Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 535

 

 

 

 

 

 

 

 

 

Г.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/00215 дугаар шийдвэртэй, Г.М-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “МЭИК” ХХК-д холбогдох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 7 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.М намайг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1136 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн1786 дугаартай магадлалаар “МЭИК” ХХК-ийн салбар хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 756 440 төгрөг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.

2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ажилд эгүүлэн томилох тухай тушаал гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч гарын үсэг, тамга, тэмдэггүй тушаалын төсөл гаргасан байсан ч надад албан ёсоор өгөөгүй. Миний бие аргагүйн эрхэнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан. Шүүхийн шийдвэрийн дагуу ажилд оруулахгүй байсаар шийдвэр гүйцэтгэгчийн тусламжтайгаар 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажилд эгүүлэн томилох тухай “МЭИК” ХХК-ийн захирлын Б/04/470 дугаартай тушаал гаргасан.

Гэвч хөдөлмөрийн гэрээний болон ажлын байрны тодорхойлолтын зарим заалтыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй байсан тул миний бие өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж мөн өдөртөө чөлөөлөгдсөн. Иймд шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор болох 7 000 000 төгрөгийг гаргуулан өгч нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх нэхэмжлэл гаргасан. Гэвч нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг өөрөө төлж бичилт хийлгэсэн учраас зөвхөн дээрх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үлдэх шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа ирж орохыг өөрт нь утсаар болон албан бичгээр удаа дараа хандсан боловч ирдэггүй байсан. Г.М ажилд орохоор ирж уулзаагүй ба хариуцагч компанийн зүгээс түүнтэй холбогдож 2018 оны 9 дүгээр сард ажлын байранд уулзаж ярилцаад анх ажиллаж байсан хяналтын менежерийн албан тушаалд эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ажиллах, эсхүл салбар хариуцсан менежерийн албан тушаалд ажиллахыг санал болгож дахин ярилцах болсон.

Гэтэл нэхэмжлэгч хариу өгөөгүй. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ажлын байранд ирж уулзах, ажилдаа орох талаар ярилцсан боловч тохирсон цагтаа ирээгүй, дахин холбогдоогүй, утас нь ч холбогдохгүй байсан тул 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ажилд эгүүлэн томилох тухай тушаал гаргаж 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн мэдэгдлийн хамт хүргүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 9 цагаас эхлэн салбар хариуцсан менежерийн ажил үүргээ гүйцэтгэхийг албан ёсоор мэдэгдсэн.

Гэвч Г.М 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ирж “...тушаалаа өнөөдрөөр дахин гаргаж өг, та нар намайг ажил тасалсан гэж халах гэж байна уу...” гэх зэргээр бүдүүлэг харьцаж, уг үйлдлээ зогсоохгүй байсан тул арга буюу тушаал дахин гаргахаар хүний нөөцийн менежер тушаалын төсөл бэлдэж танилцуулахаар нэхэмжлэгчид өгөхөд шууд аваад явсан байсан. 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан гэж хэлсэн. “МЭИК” ХХК нь нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрийн дагуу 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажилд нь эгүүлэн авсан.

Шийдвэр гүйцэтгэгч Ч.Оюунбилэг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр анх удаа компани дээр ирж уулзалт хийж Г.Мг ажилд авсан тушаал, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн, ажилгүй байсан хугацааны цалинг олгох талаар танилцуулахад Г.М хөдөлмөрийн гэрээний зүйл заалтыг зөвшөөрөхгүй, ажлаасаа чөлөөлөгдөнө гэж хүсэлтээ тухайн өдөртөө өгсөн тул 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/04/471 дугаартай тушаалаар салбар хариуцсан менежерийн ажлаас нь чөлөөлсөн.

Хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос буюу 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс хойш Г.Мтай удаа дараа холбогдож ажилдаа орох, ажил үүргээ гүйцэтгэх талаар ярилцахад саналаа хэлэхгүй, ирж уулзахгүй, ирсэн үедээ хэрүүл, маргаан үүсгэж бүдүүлэг харьцах, албан ёсоор ажилд авах тушаал гарсныг хүлээж авч танилцсан атлаа шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байна гэж шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж, эцэст нь өргөдлөө өгөөд гарч байгаа зэрэг нь анхнаасаа ажиллах сонирхолгүй байж 2018 оны 5 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сарыг хүртэлх 7 000 000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “МЭИК” ХХК-иас 5 093 490 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Мд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 906 510 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагаас татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Мгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 96 446 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс “ажил олгогч нь ажилтан Г.Мг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан өдөр болох 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс ажилд эгүүлэн томилох тушаал гарсан өдөр болгож 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор олгох үүрэгтэй боловч нэхэмжлэгч 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор нэхэмжилж байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болно” хэмээн хэргийн нөхцөл байдал, нотлох баримтуудыг бүрэн үнэлэлгүйгээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан.

Г.М нь шүүхэд нэр төрөө сэргээлгэх, сэтгэл санааны хохирол 7 367 989 төгрөг, салбар хариуцсан менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэр, 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлалаар эцэслэн шийдвэрлэсэн. Үүнээс хойш 14 хоногийн хугацаанд хяналтын журмаар гомдол гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.2-т заасны дагуу 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогч хуулийн хүчин төгөлдөр болсон өдрийн дараагийн өдөрт биелүүлэх үүрэгтэй гэсний дагуу мөн өдрөөс биелүүлэх үүрэг үүсэх байтал өмнөх хугацааны цалин гаргуулж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй ажилдаа орох талаар уулзалт товлох, ажлаа гүйцэтгэх, ажилд авах тушаал танилцуулах зэрэгт ирдэггүй, ирсэн ч орхиод гардаг, ажилд авах тушаалыг гардаж авахгүй, ажлаа хийхгүй, хэрүүл маргаан үүсгэх зэргээр ажилдаа эргэж орохоос зайлсхийх арга замыг хайж ирсэн. Сүүлдээ шуудангаар ажил авсан тушаалыг илгээж ажилд орохыг утсаар мэдэгдэхэд 9811-1022 дугаарын утаснаас 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 21 цаг 16 минутад “О.мэнд. Хүүхдийн цэцэрлэг хөөцөлдөөд бүтэхгүй бн аа. Хувийн цэцэрлэгт өгөх гэхээр мөнгө бүтэж өгдөггүй ээ. Би 12 сарын 1-нээс орьё, тэгэх үү.” гэж мессэж ирүүлсэн атлаа хариуцагч шийдвэр гүйцэтгэхгүй байгаа мэтээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлд хандсан зэрэг хэргийн нөхцөл байдал, тайлбаруудыг шүүх бүрэн бодитой үнэлж, дүгнэсэн бол нэхэмжлэгч өөрөө ажлаа ирж хийхгүй байсан, улмаар хүсэлтээ өгч чөлөөлөгдөж байхад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Г.М нь “МЭИК” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 7 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл нэхэмжлэгч Г.Мг ажил олгогч буюу хариуцагч “МЭИК” ХХК нь ажлаас үндэслэлгүй халсантай холбоотой маргааныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1136 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1786 дугаар магадлалаар шийдвэрлэж, салбар хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 756 440 төгрөг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна./хх5-12/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Гэтэл хариуцагч тал шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас  шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан үйл баримт тогтоогджээ. Тодруулбал, хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Г.Мг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Салбар хариуцсан менежерийн ажилд эгүүлэн томилох тухай” Б/04/470 дугаар тушаал гаргаснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 11/864 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол” гаргасан байна. /хх23,55/

 

Нэхэмжлэгч Г.Мгийн “хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрх ажилд эгүүлэн тогтоосон өдрийг хүртэл зөрчигдсөн хэвээр үргэлжилсэн байна. Иймд ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс ажил олгогчоос түүнийг ажилд нь эгүүлэн томилох тушаал гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн  69.1 дэх хэсэгт заасантай нийцнэ. /хх23/

 

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч өөрөө ажилдаа орохгүй байсан, энэ талаарх хэргийн нөхцөл байдалд шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй гэх агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах, түүнчлэн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр түүнийг ажилд нь эгүүлэн томилсон тушаал гарсанд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/00215 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “МЭИК” ХХК давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 96 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                               ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                     Т.ТУЯА