Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 1853

 

 

 “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/01828 дугаар шийдвэртэй, “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Н” ХХК-д холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 43 562 229 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

“Н” ХХК нь талуудын байгуулсан гэрээний 4.2 дах заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан тхэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.С, хариуцагчийн өмгөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр талууд 18/06 тоот гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч буюу нэхэмжлэгч нь ОХУ-д үйлдвэрлэсэн БНД90/130 маркийн автозамын зориулалт бүхий битумыг (хар тос) 1 хайрцаг нь 960 кг байхаар 1 тонн тус бүрийг 630 ам.доллараар /1 ам.долларын ханш 2 567 төгрөг/ үнэлж 283.2 тонн битумыг нийт 457 993 872 төгрөгөөр худалдах, худалдан авагч “Н” ХХК нь төлбөрийг гэрээний хугацаанд буюу 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төлж дуусгахаар тохиролцсон. “Н” ХХК нь төлбөрийн урьдчилгаанд 50 000 000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 40 000 000 төгрөгийг тус тус төлсөн. “И” ХХК-ийн хувьд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж 283.2 тонн автозамын битумыг хүлээлгэн өгсөн.

 Гэтэл “Н” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш төлбөр төлөөгүй. Үүрэг зөрчигдөж эхэлсэн өдөр болох 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс гэрээний 3.14, 4.2-т заасны дагуу хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувийн алданги тооцон хариуцагчийн төлсөн төлбөрөөс нь алдангийг хасч тооцсон тул төлбөрийн үлдэгдэл 36 792 409 төгрөг, 92 хоногийн алданги 6 769 820 төгрөг, нийт 43 562 229 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Хариуцагч тайлбартаа: Талууд төлбөр тооцоог бүрэн дуусгаж, алданги нэхэмжлэхгүй байхаар тохиролцсон. “Н” ХХК нь 2016 онд хийсэн ажлын хөлс 1.7 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас аваагүйтэй холбоотойгоор санхүүгийн хувьд хүндрэлтэй байсан. Түүнчлэн Яармагийн гүүрний хучилтын ажлын ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын төмөр замын 20-р анги гүйцэтгэлийн төлбөрийг хугацаа хойшлуулан төлсөн нь санхүүгийн байдалд нөлөөлсөн. Энэ талаар нийлүүлэгч “И” ХХК-тай холбоотой ажиллаж ирсэн. 2019 оны 01 сард банкны зээл авснаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж битумын үнийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар бүрэн барагдуулсан. Энэ өдөр “И” ХХК-ийн зүгээс зөвхөн сүүлийн төлбөр болох 67 993 872 төгрөгийг төлөхөд хангалттай, алданги тооцож авахгүй гэсэн тул төлбөрийн нэхэмжлэлд заасан дүнгээр төлсөн.

Нэгэнт төлбөр төлөх үед тодорхой тохиролцсон тул 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс өмнө болон түүнээс хойш хугацаанд “И” ХХК нь алдангийн нэхэмжлэх ирүүлээгүй. Мөн талуудын хооронд барааны үнийг ам.доллараар илэрхийлж бичгээр байгуулсан гэрээ хүчингүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Талууд гэрээг байгуулахдаа бүтээгдэхүүний нэгжийн үнийг ам.доллараар илэрхийлж тусгасан ба ямар ханшаар тооцсоноо нотлоогүй. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх, гүйцэтгэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ бөгөөд алданги төлүүлэх гэрээний заалтыг хэрэглэх боломжгүй. Гэрээний 2.3-т битумыг 630 ам.доллараар тооцон зээлээр авна гэж тусгаж, 4.1-д төлбөрийг ам.доллараар төлөх ба төгрөгөөр тооцож төлөх бол тухайн өдрийн “Х” ХХК-ийн бэлэн бусаар валют зарах ханшийг баримтална гэжээ. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-р зүйлд зааснаар Монгол улсын нутаг дэвсгэрт бараа ажил үйлчилгээний үнийг гадаад валют, тооцооны нэгжээр илэрхийлэх, үнэ тогтоохыг хориглоно гэж заасан.

Иймд гэрээний төлбөрийн хэмжээ тодорхойлсон заалт, улмаар нэмэлт үүрэг буюу алдангид хамаарах заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болох тул нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2 дах заалтыг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

Шүүх:  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 43 562 229 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл буюу гэрээний 4.2 дах заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375 761 төгрөгийг, хариуцагч “Н” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375 762 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 375 761 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дах хэсэгт заасныг тус тус зөрчсөн. “Н” ХХК-ийн нэгэнт гүйцэтгэсэн үндсэн үүргийг гүйцэтгээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчээс нийт 283.2 тн асфальт авсан бөгөөд нэхэмжлэлд дурдсаны дагуу зохих ханшаар үнийг тооцож 457 993 872 төгрөг төлсөн нь нийлүүлсэн асфальтын үнэтэй таарч, үндсэн үүргийг барагдуулсан болох нь нотлогдож байна. Нэхэмжлэгч дээрх төлбөрийг хүлээн авсан тухай маргаагүй.

