Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2017/0548/З |
Дугаар | 147 |
Огноо | 2018-04-02 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 147
“Д” ХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн
орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарт
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Л.Атарцэцэг
Д.Мөнхтуяа
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Ц.Х, Р.Д, татварын улсын байцаагч Б.Б нарын 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 210003852 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0780 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0041 дүгээр магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч: итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, Н.Э, өмгөөлөгч Т.Б,
Хариуцагч: татварын улсын байцаагч Б.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Б.Б, Ц.Т нар,
Нэхэмжлэгч “Д” ХК-ийн ерөнхий захирал Д.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0780 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Д” ХК-аас гаргасан “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Ц.Х, Р.Д, татварын улсын байцаагч Б.Б нарын 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 210003852 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0041 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0780 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Шүүх хуулийг буруу хэрэглэсэн талаар. Нэхэмжлэгч нь анх 210003852 тоот актыг бүхэлд нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд 23 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 30.1.3, 34.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, актыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн билээ. Давж заалдах шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 417 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэн хэвээр үлдээсэн. Харин хяналтын шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 309 дүгээр тогтоолынхоо Хянавал хэсэгт “Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ уул шаардлагатай холбоотой үйл баримтыг захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн эсэх, энэ журмыг хэрэглэх боломжтой байсан эсэхэд дүгнэлт хийлгүйгээр шийдсэн нь учир дутагдалтай болжээ” гэж процессын алдаа дутагдлыг заагаад, маргааныг агуулгаар нь хянан хэлэлцэлгүйгээр зөвхөн дурдсан үндэслэлээр 2 шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосон.
4. Ингээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхдээ өмнөх анхан болон давж заалдах шатны шүүхийн дурдсан шийдвэрүүдийг огт харгалзан үзэлгүй энэ асуудлыг дахин шинээр хянан эсрэг шийдвэрлэсэн тул бид гомдол гаргасанд давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0041 дүгээр магадлалынхаа Хянавал хэсэгт “...нэхэмжлэгчийн гомдолд дурдсан анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг ... хяналтын шатны ... шүүх хуралдааны ... тогтоолоор хүчингүй болгосон байна. Нөгөөтэйгүүр, шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй бөгөөд шүүх шийдвэр гаргахдаа бусад шийдвэрийг жишиг болгон, үндэслэж болохгүй” гэж заан гомдлыг хангахгүй орхилоо. Гэтэл бид энд ижил төстэй өөр хэргийн шийдвэрийг жишиг болгох талаар яриагүй, 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тавигдсан 210003852 тоот акт илт хүчин төгөлдөр бус болохыг захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүд зохих хууль тогтоомжийг баримтлан өмнө нь нэгэнт тогтоочихсон бөгөөд эдгээр шийдвэрийн үндэслэл болсон хэргийн аливаа нөхцөл байдал, нотлох баримт, хэрэглэсэн хууль тогтоомж огт өөрчлөгдөөгүй байхад шүүх дахин шинээр хянан, эсрэг шийдвэр гаргасан нь огт ойлгомжгүй байна.
5. Шийдвэр, магадлалаар захиргааны актыг хууль ноцтой зөрчсөн болохыг хүлээн зөвшөөрсөн тухайд. Давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0041 дүгээр магадлалынхаа Хянавал хэсэгт “...маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгч гардаж авах үед Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Д гарын үсэг зураагүй, эцэслэн ёсчлоогүй байжээ. Энэ талаар анхан шатны шүүх “Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3, “Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 7 дугаар зүйлийн 7.4.3-т заасныг зөрчсөн”, татварын улсын байцаагч Р.Д нь өөрийн шалгасан актыг өөрөө хянан баталгаажуулсан байна” гэж зөв дүгнэлт хийсэн байна. Хэдийгээр татварын улсын байцаагч нар татварын хууль тогтоомжийг зөрчсөн нь тогтоогдож байх боловч Татварын ерөнхий газрын архив, татвар төлөгчийн хувийн хэрэгт буй бусад /2 хувь/ актад Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Д гарын үсэг зурж, баталгаажуулж, хүчин төгөлдөр болсон, мөн 3 хувь үйлдэгдсэн актууд нь агуулгын болон төлбөрийн дүнгийн зөрүүгүй байна. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй” гэж дүгнэсэн нь огт логикгүй, өөрөө өөрийгөө үгүйсгэсэн дүгнэлт байх юм.
