Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2020/00036

 

Г.Мгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/00215 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 535 дугаар магадлалтай,

Г.Мгийн нэхэмжлэлтэй

“М Э И К” ХХК-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 7 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвхүүгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.М намайг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1136 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн1786 дугаартай магадлалаар “М Э И К” ХХК-ийн салбар хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 756 440 төгрөг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ажилд эгүүлэн томилох тухай тушаал гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч гарын үсэг, тамга, тэмдэггүй тушаалын төсөл гаргасан байсан ч надад албан ёсоор өгөөгүй. Миний бие аргагүйн эрхэнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан. Шүүхийн шийдвэрийн дагуу ажилд оруулахгүй байсаар шийдвэр гүйцэтгэгчийн тусламжтайгаар 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажилд эгүүлэн томилох тухай “М Э И К” ХХК-ийн захирлын Б/04/470 дугаартай тушаал гаргасан. Гэвч хөдөлмөрийн гэрээний болон ажлын байрны тодорхойлолтын зарим заалтыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй байсан тул миний бие өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж мөн өдөртөө чөлөөлөгдсөн. Иймд шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор болох 7 000 000 төгрөгийг гаргуулан өгч нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх нэхэмжлэл гаргасан. Гэвч нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг өөрөө төлж бичилт хийлгэсэн учраас зөвхөн дээрх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үлдэх шаардлагаас татгалзаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа ирж орохыг өөрт нь утсаар болон албан бичгээр удаа дараа хандсан боловч ирдэггүй байсан. Г.М ажилд орохоор ирж уулзаагүй ба хариуцагч компанийн зүгээс түүнтэй холбогдож 2018 оны 9 дүгээр сард ажлын байранд уулзаж ярилцаад анх ажиллаж байсан хяналтын менежерийн албан тушаалд эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ажиллах, эсхүл салбар хариуцсан менежерийн албан тушаалд ажиллахыг санал болгож дахин ярилцах болсон. Гэтэл нэхэмжлэгч хариу өгөөгүй. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ажлын байранд ирж уулзах, ажилдаа орох талаар ярилцсан боловч тохирсон цагтаа ирээгүй, дахин холбогдоогүй, утас нь ч холбогдохгүй байсан тул 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ажилд эгүүлэн томилох тухай тушаал гаргаж 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн мэдэгдлийн хамт хүргүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 9 цагаас эхлэн салбар хариуцсан менежерийн ажил үүргээ гүйцэтгэхийг албан ёсоор мэдэгдсэн. Гэвч Г.М 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ирж ...тушаалаа өнөөдрөөр дахин гаргаж өг, та нар намайг ажил тасалсан гэж халах гэж байна уу... гэх зэргээр бүдүүлэг харьцаж, уг үйлдлээ зогсоохгүй байсан тул арга буюу тушаал дахин гаргахаар хүний нөөцийн менежер тушаалын төсөл бэлдэж танилцуулахаар нэхэмжлэгчид өгөхөд шууд аваад явсан байсан. 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан гэж хэлсэн. “М Э И К” ХХК нь нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрийн дагуу 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажилд нь эгүүлэн авсан. Шийдвэр гүйцэтгэгч Ч.Оюунбилэг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр анх удаа компани дээр ирж уулзалт хийж Г.Мг ажилд авсан тушаал, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн, ажилгүй байсан хугацааны цалинг олгох талаар танилцуулахад Г.М хөдөлмөрийн гэрээний зүйл заалтыг зөвшөөрөхгүй, ажлаасаа чөлөөлөгдөнө гэж хүсэлтээ тухайн өдөртөө өгсөн тул 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/04/471 дугаартай тушаалаар салбар хариуцсан менежерийн ажлаас нь чөлөөлсөн. Хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос буюу 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс хойш Г.Мтай удаа дараа холбогдож ажилдаа орох, ажил үүргээ гүйцэтгэх талаар ярилцахад саналаа хэлэхгүй, ирж уулзахгүй, ирсэн үедээ хэрүүл, маргаан үүсгэж бүдүүлэг харьцах, албан ёсоор ажилд авах тушаал гарсныг хүлээж авч танилцсан атлаа шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байна гэж шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж, эцэст нь өргөдлөө өгөөд гарч байгаа зэрэг нь анхнаасаа ажиллах сонирхолгүй байж 2018 оны 5 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сарыг хүртэлх 7 000 000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/00215 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч “М Э И К” ХХК-иас 5.093.490 /таван сая ерөн гурван мянга дөрвөн зуун ерөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Мд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.906.510 /нэг сая есөн зуун зургаан мянга таван зуун арав/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Мгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 96 446 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 535 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/00215 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М Э И К” ХХК давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 96 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвхүү хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хариуцагч талаас дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийн нөхцөл байдлын бүрэн дүүрэн зөв үнэлж дүгнэлгүйгээр: “...