Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2019/00215

 

 

 

 

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2019/00215

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.М -гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч :М ХХК -д холбогдох,

цалинтай тэнцэх олговорт 7.000.000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.М, хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, гэрч Г.Б, нарийн бичгийн даргад Э.Байгалмаа нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.М намайг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1136 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн1786 дугаартай магадлалаар М ХХК-ийн салбар хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 3.756.440 төгрөгийг олгож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.

Намайг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ажилд эгүүлэн томилох тухай тушаал гаргасан гэж тайлбарлдаж байгаа боловч гарын үсэг, тамга тэмдэггүй тушаалын төсөл гаргасан байсаныгаа хэлж байгаа юм. Тэр тушаалыг ч надад албан ёсоор өгөөгүй. Би аргагүйн эрхэнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан.

            Шүүхийн шийдвэрийн дагуу намайг ажилд оруулахгүй байсаар шийдвэр гүйцэтгэгчийн тусламжтайгаар 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажилд эгүүлэн тохилох тухай М ХХК-ийн захирлын Б/04/470 дугаартай тушаал гаргасан. Гэвч хөдөлмөрийн гэрээний болон ажлын байрны тодорхойлолтын зарим заалтыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй байсан болохоор би өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж мөн өдөртөө чөлөөлөгдсөн.

            Иймд шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг дуусталх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор болох 7.000.000 төгрөгийг гаргуулан өгч нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргаж байсан боловч би нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг өөрөө төлж бичилтээ хийлгэсэн учраас 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг дуусталх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

Хариуцагч М ХХК ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа ирж орохыг өөрт нь утсаар болон албан бичгээр удаа дараа хэлж байсан боловч ирдэггүй байсан.

Г.М нь ажилдаа орохоор ирж уулзаагүй бөгөөд компаний зүгээс түүнтэй холбогдож 218 оны 9 дүгээр сард компанийн ажлын байранд уулзаж ярилцаад анх хашиж байсан хяналтын менежерийн албан тушаалд эзэмшсэн мэргэжлийн дагуу ажиллах, эсхүл салбар хариуцсан менежерийн албан тушаалдаа ажиллах саналыг тавьж дахин ярилцахаар болсон. Гэтэл нэхэмжлэгч хариу өгөөгүй. 2018 оны 11дүгээр сарын 06-ны өдөр ажлын байранд ирж уулзах, ажилдаа орох талаар ярилцсан боловч тохирсон цагтаа ирээгүй. Үүнээс хойш дахин холбогдоогүй, утас нь ч холбогдохгүй байсан тул 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ажилд эгүүлэн томилох тухай тушаал гаргаж 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн мэдэгдлийн хамт хүргүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 9 цагаас эхлэн салбар хариуцсан менежерийн ажил үүргээ гүйцэтгэхийг албан ёсоор мэдэгдсэн. Гэтэл Г.М 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ирж тушаалаа өнөөдрөөр дахин гаргаж өг, та нар намайг ажил тасалсан гэж халах гэж байна уу гэх зэргээр бүдүүлэг харьцаж уг үйлдэлээ зогсоохгүй байсан тул арга буюу тушаал ахин гаргахаар хүний нөөцийн менежер тушаалын төсөл бэлдэж танилцуулахаар Г.Мд өгтөл шууд аваад явчихсан байсан.

Гэтэл Г.М 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр би шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өгчихсөн байгаа гэж хэлсэн. М ХХК нь нэхэмжлэгч Г.Мг шүүхийн шийдвэрийн дагуу 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажилд нь эгүүлэн авсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Ч.Оюунбилэг 2018 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр анх удаа компани дээр ирж уулзалт хийж Г.Мөнхзаяг ажилд авсан тушаал, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн, ажилгүй байсан хугацааны цалинг нь олгохоор болсон талаар танилцуулахад Г.М хөдөлмөрийн гэрээний зүйл заалтыг зөвшөөрөхгүй, би ажлаасаа чөлөөлөгдөнө гэсэн хүсэлтийг тухайн өдөртөө өгсөн.

Г.М өөрөө хүсэлтээрээ ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул М ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/04/471 дугаартай тушаалаар салбар хариуцсан менежерийн ажлаас нь чөлөөлсөн.

Манай компаний зүгээс шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш буюу 2018 оны 8 дугаар сарын 30-наас хойш Г.М-тай удаа дараа холбогдож ажилдаа орох, ажил үүргээ гүйцэтгэх талаар ярилцахад нэхэмжлэгч өөрийн саналаа хэлдэггүй, ирж уулздпаггүй ирэхээрээ хэрүүл маргаан үүсгэж бүдүүлэг харьцдаг, тушаал гаргаж танилцуулаад байхад ажил үүргээ гүйцэтгэдэггүй, албан ёсоор ажилд авах тушаал гарсныг хүлээж авч танилцчихаад шүүхийн шийдвэр биелэхгүй байна гээд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан. Ажилд нь авах тушаал гаргаад танилцуулахад өргөдлөө өгөөд гарч байгаа зэрэг нь Г.М анхнаасаа ажиллах сонирхолгүй байсан байж 2018 оны 5 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сарыг хүртэлх 7.000.000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Нэхэмжлэгчийн өөрийнх нь буруугаас болж шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа ороогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд гэрч Г.Б-ийн мэдүүлгийг сонсов.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад     

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татагалзсаныг батлах үндэстэй.

Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч М ХХК-д холбогдуулан 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 17-ныг дуусталх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7.000.000 төгрөгийг гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1136 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1786 дугаартай магадлалаар нэхэмжлэгч Г.М-г М ХХК-ийн салбар хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 3.756.440 төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ. /хх-ийн 5-12- р хуудас/

Дээрх шийдвэрт тус шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 1249 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг олгон Г.М-г М ХХК-ийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/04/470 дугаартай тушаалаар тус компанийн салбар хариуцсан менежерийн ажилд эгүүлэн томилсон тушаалыг гаргаснаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 11/864 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг гаргажээ./хх-ийн 21,23,3052-53, 55-р хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэжээ.

Ажил олгогч М ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/04/470 дугаартай тушаалаар Г.Мг ажилд нь эгүүлэн томилсон өдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж мөн өдөртөө Ажлаас чөлөөлөх тухай тушаал, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрээ хүлээн авсан байна./хх-ийн 23-26-р хуудас/

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1136 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1786 дугаартай магадлалаар нэхэмжлэгч Г.М-г М ХХК-ийн салбар хариуцсан менежерийн ажилд эгүүлэн томилсон боловч түүнийг ажилд нь эгүүлэн томилох тухай Б/04/470 дугаартай тушаал гарах хүртэл буюу 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл ажилгүй байсан болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 5-12, 23, 52-55-р хуудас/

Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Ажилтны цалин хөлсийг сард хоёр ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр олгоно гэжээ.

Ажил олгогч нь ажилтан Г.М-г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан өдөр болох 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс ажилд нь эгүүлэн томилох тухай тушаал гарсан өдөр болох 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг ажилтан Г.Мд олгох үүрэгтэй боловч нэхэмжлэгч 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг дуусталх хугацааны цалинтай тэнцэх олговор нэхэмжилж байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдсэн болно.

2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг дуусталх 6 сар /6 сар Х 848.915 = 5.093.490 төгрөг/ 5.093.490 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй болно.

Иймд ажил олгогч М ХХК-иас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5.093.490 төгрөгийг гаргуулж ажилтан Г.М-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.906.510 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ.

Ажилтан Г.М-г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт түүний 1 сарын дундаж цалинг 848.915 төгрөг гэсэн байх тул түүний дундаж цалинг энэ хэмжээгээр тооцсон болно./хх-ийн 7,8-р хуудас/

Нэхэмжлэгч Г.М нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөхгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг батлах үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1.-д заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 5.093.490 /таван сая ерөн гурван мянга дөрвөн зуун ерөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.М-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.906.510 /нэг сая есөн зуун зургаан мянга таван зуун арав/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.М-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 96.446 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                        

ДАРГАЛАГЧ                           Ч.ИЧИНХОРЛОО