Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2021/00411

 

 Их гурван нүд ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/01828 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1853 дугаар магадлалтай,

 Их гурван нүд ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Наранбулаг хан ХХК-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд 43,562,229 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 Талуудын байгуулсан гэрээний 4.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунбатын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхцэнгэл, хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компанитай 2018.10.10-ны өдөр Наранбулаг хан ХХК нь харилцан тохиролцож, ОХУ-д үйлдвэрлэсэн БНД90/130 маркийн автозамын зориулалт бүхий битум (хар тос) 1 хайрцаг нь 960 кг байхаар 1 тонн тус бүрийг 630 ам.доллараар үнэлж 283.2 тн-ыг нийт 457,993,872 төгрөг (ханш 2,567 төгрөг)-өөр худалдаж авах тухай 18/06 тоот гэрээ байгуулсан. Төлбөрийг гэрээний хугацаанд буюу 2018.11.10-ны өдөр төлж дуусгахаар тохиролцсон юм. Наранбулаг хан ХХК нь төлбөрийн урьдчилгаа 50,000,000 төгрөгийг 2018.10.11-ний өдөр, 2018.11.01-ний өдөр 40,000,000 төгрөгийг тус тус төлсөн. Их гурван нүд ХХК-ийн хувьд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж 283 тн 200 кг автозамын битумыг хүлээлгэн өгсөн. Гэтэл Наранбулаг хан ХХК нь 2018.11.01-ний өдрөөс хойш төлбөрийг төлөхгүй байсаар 2018.11.10-ны өдөр гэрээний хугацаа дууссан. Гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн өдөр болох 2018.11.10-ны өдрөөс гэрээний 3.14, 4.2-т заасны дагуу хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувийн алданги тооцон Наранбулаг хан ХХК-ийн төлөлтөөс хасаж тооцон авсан. Иймд Наранбулаг хан ХХК-ийн төлбөрийн үлдэгдэл 36,792,409 төгрөг, алдангид 6,769,820 төгрөг /92 хоногийн алданги/, нийт 43,562,229 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхцэнгэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Талууд төлбөр тооцоог бүрэн дуусгаж, алданги нэхэмжлэхгүй байхаар тохиролцсон. Наранбулаг хан ХХК нь 2016 онд хийсэн ажлын хөлс 1.7 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас аваагүйтэй холбоотойгоор санхүүгийн хувьд хүндрэлтэй байсан. Түүнчлэн Яармагийн гүүрний хучилтын ажлын ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын төмөр замын 20-р анги гүйцэтгэлийн төлбөрийг хугацаа хойшлуулан төлсөн нь санхүүгийн байдалд нөлөөлсөн. Энэ талаар нийлүүлэгч Их гурван нүд ХХК-тай холбоотой ажиллаж ирсэн. 2019.01 сард банкны зээл авснаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж битумын үнийг 2019.01.28-ны өдрийн байдлаар бүрэн барагдуулсан. Энэ өдөр Их гурван нүд ХХК-ийн зүгээс зөвхөн сүүлийн төлбөр болох 67,993,872 төгрөгийг төлөхөд хангалттай, алданги тооцож авахгүй гэсэн тул төлбөрийн нэхэмжлэлд заасан дүнгээр төлсөн. Нэгэнт төлбөр төлөх үед тодорхой тохиролцсон тул 2019.01.28-ны өдрөөс өмнө болон түүнээс хойш хугацаанд Их гурван нүд ХХК нь алдангийн бичгээр байгуулсан гэрээ хүчингүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн төлөөлөгч Б.Балдандорж шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Талууд гэрээг байгуулахдаа бүтээгдэхүүний нэгжийн үнийг ам.доллараар илэрхийлж тусгасан ба ямар ханшаар тооцсоноо нотлоогүй. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх, гүйцэтгэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ бөгөөд алданги төлүүлэх гэрээний заалтыг хэрэглэх боломжгүй. Гэрээний 2.3-т битумыг 630 ам.доллараар тооцон зээлээр авна гэж тусгаж, 4.1-д төлбөрийг ам.доллараар төлөх ба төгрөгөөр тооцож төлөх бол тухайн өдрийн Хаан банк ХХК-ийн бэлэн бусаар валют зарах ханшийг баримтална. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-р зүйлд зааснаар Монгол улсын нутаг дэвсгэрт бараа ажил үйлчилгээний үнийг гадаад валют, тооцооны нэгжээр илэрхийлэх, үнэ тогтоохыг хориглоно гэж заасан. Иймд гэрээний төлбөрийн хэмжээ тодорхойлсон заалт, улмаар нэмэлт үүрэг буюу алдангид хамаарах заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болох тул нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүх сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/01828 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Наранбулаг хан ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 43,562,229 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Их гурван нүд ХХК-д олгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан хариуцагч Наранбулаг хан ХХК-ийн ...гэрээний 4.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ихгурван нүд ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 375,761 төгрөгийг, хариуцагч Наранбулаг хан ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 375,762 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Наранбулаг хан ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 375,761 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Их гурван нүд ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1853 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/01828 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Наранбулаг хан ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 36,792,409 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Их гурван нүд ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,769,820 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн,

