Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 1806

 

 

 

 

 

 

 

 

 

А-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/01800 дугаар шийдвэртэй, А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.О-д холбогдох гэрээний үүрэгт 49 960 000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгчээс гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар  оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Нэхэмжлэгч өөрийн “Г” ХХК-ийн 1205130576 тоот данснаас хариуцагчийн “Т” ХХК дах 107500067215 тоот дансанд 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 5 000 ам.доллар, 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 5 000 ам.доллар, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 10 000 ам.доллар, нийт 20 000 ам.доллар шилжүүлж зээлүүлсэн. Үүнийг 35-40 өдрийн дараа буцааж төлөхөөр талууд харилцан тохиролцсон боловч Д.О нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 3 000 000 төгрөг өгсөн. Ийнхүү мөнгө буцаан шилжүүлснээр хариуцагч нэхэмжлэгчээс зээл авсныг баталж байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлиийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэсний дагуу хариуцагч Д.О-ээс 49 960 000 төгрөгийг бэлнээр эсхүл түүний өмчлөлийн Тоёота ланд круйзер маркийн автомашин болон орон сууцнаас гаргуулан буцаан авахыг хүсч байна. Мөнгөө буцаан аваагүй хугацаа алдсанаар бизнест хохирол учирч байна гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: А гэх хүнээс ямар ч зээл аваагүй. Энэ хүн манай нөхөр болох Х хамтран бизнес хийдэг байсан. “Т” ХХК-ийн данс нь нөхөр бид хоёрын дундын данс ба уг дансыг манай нөхөр бизнесийн үйл ажиллагаандаа ашигладаг. Нэхэмжлэгчээс мөнгө орж ирэхэд нь тухайн үед нөхрөөсөө асуухад “…А бид хоёрын хийж байгаа бизнесийн зориулалттай мөнгө” гэж хэлсэн. Тус мөнгө нь бүгд энэ хоёрын бизнесийн харилцагч нарын дансруу орсон байгаа нь дансны хуулгаар харагдана. Миний нөхөр Казакстан улс яваад холбоогүй, сураггүй болсон. Энэ байдлаас болсон уу нэхэмжлэгч нь манай нөхрөөс авах ёстой мөнгөө миний дундын данс эзэмшдэгээр далимдуулан надад зээлсэн мэтээр нэхэмжлэл гаргажээ. Нөхрийнх нь бусдын өмнө хүлээсэн үүргийг эхнэрт нь хамааруулж болохгүй. Тэрээр үнэхээр надад мөнгө зээлүүлэх байсан бол бичгийн гэрээ байгуулах байсан. Намайг бараг танихгүй байж энэ их мөнгийг зээлдүүлэхгүй.

Зээлийн болон барьцааны гэрээ байгуулаагүй атлаа миний орон сууцнаас зээлийн төлбөрийг гаргуулах эрхгүй. Нэхэмжлэгч нь надруу 5 сарын турш өдөр бүр залгаж ”…нөхөрт чинь мөнгөө өгсөн, та яаж ийгээд аргалаад надад мөнгө олоод өгөөч гэж гуйгаад салахгүй байсан. Би түүнд “… надад өгөх мөнгө байхгүй, мөнгө өгсөн хүнээсээ мөнгөө авах нь зүйтэй, би та хоёрын бизнест огт оролцдоггүй, надад хамаагүй, чи мөнгөгүй байгаа бол надад байгаа 3 000 000 төгрөгийг түр зээлж болно” гэхэд тэгье гээд надаас зээлсэн. Нэхэмжлэгчийн шаардсан зээл гэх 49 960 000 төгрөгт би ямар ч хамааралгүй, түүнээс нэг ч төгрөг зээлж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ : Миний бие 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр А-д 3 000 000 төгрөгийг зээлдүүлсэн, буцааж өгөхгүй болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлээр тогтоогдсон. Нэхэмжлэгч заль хэрэглэж намайг зээлийн төлбөрт унагахын тулд надаас гуйж гувшиж байж 3 000 000 төгрөг зээлсэн байна. Үүнийг би нөхрийнхөө авсан зээлийн төлбөрт төлөөгүй, түүнд түр хэрэглэх мөнгө хэрэгтэй байна гэхээр нь зээлдүүлсэн тул А-аас 3 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа : Хариуцагчаас зээлээ эргэн төлөхийг хүсэхэд, “цаг давчуу байна, надад ямар ч мөнгө алга, энэ чинь их мөнгө, хэрэв хугацаа өгвөл би банкуудаас бизнесийн зээл асуугаад зээл авч өгье” гэсэн. Нэхэмжлэгч тухайн үед Д.О-ийг мөнгө эргэн өгөх баталгаа болгож, урьдчилгаа мөнгө өгөөрэй гэсний дагуу тэрээр 3 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Өөрийн нөхөрт олгосон зээлийн төлбөрт төлөөгүй гэх боловч түүнд олгосон зээлийн зарлага тооцоог тэрээр хийдэг байсан бөгөөд өөрийн нөхрийг гадагш явсныг далимдуулан зээлийн үүргээс бултаж нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж байна. Хариуцагчийн худал хуурмаг үгс нотлох баримтаар батлагдах бөгөөд түүний дансанд шилжүүлсэн 20 000 ам.долларыг Д.О өөрийн бизнесийг хөгжүүлэх гэж ашигласан. Нөхрөө гадагш явснаар далимдуулан зээлийн үүргээс зайлсхийж байна. Бодит байдлаар түүний дансанд зээлийн мөнгө шилжсэн бөгөөд сөрөг нэхэмжлэлээр шаардаж буй 3 000 000 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд урьдчилгаа болгон шилжүүлсэн. Иймээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч А-аас зээлийн гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Д.О-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.О-ээс 49 960 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 750 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 000 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 407 750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Нэхэмжлэлд “... 49 960 000 төгрөгийг бэлнээр эсхүл түүний өмгөөлөгчийн Тоёота ланд круйзер” маркийн автомашин болон орон сууцнаас хөдлөх эд хөрөнгийн алийг гаргуулах гэж байгаа нь тодорхойгүй, уг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүйгээс иргэний хэрэг үүсгэхээс эхлээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тодорхой бус нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргах шаардлага бий болсон.

