Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2020/00460

 

Д.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 153/ШШ2019/00448 дугаар шийдвэр,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 51 дүгээр магадлалтай,

Д.А-ийн нэхэмжлэлтэй,

З-д холбогдох,

Ангийн захирагчийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Сэлгэн ажиллуулах, ажил хүлээлцүүлэх комисс томилох тухай” Б/111 тушаалын Д.Аэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Зийн Малын суурийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Илүү олгосон цалин 1 511 687 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.А нь Зийн захирагчийн 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 203 дугаартай тушаалаар тус ангийн Малын суурийн даргаар томилогдон ажилласан төрийн үйлчилгээний албан хаагч юм. Төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг тул Д.А нь Зитай байнгын ажлын байрны хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан, үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгэж ирсэн. Гэтэл Зи нь Д.Аийг малын суурийн даргын ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон шийдвэр гаргалгүйгээр 2017 оны 5 дугаар сараас хойш ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байсаар өдийг хүрчээ. Энэ нь ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргах хуулийн шаардлагыг зөрчиж байна.

Зийн захирагч нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/111 дугаартай тушаал гаргаж, Д.Аийн ажлыг сэлгэн ажиллуулахаар тушаал гаргасан байдаг. Гэвч Д.А нь сахиулаар огт ажиллаагүй. 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Д.А нь малын суурийн даргын ажлыг хүлээлгэн өгсөн. Дараа нь ажил олгогч 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/184 дугаартай тушаал гаргаж Д.Атэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ангийн данс бүртгэлээс хассан байдаг. Эдгээр хоёр тушаалыг гардуулж өгөөгүй.

Ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үзэж энэхүү гомдлыг гаргаж байна. Иймд нэхэмжлэгч Д.Аийн Зид холбогдох гомдлын шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэхийг хүсье гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Д.А нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Д.А нь ээлжийн амралтаа аваад 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ажилдаа орох байсан боловч 2 сар 11 хоног ажлаа таслаад Солонгос улс руу яваад 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монгол улсад ирсэн. Тэрээр явахаасаа өмнө Зийн захирагч нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/111 дугаартай Сэлгэн ажиллуулах, ажил хүлээлцүүлэх комисс томилох тухай тушаалыг зөвшөөрөөд, ажлаа хүлээлгэн өгөөд явсан. Харин Зиас тус тушаалыг түүнд албан ёсоор гардуулсан зүйл байхгүй харин танилцуулсан, тэрээр өөрөө мэдээд ажлаа хүлээлгэн өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.А нь Зийн захирагчийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/111 дугаартай тушаалаар малын суурийн даргын албан тушаал буурч тус ангийн сахиулын албан тушаалд томилогдсон боловч сахиулын ажлыг хийгээгүй бөгөөд ажил албан тушаалаа гүйцэтгэхгүй ажлаа орхин Солонгос улс руу явсан ба хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил албан тушаалаа гүйцэтгэхгүй байсан тул Зийн захирагчийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/184 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ангийн данс бүртгэлээс хассан. Д.А нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 2017 оны 7, 8, 9 дүгээр саруудад албан тушаалын үүрэгт ажлаа гүйцэтгээгүй атлаа цалин авч байгууллага болон улсыг хохироосон тул Д.Аээс 2017 оны 7 дугаар сард авсан цалин 577 473 төгрөг, 8 дугаар сард, 9 дүгээр сард авсан цалин тус бүр 467 107 төгрөг, нийт 1 511 687 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Зийн захирагчийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/103 дугаартай тушаалаар малын суурийн дарга Д.Аэд ээлжийн амралтыг биеэр эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Уг тушаалын дагуу нэхэмжлэгч Д.Аийн ажлын 22 хоногт ногдох ээлжийн амралтын олговор 547 430 төгрөгийг 2017 оны 7 дугаар сард хариуцагчаас нэхэмжлэгчид олгосон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Ажилтанд ээлжийн амралтын хугацаанд амралтын олговор олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь малын суурийн даргынхаа ажлын байрны тухайд авсан ээлжийн амралтын олговроо нөхөн төлөх эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Төрийн банк дахь 341400525200 тоот харилцах дансны хуулгаар хариуцагч Зиас нэхэмжлэгч Д.Аэд 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 150 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 311 426 төгрөг, нийт 461 426 төгрөгийн цалин хөлсийг шилжүүлжээ.

