, каталогичээр ажиллаж байгаад Х сургуулийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/81 дугаартай тушаалаар түүнийг

60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсныг нэхэмжлэгч Б.Долгор эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь хэрэгт авагдсан Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 153//ШШ2018/00627 дугаартай шийдвэр, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Улмаар шүүх хэргийг хянан шийдвэрлээд Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 153//ШШ2018/00627 дугаартай шийдвэр /хх-7-10/-ээр Б.Долгорыг урьд эрхэлж байсан Х сургуулийн ном зүйч, каталогичийн 

ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн шийдвэрийг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 сарын 02-ны өдрийн 55 дугаартай магадлал /хх-11-12/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 сарын 26-ны өдрийн 001/ХТ2019/00412 дугаартай тогтоол /хх-13-15/-оор хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх ба тус шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн Х сургууль нь нэхэмжлэгч Б.Долгорыг 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Х сургуулийн ном зүйчийн ажилд эгүүлэн томилсон болох нь хэрэгт авагдсан Х сургуулийн захирлын 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б/104 дугаартай тушаалын /хх-6/ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс Б.Долгорыг ажилд томилсон өдөр буюу 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч Х сургуулиас гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Д ажилгүй байсан 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх нийт 7 сар 16 өдрийн цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцохдоо хүчин төгөлдөр болсон Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 153//ШШ2018/00627 дугаартай шийдвэрт дурдагдсанаар тооцож 5,039,755 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Долгорт олгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Д улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,587 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 95,587 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Долгорт олгож шийдэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Х сургуулиас Б.Д ажилгүй байсан 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх нийт 7 сар 16 өдрийн цалин хөлстэй тэнцэх олговор 5,039,755 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Д-т олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Д улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,587 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 95,587 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Д-т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.МАРИНА