“Н” ХХК нь алдангийн зориулалтаар ямар ч төлбөр төлөөгүй бөгөөд алданги төлсөн гэж үзэх шууд болон шууд бус нотлох баримт хэрэгт авагдаагүй. Хариуцагч алданги авахгүй гэж амаар тохирсон тул бүтээгдэхүүний үнийг төлсөн талаар маргасан. Гэтэл шүүх үндэслэлгүйгээр хариуцагчийн төлсөн төлбөрөөс нийт 36 792 409 төгрөгийг алдангид тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт нийцсэн гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн төлсөн үндсэн төлбөрийг өөрийн дураар алдангид тооцох нь буруу бөгөөд үндсэн төлбөрийг бүрэн барагдуулаагүй, нэмэлт үүрэг буюу алдангийг эхний ээлжинд төлсөн гэж үзэж байгаа нь ямар ч бодит үндэслэлгүй. Хариуцагчийг үндсэн үүргээ гүйцэтгээгүй, харин алданги төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй ба нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй.

 Гэрээний хавсралт болон гэрээ нь бие даасан баримт бичиг болох талаар шүүх зохих дүгнэлтийг хийгээгүй. Гэрээний 3.1-т зааснаар битум нийлүүлэх тухай бүр бие даасан хавсралт гэрээ үйлдэх, түүнд заасан үнэ, захиалгын хэмжээгээр нийлүүлэхээр тохиролцсон. Үндсэн гэрээ, хавсралтууд тус тусдаа тамга, гарын үсгээр баталгаажсан, бие даасан баримт бичиг болдог бөгөөд үндсэн гэрээнд нийлүүлэх барааны хэмжээг тусгаагүй, зөвхөн нэгжийн үнийг ам.доллараар тооцохоор тусгасан ба зөвхөн хавсралт гэрээнд л нийлүүлэх битумын хэмжээг тусгажээ. Энэ нь хавсралт гэрээ тус бүрээр нийлүүлэх битумын хэмжээнээс хамаарч нийт үнийг ам.доллараар тодорхойлох нөхцлийг бий болгож байна. Шүүх гэрээний нийт үнийг төгрөгөөр тусгасан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар гэрээний 4.2 дах заалтыг хүчин төгөлдөр бусад тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн нь буруу.

Мөн шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглээгүй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч сонголт хийж, нэг төрлийн хэд хэдэн үүргээс аль нэгийг нь сонгож гүйцэтгэх боломжийн талаар тусгасан бөгөөд үүрэг гүйцэтгэгч “Н” ХХК-ийн үндсэн үүргийг сонгож гүйцэтгэсэн эрхийг үндэслэлгүйгээр үгүйсгэжээ. Хариуцагч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх тухай хүсэлт удаа дараа гаргасан. Хээлийн дээрх заалтаар “Н” ХХК-ийн төлсөн 457 993 872 төгрөгийг үндсэн үүрэгт тооцож, харин нэмэлт үүрэг буюу алданги түүнээс тусдаа тооцогдоно.

Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн бодит нөхцөл байдлыг буруу тогтоосны улмаас нэгэнт төлсөн үндсэн үүргийн төлбөрийг дахин төлөхийг шаардах, улмаар алдангиас алданги тооцох нөхцөл үүсч байна. Анхан шатны шүүх, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Анх гэрээ байгуулахдаа “И” ХХК нь гадаад худалдаа хийдэг тул зөвхөн өөрийн загвараар гэрээ байгуулах шаардлага тавьсан бөгөөд гэрээний үнийг ам.доллараар тусгасан загвар ирүүлснээр уг гэрээг байгуулсан байдаг. Нэхэмжлэгч гэрээний үнийг ам.доллараар тусгаж, улмаар ханш байнга өссөн тул үнийг нэмж төлөхийг амаар шаарддаг байсан. Нэхэмжлэлийн шаардлагад ам.долларын ханшийг баримталсан нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзсан нөхцөлд ч шүүхээс тус хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд алдангийн дүн буюу нийт 6 769 820 төгрөг төлүүлэх шаардлагыг хангах боломжтой байсан юм.

Алданги тооцохдоо Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 72.4 дэх хэсэгт заасныг баримтлаагүй. Төлбөр төлсөн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хугацаа хэтрүүлсэн хоногийг тоолохдоо оруулж тооцсоноос төлбөрийн тооцоолол үндэслэлгүй гарсан. Алдангиас алданги тооцсон нь Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 222 дугаар зүйлийн 222.6 дах хэсэгт заасантай зөрчилдөж байна. Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.1, 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч “Н” ХХК нь гэрээний үндсэн үүргээ эхний ээлжинд гүйцэтгэсэн байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ төлсөн төлөлт бүрээс эхэлж алдангийг хасч тооцсон нь үндэслэлгүй байна.

2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр үндсэн төлбөр 457 993 872 төгрөгийг төлж дуусгасан байхад 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл алдангиас алданги нэмж тооцон, 6 769 820 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь иргэний эрх зүйн агуулга, зарчмыг илт зөрчсөн, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 36 792 409 төгрөг, алданги 6 769 820 төгрөг, нийт 43 562 229 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч гэрээний 4.2 дах заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, талууд харилцан маргажээ.

