Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 48

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Ховдын тулга ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 153/ШШ2019/00391 дугаар шийдвэртэй, Ховд аймаг, Жаргалант сум, Жаргалан багт байрлах Ховдын тулга ХХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн ЭСБА 1 дүгээр 80 айлын орон сууцны 1-1 тоотод байрлах, ЭСБА Интернэйшнл ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Мягмардорж түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батсүх /онлайнаар/, нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Бетон зуурмаг, үйлдвэрлэн нийлүүлэх гэрээний гүйцэтгэлийг хангуулж 45,077,844 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн дүнгийн алданги 22,538,922 төгрөг нийт 67,616,766 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Ховдын тулга ХХК болон Эсба интернейшнл ХХК-ийн хооронд бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээг байгуулсан. Гэрээ ёсоор Ховдын тулга ХХК нь М200 маркийн бетон зуурмагийг 50м3-ийг м3-ийн үнийг 150682 төгрөгөөр тохиролцож, 7534100 төгрөг, М250 маркийн бетон зуурмагийг 2500 м3-ийг м3 үнийг 168045 төгрөгөөр тохиролцож, 420112500 төгрөг, м300 маркийн бетон зуурмагийг 500м3-ийг м3 үнийг 176715 төгрөгөөр тохиролцож, 88357500 төгрөг нийт 516004100 төгрөгөөр тохирч Эсба интернейшнл ХХК-нд нийлүүлэхээр тохиролцсон. 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн тооцоо нийлсэн актаар Эсба интернейшнл ХХК-аас 80663006 төгрөгийн бараа материал авсан бөгөөд Ховдын тулга ХХК-аас Эсба интернейшнл ХХК-д 125740850 төгрөгийн бетон зуурмагийг нийлүүлсэн. Гэвч Эсба интернейшнл ХХК нь гэрээний 3.1 дэх хэсэгт зааснаар үлдсэн төлбөрийг тухайн давхарын цутгалт дууссаны дараа ажлын 7 хоногт багтааж хийж барагдуулах байтал төлбөрөө хийлгүй өдийг хүрсэн. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээг байгуулсанд тооцох хууль зүйн үндэслэлтэй. Гэрээний 4.6-д Эсба интернейшнл ХХК нь бетон зуурмагийн эцсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй мөнгөний дүнгээс хоног тутам 0.2 хувийн алданги тооцож төлөхөөр тохиролцсон боловч Эсба интернейшнл ХХК нь үлдэгдэл төлбөр болох 45077844 төгрөгийг төлөөгүй байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 22538922 төгрөгийг мөн нэхэмжилж байгаа болно. Эсба интернейшнл ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул учирсан хохиролыг арилгуулахаар шаардах эрх нь Ховдын тулга ХХК-д Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар нээлттэй байгаа билээ.

Иймд Эсба интернэйшнл ХХК-иас Бетон зуурмаг, үйлдвэрлэн нийлүүлэх гэрээний гүйцэтгэлийг хангуулж 45,077,844 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн дүнгийн алданги 22,538,922 төгрөг нийт 67,616,766 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагчийн хариу тайлбар: Ховдын тулга ХХК нь 2013 онд Баян-Өлгий аймгийн Прокурорын барилгыг барих тендерт оролцож, ялалт байгуулан уг барилгыг барихаар болсон. Ховдын тулга ХХК-ийн захирал Ц.Мягмардоржийн төрсөн дүү Ц.Пүрэвдорж нь уг барилгыг барихад санхүүжилт орж ирэхгүй байна гэсэн үндэслэлээр манай компаниас 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 6,000,000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг түүнчлэн манай компаниас нийт 10,629,000 төгрөгийн бараа материалыг зээлж авсан байдаг. Уг зээлсэн мөнгө болон бараа материалыг бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээний гүйцэтгэлд өгөхөөр тохирсон байсан боловч одоо ямар үндэслэлээр уг төлбөрийн нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг төлбөрийн асуудлаар Ховдын тулга ХХК-ийн захирал Ц.Мягмардорж, түүний төрсөн дүү Ц.Пүрэвдорж нартай ойлголцож, зөвшилцөлд хүрч, манай компаниас авсан бэлэн мөнгө, бараа материалд оруулан тооцохоор болсон байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 153/ШШ2019/00391 дугаар шийдвэрээр:” 1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Эсба Интернэшнл ХХК-с бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр 45 077 844 төгрөг, алданги 22 538 922 төгрөг нийт 67 616 766 /жаран долоон сая зургаан зуун арван зургаан мянга долоон зуун жаран зургаа/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ховдын тулга ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ховдын тулга ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Төрийн банкны 100160000941 тоот дансанд төлсөн 496,034 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эсба Интернэшнл ХХК-иас 496,034 төгрөг гаргуулан Ховдын тулга ХХК-д олгосугай гэж шийдвэрлэжээ. 

 

  Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэлээгүй. Учир нь хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн татгалзлалын талаарх нотлох баримт, мөн хуулийн 43 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа гэрч нарын мэдүүлэг зэргийг үнэлээгүй, гагцхүү нэхэмжлэгч байгууллагын гаргаж өгсөн нотлох баримт болон, гэрч нарын мэдүүлэгийг үндэслэж дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай. Шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч талын хүсэлтээр асуусан гэрч нарын мэдүүлэг, нотлох баримтыг иш татаж дүгнэлт хийгээгүй, гагцхүү нэхэмжлэгч талын нотлох баримтыг иш татсан явдал нь нотлох баримтыг шүүх үнэлэх асуудал дээр ноцтой алдаа гаргасан гэж үзэх үндэслэлтэй. Хариуцагч талаас гаргаж өгсөн баримт нь хуурамч, хууль бусаар, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн нотлох баримт нэг ч  байхгүй. Түүнчлэн тухайн үед Эсба интернэшнл ХХК-ны нягтлан О.Тунгалаг нь эзгүй байсан учир түүний гарын үсгийг нярав И.Ариунаа зурсан нь хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Батхишигийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар нотлогддог. Энэхүү тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримт гэж үзэх боломжтой. Ховдын тулга ХХК-ны ирсэн машиныхаа тоогоор бетон зуурмагын тооцоо гаргаад Эсба Интернэйшнл ХХК нь барилгын суурийн м/кубын хэмжээний дагуу тооцоо хийнэ гээд хоорондоо зөрөөд тооцоо нийлээгүй гэх мэдүүлгээс дүгнэхэд тухайн бетон зуурмаг ачиж явсан автомашин нь дундуур, дүүрэн байсан эсэхэд хоорондоо тооцоо нийлээгүй нь уг үйл баримтыг шууд аргаар нотлогдсон гэж дүгнэлт хийх нь өрөөсгөл юм. Нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн баримтыг хариуцагч талаас гаргаж өгсөн бөгөөд бэлэн мөнгөний зарлагын баримтууд Баян-Өлгий аймаг руу Ц.Пүрэвдоржийн авсан материалын тооцоо, гэрч Ц.Пүрэвдорж, И.Ариунаа, Ж.Бадрах, О.Тунгалаг, Ц.Батбаяр нарын мэдүүлэг болон холбогдох нотлох баримтанд ач холбогдол өгөхийг хүсье. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ховдын тулга” ХХК нь “Эсба Интернэшнл” ХХК-д холбогдуулан “Бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээ”-ний дагуу нийлүүлсэн зуурмагийн үлдэгдэл төлбөр 45,077,844 төгрөг, алданги 22,538,922 төгрөг нийт 67,616,766 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч “Эсба Интернэшнл” ХХК-ний төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “Ц.Мягмардоржийн төрсөн дүү Ц.Пүрэвдоржид Баян-Өлгий аймгийн прокурорын газрын барилгыг барихад зээлсэн бараа, материал, бэлэн мөнгийг тус гэрээний гүйцэтгэлд өгсөн” гэж тайлбарлажээ.

             Нэхэмжлэгч Ховдын тулга ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр талуудын хооронд байгуулсан Бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээ, 2014 онд бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх график, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэрээний дагуу бетон зуурмаг нийлүүлсэн тооцоог дүгнэсэн баримт, 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 4 удаагийн тээвэрлэлтээр 287.12 тонн цементийг БНХАУ-аас Ярант боомтоор оруулж ирсэн барааны мэдүүлэг зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгчээ.

            Хариуцагч “Эсба Интернэшнл” ХХК нь өөрийн татгалзлын үндэслэлээ нотлохоор Ц.Мягмардоржийн төрсөн дүү Ц.Пүрэвдоржид 10,629,000 төгрөгийн бараа материал, 25,000,000 төгрөг нийт 35,629,000 төгрөгийн бараа материал болон бэлэн мөнгө зээлдүүлсэн гэх 5 хуудас баримтыг шүүхэд гаргаж өгчээ.

            Хариуцагч “Эсба Интернэшнл” ХХК нь 9 давхар 80 айлын орон сууц барьж байсан, суурийг цутгахад хөрсний ус ихээр гарч хүндрэлтэй байсан тул талууд бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээг байгуулахдаа зуурмагийн марк, бат бэх чанарыг гэрээндээ нарийн тусгасан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

            Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтаас үзэхэд А тал буюу “Ховдын тулга” ХХК нь Монгол Улсын Стандарт болон Б тал буюу “Эсба Интернэшнл” ХХК-ийн тавьсан шаардлагын хэмжээнд сайн чанарын цемент, дүүргэгч материалаар захиалгат маркийн дагуу чанартай үйлдвэрлэн өөрийн тээврээр хугацаанд нь хүргэж өгөх үүрэг хүлээсэн байна.

Өөрөөр хэлбэл гэрээгээр ажил гүйцэтгэгч нь өөрийн материалаар бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэхээр тохиролцсон боловч хөрснөөс ус ихээр гарсан, богино хугацаанд их зуурмаг яаралтай нийлүүлэхийн тулд ажлыг гүйцэтгэхдээ захиалагчийн цемент, ажил гүйцэтгэгчийн өөрийн элс, хайрга, ус гэх мэт дүүргэгч материалаар хийсэн бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно. 

            Мөн талууд гүйцэтгэсэн ажлын үр дүн, доголдлын талаар маргаагүй бөгөөд харин захиалагч тал хөлс төлөх эсэх нь маргааны зүйл болжээ.

            Хэрэгт авагдсан баримтууд болон гэрчүүдийн мэдүүлэг, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч “Ховдын тулга” ХХК нь гэрээний дагуу Эсба Интернэшнл ХХК-нд М300 маркийн 590м3 хэмжээтэй 104,261,850 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

            Нэхэмжлэгч “Ховдын тулга” ХХК-ийн гэрээ дүгнэсэн тооцоогоор Эсба Интернэшнл ХХК-иас 45,077,844 төгрөгийн авлагатай гарсан тооцоог шүүхэд гаргаж өгснийг хариуцагч тал баримтаар үгүйсгээгүй бөгөөд Ц.Мягмардоржийн төрсөн дүү Ц.Пүрэвдоржид 35,629,000 төгрөгийн бараа материал болон бэлэн мөнгө зээлдүүлсэн гэх үйл баримт нь талуудын гэрээний үүргээ биелүүлэхэд хамааралгүй болно.

            Мөн хариуцагч “Эсба Интернэшнл” ХХК нь нэхэмжлэгч “Ховдын тулга” ХХК-тай харилцан тооцоо нийлээгүй шалтгаанаа “бетон зуурмаг тээвэрлэж байсан миксер машинд зуурмаг дүүрэн байгаа, эсхүл дундуур байгаа эсэх нь мэдэгдэх боломжгүй тул цутгасан куб метрээр тооцоо нийлнэ” гэж тайлбарлах боловч цутгасан талбайн куб метрээр тооцоо гаргаж маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

            Талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6-д Б тал бетон зуурмагийн эцсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол төлөөгүй мөнгөний дүнгээс хоног тутам 0,2%-иар тооцож алданги төлөхөөр тохирсон байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 22,538,922 төгрөгийн алданги нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч талын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч талын өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 493,034 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1.  Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 153/ШШ2019/00391 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 243  дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан” гэснийг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.6-д заасныг баримтлан” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн  давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 493,034 төгрөгийг улсын орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Н.ТУЯА

  

                   ШҮҮГЧИД                                                   Б.ДАМБА

                                                                     

                                                                                                 М.НЯМБАЯР