Хариуцагч талаас шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан үйл баримт тогтоогдсон хэмээсэн. “М Э И К” ХХК-ийн зүгээс Г.Мтай ажилд авахаар уулзалт товлох, ажилдаа гүйцэтгэх, ажилд авах тушаал танилцуулах зэрэгт уулзалтад ирдэггүй, ирж уулзаад ширээ, сандлыг нь бэлдчихсэн байхад орхиод гарчихдаг, ажилд авах тушаалыг гардаж авахгүй, ажлаа хийхгүй, хоёрын хооронд хэл ам гаргах, тушаал буруу байна гэх зэргээр тушаалтай танилцахаас татгалзаж хэрүүл маргаан үүсгээд ажлаа хийхгүй байсан. Манай компанийн хувьд нэгэнт цаашдаа ажиллуулах шүүхийн шийдвэр гарсан тул Г.Мтай аль болох ойлголцоод эв зүйгээр шийдвэрлээд явахыг хүссэн боловч Г.М ийм бодолгүй, компанитай хэрүүл тэмцэл хийж хугацаа хожиж байгаад аль болох их мөнгө салгах гэсэн увайгүй байдлаар хандаж ирсэн байна. Бидний зүгээс Г.Мтай дараах байдлаар уулзалт товлох, утсаар холбогдох, мэдэгдэх байдлаар ажлаа хийж гүйцэтгэхийг хүссэн байдаг. Тодруулбал: 1. Анх 2018 оны 09 дүгээр сард компанийн ажлын байранд хийсэн уулзалтаар Г.М нь: “Би энэ компанид анх чанарын менежер гэх албан тушаалтай ажиллаж байсан, би “чанарын шалгагч” мэргэжилтэй сүүлд намайг Салбар хариуцсан менөжер болгосон, би анх орсон мэргэжлийн дагуу ажил хийе” гэсэн саналыг тавьж, би бас гэрийнхэнтэйгээ ярилцах хэрэгтэй юм байна гээд эргэж мэдэгдэхээр болоод биднийг холбогдох хүртэл өөрөө яриагүй, 2. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр утсаар холбогдож, 2018.11.06-ны өдрөөс ирж уулзаад “Салбар хариуцсан менежер” -ийн ажлаа хийж эхлэхийг мэдэгдсэн ч энэ өдрөө мөн ирээгүй. 3. 2018.11.14-ний өдөр ажлаа хийх мэдэгдэл өгч 2018.11.19-ний өдрөөс эхлэн ажлаа гүйцэтгэж эхлэхийг мэдэгдсэн. Энэ талаар 2018.11.14-ний өдөр өөрт нь мэдэгдэл хүргүүлснээ утсаар мэдэгдсэн. 4. 2018.11.19-ний өдөр арга буюу ажлын байранд ирж хэл ам, хэрүүл тэмцлээ хийчихээд явсан. Г.М нь биднийг бичгээр мэдэгдэл өгснийг мэдсэн даруйдаа буюу 2018.11.14-ний өдөр мөн шийдвэр гүйцэтгэлд хандсан байдаг. Улмаар 2018.11.20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тодруулбал компаниас ажил үүргээ гүйцэтгэх талаар мэдэгдсээр байтал энэ хүн яагаад шийдвэр гүйцэтгэлд хандах болов, яагаад шүүхэд нэхэмжлэл гаргах болов, үүнд ямар сонирхол байв, зэргийг шүүх тодруулалгүй зөвхөн “тушаал гаргаагүй” гэж хэт өрөөсгөл хүрээнд дүгнэж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Сүүлдээ шуудангаар ажил авсан тушаалыг илгээж ажилдаа орохыг утсаар хүсэхэд өөрийн 9811-1022 дугаарын утаснаас 2018.11.20-ны өдрийн 21:16 минутад: “О.мэнд. Хүүхдийн цэцэрлэг хөөцөлдөөд бүтэхгүй бн аа. Хувийн цэцэрлэгт өгөх гэхээр мөнгө бүтэж өгдөггүй ээ. Би 12 сарын 1 нээс орьё, тэгэх үү.” гэсэн мессежийг хүртэл ирүүлж байсан хэрнээ өөрөө биднийг шийдвэрийг гүйцэтгэхгүй байгаа мэтээр шийдвэр гүйцэтгэлд хандаж өргөдөл гаргасан зэрэг баримт, хэргийн нөхцөл байдал, тайлбаруудыг бүрэн бодитой үнэлж дүгнэсэн бол нэхэмжлэгч өөрөө ажлаа ирж хийхгүй байсан; энэ нь улмаар өөрөө хүсэлтээ өгч чөлөөлөгдөж байгаа, гэрч Г.Болормаа ч энэ талаар мэдүүлсэн зэргээр нотлогдож байхад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн хуулийн этгээд заавал биелүүлнэ.” Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т заасны дагуу ажил олгогч хуулийн хүчин төгөлдөр болсон өдрийн дараагийн өдөрт биелүүлэх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу 2018.08.30-ны өдрөөс хойш биелүүлэх үүрэг үүсэх байтал үүнээс өмнөх хугацааны цалин гаргуулж шийдвэрлэсэн хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Г.М нь “М Э И К” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарснаас хойш, ажилд авсан үе хүртэл хугацааны олговор 7 000 000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй, маргажээ. Даатгалын төлөлт хийгдсэн учраас нэхэмжлэгч нь нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас 5 093 490 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, хэвээр үлдээжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явуулсан, маргааны үйл баримтыг хэрэгт байгаа баримтын хэмжээнд үндэслэлтэй дүгнэж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлснээ нотлоогүй тул энэ үндэслэлээр “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах”-ыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхино.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1136 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1786 дугаар магадлалаар Г.Мг “М Э И К” ХХК-ийн салбар хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацааны олговор 3 756 440 төгрөгийг олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна./хх5-12/

