Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2019/01828

 

  2019 оны 09 сарын 04 өдөр

               Дугаар 183/ШШ2019/01828

                    Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Н” ХХК-д холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 43.562.229 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний 4.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, түүний өмгөөлөгч Б.О, нарийн бичгийн дарга Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компанитай 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Н” ХХК нь харилцан тохиролцож, ОХУ-д үйлдвэрлэсэн БНД90/130 маркийн автозамын зориулалт бүхий битум (хар тос) 1 хайрцаг нь 960 кг байхаар 1 тонн тус бүрийг 630 ам.доллараар үнэлж 283.2 тн-ыг нийт 457.993.872 төгрөг (ханш 2567 төгрөг)-өөр худалдаж авах тухай 18/06 тоот гэрээ байгуулсан. Төлбөрийг гэрээний хугацаанд буюу 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төлж дуусгахаар тохиролцсон юм. “Н” ХХК нь төлбөрийн урьдчилгаа 50.000.000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 40.000.000 төгрөгийг тус тус төлсөн. “И” ХХК хувьд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж 283 тн 200 кг автозамын битумыг хүлээлгэн өгсөн. Гэтэл “Н” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш төлбөрийг төлөхгүй байсаар 2018 оны 11 сарын 10-ны өдөр гэрээний хугацаа дууссан. Гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн өдөр болох 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс гэрээний 3.14, 4.2-т заасны дагуу хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувийн алданги тооцон “Н” ХХК-ийн төлөлтөөс хасаж тооцон авсан. Иймд “Н” ХХК-ийн төлбөрийн үлдэгдэл 36.792.409 төгрөг, алдангид 6.769.820 төгрөг /92 хоногийн алданги/, нийт 43.562.229 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Талууд төлбөр тооцоог бүрэн дуусгаж байгаа, алданги нэхэхгүй байхаар тохиролцсон. “Н” ХХК нь Монгол Улсын Засгийн газраас 2016 онд хийсэн ажлын хөлс 1.7 тэрбум төгрөгийг төлүүлж аваагүй байгаатай холбоотойгоор санхүүгийн хувьд хүндрэлтэй байсан, түүнчлэн Яармагийн гүүрний хучилтын ажлын ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын төмөр замын 20-р анги нь гүйцэтгэлийн төлбөрийг хугацаа хойшлуулан төлсөн бөгөөд төлбөр тооцоо нь ямар нэг алданги, торгууль тооцох боломжгүй байгаатай холбоотойгоор санхүүгийн хувьд хүндрэлтэй байдалд байгаа. Ийм байдалтай байгаа талаар нийлүүлэгч тал болох “И” ХХК-тай холбоотой ажиллаж ирсэн. Гэвч бид 2018 оны 11 сараас буюу Яармагийн гүүрний ажлын сүүлийн төлбөр орох хугацаа болсон боловч төлбөр төлөгдөхгүй байсан учир банкнаас зээл хөөцөлдөж, улмаар зээл нь 2019 оны 01 сард гарснаар “И” ХХК-ийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж битумын үнийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар бүрэн барагдуулсан. 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “И” ХХК-ийн зүгээс зөвхөн сүүлийн төлбөр 67.993.872 төгрөгийг төлөхөд хангалттай, алданги тооцож авахгүй гэж тохирсон тул төлбөрийн нэхэмжлэлд заасан дүнгээр төлбөрийг барагдуулсан юм. Нэгэнт төлбөр төлөх үед тодорхой ярилцаж тохиролцсон тул 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс өмнө болон түүнээс хойших хугацаанд “И” ХХК нь алданги нэхэмжлэх ирүүлээгүй.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд анх гэрээг байгуулахдаа бүтээгдэхүүний нэгжийн үнийг ам.доллараар илэрхийлж тусгасан. Харин нэхэмжлэгч тал ханшийг тооцохдоо ямар ханшаар тооцсоныгоо нотлоогүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх, гүйцэтгэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ байх тул алданги төлүүлэх тухай гэрээний заалтыг хэрэглэх боломжгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.3-р зүйлд битумыг 630 ам.доллараар тооцон зээлээр авна гэж тусгаж, гэрээний 4.1-д гэрээний төлбөрийг ам.доллараар төлөх ба төгрөгөөр тооцож төлөх бол тухайн өдрийн Хаан банкны бэлэн бусаар валют зарах ханшийг баримтална гэжээ. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-р зүйлд зааснаар Монгол улсын нутаг дэвсгэрт бараа ажил үйлчилгээний үнийг гадаад валют, тооцооны нэгжээр илэрхийлэх, үнэ тогтоохыг хориглоно гэжээ. Иймд тус гэрээний төлбөрийн хэмжээ тодорхойлсон заалт, улмаар нэмэлт үүрэг буюу алдангид хамаарах заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Иймд нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.