Харин сөрөг нэхэмжлэлд дурдсанчлан 1 511 687 төгрөгийн цалин хөлсийг Д.А Зиас аваагүй. Учир нь нэхэмжлэгч Д.Аийн цалингийн дансны хуулга нь хариуцагч Зиас ирүүлсэн цалингийн тодорхойлолтоос зөрүүтэй байна. Шүүхээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн тохиолдолд 2017 оны 8, 9 дүгээр саруудын цалин хөлс 461 426 төгрөгийг хасаж тооцох бүрэн боломжтой гэж үзэж байна гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 153/ШШ2019/00448 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын нэхэмжлэлтэй хариуцагч Ховд аймгийн Жаргалант суманд байрлах Зид холбогдох урьд эрхэлж байсан Зийн малын суурийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэл, Зийн захирагчийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/111 дугаартай тушаалын Д.Аэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагатай нэхэмжлэл, Зи нь нэхэмжлэгч Д.Аэд холбогдуулан ажиллаагүй 2017 оны 7, 8, 9 дүгээр саруудад авсан цалин нийт 1 511 687 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч байгууллага нь шүүхэд нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 51 дүгээр магадлалаар: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 153/ШШ2019/00448 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.” гэсний өмнө “128 дугаар зүйлийн 128.1.2.” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлүүдээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэрийг ажилтанд өгөх ажил олгогчийн үүргийг, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах ажилтны эрхийг тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд ажлаас халсан шийдвэрийг ажилтанд гардуулсан эсэх үйл баримтыг шүүхэд нотлох нь ажил олгогчийн үүрэг юм.

Зи нь малын суурийн даргын ажлаас халсан шийдвэрээ Д.Аэд гардуулаагүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байхад анхан, давж заалдах шатны шүүхүүд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Хоёр. Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт “Уг тушаалуудыг ажилтанд гардуулж өгөөгүй байх бөгөөд энэ талаар хариуцагч тал маргаагүй байна”,

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Зийн захирагчийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/111 дүгээр тушаалыг ажилтанд гардуулаагүй нь зохигчийн тайлбараар нотлогдсон” гэж тус тус дүгнэжээ.

Ингэсэн атал анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Д.Аийг “хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргаагүй” гэж хоорондоо эрх зүйн зөрчилтэй дүгнэлт хийснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Гурав. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан ажилтан ажлаас буруу гомдлыг шүүхэд гаргах нэг сарын хугацаа нь ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс эхлэн тоологдоно.

Гэтэл шийдвэр, магадлалын үндэслэх хэсэгт ажилтан ажлаас халсан ажил олгогчийн шийдвэрийг гардан авсан гэх хугацааг тодорхойлоогүй атлаа нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Дөрөв. Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Зид холбогдуулан тус ангийн захирагчийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/111 дүгээр “Сэлгэн ажиллуулах, ажил хүлээлцүүлэх комисс томилох тухай” тушаалын Д.Аэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэмэгдүүлсэн, малын суурийн даргын ажилд эгүүлэн тогтоох үндсэн гомдлын шаардлагыг тус тус шүүхэд гаргасан.

Гэтэл анхан, давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэгчийн гомдлын шаардлага гаргаагүй Зид холбогдуулан тус ангийн захирагчийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/184 дүгээр тушаалыг үнэлж, улмаар гомдол гаргах лиоп ллюлцйа хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна.

Тав. Анхан шатны шүүхийн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөлгүйгээр шийдвэрийг хэвээр үлдээсэн нь 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Анхан, давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, хэргийн бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийж, ажилтны гомдлыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлтийг оруулж, Д.Аийн Зид холбогдох гомдлыг бүхэлд нь ханган шийдвэрлэхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Д.А Зид холбогдуулан Ангийн захирагчийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Сэлгэн ажиллуулах, ажил хүлээлцүүлэх комисс томилох тухай” Б/111 тушаалын Д.Аэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Зийн Малын суурийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, илүү олгосон цалин 1 511 687 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хуулийн заалт нэмж, шийдлийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2. дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...нотлох баримт үнэлэх журам зөрчсөн, анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүх засаагүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдлыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэжээ.

