Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 51

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Авирмэдийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Б.Дамба, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 153/ШШ2019/00448 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 06-03 тоотод оршин суух, ПП73071831 регистрийн дугаартай, Шар хиргэс овогт Дашийн Авирмэдэдийн нэхэмжлэлтэй Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: 1,511,687 төгрөг гаргуулах тухай.

 

                Нэхэмжлэлий агуулга: “Нэхэмжлэгч Д.Авирмэд нь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагчийн 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 203 дугаартай тушаалаар тус ангийн Малын суурийн даргаар томилогдон ажилласан төрийн үйлчилгээний албан хаагч юм. Төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг тул Д.Авирмэд нь Зэвсэгт хүчний 123 дугаар ангитай байнгын ажлын байрны хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан, үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгэж ирсэн. Гэтэл Зэвсэгт хүчний 123 дугаар анги нь Д.Авирмэдийг малын суурийн даргын ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон шийдвэр гаргалгүйгээр 2017 оны 5 дугаар сараас хойш ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байсаар өдийг хүрчээ. Энэ нь ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргах хуулийн шаардлагыг зөрчиж байна.

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/111 дугаартай тушаал гаргаж, Д.Авирмэдийн ажлыг сэлгэн ажиллуулахаар тушаал гаргасан байдаг. Гэвч Д.Авирмэд нь сахиулаар огт ажиллаагүй. 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Д.Авирмэд нь малын суурийн даргын ажлыг хүлээлгэн өгсөн. Дараа нь ажил олгогч 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/184 дугаартай тушаал гаргаж Д.Авирмэдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ангийн данс бүртгэлээс хассан байдаг. Эдгээр хоёр тушаалыг гардуулж өгөөгүй.

Ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үзэж энэхүү гомдлыг гаргаж байна. Иймд нэхэмжлэгч Д.Авирмэдийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид холбогдох гомдлын шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэхийг хүсье” гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Д.Авирмэд нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Д.Авирмэд нь ээлжийн амралтаа аваад 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ажилдаа орох байсан боловч 2 сар 11 хоног ажлаа таслаад Солонгос улс руу яваад 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монгол улсад ирсэн. Тэрээр явахаасаа өмнө Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/111 дугаартай Сэлгэн ажиллуулах, ажил хүлээлцүүлэх комисс томилох тухай тушаалыг зөвшөөрөөд, ажлаа хүлээлгэн өгөөд явсан. Харин Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас тус тушаалыг түүнд албан ёсоор гардуулсан зүйл байхгүй харин танилцуулсан, тэрээр өөрөө мэдээд ажлаа хүлээлгэн өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Авирмэд нь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагчийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/111 дугаартай тушаалаар малын суурийн даргын албан тушаал буурч тус ангийн сахиулын албан тушаалд томилогдсон боловч сахиулын ажлыг хийгээгүй бөгөөд ажил албан тушаалаа гүйцэтгэхгүй ажлаа орхин Солонгос улс руу явсан ба хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил албан тушаалаа гүйцэтгэхгүй байсан тул Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагчийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/184 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ангийн данс бүртгэлээс хассан. Д.Авирмэд нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 2017 оны 7, 8, 9 дүгээр саруудад албан тушаалын үүрэгт ажлаа гүйцэтгээгүй атлаа цалин авч байгууллага болон улсыг хохироосон тул Д.Авирмэдээс 2017 оны 7 дугаар сард авсан цалин 577,473 төгрөг, 8 дугаар сард, 9 дүгээр сард авсан цалин тус бүр 467,107 төгрөг, нийт 1,511,687 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Авирмэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагчийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/103 дугаартай тушаалаар малын суурийн дарга Д.Авирмэдэд ээлжийн амралтыг биеэр эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Уг тушаалын дагуу нэхэмжлэгч Д.Авирмэдийн ажлын 22 хоногт ногдох ээжлийн амралтын олговор 547,430 төгрөгийг 2017 оны 7 дугаар сард хариуцагчаас нэхэмжлэгчид олгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Ажилтанд ээлжийн амралтын хугацаанд амралтын олговор олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь малын суурийн даргынхаа ажлын байрны тухайд авсан ээлжийн амралтын олговороо нөхөн төлөх эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Төрийн банк дахь 341400525200 тоот харилцах дансны хуулгаар хариуцагч Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас нэхэмжлэгч Д.Авирмэдэд 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 150,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 311,426 төгрөг, нийт 461,426 төгрөгийн цалин хөлсийг шилжүүлжээ. Харин сөрөг нэхэмжлэлд дурдсанчлан 1,511,687 төгрөгийн цалин хөлсийг Д.Авирмэд Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас аваагүй. Учир нь нэхэмжлэгч Д.Авирмэдийн цалингийн дансны хуулга нь хариуцагч Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас ирүүлсэн цалингийн тодорхойлолтоос зөрүүтэй байна. Шүүхээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн тохиолдолд 2017 оны 8, 9 дүгээр саруудын цалин хөлс 461,426 төгрөгийг хасаж тооцох бүрэн боломжтой гэж үзэж байна гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 153/ШШ2019/00448 дугаар шийдвэрээр: “1.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Авирмэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын нэхэмжлэлтэй хариуцагч Ховд аймгийн Жаргалант суманд байрлах Зэвсэгт хүчний 123 дугаар ангид холбогдох урьд эрхэлж байсан Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн малын суурийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэл, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагчийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/111 дугаартай тушаалын Д.Авирмэдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагатай нэхэмжлэл, Зэвсэгт хүчний 123 дугаар анги нь нэхэмжлэгч Д.Авирмэдэд холбогдуулан ажиллаагүй 2017 оны 7, 8, 9 дүгээр саруудад авсан цалин нийт 1,511,687 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч байгууллага нь шүүхэд нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэрийг ажилтанд өгөх ажил олгогчийн үүргийг, мөн хуулийн 129 дугаар зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах ажилтны эрхийг тус тус заажээ. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд ажлаас халсан шийдвэрийг ажилтанд гардуулсан эсэх үйл баримтыг шүүхэд нотлох нь ажил олгогчийн үүрэг юм. Зэвсэгт хүчний 123 дугаар анги нь малын суурийн даргын ажлаас халсан шийдвэрээ Д.Авирмэдэд гардуулаагүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байхад анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагчийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/111 дүгээр тушаалыг ажилтанд гардуулаагүй нь зохигчийн тайлбараар  нотлогдсон гэж дүгнэсэн атлаа Д.Авирмэдийг хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргаагүй гэж хоорондоо эрх зүйн зөрчилтэй дүгнэлт хийснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасныг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтын талаарх хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв дүгнэсэн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч  Д.Авирмэд нь хариуцагч Зэвсэгт хүчний 123 дугаар ангид холбогдуулан урьд эрхэлж байсан Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Малын суурийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлага гаргаж, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагчийн “Сэлгэн ажиллуулах, ажил хүлээлцэх комисс томилох тухай” тушаалын Д.Авирмэдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа  нэмэгдүүлжээ.

Хариуцагч тал Д.Авирмэдээс 2017 оны 07 дугаар сарын сард авсан цалин 577473 төгрөг, 2017 оны 8, 9 дүгээр саруудад авсан 467.107х2=934.214 төгрөг бүгд 1.511.687 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргажээ.

 Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй  үндэслэлээ Д.Авирмэд  ээлжийн амралтаа аваад 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ажилдаа орох байсан боловч 2 сар 11 хоног ажлаа таслаад БНСУ-руу яваад 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монголд улсад ирсэн. Тэр явахаасаа өмнө Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагчийн “Сэлгэн ажиллуулах, ажил хүлээлцэх комисс томилох тухай” 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/111 дүгээр тушаалыг хүлээн зөвшөөрөөд ажлаа хүлээлгэж өгөөд явсан. Д.Авирмэд нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Зэвсэгт хүчний 123 дугаар анги нь Д.Авирмэдийг 2017 оны 5 дугаар сараас хойш ажил үүрэг гүйцэтгүүлэхгүйгээр байсаар байгаад Д.Авирмэдийг сэлгэн ажиллуулахаар 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/111 дүгээр тушаал гаргасан бөгөөд Д.Авирмэд сахиулаар огт ажиллаагүй, 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Д.Авирмэд  малын суурийн даргын ажлыг хүлээлгэн өгсөн. Дараа нь ажил олгогч 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/184 дугаар тушаал гаргаж Д.Авирмэдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ангийн данс бүртгэлээс хассан байдаг. Ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үзэж гомдол гаргасан гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар ажил олгогчийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/111 дүгээр тушаалаар “Ажлын шаардлагаар малын суурийн дарга ажилтан албан хаагч Д.Авирмэдийг албан тушаал бууруулж сахиулаар” 2017 оны 6 дугаар сарын 21-ны өдөр томилсон байх бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/184 дугаар тушаалаар ажилтан Д.Авирмэдтэй байгуулсан хөдөлмөрийн  гэрээг цуцалж, ангийн данс бүртгэлээс хасаж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ. /хх-ийн 17, 18 дугаар тал/  Уг тушаалуудыг ажил олгогч ажилтанд гардуулж өгөөгүй байх бөгөөд энэ талаар хариуцагч тал маргахгүй байна.

Ажилтан нь Сэлгэн ажиллуулах тушаалын дагуу малын суурийн даргын ажлаа 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээлгэн өгсөн,  энэ өдрөөс хойш сахиулаар ажиллаагүй, 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл БНСУ  явсан  үйл баримт зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн 100,149,153 дугаар тал/

Хэрэгт байгаа баримтаар ажил олгогч нь ажилтныг БНСУ- руу яваад сар гаруй болсны дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/184 дугаар тушаалаар түүнийг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн байна. Д.Авирмэд нь БНСУ-д байхдаа  надтай утсаар яриад нийгмийн даатгалын дэвтэр дээрээ бичилт хийлгээд хүүхдээ явуулаад нийгмийн даатгалын дэвтэр болон тушаалаа авахуулж байсан гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх   үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Ажилтан нь ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр  шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2. дэх хэсэгт заасан хугацааг 1 жил 6 сар 14 хоног хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл  ажилтан нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр  буюу БНСУ-аас ирснээс хойш  2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд  Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрхээ хамгаалуулаагүй байна.

Ажил олгогчоос Д.Авирмэдийн эзэмшлийн Төрийн банк дахь дансанд 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 150.000 төгрөг,2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 397.430 төгрөг 2017 оны 8 дугаар сарын 0-ний өдөр 150.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 311.426 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна./хх-ийн 141-143 дугаар тал/ Уг шилжүүлгийн утга нь цалин гэжээ.Ажил олгогч нь 7.8.9 дүгээр саруудад  ажилтан нь ажлаагүй тул түүнд олгосон дээрх   цалинг  гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд түүний шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1,129.2.-т заасан үндэслэлд нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дээрх хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй, хугацааг хэтрүүлсэн байна. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3.-д зааснаар  нэхэмжлэгч болон хариуцагч тал үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн талаар   зөрчигдсөн эрхээ  хамгаалуулахаар шүүхэд хөөн хэлэлцэх  хугацааг сэргээлгэх талаар   хүсэлт гаргаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж  үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг зөвтгөж, шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн  дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 153/ШШ2019/00448 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “Хөдөлмөрийн тухай  хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.” гэсний өмнө  “128 дугаар зүйлийн 128.1.2.” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.НЯМБАЯР

          

                                        ШҮҮГЧИД                                           Б.ДАМБА

                     

                                                                                                    Н.ТУЯА