6. Хариуцагч нь актыг 3 хувь үйлдэж, тэдгээрийг хянан баталгаажуулахдаа холбогдох татварын хууль тогтоомжийн тодорхой зүйл заалтуудаар тогтоосон захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул бид Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-ийн 9.1.9-д заасан “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэх үндэслэлээр актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд хандсан билээ. Татварын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д татварын алба, татварын улсын байцаагч нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх зарчим баримтлахаар заажээ. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д татварын алба, татварын улсын байцаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гагцхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актыг удирдлага болгон ажиллахаар байна.
7. Хариуцагч 210003852 тоот актыг тавихдаа Татварын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 34 дүгээр зүйлийн 34.2, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасны дагуу татварын улсын байцаагчийн актыг “хянан баталгаажуулах” үе шатны ажиллагааг орхигдуулсан байгаа. Захиргааны актыг хянан баталгаажуулах үйл ажиллагаа нь хяналт шалгалт хийсэн улсын байцаагчийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, улмаар акт, дүгнэлтэд өөрчлөлт оруулах, хүчингүй болгох бүрэн боломжтой захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нэгэн хэсэг буюу бие даасан ажиллагаа билээ. Гэтэл энэхүү тусдаа, бие даасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам ноцтой зөрчигдсөний улмаас нэхэмжлэгч нь татварын улсын байцаагчийн гарын үсэг зурж, эцэслэн ёсчилсон акттай танилцах, гардан авах, түүнд гарын үсэг зурах, актыг хянуулах эрх нь зөрчигдөж, улмаар их хэмжээний төлбөрийг илт хууль бус актын үндсэн дээр төлөх үр дагавар үүсч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдөж байна.
8. Анхан болон давж заалдах шатны шүүх нь ийнхүү хариуцагчийг хууль зөрчсөн болохыг хүлээн зөвшөөрсөн атлаа нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн сэргээхийг шийдвэрлээгүйд гомдолтой байна. Хэрэв нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд татварын хяналт шалгалтын актыг хяналт шалгалт хийсэн байцаагч өөрөө баталгаажуулах эрхийг олгосон жишиг тогтох ноцтой үр дагавар үүсгэхээр байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарна уу.
9. Өмнөх 2 шатны шүүхийн шийдвэр, магадлалд дурдсан дүгнэлтийн
тухайд. Анх энэхүү маргааныг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 23 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...3 хувь үйлдэгдсэн актыг эцэслэн ёсчлохдоо хуульд заасан шаардлагыг ... бүрэн хангаагүй болох нь илэрхий байхад эдгээр нь агуулгын хувьд зөрүүгүй байна, эсхүл гарын үсгийг өөр өөр албан тушаалтан зурж актыг баталгаажуулсан үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учраагүй байна гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй юм. Хянан баталгаажилтыг хэн хийх, хэрхэн гарын үсэг зурах нь дур зоргын асуудал бус, энэ нь хуулийн шаардлага бөгөөд зүйрлэхэд, шүүхийн шийдвэр хичнээн үндэслэлтэй байсан ч шийдвэр дээрх гарын үсгийг тухайн шүүгч бус өөр этгээд зурсан байхад л энэ нь процессийн ноцтой алдаа, шийдвэрийг хүчингүй болгох хангалттай үндэслэл болдог” гэж зөв дүгнэн актыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч шийдвэрлэснийг шүүх бүрэлдэхүүн анхаарахыг хүсье.