Нэхэмжлэгчийн буцаан гаргуулахаар шаардаж буй мөнгө нь Д.О болон Х гэх хүмүүсийн хамтран эзэмшдэг дундын дансанд орсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаар тодорхойлсон Д.О нь уг дансанд орсон мөнгийг авч ашиглаагүй, нэхэмжлэгч нь хамтран данс эзэмшдэг Х-тай хамтран бизнес эрхэлдэг бөгөөд уг бизнестээ зориулж данс руу мөнгө шилжүүлсэн гэх үйл баримтыг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлсон ба шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн. Үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан этгээд нь данс хамтран эзэмшдэг Х, Д.О нарын аль нь болох, эдгээр этгээдүүд хамтран үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэх үйл баримтад шүүх дүгнэлт хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Киргизстан Улсын иргэн А нь хариуцагч Д.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 49 960 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч нэхэмжлэгчийн зээлсэн 3 000 000 төгрөгийг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гарган талууд харилцан маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй гэж дүгнэсэн нь тухайн маргаанд хамаарах хуулийн заалтыг оновчтой хэрэглээгүй гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт /хх9-11/, талуудын тайлбараар хариуцагч Д.О-ийн эзэмшлийн “Т” ХХК дах 107500067215 тоот дансанд нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн “Г” ХХК-ийн 1205130576 тоот данснаас 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 5 000 ам.доллар, 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 5 000 ам.доллар, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 10 000 ам.доллар, нийт 20 000 ам.долларыг шилжүүлсэн нь тогтоогдсон байна. Нэхэмжлэгч дээрх мөнгөн хөрөнгийг “О, Б, гэрээний дагуу зээл олгов” гэх агуулга бүхий гүйлгээний утгаар шилжүүлжээ.

 

Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч 20 000 ам.доллар шилжүүлсэн гүйлгээний утгаас үзвэл, эдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэнэ. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасны дагуу гэрээний үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь тухайн мөнгөн хөрөнгийг хариуцагч, түүний нөхрийн хамтран эзэмшдэг дансанд шилжүүлсэн үйл баримтад маргаагүй бөгөөд хариуцагч Д.О дээрх үндэслэлээр зээлийн гэрээний төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх боломжгүй.

 

Сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагч Д.О нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчид дансаар нь шилжүүлсэн 3 000 000 төгрөгийг /хх12/ түүнд зээлдүүлсэн болохоо нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, нэхэмжлэгч “дээрх мөнгийг хариуцагч зээлийн эргэн төлөлтөд шилжүүлсэн” гэж няцаасан тайлбар гаргаж байгаа нь илүү үндэслэлтэй гэж дүгнэв.  

 

Хариуцагч нь давж заалдах гомдлын зарим үндэслэлээ, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй буюу мөнгөн хөрөнгө эсхүл хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн алийг гаргуулах гэж байгаа нь тодорхойгүй байхад уг шаардлагыг шийдвэрлэсэн нь буруу гэжээ. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг бэлнээр эсхүл хариуцагчийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөнөөс гаргуулна гэснийг нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус буюу эд хөрөнгө гаргуулахаар шаардсан гэж үзэхгүй.

 

Мөн хариуцагч давж заалдах гомдолдоо, хамтран үүрэг гүйцэтгэх этгээд байгаа эсэхийг тодруулаагүй гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дах хэсэгт нэхэмжлэгч нь хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй гэж заасан бөгөөд хариуцагч нь маргааны зүйл болох мөнгөн хөрөнгийг өөрийн нөхөр болон нэхэмжлэгч нарын хамтын бизнесийн үйл ажиллагаанд зарцуулсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн тайлбар болон давж заалдах гомдолд дурдсан “бизнесийн харилцагч нарын дансруу орсон болох нь тогтоогдоно” гэх дансны хуулга хэрэгт баримтаар авагдаагүй болно.  

 

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн               167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/01800 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт”  гэснийг, “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.О давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 422 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                             ШҮҮГЧИД                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                    Т.ТУЯА