| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 153/2019/00289/И |
| Дугаар | 50 |
| Огноо | 2019-10-29 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 50
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Б.Дамба, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дугаар шийдвэртэй, ******* аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар-ус багт оршин суух, ПО99032719 тоот регистрийн дугаартай, Шиварайгар овогт Шайзадагийн Эрболатын нэхэмжлэлтэй иргэний хэргийг прокурорын гомдол болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд прокурор Ш.Сувд-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 10,600,000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэлий агуулга:” Миний бие нь ******* их сургуульд суралцдаг. 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр алга болсон түвд үйлдрийн нохойн гөлөгийг хулгайлсан гэх үндэслэлээр ******* аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолоор Ш.Эрболат надад холбогдуулан ******* дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллагдагчаар татаж цагдаагийн байгууллага шалгасан. Миний бие хулгайд алдагдсан гэх нохойн гөлгийг хулгайлаагүй. Би хулгайн гэмт хэрэг үйлдээгүй. 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр фейсбүүкийн ******* аймгийн нэгдсэн группийн сүлжээний нохой сонирхогчдын группэд /гөлөг/ нохой алдлаа гэсэн зар тавьж, олсон хүнд өндөр шагналтай гэсэн байсныг уншсан. Би хайгаад үзвэл олдож магадгүй гэж бодоод өөрийн хэрэглэдэг фэйсбүүк хаягаас зар тавьсан хүний фэйсбүүк хаяг руу чат бичсэн. 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 12 цагаас ангийн ажлаа хамгаалж дуусчихаад 16 цагийн үед ******* аймгийн ******* очиж ахындаа мал хариулж байхад 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр *******, ******* гэдэг хоёр цагдаа оройн 21 цагийн үед намайг гэрээс авч яваад 24 цагийн үед ******* аймгийн Цагдаагийн газарт авч ирсэн. Цагдаагийн газарт авч ирэх замдаа цагдаа ******* нь намайг сүрдүүлж, дарамтлан Хэрэв энэ хээр газар чамайг зодоод алаад хаячихвал чи яахав? Сүлжээгүй газар түргэн дуудаж чадахгүй шдээ? Чамайг одоо аваачаад хориход ял эдэлж байгаа Булганы хэдэн залуучуудад аваачаад хаяхад чамайг хүчиндээд сарын дараа гэхэд чи бөгсөн биен дээрээ том онгорхой нүхтэй болоод гарч ирнэ гээд замдаа сүрдүүлж дарамталсаар цагдаагийн газар авч ирсэн.
Цагдаагийн газар авч ирээд 3 давхарт байрлах амралтын өрөө гэсэн хаягтай өрөөнд оруулж Чи нохойг авсан ч бай, аваагүй ч бай авсан гэж хэл гээд намайг цагдаа ******* гуя руу өшиглөж, гараа зангидаж байгаад цээж рүү маш олон удаа цохиж цээжинд гэмтэл учруулсан.
Энэ үед бидний хажууд хүн байгаагүй. Хажуу талын өрөөнд 3 хүн байсан. Би тэднийг танихгүй, нэрийг нь мэдэхгүй. Намайг зодож гараараа цээж рүү олон удаа цохиход миний бие хөндүүрлэн өвдөж амьсгаа авахад хэцүү болсон. Намайг сүрдүүлж, дарамтлан зодож, хүчээр тулган хэрэг хүлээлгэсэн. Тэгээд байцаагч ******* шөнийн 01 цагийн үед надаас ямар ч мэдүүлэг авалгүй өөрөө цаасан дээр юм бичиж байгаад намайг гарын үсэг зур гээд надаар гарын үсэг зуруулж авсан. Намайг бичсэн зүйлийг нь унших гэсэн чинь надад уншуулаагүй. Тэгээд намайг өглөө 9 цагт ир гээд явуулсан. Би цагдаагийн газраас гараад явах гэсэн боловч цээжээр өвдөөд арай хийж казак сүмийн тэнд хүрээд цааш явж чадахгүй тонгойгоод сууж байтал нэг настайвтар /гартаа тортой юм барьсан/ өвөө дайралдаад гэртээ хүргүүлж авсан. Тэр хүнд хөтлүүлээд шөнийн 2 цагийн үед гэртээ очсон. Маргааш өглөө нь цээж хавирга өвдөөд арай гэж босоод 9 цагт цагдаагийн газрын 3 давхарт ирээд зогсож байтал нэг цагдаа ах надаас Чамайг хэн гэдэг вэ гэж асуусан. Би намайг Эрболот гэдэг гэж нэрээ хэлэхэд Чи нөгөө нохойны хулгайч уу гэж асуусан. Би тэр нохойг аваагүй ээ гэхэд намайг өрөөндөө дагуулж оруулж байгаад үсэрч ирээд толгойд 3 удаа өшиглөсөн. Түүнээс хойш толгой байнга эргэж өвддөг болсон. Тэр цагдаагийн нэрийг гэдэг юм байна лээ. Бие өвдөөд байхаар нь 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр эмнэлэгт үзүүлсэн. ******* цагдаа надад Одоо чи авсан ч бай аваагүй ч бай хохирлыг нь хурдан барагдуулж өг, тэгвэл хурдан сална. Чи эрх чөлөөтэй явж болно гэсэн. Тэгээд би эмээдээ Цагдаа аваагүй ч байсан хохирлыг нь барагдуулаад өг гэж байна гэдгийг хэлсэн. Манай эмээ Манай шашинд нохойны хэрүүл зохихгүй гээд нэхэж байгаа мөнгийг нь бушуухан өгөөд наад биеэ эмчлүүл гээд хохирлын мөнгө гээд 500,000 төгрөг ахын дансанд хийгээд, маргааш нь нохой алдсан залууг дуудаад дансанд нь 450,000 төгрөг шилжүүлээд, ах дансандаа байсан 50,000 төгрөгийг авч бэлнээр нь өгсөн.
Би тэр үед тэр залууд Хэрвээ нохой чинь олдвол би өгсөн мөнгөө 2-с 3 дахин өсгөж төлүүлж авна шүү гэж хэлсэн. Кадирхан /хохирогч гэх/ *******тай яриад Би хохирлоо төлүүлж авлаа. Одоо гомдол байхгүй гэж хэлсэн. Түүний дараа хэрэг материалыг прокурорт аваачиж өгсөн. Хяналтын прокурор Аянагүл надруу Чи нохойг хааш нь аваачсан бэ? хулгайч минь гэж хашгирсан. Би нохой аваагүй. Намайг зодож хэргийг хүчээр тулгаж хүлээлгэсэн гэсэн чинь хэргийг мөрдөгч шилжүүлсэн. Мөрдөгч Болд-Эрдэнэ намайг Чи нохой авсан уу гэхэд би аваагүй гэсэн боловч дахин дахин Чи нохой авсан уу гээд байхаар нь зодож дарамталж магадгүй гэж айгаад нохой авсан гэж мэдүүлэг өгсөн. Хэргээс хурдан салж хичээл сургуульдаа чөлөөтэй явахыг хүссэн.
Би ******* гэх цагдаатай уулзаж карт зургаа үзүүлж та нараар зодуулж гэмтэл аваад өвдөөд байна. Одоо өргөдөл бичээд даргад чинь өгнө гэхэд ******* Хэрэггүй хүлээж бай. Би *******тай уулзаад чиний бичиг баримт, материалыг аваад чамайг хэргээс салгаад өгий гээд гуйхаар нь би өргөдөл бичилгүй хүлээж байсан. ******* гэх цагдаад би Би таниар зодуулж, та надад хүчээр хэрэг хүлээлгэсний улмаас би ял авах гээд байна гэхэд бүгд миний буруу гээд уйчлалт гуйгаад явсан. Болд-Эрдэнэ цагдаа намайг нохой нь алга болсон гэх айлын хашаанд дагуулж очоод Энд зогс, энд зогс гээд зогсоож байгаад зураг авсан. Ямар учиртай зураг авсныг би мэдээгүй. Миний бие цагдаагийн ажилтануудаар зодуулж биедээ гэмтэл бэртэл авсны улмаас миний баруун талын 8-р хавирга хугарч зүүн талын чих хавдаж, тархи доргисон гэмтэлтэй байна. Гэмтсэн тухай эмчийн үзлэг гар картанд бичигдэж, авахуулсан рентген зураг надад хадгалагдаж байгаа. Цагдаагийн ажилтан намайг өрөөндөө дуудаж оруулаад Чамайг манай цагдаа нараас хэн нэгийг нь матсан бол ална шүү гэж дарамталсан учир би маш их айж байсан. Би хулгай хийж бусдын нохой аваагүй, цагдаагийн ажилтнуудын сүрдүүлэг дарамтанд орж, зодуулж биедээ гэмтэл авсны улмаас хулгай хийсэн гэж мэдүүлсэн.
Намайг 21 насанд хүрээгүй байна. Өмгөөлөгч ав гэсэн тул би ******* аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгийг өмгөөлөгчөөрөө сонгож Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр ажиллуулсан. Миний бие нохой сонирхогчдийн фээс группээр дамжуулан алдагдсан түвд банхарын гөлөгийг эрэн сурвалжилж, хүүхдүүд хулгайлан авсан, хөдөө малчин айлд аваачиж өгсөн болохыг олж тогтоосон. Хулгайлагдсан нохойн гөлөг хаана байгааг би олж тогтоосны дараа прокурорын газар, цагдаагийн газраас нохойн гөлөг хулгайлсан жинхэнэ эздийг нь олж тогтоон эрүүгийн хариуцлага тооцсон. Миний бие хилс хэрэгт шалгуулан, цагдаагийн байгууллагад дуудагдан, цагдаагийн албан тушаалтнуудаар зодуулж биедээ гэмтэл авч, бие махьбод, сэтгэл санаагаар хохирч одоо хүртэл сэтгэл зүйн хямралтай байна. Нохой хулгайлсан хүүхдүүдэд ял оногдуулсан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон тул би өөрт учирсан гэм хорын хохирлоо нэхэмжилж шүүхэд хандаж байна.
Иймд миний хилс хэрэгт шалгагдсаны улмаас сэтгэл санаагаар хохирсны үр дагаварыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр нөхөн сэргээлгэх, сэтгэл санаанд учирсан хор уршигт 10,000,000 /арван сая/ төгрөг, хууль зүйн туслалцаа авахад өмгөөлөгчид төлсөн хөлс 600,000 /зургаан зуун мянга / төгрөг бүгд 10,600,000 /арван сая зургаан зуун мянга/ төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна“ гэжээ.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагдаагийн байгууллагаас Ш.Эрболатыг яллагдагчаар татах буюу сэжигтэй байдлаар шалгах баримт хэрэгт авагдсан байсан. Кадирхан гэдэг хүний хохирогчоор өгсөн мэдүүлэгт би нохойг чинь авсан аваад ирье гэдэг байдлаар над руу 3 удаа чат бичээд эхлээд 5,000 төгрөг дараа нь 12,000 төгрөг авсан гэдэг асуудлыг ярьдаг. Үүнээс үүдэн тухайн банхар гөлөгийг Ш.Эрболат авсан гэдэг таамаг төрүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ш.Эрболат сайн дураараа очоод хохирлыг төлсөн байсан. Үүнээс мөрдөн байцаагч Ш.Эрболат гөлөгийг нь авчихаад хохирогчийн хохирлыг төлөөд байгаа юм байна гэдэг ойлголт авсан. Мөн хохирогчийн мэдүүлэг, ******* мэдүүлгийг үндэслээд прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол гаргасан байдаг. Хамгийн гол нь ******* нэхэмжилж байгаа хохирол нь сэтгэл санааны хохирол гэж ойлголоо. Гэтэл тухайн сэтгэл санааны хохирол нь би энэ хэргээс болж шалгуулаад дарамталж зодуулаад бие махбодын шаналгаа зовиур авснаас үүдэлтэй сэтгэл санаа хохирлоо гэж ойлгож байна. Шүүхийг нэг зүйлийг харгалзан үзэхийг хүсэж байна. Цагдаагийн байгууллагын ажилтнаас хэзээ яллагдагчаар татах санал гаргасан, түүнийг нь прокурор хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр хүлээж авч хянасан нь прокурорын тогтоолд байгаа. Мөрдөгч санал гаргахаас гадна энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээд Цагдаагийн газраас шалгаж байсан гэж үзэж байна. Эзэнгүй хэрэг дээр гомдол мэдээлэл бүртгэж аваад шалгах эрх нь эрүүгийн цагдаагийн тасгийн албан хаагч буюу нэхэмжлэгчийн гомдоод байгаа , ******* гэдэг нөхдүүд мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнууд юм.
Үүнээс хойш эрүүгийн хэрэг үүсгээд шалгах нь хуваарилалтын дагуу гэдэг хүнд байсан. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг гаргаад түүнийг прокурор 14 хоногийн хугацаанд яллагдагчаар татах эсэхээ хянадаг. Энэ хугацаанд Ш.Эрболат хаагуур юу хийж явсан, гэм хорын хохирол гээд байгаа Ш.Эрболатад ямар сэтгэл санааны хохирол учирсан гэдгийг ойлгохгүй байна. Ийм байдлаар хохирсон гэдэг баримтаа гаргаж өгч чадахгүй байна гэж үзэж байна. Мөн прокуророос зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гаргасан. Түүнд мөрдөгч хэзээ яллагдагчаар татах санал гаргасан, түүнийг прокурор хэд хоногийн дотор хянаад саналаа гаргасан юм бэ? гэдэг асуудал байна. Гэтэл 5 дугаар сарын 17-ны өдрөөс 6 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл Ш.Эрболат Улаанбаатар хотод байсан гэдэг. Гэтэл Д.Эрдэнэчимэг өмгөөлөгч 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Ш.Эрболатыг сэтгэл санааны хувьд хэцүү байсан гэж байгаа нь энэ хүн өөрөө бас зодоон цохион хийгээд эмчилгээ хийлгэсэн гэдэгтэй ямар шалтгаант холбоотой юм. Өмгөөлөгч нь манай байгууллагаас ямар ямар эрүүгийн хэргээс баримт гаргуулж авах гэж байгаа түүнийгээ хэлээд авдаг. Би 18360000055 дугаартай эрүүгийн хэргийг уншихад Болд-Эрдэнэ хүсэлт, тайлбар, гомдол мэдээлэл гаргаж өгсөн зүйл байхгүй байсан. Өмгөөлөгч 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гэрээ байгуулчихаад үүнээс хойш Цагдаагийн байгууллагын ажилчдын буруутай үйл ажиллагааны талаар гомдол гаргах ёстой. Цагдаагийн байгууллагын ажилчид өөрсдөө шалгадаггүй. Авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаах албаны мөрдөгч нар шалгадаг. Болд-Эрдэнэ гэдэг хүнд гомдол мэдээлэл өгсөн юм бол Болд-Эрдэнэ гэдэг хүн гомдол мэдээллийг дарагдуулсан гэх асуудлыг ярьж байх ёстой. Гэтэл 1 жилийн хугацаанд миний мөрдөгчид өгсөн гомдол мэдээлэл яасан юм бэ? ямар шатандаа явж байгаа юм бэ? гэдэг талаар Цагдаагийн байгууллагаас прокурор шалгаж байх ёстой. Цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн 1 хуудас гомдол мэдээллийг хүлээж авсан өдрөөс прокурор давхар хяналтаа тавьж эхэлдэг. Тухайн үед миний гомдол мэдээлэл аль шатандаа явж байгаа вэ? гэдгийг шаардах эрх нь нэхэмжлэгч, өмгөөлөгч хоёрт байсан. Гэтэл энэ талаар өөрсдөө ажиллагаа хийгээгүй хэрнээ өнөөдөр шүүх хуралдаанд яриад байгааг ойлгохгүй байна. Цагдаагийн байгууллагын ажилтан хууль зөрчиж мөрдөн байцаах ажилтан явуулах юм бол түүнд прокурор хяналт тавьдаг. Тухайн үед хяналтын прокурор Айнагүль болон дээд шатны прокурорт хандах бүрэн эрх нь байсан.
Мөрдөн байцаалт авч байгаа ажилтнууд чинь миний үйлчлүүлэгчийн зодсон рентген зураг авахууллаа. Сэтгэл санааны дарамтад байна энэ асуудлыг шалгаж өгнө үү гэдэг асуудлыг тавих эрх нь хангалттай байсан. Гэтэл энэ асуудлыг яриагүй хэрнээ цагдаа, прокурор ингэдэг, тэгдэг гэдэг асуудлыг ярих нь ёс зүйгүй юм болов уу гэж хувь хүний хувьд үзэж байна. Баривчлах ажиллагаа буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль зөрчөөд явуулсан гэдэг асуудлаа мөн Цагдаагийн байгууллагад шалгуулах ёстой. ******* гэдэг хүн жолоочтойгоо очоод нэхэмжлэгчийг баривчлаад авч ирсэн юм уу? шөнийн цагаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хүнийг зодож цохисон юм уу?
Миний зүгээс эргэлзээтэй байгаа зүйл нь нэхэмжлэгч үнэхээр үнэн ярьж байна уу? яагаад гэвэл хавтаст хэрэгт авагдсанаар нэхэмжлэгчийн хувийн байдал болон өнөөдөр шүүх хуралдаанд өгч байгаа мэдүүлэг нь зөрүүтэй яриад байна. Ирсэн, очсон, явсан, хичээлдээ суусан, суугаагүй гэдэг асуудал яригдаж байна. Мөн оюутныхаа журналыг авч ирээд ийм дүнтэй ингэж сурдаг байсан, ийм ийм тэмцээн уралдаанд оролцож байсан гэдэг багшийнхаа тодорхойлолт аль эсвэл ангийнхаа хүүхдүүдийг гэрчээр асуулгах боломжтой байсан. Гэтэл нэхэмжлэгч намайг дарамталсан, зодсон гэдэг асуудлыг шалгуулаагүй байж намайг зодсон цохисон гэдэг асуудал яриад гэм хорын хохирол нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байна. Яагаад гэвэл эрүүгийн хэрэгт шалгагдсантай холбогдуулаад, баривчлагдсантай холбогдоод сэжигтэн яллагдагчаар татсантай холбогдсон гэм хорыг нэхэмжлэх түүнийг нь төр хариуцдаг. Гэтэл надад ямар ч үндэслэлгүйгээр төрөөс мөнгө нэхээд зогсож байгаа юм шиг харагдаж байна. Би төрийн эрх ашгийг хамгаалаад оролцож байгаа прокурорын хувьд, хэргийн нууцлалын асуудлыг ярьж байна. Шүүхээр эцэслэн шийдэгдээгүй хэргийн талаар гадуур мэдээллэх үүрэггүй. Гэтэл энэ хэргийн нууцлал яаж алдагдаад нэхэмжлэгч сэтгэл санаа хохиролд орсон бэ? гэдгийг мөн шалгах ёстой асуудал юм. Нэхэмжлэгчийг дарамтлаад байгаа ангийнхан хүүхдүүд, харьцахгүй байгаа ах дүү нар яаж хаанаас мэдсэн юм, энэ хэргийн талаар энэ хүнийг хэрэгт холбогдсон гэдгийг яаж мэдсэн юм, үүний цаана бас л нууцлалын асуудал яригдаж байна. Иймд хүсэлт гаргагчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр: “1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 230 дугаар зүйлийн 230.1-д заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 1,011,437 төгрөг гаргуулан хүсэлт гаргагч Ш.Эрболатад олгож, нэхэмжлэлээс үлдэх 9,588,563 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар хүсэлт гаргагчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.