10. Өршөөлд хамрагдах үндэслэлтэй тухайд. Дээр дурдсанаас гадна, “Д” ХК-ийн 2009-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Ц.Х, Р.Д, Б.Б нар шалгалт хийж 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 210003852 тоот актаар 10,602,294,746.1 төгрөгийн нөхөн татвар, 3,552,646,923.8 төгрөгийн торгууль, 2,092,197,583.5 төгрөгийн алданги, нийт 16,247,139,253.4 төгрөгийн төлбөр ногдуулсан ба анх актыг хүчингүй болгуулахаар бид гомдол гаргаснаар Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 18 тоот тогтоолоор 916,410,830.7 төгрөгийн нөхөн татвар, 274,928,249.7 төгрөгийн торгууль, 285,923,060.4 төгрөгийн алданги, нийт 1,477,262,140.8 төгрөгийн төлбөрийг хасч, 9,685,883,915.4 төгрөгийн нөхөн татвар, 3,277,718,674.1 төгрөгийн торгууль, 1,806,274,523.1 төгрөгийн алданги, нийт 14,769,877,112.6 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Үүнээс хойш 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль батлагдан гарсан тул бид уг хуулийн дагуу өршөөлд хамрагдах хүсэлтэй байна.
11. Захиргааны хэм хэмжээ тогтоосон акт хүчингүй болсон тухайд. Нэхэмжлэгчийг 2011-2013 онуудад дотоодын компаниудад худалдан борлуулсан төмрийн хүдэр, баяжмалын орлогод ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу ногдуулсан хэмээн татварын улсын байцаагчийн 210003852 тоот актаар нийт 13,890,136,165.0 төгрөгийн төлбөр тавихдаа татварын албан үндэслэл болгосон хууль тогтоомж нь хууль зөрчин батлагдсан гэдэг үндэслэлээр нэгэнт хүчингүй болсон байна. Тодруулбал, төмрийн хүдэр, баяжмалын тухайд буюу олон улсын биржээр зах зээлийн үнэ тогтоогддоггүй ашигт малтмалын тухайд Монгол Улсын Засгийн газрын зарим тогтоолын зохих заалтуудыг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.8, 47.12 дахь заалтыг зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгуулах тухай гомдлыг “А” ХХК-аас гаргасныг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд 2569/с дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.8, 47.12-т зааснаар Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын 2.4-ийн 4 дэх заалт ба, мөн 2013 оны 131 дүгээр тогтоолын 3 дахь заалтын 2-ын “төмрийн баяжмал”-д холбогдох хэсэг, 2007 оны 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох Монгол банкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр”-ийн 3 дахь заалт, 2013 оны 131 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “төмөр”-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэснийг хяналтын шатны шүүх 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 546 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн. Засгийн газрын эдгээр тогтоолуудын дурдсан заалтууд анхнаасаа хууль зөрчсөн байх тул батлагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус юм. Улмаар уг хүчин төгөлдөр бус тогтоолуудын заалтуудыг татварын алба баримтлан “А” ХХК-д 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тавьсан байсан 210020259 тоот актыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 930 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон байна. Иймд “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргүүдийг шийдвэрлэсэн шүүхийн дурдсан шийдвэрүүд нь бидний энэхүү хэрэгт чухал ач холбогдолтой, хамааралтай байх тул эдгээр Засгийн газрын тогтоолууд болон шүүхийн шийдвэрүүдийг хавтаст хэрэгт авах шаардлагатай байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчилж буй татварын хууль тогтоомж нийтлэг байдлаар адилхан үйлчлэх ёстой бөгөөд нэг татвар төлөгчид өөр, нөгөө татвар төлөгчид өөрөөр үйлчлэх ёсгүй билээ.
12. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар. Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримт цуглуулах үүргээ зөрчсөн. Анхан болон давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчин нотлох зарчмыг хэрэгжүүлэлгүй, хэргийг хагас дутуу баримтын хүрээнд шийдвэрлэсэн нь хууль бус, ноцтой алдаа бүхий захиргааны акт хэвээр үлдэх эрх зүйн дагаврыг үүсгэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж байх тул дор дурдсан нотлох баримтыг хавтаст хэрэгт авч, цуглуулан, үнэлэх зайлшгүй шаардлагатай байна. Үүнд:
12.1. Маргаж буй 210003852 тоот актаар ногдуулсан төлбөрийг бууруулан шийдвэрлэсэн Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 18 тоот тогтоолыг хавтаст хэрэгт аваагүй. Энэхүү баримтгүйгээр хэргийг шийдвэрлэх нь нэхэмжлэгч хэдий хэмжээний төлбөрийг төлөх эрх зүйн үр дагавар үүсч байгаа нь тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.
12.2. Татварын улсын байцаагч Р.Д нь 2014 оны эхний хагас жилийн урамшуулал, бонус авах зорилгоор 210003852 тоот актыг 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд багтаан үйлдэж, баталгаажуулахын тулд “хянан баталгаажуулах” үе шат буюу захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг санаатайгаар орхигдуулж, өөрөө хянан баталгаажуулж ноцтой зөрчил
гаргасан байж болзошгүй. Учир нь Засгийн газрын 2011 оны 344 дүгээр
тогтоолын хавсралтаар батлагдсан “Татварын улсын байцаагчийн ажлын үр
дүнгийн шагнал олгох журам”-ын 2.2-т “Татварын улсын байцаагчийн ажил,
үүргийн биелэлтийг дүгнэх журмыг Татварын ерөнхий газрын даргын тушаалаар
батална” гээд Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 14-ний
өдрийн А/48 тоот тушаалын хавсралтаар “Татварын улсын байцаагчийн ажил,
үүргийн биелэлтийг дүгнэх журам”-ыг баталсан. Засгийн газрын тогтоол болон
тус журмын дагуу Татварын улсын байцаагчийн сарын ажил, үүргийн биелэлтийг ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байрны гол үйл ажиллагаа, үүрэг даалгаврын биелэлт, ажлын цаг ашиглалтын хувиудын дунджаар дүгнэдэг. Мөн журмын 4.2-т “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил, үүргийн биелэлтээ хугацаанд нь тайлагнаагүй татварын улсын байцаагчид үр дүнгийн шагнал олгохгүй” гэж заасан тул хариуцагч нар урамшуулал авах, эсхүл өр ямар зорилгоор актыг “хянан баталгаажуулах” үе шатыг алгасаж, орхигдуулсныг тодруулах нь зүйтэй. Иймд татварын улсын байцаагч Ц.Х, Р.Д, Б.Б нарыг 2014 онд урамшуулал авсан эсхүл аваагүй талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт авахуулах шаардлагатай байна.
13. Засгийн газрын тогтоолууд, хэм хэмжээний акт тогтоосон шийдвэрийг хүчингүй болгосон тул шийдвэр, тогтоолыг зайлшгүй авах шаардлагатай. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчилж буй татварын хууль тогтоомж нийтлэг байдлаар адилхан үйлчлэх ёстой бөгөөд нэг татвар төлөгчид өөр, нөгөө татвар төлөгчид үйлчлэх ёсгүй. Иймд хэм хэмжээний акт тогтоосон Засгийн газрын дараах тогтоолуудыг нотлох баримтын шаардлага хангуулан хавстаст хэрэгт хавсаргах шаардлагатай байна. Үүнд, Засгийн газрын 2008 оны 88, 2011 оны 193, 2013 оны 131 дүгээр тогтоолууд, Монгол Улсын Дээд шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 546 дугаар тогтоол.
14. Татварын байцаагч нар хяналт, шалгалтыг томилолтгүй хийж эхэлсэн талаар маргасан бөгөөд хавтаст хэргийн 143 дахь талд авагдсан томилолтоос өмнө ямар нэгэн томилолт, удирдамж байгаа эсэх, байхгүй бол түүнийг нотолсон баримтыг хавтаст хэрэгт авах зайлшгүй шаардлагатай байна. Учир нь хавтаст хэргийн 167 дахь талд авагдсан “Ярилцлагын тэмдэглэл” бүхий баримтаас харахад томилолт, удирдамжгүйгээр буюу 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хяналт, шалгалт хийж байсан нь нотлогдож байгаа. Энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөөгүй.