 

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Н” ХХК-д холбогдох, худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 43.562.229 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг хангаж, гэрээний 4.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           

1. “И” ХХК, “Н” ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 18/06 дугаар “Битум зээлээр нийлүүлэх”-г байгуулж, уг гэрээгээр худалдагч “И” ХХК нь ОХУ-д үйлдвэрлэсэн БНД 90/130 маркийн авто замын битум нийт 286.15 тн-ыг худалдан авагч “Н” ХХК-д шилжүүлэх, худалдан авагч “Н” ХХК нь 1 тн авто замын битумын үнийг 630 ам.доллараар тооцож, урьдчилгаа 50.000.000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, үлдэгдэл төлбөр 412.764.000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр худалдан авагч “И” ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээг талууд байгуулжээ.

 

Худалдагч “И” ХХК нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж 457.993.872 төгрөгийн үнэ бүхий 283.2 тн ОХУ-д үйлдвэрлэсэн БНД 90/130 маркийн авто замын битумыг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр худалдан авагч “Н” ХХК-д шилжүүлсэн талаар талууд маргаагүй болно.

 

Худалдан авагч “Н” ХХК нь гэрээнд заасан хугацаанд 2018 оны 10 дугаар сарын 11-ны өдөр 50.000.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 40.000.000 төгрөгийг төлсөн, гэрээнд заасан хугацаа хэтрүүлэн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 100.000.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 100.000.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 100.000.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 67.993.872 төгрөг, нийт 457.993.872 төгрөг төлсөн талаар зохигчид маргаагүй байна.

 

Хариуцагч “Н” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.3, 9.1-д “...үлдэгдэл төлбөр 412.764.000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна” гэж заасан үүргээ зөрчиж, хугацаа хэтрүүлэн нэхэмжлэгч “И” ХХК-д 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 100.000.000 төгрөг төлснөөс /хугацаа хэтрүүлсэн 6 хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 367.993.872 төгрөгийн 0.2 хувиар тооцож 4.415.928 төгрөгийг алдангид тооцон/, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 100.000.000 төгрөг төлснөөс /хугацаа хэтрүүлсэн 42 хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 272.409.800 төгрөгийн 0.2 хувиар тооцож 22.882.440 төгрөгийг алдангид тооцон/, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 100.000.000 төгрөг төлснөөс /хугацаа хэтрүүлсэн 17 хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 195.292.240 төгрөгийн 0.2 хувиар тооцож 6.639.945 төгрөгийг алдангид тооцон/, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 67.993.872 төгрөг төлснөөс /хугацаа хэтрүүлсэн 14 хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 101.932.185 төгрөгийн 0.2 хувиар тооцож 2.854.096 төгрөгийг алдангид тооцон/ нийт 367.993.872 төгрөг төлснөөс алдангид 36.792.409 төгрөгийг тооцон авсан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 222 дугаар зүйлийн 222.1.1, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.14, 4.2-т заасантай нийцэж байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч “Н” ХХК-иас гэрээнд заасны дагуу битумын үлдэгдэл төлбөрт /нийт 457.993.872 төгрөг төлөхөөс 2018 оны 10 дугаар сарын 11-ны өдөр төлсөн 50.000.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 40.000.000 төгрөг, хугацаа хэтрүүлэн төлсөн 331.201.463 төгрөгийг тус тус хасаж тооцон 36.792.409 төгрөг”-ийг гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-д олгох нь зүйтэй юм.

 

Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.14, 4.2-т зааснаар 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаа хэтрүүлсэн 92 хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 36.792.409 төгрөгийн 0.2 хувиар тооцож 6.769.820 төгрөгийн алдангийг хариуцагч “Н” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-д олгов.

 

Иймд хариуцагч “Н” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд үлдэгдэл төлбөр 36.792.409 төгрөг, алданги 6.769.820 төгрөг, нийт 43.562.229 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

2. Хариуцагч “Н” ХХК-ийн “....Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.3-т битумыг 630 ам.доллараар тооцон зээлээр авна гэж тусгаж, гэрээний 4.1-д гэрээний төлбөрийг ам.доллараар төлөх ба төгрөгөөр тооцож төлөх бол тухайн өдрийн Хаан банкны бэлэн бусаар валют зарах ханшийг баримтална гэсэн нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар гэрээний 4.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү” гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Учир нь гэрээний 2.3 дахь заалт болон гэрээний хавсралтад “...1 тонны үнэ 630 ам.доллараар тооцон зээлээр авах ба төлбөрт 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 50.000.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор үлдэгдэл 412.764.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулна” гэж заасан байх тул хариуцагч талын сөрөг нэхэмжлэлд дурдсанаар “гадаад валют, тооцооны нэгжээр төлбөр тооцоогоо хийхээр талууд тохиролцсон гэж үзэхгүй бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар гэрээний 4.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Н” ХХК-д холбогдох, худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 43.562.229 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг хангаж, гэрээний 4.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 43.562.229 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-ийн “...гэрээний 4.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 375.761 төгрөгийг, хариуцагч “Н” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 375.762 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 375.761 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.СЭМЖИД