Прокурорын гомдлын агуулга: Нэхэмжлэгч Ш.Ерболат нь эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж шалгагдах хугацаандаа ямар байдлаар сэтгэл санаа нь хохирсон талаар нотолж чадаагүй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Ш.Ерболат нь яллагдагчаар татагдсан хугацаанд мөрдөн байцаах байгууллага болон прокурорын хяналтын шатанд удаа дараа дуудагдаж ирсэн, сэтгэл санаагаараа хохирсон гэх нотлох баримт байхгүй, хэрэгт шалгагдаж эхлэхээс өмнө хичээлээ тасалж, хичээлдээ ирдэггүй байсан талаар гэрчийн мэдүүлэг авагдсан байхаас гадна Иргэний хэргийн шүүх хуралдааны явцад хэрэгт шалгагдаж байх хугацаандаа Улаанбаатар хот явж байгаад ирсэн талаар мэдүүлсэн байдаг, мөн Ш.Ерболатад холбогдох хэргийн талаар хуулийн байгууллагаас нийтэд мэдээлж түүний нэр төр, алдар хүндийг гутаасан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Ш.Ерболатын хувьд өөрийн эрүүл мэнд, сэтгэл санааны хохиролд учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй боловч сэтгэл санааны хохирол буюу эдийн бус гэм хорын хохирлоос үүдэн 10,000,000 төгрөгийн хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлээгүй, Ш.Ерболатын эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байх хугацааны болон одоо сэтгэл санаанд нь учирсан хохирлыг бодитоор үнэлээгүй. Ш.Ерболат нь ******* их сургуулийн эрх зүйн ангид суралцаж байсан ба нэг ангид суралцагч хүүхдүүдээс гэрчийн мэдүүлэг авсан нь Ш.Ерболатын нэр хүнд, сэтгэл санаанд давхар хохирол учруулсан.
Эрүүгийн хэрэгт үндэслэлгүйгээр шалгагдсаны улмаас сургуулиас гарах хэмжээнд хүрсэн. Энэ байдал, сэтгэл зүйн хохирлын үр дагавар нь насан туршид нь арилахгүй ул мөр үлдээсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй байна. Давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулах журмаар хууль хэрэглээний алдааг засах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч Ш.Эрболат нь өөрт учирсан гэм хорын хохирол арилгуулахаар төрд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
******* аймгийн Прокурорын газраас нэхэмжлэгч Ш.Эрболатад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллагдагчаар татаж, эрүүгийн журмаар шалгагдсан байх ба ******* аймгийн Прокурорын газрын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 5/15 дугаар тогтоолоор ******* үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Энэ байдлын талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан бөгөөд нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцогдох зарчмын агуулгаар эрүүгийн гэмт хэрэгт шалгах эрх бүхий байгууллагын хууль ёсны ажиллагаа явагдсан хэдий ч эцэст нь тухайн этгээд гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд дээрх ажиллагааны эрх зүйн үр дагаврыг төр хариуцах үүрэгтэй болдог.
2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 388 дугаар зүйлийн 388.1.-д, мөн 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 2017 оны хуулийн 45.1. дүгээр зүйлийн 1-д “эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагаа”-ны улмаас үүсэн эрх зүйн үр дагаврын талаар хуульчлан заажээ. Хуульд заасан энэхүү ажиллагаанд холбогдох албан тушаалтны хууль бус үйлдэл бүхий ажиллагаа хамаарахаас гадна яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл шүүгдэгч, ял шийтгүүлсэн этгээдийг цагаатгасан бол хуулийн дагуу явагдсан ажиллагаа ч мөн адил хамаарна.
Учир нь нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцогдох эрх зүйн үр дагавар нь иргэн бүрийг эрхийн үндэслэлгүй хязгаарлалтаас хамгаалж буй зарчим юм. Төрөөс эрх олгогдсон тусгай албан тушаалтан, байгууллага эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг хуулийн дагуу шалгах, хуульд заасан эрхийн хязгаарлалтыг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй хэдий ч ийнхүү зохих журмын дагуу явуулсан ажиллагааны үр дүнд тухайн этгээдийн гэм буруу нотлогдоогүй тохиолдолд дээрх эрхийн хязгаарлалт хууль бусад тооцогддог болно. Улмаар үүнээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хуульд “хууль бус ажиллагаа”-нд хамааруулдаг.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4.-т зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах үүрэгтэйг зохицуулсан байна.
Энэ утгаар шүүх дээрх ажиллагаанаас учирсан гэм хорын асуудлыг эрх зүйн маргааны журмаар буюу нэхэмжлэлээр бус харин хүсэлтээр буюу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон, цагаатгагдсан этгээдэд гэм хор учирсан явдал нь маргаангүй хүлээн зөвшөөрөгдөх үйл баримт юм. Нөгөө талаар, уг гэм хор эрх бүхий этгээдийн хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаанаас учирсан байдаг тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д заасан үндэслэлээр энэ хэрэгт хариуцагчаар уг үйл ажиллагааг явуулсан этгээд оролцох үндэслэлгүй болно. Харин хүсэлт гаргаж буй нэхэмжлэгч нь өөрт учирсан гэм хорын хэмжээг нотлох үүрэгтэй ба шүүх гэм хорыг хэдий хэмжээгээр хангах эсэхийг шийдвэрлэнэ.
Нэхэмжлэгч нь дээрх хэрэгт шалгагдсаны улмаас өөрт нь эд хөрөнгийн болон эдийн бус гэм хор учирсан гэж тодорхойлжээ. Тухайлбал: Ш.Эрболат нь хилс хэрэгт шалгагдсаны улмаас сэтгэл санаагаар хохирсны үр дагаврыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэлээр нөхөн сэргээлгэх, сэтгэл санаад учирсан хор уршигт 10.000.000 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад өмгөөлөгчид төлсөн хөлс 600.000 төгрөг, нийт 10600.000 төгрөгийг Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар нэхэмжлэлдээ заажээ.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1.-д заасан эдийн бус гэм хорыг арилгах зохицуулалтад зөвхөн бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүргийг тусгажээ.
Харин Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.-д эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй, мөн зүйлийн 230.2.-т зааснаар гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх боломжтойг хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл, сэтгэл санаанд учирсан хохирол буюу эдийн бус гэм хорыг хэрхэн арилгуулах талаар Иргэний хуульд тухайлсан зохицуулалт байхгүй нөхцөлд шүүх энэ талаарх шаардлагыг хангах боломжгүй юм. Иймд анхан шатны шүүх Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас 411437 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Эрболатад олгохоор шийдвэрлэхдээ түүнд учирсан “сэтгэл санааны хохирол” гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэл муутай болжээ.
Харин Ш.Эрболатыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгахад тэрээр эрхээ хамгаалуулахаар өмгөөлөгчтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан өмгөөлөгчид 600.000 төгрөгийн хөлс төлсөн тул түүнд учирсан эд хөрөнгийн шинжтэй хохирол өмгөөлөгчийн хөлсийг төрөөс гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна. /хх-ийн 77 дугаар тал/
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь Ш.Эрболатыг үндэслэлгүй хулгайн хэрэгт сэжиглэн шалгаж, яллагдагчаар татаж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан, мөн оюутнуудын дунд намайг нохойн гөлөг хулгайлсан хулгайч гэдэг мэдээ мэдээлэл тараасан нь оюутан хүний нэр хүндийг гутаасан гэх тайлбарыг дүгнэвэл: Ш.Эрболат нь ******* их сургуульд сурдаг оюутан бөгөөд түүнийг хулгайн хэрэгт сэжиглэн шалгаж, таслан сэргийлэх арга хэмжээ авч, яллагдагчаар татаж, хувийн байдлыг нь тодруулах зорилгоор ангийнх нь оюутан Ц.Батбаатарыг гэрчээр асуусан зэрэг үйл баримт нь оюутан хүний нэр төрд халдсан гэж үзэх үндэслэлтэй байх тул түүнд эдийн бус хохирол 411437 төгрөг гаргуулж олгох нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1.-д нийцнэ гэж үзлээ. /хх-ийн 87 дугаар тал/
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэж, прокурор болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.
Хуульд зааснаар прокурор болон нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.-д” гэснийг хасч өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3.,41.1.9.-д зааснаар прокурор болон нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧИД Б.ДАМБА
Н.ТУЯА