  1. Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Д.Аийг Зид Малын суурийн даргаар ажиллаж байхад нь ангийн Захирагчийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/111 тушаалаар “ажлын шаардлагаар албан тушаал бууруулж, сахиулаар” томилсон бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрий Б/184 тушаалаар “албан ажилдаа хариуцлагагүй хандаж, ангид их хэмжээний мөнгө болон эд хөрөнгийн хохирол учруулсан /20 шүдлэн, 6 төлөг, 4 адуу, 1 үхэр дутаасан/ гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана, 129.3.-т энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно гэж зохицуулжээ.

Нэхэмжлэгч Д.Аийг Зэвсэгт хүчнийг 123 дугаар ангид Малын суурийн даргаар ажиллаж байхад нь 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Сэлгэн ажиллуулах, ажил хүлээлцэх комисс томилох тухай Б/111 тушаалаар сахиулаар ажиллуулахаар томилсон бөгөөд ажилтан тушаал гарсны дараа 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Малын суурийн даргын ажлаа хүлээлгэж өгсөн тул тэрээр ажил олгогч өөр ажилд буруу шилжүүлсэн, эсхүл ажлаас буруу халсан талаар мэдсэн гэж үзнэ.

Ажилтан ажлаас буруу халсан, эсхүл өөр ажилд буруу шилжүүлсэн гэж үзсэн бол  ажил олгогчийн шийдвэрийг заавал хүлээж авах шаардлагагүй, тэрээр өөрийн эрхээ зөрчигдсөн болохыг мэдсэн үеэс шаардах эрх үүснэ. Шаардах эрх үүссэн үеэс нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолно.

Нэхэмжлэгч нь өөр ажилд буруу шилжүүлснийг мэдэж, өөрийн өмнө гүйцэтгэж байсан ажлаа хүлээлгэж өгснөөс хойш 1 жил 11 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан нэхэмжлэл гаргах нэг сарын хугацаа өнгөрсөн тул “...өөр ажилд үндэслэлгүй сэлгэн ажиллуулсан үндэслэлээр Малын суурийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох...” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Иймд “...ажилтан ажлаас чөлөөлсөн, өөр ажилд буруу шилжүүлсэн тушаалыг хүлээж аваагүй, ажил олгогч тушаалаа хүлээлгэж өгөөгүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байхад шүүх хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2. дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн ажилтан сахиулаар томилогдсон үеэс ажил үүргээ гүйцэтгэлгүй ээлжийн амралтаа эдэлсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 25-нд ээлжийн амралтын хугацаа дуусч ажилдаа орох ёстой байтал ажилд ороогүй, ажил үүргээ гүйцэтгээгүй, хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн талаар гомдол гаргалгүй байсаар 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн  байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар хүсэлт гаргаагүй гэх дүгнэлт хуульд нийцжээ.

  1. Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч Зи нэхэмжлэгчид холбогдуулан Д.А нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажил үүргээ гүйцэтгээгүй атлаа цалин авч байгууллага болон улсыг хохироосон тул 2017 оны 7, 8, 9 дүгээр саруудад олгосон нийт 1 511 687 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, дээрх мөнгөнөөс 547 430 төгрөг нь ээлжийн амралтын олговор, үлдэх 461 426 төгрөгийг үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсний дараа тооцох боломжтой гэж маргажээ.

Хариуцагч нь ажилтныг нэхэмжлэл гаргасан тул сөрөг нэхэмжлэл гаргасан, тухайн

үед үргэлжлүүлэн ажиллана гэж бодож байсан гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан байна.

Нэгэнт үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй бөгөөд ажил олгогч ажилтны дансанд цалин шилжүүлсэнд ажилтныг буруутгах боломжгүй, байгууллагад хохирол учруулсан гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч нь баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Түүнчлэн талууд хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай байх хугацаанд үүссэн маргаанд хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй бөгөөд зохигчийн хооронд үүссэн маргааныг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй алдааг засч, өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрт хууль хэрэглээний талаар нэмэлт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 51 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД