Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2020/00465

 

Б.Дын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 153/ШШ2019/00437 дугаар шийдвэр,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 47 дугаар магадлалтай, 

Б.Дын нэхэмжлэлтэй

ХИС д холбогдох,

5 039 755 төгрөгийн цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргалын гаргасан хяналтын гомдлыг үндэслэн, 

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэг, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1979 онд Улаанбаатар хотод Багш нарыг бэлтгэх сургуулийн номын сангийн ангийг эчнээгээр төгссөн. 1980 оны 10 дугаар сарын 07-оос Ховд дахь Улсын багшийн дээд сургуулийн номын санд номын санчийн ажил албан тушаалд томилогдсон. Тус сургуульд 1983 оноос ном зүйчийн албан тушаалд томилогдож мэргэжлээрээ тасралтгүй 38 жил 5 сар ажилласан. Ажиллаж байх хугацаандаа сахилгын ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, үе үеийн захирал, албан тушаалтнуудтай ажиллаж байсан. Гэтэл миний хариуцсан номын сан нь хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангадаг, хууль ёсны эрх ашигт нийцсэн номуудаар үйлчлэх байтал танхим танхимын онцлог хэрэгцээг хангадаггүй, олон номтой юм шиг харагддаг байтал агуулга үнийн хувьд зөрүүтэй энэ нөхцөл байдлуудаа танилцуулах үүднээс удаа дараа сургалтын алба, удирдлагуудад, үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчид, хуулийн зөвлөхөд номын тооллого хийлгэхээр хандсан боловч дорвитой арга хэмжээ аваагүй. Миний бие хуулийн дагуу хэрэглэгч оюутнуудын өмнөөс ажлын байранд тавигдсан шаардлага үүргийн дагуу тавьсан шаардлагыг минь шийдвэрлэхийн оронд 2018 оны 3 сарын 29-ний Б/81 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээ цуцалж ажлаас халсан. Миний бие Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, өөрийнхөө хууль ёсны эрх ашгаа зөрчигдсөн байсныг сэргээсэн. Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 153//ШШ2018/00627 дугаартай шийдвэрээр намайг өмнөх ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 55 дугаартай Магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2019/00412 дугаартай тогтоолоор Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 153//ШШ2018/00627 дугаартай Шийдвэр, Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн 55 дугаартай Магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хуулийн дагуу хүчин төгөлдөр болмогц хариуцагч ХИС нь 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б/104 дугаартай тушаал гаргаж, нэхэмжлэгч Б.Д намайг ХИСийн ном зүйч ажил албан тушаалд томилж, ажлаа 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ХИСд ном зүйчээр ажиллаж байсан Б.Д нь 2018 оны 1 дүгээр сард 60 насанд хүрсэн учраас Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн байдаг. Б.Д нь тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. ХИС уг шийдвэртэй санал нийлээгүй учраас давах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан. Б.Д нь 60 нас буюу тэтгэвэрт гарах насанд хүрсэн байсан. Гэтэл шүүхийн шийдвэр өөр гарсан тул дараагийн шатанд хандаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хянуулсан. Хяналтын шатны шүүхээс ээлжийн амралтын тооцоог хийгээгүй байна гэдэг үндэслэлээр ажилд нь эгүүлэн тогтоосон. Улсын дээд шүүхийн тогтоол ирсний дараа гардаж аваад 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр ажилд нь томилсон. Улсын дээд шүүхийн тогтоол нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хянах буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа явагдаж байсан гэж үзэж байна. Ажил олгогчийн зүгээс ямар нэгэн буруутай үйлдэл байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 153/ШШ2019/00437 дугаар шийдвэрээр: 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч ХИСиас Б.Дын ажилгүй байсан 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх нийт 7 сар 16 өдрийн цалин хөлстэй тэнцэх олговор 5,039,755 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Дт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Дын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,587 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХИСиас улсын тэмдэгтийн хураамжид 95,587 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Дт олгосугай гэж шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 47 дугаар магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 153/ШШ2019/00437 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т зааснаар "шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй", "хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” "хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэж нэхэмжлэгч Б.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал би дараах гомдлыг гаргаж байна. Магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Нэг: Магадлалын үндэслэх хэсэгт”...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсгүүдийг зөрчсөн байх ба тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэхээр байна” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хавтаст хэрэгт нэхэмжлэгч Б.Дын ХИСд холбогдох нэхэмжлэл нь анхан шатны шүүхэд 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр цахим хуваарийн дагуу шүүгч Б.Маринад хуваарлажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 07 дугаар сарын 18-нд Ховд аймаг дахь сум дундын шүүгчдийн зөвөлгөөний тогтоолоор шүүгч Б.Марина нь ээлжийн амралтаа авсан гэх үндэслэлээр Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэд шилжүүлж, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ мөн ээлжийн амралтаа авсан. Харин анхан шатны шүүгч С.Оюунжаргалд зөвөлгөөнөөр хуваарилагдсан Б.Дын нэхэмжлэл нь хариуцагч ХИСд холбогдуулан ХИСийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/133 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, ном зүйч катологичийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд шимтгэл төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагатай өөр нэхэмжлэл хуваарилагдсаныг давж заалдах шатны шүүх нь анхаарсангүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Дыг 3 шатны шүүхийн шийдвэр гарсны дараа 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/104 дугаартай тушаал гарч ажилд эгүүлэн томилчихоод 43 хоногийн дараа 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/133 дугаартай "хөдөлмөрийн гэрээг цуцлах” тухай тушаалыг гаргасан тул ХИСд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүгч Оюунжаргалд хуваарилагдсныг давж заалдах шатны шүүх анхаарсангүй. Мөн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнийг ээлжийн амралтаа авсан тул анхнаасаа хуваарилагдсан шүүгч Б.Марина нь нэхэмжлэгч Б.Дын нэхэмжлэлтэй Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 153/ШШ2018/00627 дугаартай шийдвэр гарсан өдрөөс хойш ХИСийн захирлын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/104 дугаартай тушаал гарч ажилд томилсон өдөр хүртэлх 7 сар 16 хоногийн нийт 5 039 755 төгрөгийн цалин олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэснийг хууль бус бүрэлдэхүүн шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.4-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэрэг хянан шийдвэрлэсэн гэж үзэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78.2-т “хуваарийн дагуу томилогдсон шүүгч буюу шүүх бүрэлдэхүүн тухайн шүүх хуралдаанд оролцож чадахгүй тохиолдолд түүнийг орлох шүүгч буюу шүүх бүрэлдэхүүнийг энэ хуулийн 78.1-д заасан журмаар томилно гэж хуульчилжээ. Шүүхийн тухай хуулийн 13.1.3 шүүх хуралдааныг даргалах, шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулсан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Дын ХИСд холбогдох “7 сар 16 хоногийн нийт 5 039 755 төгрөгийн цалин олговор” гаргуулах тухай нэхэмжлэл нь Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 06-ны өдөр хуваарийн дагуу шүүгч Б.Маринад хуваарилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан шүүгчийг дахин шүүгчдийн зөвөлгөөний тогтоолоор хуваарилж шилжүүлэх шаардлагагүй бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 153/ЕШ2019/406 дугаартай шүүх хуралдааныг даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 78.2 дахь хэсгүүдийг зөрчсөн байх ба тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шийдвэрийг хүчингүй болгож зохигчийг чирэгдүүлж байгаад гомдолтой байна. Хоёр: Б.Д нь 1980 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс Ховд дахь Улсын багшийн дээд сургуулийн номын санд номын санчийн ажил албан тушаалд томилогдоод мэргэжлээрээ тасралтгүй 38 жил 5 сар ажилласан. Ховд аймгийн төв дэх Багшийн дээд сургууль, Монгол Улсын Их сургуулийн Ховд дахь салбар сургууль, ХИСийн ном зүйч каталогичээр ажиллаж байсан бөгөөд сахилгын ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, үе үеийн захирал, албан тушаалтнуудтай ажиллаж байсан. 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/81 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээ цуцалж ажлаас халсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 153//ШШ2018/00627 дугаартай шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 55 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2019/00412 дугаартай тогтоол гарсан. Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг Монгол улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Гэтэл хариуцагч ХИС нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/104 дугаартай тушаал гаргаж, нэхэмжлэгч Б.Дыг ХИСийн ном зүйч ажил албан тушаалд томилж, ажлаа 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-д заасан нотлох баримтын шаардлага хангасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримтуудыг хавсаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргаж шийдвэрлэсэн. Шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч ХИСд холбогдуулан 2018 оны 09 сарын 21-нээс 2019 оны 05 сарын 07 хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор 5 039 755 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

Зохигчийн хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хууль хэрэглээний талаар давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зөрчөөгүй байна.

Хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заажээ.

Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн хэрэг хуваарилах журам, шүүгчийг томилсон ажиллагаа тодорхой бус, эргэлзээтэй талаар давж заалдах шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийж, магадлалд тодорхой тусгасан, хяналтын шатны шүүхээс тэдгээрийг үгүйсгэх үндэслэлгүй байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 47 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурьдаж,  нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95 586 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

                         ШҮҮГЧ                                                            П.ЗОЛЗАЯА