Тогтоох хэсгийн 3 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Их гурван нүд ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375,761 төгрөгийг, хариуцагч Наранбулаг хан ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375,762 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Наранбулаг хан ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 341 912 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Их гурван нүд ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Наранбулаг хан ХХК давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 751,254 төгрөгийн 499,029 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.01-ний өдрийн 1853 дугаартай магадлалаар шүүхийн шийдвэрийн хууль хэрэглээтэй холбоотой зарим зөрчил дутагдлыг тогтоож, шүүхийн шийдвэрт зөв зүйтэй зарим өөрчлөлтийг оруулсан боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас магадлал нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэг. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй тухай. (Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1-д заасныг хэрэглээгүй буюу буруу тайлбарлаж хэрэглэсэн)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч өөрөө тодорхойлно. Нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлох нь хууль зүйн ач холбогдолтой бөгөөд хэрвээ зохих ёсоор тодорхойлоогүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хэрэгсэхгүй болгох үндэслэл болдог.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохдоо үндсэн төлбөрийн үлдэгдэлд 36,792,409 төгрөг, алдангид 6,769,820 төгрөг буюу нийт 43,562,229 төгрөг нэхэмжилжээ. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар нэхэмжлэгч нь алдангийн төлбөрт 6,769 820 төгрөг нэхэмжилсэн байна.

Харин магадлалын 6 дахь талын 4 дэх догол мөр буюу Хянавал хэсэгт: ...өөрөөр хэлбэл гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх хугацааг хариуцагч 6-42 хоног хэтрүүлсэн нь талуудын тайлбараар тогтоогдсон тул тухайн хугацаанд алданги тооцох нь гэрээ болон хуульд нийцнэ. Иймд дээрх хугацаанд ногдох алданги 36,792,409 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэсэн нь хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх зарчмыг зөрчжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1-д заасны дагуу шүүхийн шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу нэхэмжлэлээс алданги 6,769,820 төгрөгийг нэхэмжилсэн шаардлагыг хангаж, үндсэн төлбөрийн үлдэгдэлд 36,792,409 төгрөг нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хоёр. Давж заалдах шатны шүүхээс алдангийн тооцооллыг хийхдээ хэт хялбарчилж, нэхэмжлэлд дурдсан алдангиас алданги тооцсон тооцооллыг шууд хэрэглэсэн. (Иргэний хуулийн 232.6-р зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн)

Нэхэмжлэлд тодорхой тусгаснаар хариуцагч дараах хугацаанд төлбөр төлж барагдуулсан бөгөөд, хэрвээ шүүхээс алданги төлөх ёстой гэж үзэж байгаа бол алдангийн тооцоолол дараах хэмжээтэй байхаар байна.

2018.10.11-нд өдөр 50,000,000 төгрөг төлсөн, 2018.11.01-нд 40,000,000 төгрөг төлсөн, 2018.11.16-нд 100,000,000 төгрөг төлсөн, алданги 1,200,000 төгрөг, 2018.12.28-нд 100,000,000 төгрөг төлсөн, алданги 9,600,000 төгрөг, 2019.01.14-нд 100,000,000 төгрөг төлсөн, алданги 13,000,000 төгрөг, 2019.01.28-нд 67,993,872 төгрөг төлсөн, алданги 10,743,032 төгрөг, нийт 457,993,872 төгрөг төлсөн, нийт алданги 34,543,032 төгрөг.

Гэтэл шүүх нэхэмжлэлд дурдагдсан үндсэн төлбөрийг алданги төлсөн гэж үзэж, алдангиас алданги тооцсон нэхэмжлэгчийн тооцооллыг шууд үндэслэж 36,792,409 төгрөгийн алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн нь алдаатай бөгөөд Иргэний уулийн 232 дугаар зүйлийн 232.6-р хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШШ2019/01828 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.01-ний өдрийн 1853 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү.

Магадлалын 1-р зүйлд заасан, 36,792,409 төгрөг төлүүлэх тухай шаардлагаас нэхэмжлэлийн шаардлагад тусгасан алдангийн төлбөр 6,769,820 төгрөгийг төлүүлэх шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 30,022,589 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тэмдэгтийн хураамжийг 30,022,589 төгрөгөөс тооцож 308,063 төгрөг төлсөн гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын заримыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 Их гурван нүд ХХК нь Наранбулаг хан ХХК-д холбогдуулан нийлүүлсэн бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 36,792,409 төгрөг, алданги 6,769,820 төгрөг, нийт 43,562,229 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний 4.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад хариуцагчаас 36,792,409 төгрөгийг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 Магадлалыг эс зөвшөөрч, хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргасан байна.