 

Талууд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр битум зээлээр нийлүүлэх гэрээ байгуулж, худалдагч тал болох нэхэмжлэгч “И” ХХК нь ОХУ-д үйлдвэрлэсэн БНД 90/130 маркийн автозамын битум 286.15 тонныг нийлүүлэх, худалдан авагч буюу хариуцагч “Н” ХХК нь гэрээний үнийн дүн 462 764 000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх17-23/

 

Хэрэгт авагдсан “И” ХХК-ийн зарлагын баримт /хх12-15/, “Н” ХХК-ийн орлогын баримт /хх16/ болон талуудын тайлбараас үзвэл, нэхэмжлэгч нь нийт 283.2 тн битумыг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн дотор нийлүүлсэн, хариуцагч нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар нийт 457 993 872 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогджээ. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Нэхэмжлэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх, хариуцагч нь нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрт нийт 457 993 872 төгрөг төлсөн талаар зохигчид маргаагүй. Харин худалдан авагч буюу хариуцагч “Н” ХХК-ийг төлбөр төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанаас хэтрүүлсэн гэх үндэслэлээр дээрх төлбөрөөс нь алдангид 36 792 409 төгрөгийг тооцон суутгасанд хариуцагч маргаж, үндсэн төлбөрийг бүрэн төлсөн, алданги тооцохгүй байхаар амаар тохиролцсон гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэлээ тайлбарлажээ. 

 

Анхан шатны шүүх, нэхэмжлэгч нь хариуцагчийн төлсөн төлбөрөөс 36 792 409 төгрөгийг алдангид тооцон авсан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 222 дугаар зүйлийн 222.1.1, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1, талуудын хооронд байгуулсан гэрээний 3.14, 4.2-т заасантай нийцсэн гэж дүгнэж, үндсэн төлбөрийн үлдэгдэлд 36 792 409 төгрөг, түүнд ногдох алданги 6 769 820 төгрөг, нийт 43 562 229 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Зүй нь, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүргийг төлөхөөр зохицуулсан байх тул хариуцагчийн төлсөн төлбөрийг эхний ээлжинд үндсэн үүрэгт тооцох нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэх юм. Нэхэмжлэгч нь гэрээний нийт үнийг 457 993 872 төгрөг гэж тодорхойлох бөгөөд хариуцагч энэ хэмжээний төлбөрийг төлсөн нь тогтоогдсон тул гэрээний дагуу нийлүүлсэн битумын үндсэн төлбөр бүрэн төлөгдсөн гэж үзнэ. Энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

Харин, хариуцагчийн үндсэн төлбөрөө төлсөн хугацааг тооцон үзвэл 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор биелүүлэх гэрээний үүргээ зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх хугацааг хариуцагч 6-42 хоногт хэтрүүлсэн нь талуудын тайлбараар тогтоогдсон тул тухайн хугацаанд алданги тооцох нь гэрээ болон хуульд нийцнэ. Иймд дээрх хугацаанд тооцогдох алданги 36 792 409 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 6 769 820 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, талуудын хооронд байгуулсан гэрээ нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар гэрээний 4.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулна гэжээ. Талууд бүтээгдэхүүний 1 тонны үнийг ам.доллараар илэрхийлсэн байх боловч гэрээний төлбөрийг төгрөгөөр тодорхойлсон нь “гадаад валют, тооцооны нэгжээр төлбөр тооцоог хийхээр талууд тохиролцсон гэж үзэхгүй” талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Мөн гэрээний 4.2-т худалдан авагч нь хавсралт 1-д заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд өдрийн 0.2 хувийн алданги тооцож төлнө гэж тохиролцсон байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд дээрх алдангийн хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байх ба хариуцагчийн “ талууд алданги тооцохгүй гэж тохиролцсон” гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж байгааг дурдах нь зүйтэй.

           

            Хариуцагч давж заалдах шатны шүүх хуралдааны явцад, гэрээнд заасан төлбөр төлөх сүүлийн өдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр, төлбөрийг үргэлжлүүлэн төлсөн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрүүдийг нэхэмжлэгч нь хугацаа хэтрүүлсэн хоногт оруулан тооцсоны улмаас алдангийн дүн илүү гарсан. Дээрх байдлаар тооцоод 33 000 000 төгрөгийн дүнгээр талууд эвлэрэх талаар ярилцаж байсан гэж тайлбарлах боловч Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт заасан хугацаа тоолох журам ёсоор гэрээгээр тогтоосон өдрөөс үүрэг зөрчигдсөн буюу төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоногийг тоолж алдангийг 36 792 409 төгрөг гэж тооцсон нь зөв.

  

Дээр дурдсан үндэслэлээр, хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн               167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/01828 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 36 792 409 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 769 820 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн,

Тогтоох хэсгийн 3 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “И” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375 761 төгрөгийг, хариуцагч “Н” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375 762 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 341 912 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч “Н” ХХК давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 751 254 төгрөгийн 499 029 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                             ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Т.ТУЯА