“М Э И К” ХХК шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосноор шийдвэрийг бодитой биелэгдсэн гэж үзэх учир шүүх ажил олгогчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн салбар хариуцсан менежерийн ажилд эгүүлэн томилох тухай Б/04/470 дугаар тушаал, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 11/864 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол гэсэн баримтад тулгуурлан тухайн өдөр шийдвэр биелэгдсэн талаар дүгнэсэн нь хуулийн үндэслэлтэй болжээ. /хх23,55/ Г.М нь ажилд эгүүлэн тогтоогдсон боловч өөрийн хүсэлтээр 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

 

Хариуцагч нь ажилдаа орохыг нэхэмжлэгчид хэрхэн мэдэгдсэн, ажиллах нөхцөлөөр хэрхэн хангасан талаар нотлоогүй бөгөөд уг ажиллагааг өөрөө хийх үүрэгтэй байхад гэрчийн мэдүүлэг хангалттай нотлохгүй юм. Хэрэгт байгаа баримтын хүрээнд нэхэмжлэгч ажилдаа очоогүй гэх байдал тогтоогдоогүй байна.

Ажлаас чөлөөлсөн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон  2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд хууль бус тушаалын үр дагавар үргэлжилсэн, ажилтны эрх зөрчигдсөн хэвээр байсан тул энэ хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/00215 дугаар шийдвэр, Нийслэлийн  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 535 дугаар магадлалыг тус тус  хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг  хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 96 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА