Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 1847

 

 

 

 

 

 

 

 

 

 “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/01829 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Х”  ХК-д холбогдох

 

Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 23 469 174 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А” ХХК нь 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “Х”  ХК-тай төлбөр барагдуулах гэрээг (17 449 200 төгрөг) байгуулсан. Гэрээний 2-р зүйлд заасны дагуу хариуцагч нь төлбөр тооцоог шатлалтайгаар хувааж төлөхөөр тохиролцож, сүүлчийн төлбөрийг 2018 оны 6 дугаар сарын 30-ны дотор барагдуулах үүрэг хүлээсэн боловч одоог хүртэл энэхүү төлбөрийг барагдуулаагүй байна. Төлбөр барагдуулах талаар хариуцагч талтай олон удаа утсаар холбогдож, уулзалт зохион байгуулж байсан ч үр дүнд хүрэхгүй өнөөг хүрсэн. Иймд төлбөр барагдуулах гэрээний 2.1-р зүйлд заасан гэрээний төлбөр болох 17 499 200 төгрөг болон гэрээний 2.2-т заасны дагуу (нийт 345) хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1%-ийн алданги болох 6 019 974 төгрөг, нийт 23 469 174 төгрөгийг гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Н-ын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний өмгөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь “А” ХХК-тай 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 17 449 200 төгрөгийн төлбөр барагдуулах гэрээг байгуулж, төлбөрийг хувааж төлөхөөр тохиролцсон боловч үйлдвэрлэлийн дамжлагад эвдрэл гэмтэл гарч бүтээгдэхүүн хангалттай үйлдвэрлэж чадахгүй, хөрөнгө санхүүгийн боломжгүйн улмаас үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадаагүй билээ. 2019 оны 4 дүгээр сараас блокны үйлдвэрээ түрээслүүлж эхэлсэн боловч үйл ажиллагаа нь жигдрэхгүй, засвар үйлчилгээ хийж, энэ сараас эхлэн хэвийн явж эхлээд байна. Манай компанийн зүгээс түрээслэгч компанидаа хандан түрээсийн орлогоо авахгүйгээр “Х”  ХК-ийн харилцагч компаниудын өр төлбөрийг барагдуулж өгнө үү гэсэн хүсэлт тавьсаныг хүлээн авч шийдвэрлэж өгч туслахаар болсон юм. Бидний хувьд “А” ХХК-ийн нэхэмжилж буй алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, компани асар их өр төлбөртэй байгаа. Харин бид төлбөр барагдуулах гэрээний дүн болох 17.449.200 төгрөгийн үнийн дүнд хөнгөн бетон блокыг наадмын дараагаас түрээслэгч компаниар дамжуулан бага багаар хэсэгчлэн нийлүүлэх боломжтой юм гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 466 дугаар зүйлийн 466.1, 466.6-д заасныг баримтлан хариуцагч “Х”  ХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 20 293 387 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 175 787 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 275 296 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х”  ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 259 416 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нь шийдвэрийн үндэслэх хэсэгтээ: "Төлбөр барагдуулах гэрээ"-ний 2.2-т "хэрэв хүснэгтэд заасан төлбөр төлөгдөх сүүлийн хугацаанаас хойш 6 сар болоход төлбөр төлөгдөж дуусаагүй бол төлөгдөөгүй үнийн дүнд хоногийн 0.1 хувийн алданги төлнө" гэж заасны дагуу хариуцагч талын төлбөр төлөх сүүлийн хугацаа болох 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 6 сарыг тооцон 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 163 хоногийг хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэн, гүйцэтгээгүй үүргийн дүн болох 17 449 200 төгрөгийн 0.1 хувиар тооцож 2 844 187 төгрөгийн алдангийг хариуцагч "Х" ХК-иас гаргуулан нэхэмжлэгч "А"ХХК-д олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 466 дугаар зүйлийн 466.6 дахь хэсэгт заасантай нийцэж байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. "Х" ХК болон "А" ХХК-ийн хооронд 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр "Төлбөр барагдуулах гэрээ" байгуулагдаж, уг гэрээгээр "Х" ХК нь 2014 оны 10 дугаар сард "А" ХХК-иас нийлүүлсэн цементийн үнийн үлдэгдэл болох 17 449 200 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор сар бүр 2 908 200 төгрөгийг "А" ХХК-д төлж барагдуулахаар болсон. Ийнхүү "Төлбөр барагдуулах гэрээ" байгуулахдаа нийт дүнг 17 449 200 төгрөг байхаар тохиролцсон хэдий ч үйлдвэрлэлийн дамжлагад эвдрэл гэмтэл гарч бүтээгдэхүүн хангалттай үйлдвэрлэж чадаагүй, хөрөнгө санхүүгийн боломжгүйн улмаас үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадаагүйн улмаас төлбөрийг тогтоосон хугацаанд төлж барагдуулж чадаагүй. Үүний дараа манай компанийн зүгээс түрээслэгч компанидаа хандан түрээсийн орлого авахгүйгээр харилцагч компаниудын өр төлбөрийг барагдуулах хүсэлтийг тавьсныг хүлээн авч шийдвэрлэж өгч туслахаар болсон тул төлбөр барагдуулах гэрээний дүн болох 17 449 200 төгрөгийн үнийн дүнг бага багаар хэсэгчлэн төлөх боломжтой болсон. Манай компани 17 449 200 төгрөгийг хугацаандаа төлөх боломжгүй болсноо "А" ХХК-д мэдэгдэж, бизнесийн харилцааны хүрээнд ойлголцон алдангийг тооцохгүй байх тохиролцоонд хүрсэн байсан тул 2 844 187 төгрөгийн алдангийг манай компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн "... 2 844 187 төгрөгийн алдангийг хариуцагч "Х" ХК-иас гаргуулах" хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Хариуцагч “Х”  ХК-д холбогдуулан “А” ХХК-иас төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 23 469 174 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч байгууллагаас үндсэн төлбөр 17 499 200 төгрөгийг зөвшөөрч, алданги төлөх боломжгүй гэж маргажээ./хэргийн 1-2, 20 дугаар тал/

 

            Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд зохигчдын хооронд 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр “Х”  ХК нь 2014 оны 10 дугаар сард нийлүүлсэн цементийн үнийн үлдэгдэл болох 17 449 200 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд сар бүр 2 908 200 төгрөгийг “А” ХХК-д төлж барагдуулахаар тохиролцжээ./хэргийн 6-7 дугаар тал/

 

            Зохигчдын хооронд Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт зааснаар тооцоо нийлэх гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэсэнд талууд маргаагүй.

 

            Түүнчлэн, шүүхээс хариуцагч талын төлбөр төлөх сүүлийн хугацаа болох 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 6 сарыг тооцон 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 163 хоног хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэн, алдангид 2 844 187 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2 болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцжээ.

 

            Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлсэн байна.

 

            Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

            Тодруулбал, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/01829 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 460 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                     ШҮҮГЧИД                              Т.ТУЯА

 

                                                С.ЭНХТӨР