15. Захиргааны актыг батлан гаргахын өмнө “мэдэгдэх сонсох” зарчим хэрэгжсэн эсэх талаар баримт гаргуулах шаардлагатай байна. Тодруулбал, Татварын улсын байцаагч нар нь хяналт шалгалтаар зөрчил илэрсэн гэж үзсэн бол “Д” ХК-ийн холбогдох эрх бүхий этгээдээс асууж тодруулсан байдал, тайлбар санал гаргах боломж олгосон эсэх, ярилцлагын ямар арга хэлбэр ашигласан, холбогдох тооцооллыг хийхдээ баримталсан эрх зүйн баримт бичиг, 210003852 тоот актын талаар урьдчилан танилцуулсан эсэх нотлох баримтыг бүрдүүлэн, үнэлэх зайлшгүй шаардлагатай.
16. Хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нөхцөл байдлыг бүрэн хянаагүй, тодруулаагүй тухайд. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-ийн 9.1.9-д заасан “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэх үндэслэлийг нэмж тодруулахад, 210003852 тоот актад заасан 12 зөрчлүүд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.1,5, 13.2, 21.5, 21.8, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.11, 14.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 47.8, 47.12-т заасныг зөрчин хууль бусаар тавигдсан болохыг зөрчил тус бүрээр нь нотлох баримт нэмж гарган, актыг агуулгаар нь маргахаас аргагүй байдалд хүргэж байна.
17. Үүнээс дүгнэвэл, маргаж буй улсын байцаагч нарын 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 210003852 тоот актад дурдсанаар нэхэмжлэгч “Д” ХК-ийг 12 үндэслэлээр Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн гэснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх үүнтэй холбоотой ямар ч дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна. Тодруулбал,
17.1. Төрийн өмчийн хороонд шилжүүлсэн ногдол ашгийн орлогод ногдох албан татварыг суутган авч төсөвт төлж, тайлагнаагүй талаарх нотлох баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдаагүй.
17.2. 2010 онд машин тоног төхөөрөмж худалдан авах зорилгоор авсан зээлийн хүүг тухайн хөрөнгийн өртөгт оруулаагүй албан татвар ногдох орлогоос хасч тооцож татвар ногдуулах орлогыг бууруулсан гэх талаарх нотлох баримт байхгүй бөгөөд улсын байцаагч нарын тэмдэглэл, тайлан, тэдгээрийн үндэслэлийг нотлох баримт байхгүй.
17.3. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд хожимдуулж төсөвт төлсөн гэх боловч хэзээ төлөх байсан, хэзээ төлсөн, үнэхээр хожимдуулж төлсөн эсэх талаар дүгнэлт гаргах нотлох баримтыг цуглуулаагүй.
17.4. Нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаа хожимдуулж төсөвт төлсөн гэх боловч энэ талаарх үйл баримтыг тогтоосон ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй.
17.5. 2009 онд гадаад валютын ханшийн бодит бус алдагдлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцож татвар ногдуулах орлогыг бууруулсан гэх боловч энэ талаарх баримт авагдаагүй.
17.6. 2009 онд хүүгийн орлогод ногдох албан татварыг ногдуулж төсөвт төлж, тайлагнаагүй гэсэн нь баримтгүй.
17.7. Компани дотоодын хэрэгцээнд хэрэглэсэн өөрийн бүтээгдэхүүнийг борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төсөвт төлж, тайлагнаагүй талаарх баримт авагдаагүй.
17.8. Дотоодын компаниудад худалдан борлуулсан төмрийн хүдэр, баяжмалын орлогод ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дутуу ногдуулж төсөвт төлж, тайлагнаагүй хэмээн зөрчил гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд улсын байцаагч нар аргачлалыг буруу хэрэглэсний улмаас алдаатай дүгнэлт гаргаж, нэхэмжлэгчид үндэслэлгүйгээр өр төлбөр үүсгэсэн.
17.9. Хөрөнгийн үлдэгдэл өртгийн 5 хувиас хэтэрсэн урсгал засварын зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцож татвар ногдуулах орлогыг бууруулсан гэсэн нь үндэслэлгүй бөгөөд нотлох баримтгүй.
17.10. Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн “Худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ. Үүнээс дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил үйлчилгээ” хэсэгт дотоодын худалдан авалт гэж хасч тооцсон зөрчил гаргасан гэх боловч хариуцагч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.
17.11. Дотоодод борлуулсан хүдрийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар дутуу ногдуулж төсөвт төлж, тайлагнаагүй гэх боловч хариуцагч энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд шүүх татан аваагүй.
17.12. Зулзагын амралтанд амарсан ажилчдад олгосон хөнгөлөлтийн борлуулалтын орлого, компани дотоодын хэрэгцээнд хэрэглэсэн өөрийн бүтээгдэхүүнийг борлуулалтын орлого, 2012 онд “Г” ХХК-д борлуулсан хүдрийн нунтаг баяжмалын борлуулалтын орлого, “Т” ХХК-д кран ашиглуулсны төлбөрийн борлуулалтын орлого, “Г” ХХК-аас авах авлагыг тооцохдоо тооцооны механик алдаа гаргасны улмаас борлуулалтын орлого, борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу тусгасан зөрчилд нөхөн татвар, торгууль, алданги ногдуулахдаа үндэслэл болгосон нотлох баримтуудыг хэрэгт авч, үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагатай байгаа.
18. Дээр дурдсан 12 зүйлийг зөрчил хэмээн тодорхойлсон нь үнэн зөв эсэх, бодит байдалд нийцсэн эсэх, тооцоолол үнэн зөв эсэх талаар зайлшгүй тодруулах шаардлагатай байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын улмаас маргаж буй 210003852 тоот актад дурдсан дээрх алдаатай зөрчлүүд хэвээр үлдэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд үндэслэлгүйгээр ноцтой халдах эрх зүйн үр дагавар үүсч байх тул дээр дурдсан шаардлагатай нотлох баримтуудыг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар цуглуулж, үнэлэх зайлшгүй шаардлагатай байна.
19. 2015 онд батлагдаж 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус болох тохиолдлуудыг нэг бүрчлэн тодорхой заасан байх бөгөөд үүнд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуулийн 9.1.9-д заасан үндэслэлтэй дүйцэх заалт байхгүй байгаа тул хэрэв хяналтын шатны шүүх өмнөх 2 шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох аваас татвар төлөгч 2 хуулийн дунд үүссэн нүхэнд унаж өөрийн хууль ёсны эрх ашгаа шүүхээр хамгаалуулах боломжоо алдах байдал үүсэхээр байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.
20. Ийнхүү нэхэмжлэгчид өршөөлд хамрагдах, нэмэлт нотлох баримт цуглуулах, актыг агуулгаар нь маргах боломжийг олгон, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0780 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0041 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
21. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
22. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий актын хувьд хэрэглэгдэх ёстой Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай;”, 9.1.9-д “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн;” гэснийг хэргийн үйл баримтад үндэслэн зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
23. Хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3, 34 дүгээр зүйлийн 34.2 болон “Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын холбогдох зүйл, заалтыг зөрчсөн нь тогтоогдож байх боловч энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасан “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэсэнд хамаарахгүй талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Учир нь, “илт хууль бус акт” гэдэг нь засах боломжгүй илэрхий, ноцтой алдаатай актыг хэлэх бөгөөд харин маргаан бүхий актын алдаа нь засагдаж болох шийдвэр гаргах ажиллагааны зөрчил байх тул /маргаан бүхий актад эрх бүхий этгээд гарын үсэг зурснаар, эсхүл гарын үсэгтэй актаар солих зэргээр/ “илт хууль бус алдаа”-нд тооцогдохгүй.
24. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг “хууль бус гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулах”-ыг шаардаагүй, харин “илт хууль бус”-д тооцуулахыг шаардсан, гэтэл уг акт нь хэдийгээр алдаатай боловч тэр нь нэхэмжлэгчийн үндэслэл болгосон илт хууль бус алдаа биш тул /Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн §9.1.1, §9.1.9-д хамаарахгүй/ шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн, иймд уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 5, 6, 7, 8-д заасан нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.
25. Нэхэмжлэгчийн гомдолд дурдсан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 309 дүгээр тогтоолоор хүчингүй болсноос гадна аливаа шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлдэг тул “өмнөх шүүхийн шийдвэрүүдийг огт харгалзалгүйгээр эсрэг шийдвэр гаргасан” гэх утгатай тогтоолын Тодорхойлох хэсгийн 3, 4, 9-д заасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.
26. Нэхэмжлэгч анхнаасаа маргаан бүхий актын агуулга буюу үнийн дүн, актад дурдагдсан зөрчлийн талаар маргаагүй, зөвхөн “эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй нь илт хууль бус алдаа” гэж маргасан атлаа актын агуулгад хамааралтай нотлох баримтыг цуглуулаагүй, үүнтэй холбоотой ямар ч дүгнэлт өгөөгүй гэж шүүхийг буруутгаж байгааг хүлээх авах боломжгүй тул тогтоолын Тодорхойлох хэсгийн 12, 14, 15, 16, 17, 18-д заасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.
27. “Захиргааны хэм хэмжээний акт хүчингүй болсон байхад түүнийг хэрэглэн маргаан бүхий актыг гаргасан нь илт хууль бус” гэх /Тодорхойлох хэсгийн 11, 13-т/ гомдлын тухайд нэхэмжлэгч анхнаасаа ийнхүү маргаагүй, иймээс анхан болон давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт өгөөгүй тул хяналтын шатны шүүхээс энэ үндэслэлийг хүлээн авч хянан шийдвэрлэх боломжгүй. Үүний зэрэгцээ гомдолд дурдсан хэм хэмжээний актыг хүчингүй болгосон иргэний хэргийн шүүхийн шийдвэр нь 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн 546 дугаар тогтоолоор хүчин төгөлдөр болсон, харин маргаан бүхий акт нь 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гарсан байна. Захиргааны хэм хэмжээний акт нь хууль бус, тухайлбал Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд заасан шаардлага болон 61-65 дүгээр зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн бол түүнийг хүчингүй болгох, эсхүл мөн хуулийн 67 дугаар зүйлийг зөрчсөн бол хүчин төгөлдөр бусад тооцох боломжтой байдаг /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5.5, 106.3.8/. Харин “илт хууль бусыг тогтоох” нь зөвхөн нэг удаагийн захиргааны актад л хамааралтай юм /Захиргааны ерөнхий хуулийн 47 зүйл/. Өөрөөр хэлбэл, захиргааны хэм хэмжээний актыг хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр илт хууль бусад тооцохгүй, харин хүчингүй болгодог бөгөөд энэ тохиолдолд эрх зүйн үйлчлэл нь тухайн цаг хугацаанаас хойш үйлчилнэ. Иймд, хүчин төгөлдөр хэм хэмжээний актыг үндэслэн гарсан захиргааны актыг тухайн “үндэслэл болгосон хэм хэмжээний акт нь хүчингүй болсон” гэсэн үндэслэлээр сүүлд нь хүчингүй болгох боломжгүй гэдгийг дурдаж байна.
28. Өршөөлийн хуульд хамрагдах үндэслэлийн тухайд /Тодорхойлох хэсгийн 10-т/ хариуцагчаас хяналтын шатны шүүх хуралдаан дээр “маргаан бүхий актаар тогтоосон торгууль, алданги, хүүг чөлөөлөх боломжтой” гэдгээ илэрхийлснийг дурдаад энэхүү тогтоол нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхэд саад болохгүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.
29. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуулийг “2004 он” гэж бичиглэлийн алдаа гаргасныг тэмдэглэж байна.
30. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0780 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0041 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