 1. Зохигч 2018.10.10-ны өдөр Битум зээлээр нийлүүлэх №18/06 тоот гэрээ байгуулж, гэрээний дагуу худалдагч Их гурван нүд ХХК нийт 457,993,872 төгрөгийн үнэ бүхий 283.2 тн битумыг нийлүүлсэн, худалдан авагч Наранбулаг хан ХХК гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй, гэрээний үүргийг зөрчсөн үйл баримт тогтоогджээ.

 Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д нийцсэн байна.

 Алданги нь үүрэг гүйцэтгэгчийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулах анзын нэг төрөл бөгөөд анзын гэрээг бичгээр хийх, хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-иас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тохирсон анзыг алданги гэж Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1., 232 дугаар зүйлийн 232.1., 232.3., 232.6.-д тус тус зохицуулжээ.

 Зохигч гэрээг бичгээр байгуулж, гэрээний 4.2.-т худалдан авагч гэрээний хавсралтад заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутам 0.2%-ийн алданги тооцож төлөх-өөр харилцан тохиролцсон нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

 Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж, 217 дугаар зүйлийн 217.2.-т хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно гэжээ.

 Талууд барааны нэгж үнийг ам.доллараар тодорхойлж, төлбөрийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцож, нийт төлбөрийг монгол төгрөгөөр илэрхийлэн тохиролцсон нь хууль зөрчөөгүй тул ...талуудын хооронд байгуулсан гэрээ нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх хуулийн заалтыг зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ, иймд алданги төлүүлэх гэрээний заалт хүчин төгөлдөр бус... гэх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 2. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй.

 Худалдан авагч гэрээнд заасан хугацаанд барааны үнийг төлөөгүй тул үлдэгдэл төлбөрийг гэрээгээр тохирсон алдангийн хамт гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлага хууль зөрчөөгүй байна.

 Хариуцагч Наранбулаг хан ХХК шаардлагыг эс зөвшөөрч ...нэхэмжлэгч нь алданги тооцож авахгүй гэж тохиролцсон, барааны үнийг төлж барагдуулсан... гэж маргасан боловч хариу тайлбар татгалзаа нотлоогүй, энэ талаар баримтгүй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтад нийцжээ.

 3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн боловч үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4.-т заасан дарааллын дагуу тооцоогүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй байна.

 Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа анхан шатны шүүхийн алдааг зөв тодорхойлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан боловч тооцооны алдаа гаргасан байх тул магадлалд өөрчлөлт оруулах замаар алдааг засч, энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлын заримыг хангах үндэстэй гэж үзлээ.

 4. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4.-т зааснаар үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ.

 Иймд хариуцагчийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2018.11.16-наас 2019.01.28-ны хооронд төлсөн 4 удаагийн, нийт 367,993,872 төгрөгийн төлбөрийг /100,000,000+100,000,000+100,000,000+67,993,872/ бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрт тооцож хасахад гэрээний үндсэн төлбөр дуусгавар болсон байна.

 Харин дээрх төлбөрийг төлөх хугацаа хоорондын үлдэгдэл төлбөрт ногдох алдангийг тооцоход нийт /1,200,000+9,600,000+13,000,000+10,743,032/ 34,543,032 төгрөг болж байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 34,543,032 төгрөгийг хангах нь зүйтэй.

 Нэхэмжлэгч тооцооллын алдаа гаргаснаас алдангийн хэмжээг буруу тодорхойлсон байх бөгөөд хариуцагчаас гаргах төлбөрийн хэмжээ нэхэмжлэлийн нийт шаардлагад багтаж байх тул ...шүүх нэхэмжлэлд дурдсан хэмжээнээс илүү хэмжээгээр алдангийг төлүүлэхээр шийдвэрлэсэн... гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй болно.

 Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын заримыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1853 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...36,792,409 төгрөгийг... гэснийг ...34,543,032 төгрөгийг... гэж, ...6,769,820 төгрөгт... гэснийг ...9,019,197 төгрөгт... гэж, ...341,912 төгрөгийг... гэснийг ...330,665 төгрөгийг... гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунбатын гомдлын заримыг хангасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Наранбулаг хан ХХК-иас 2019.12.04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308,063 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ЦОЛМОН

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Г.АЛТАНЧИМЭГ

                       ШҮҮГЧИД                          П.ЗОЛЗАЯА

                                                                          Г.ЦАГААНЦООЖ

                                                                          Х.ЭРДЭНЭСУВД