| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2022/01947/И |
| Дугаар | 183/шш2024/00324 |
| Огноо | 2024-01-17 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 183/шш2024/00324
| 2024 оны 01 сарын 17 өдөр | Дугаар 183/ШШ2024/00324 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Ц-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О ХХК-д холбогдох,
Гэрээний үүрэгт 36.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч О ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 36.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч О ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ******* дугаартай Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгын барилгажилтын төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээг, мөн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулсан гурван талт гэрээг тус тус байгуулсан болно. Дээрх гэрээг байгуулснаар нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ сахин биелүүлж гэрээ байгуулсан өдрөөс өөрийн өмчлөлийн орон сууцыг суллан өгсөн. О ХХК-тай байгуулсан ******* дугаартай хоёр талт гэрээний 3.5-т Орон сууцны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 15.3, 15.4-т заасны дагуу сууц өмчлөгчийн түрээсийн төлбөрийг сарын 1,000,000 /Нэг сая/ төгрөгөөр тооцож 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 24 сарын хугацаанд 24.000.000 төгрөгийг өмчлөгчид бэлнээр төлнө гэж заасан байдаг. Мөн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулсан гурван талт гэрээнд 2.5-т /Орон сууцны барилгын 7 тоотын орон сууц өмчлөгчид төсөл хэрэгжүүлэх хугацаанд сар бүр төлөх түрээсийн урамшууллыг 1.000.000 /Нэг сая/ төгрөгөөр тооцож олгоно/-т, мөн гэрээний 4.1.2 /төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг бие даан шийдвэрлэнэ/-т гэж тус тус заасан байдаг. Гэтэл төсөл хэрэгжүүлэгч буюу хариуцагч О ХХК нь өнөөдрийг хүртэл гэрээний дээрх заалтуудыг зөрчсөөр өнөөдрийг хүртэл гэрээнд заасан сууц өмчлөгч буюу нэхэмжлэгчийн түрээсийн төлбөрийг өгөхгүй нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой хохироосоор байна. Мөн хариуцагч О ХХК нь хоёр талд гэрээний 4.2.3 Ташиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгын барилгажилтын төслийг төлөвлөсөн хугацаанд гүйцэтгэж, гэрээнд заасан үүргээ биелүүлэх/-т, мөн гурван талт гэрээний 4.1.10 /төсөл хэрэгжүүлэгч нь гэрээнд заагдсан хугацаанд үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд сууц өмчлөгчид учирсан хохирлыг хариуцна/-т, Талууд харилцан тохиролцож, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх, бие биенээ харилцан хүндэтгэх зарчмыг баримтална/-т гэж тус тус заасныг зөрчсөөр байна. Нэхэмжлэгчийн зүгээс гурван талт гэрээний 4.1.7 /сууц өмчлөгч түрээсийн урамшууллаа хүлээн авснаас хойш өөрийн орон сууцыг заасан хугацаанд суллаж өгөхгүй, гэрээний нөхцөлийг зөрчин суллахаас татгалзсан зайлсхийсэн бол үүргээ гүйцэтгэхийг шаардаж алданги төлүүлнэ/-т заасны дагуу орон сууцыг чөлөөлж гэрээний үүргээ биелүүлсэн болно. Иймд О ХХК-тай байгуулсан 2 талт гэрээний 3.5-т заасан, 3 талт гэрээний 2.5-т заасны дагуу сууц өмчлөгч буюу нэхэмжлэгчид олгох ёстой байсан түрээсийн төлбөр болох 24.000.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж, нотариатын зардлын хамт хариуцагч О ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Талуудын хооронд байгуулсан ******* дугаартай хоёр талт гэрээний 3.6 дах хэсэг /2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс дахин төлөвлөлтийн барилгыг улсын комисс хүлээн авах хүртэл хугацаанд түрээсийн төлбөрийг нэг сард 1.000.000 төгрөгөөр тооцож, сар бүрийн 1-нд улирлаар тооцож өмчлөгчид төлнө. Төлөөгүй тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги төлнө/-т гэж заасан байна. Ингээд 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэг өдрийн алданг 120.000 төгрөгөөр тооцож нийт 1020 хоногийн алданги 122.400.000 төгрөг болж байгаа бөгөөд Иргэний хуульд зааснаар алданги үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байх гэсний дагуу 12.000.000 төгрөгөөр тооцон нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байгаа болно. Иймд хариуцагчаас үндсэн төлбөр болох 24.000.000 төгрөг, алданги 12.000.000 төгрөг, нийт 36.000.000 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт О ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Д.Ц-ийн нэхэмжлэлтэй, О компанид холбогдох шинэ орон сууцны хоёр давхрын **** м.кв талбайн эцсийн эзэмшигч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З би нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа талбайн эцсийн эзэмшигч мөн болохыг тогтоолгох гэж тодорхойлсон байна. Харин өмчлөгчөөр тогтоолгох эсвэл эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна. Иймд нэхэмжлэгч нь шүүхээс ямар шийдвэр гаргуулахыг хүсэж байгаа нь, биднээс юу шаардаж байгаа нь ойлгомжгүй буюу нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байна. Иймд нэхэмжлэлтэй холбогдуулан тодорхой хариу тайлбар өгөх боломжгүй байна. Хэрэв нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгвөл бид тэр талаар хариу тайлбар гаргах болно. Хэрэв нэхэмжлэгч нь тус талбайн өмчлөгчөөр тогтоолгохыг хүсэж байгаа бол дараах байдлаар үндэслэлгүй юм. 1. Иргэний хуулийн 109.2-т "Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх..." гэж, 110.1-т "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно" гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нь улсын бүртгэлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжих үндэслэлтэй юм. 2. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.5-д "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгүүлэхэд холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэж, ... мэдэгдэнэ" гэж, 5.1-т "Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ" гэж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д "эд хөрөнгө өмчлөх эрхийн" гэж тус тус заасан. Хуулийн эдгээр заалтууд нь эд хөрөнгө өмчлөх эрхийн хувьд улсын бүртгэлд бүртгэгдсэнээр өмчлөх эрх үүсэх билээ. Нэхэмжлэгчийн маргаж буй талбайн хувьд өмчлөх эрхийн улсын бүртгэл хийгдээгүй байгаа. Иймд нэхэмжлэгчид өмчлөх эрх үүсээгүй юм. 3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай гэрээний дагуу маргаан бүхий талбайг шилжүүлэх үүрэгтэй гэх агуулгаар тайлбарласан байна. Гэвч тус Гэрээ нь үүргийн эрх зүйн хэлцэл тул тус гэрээ байгуулагдсанаар гэрээний нөгөө талд өмчлөх эрхийг шууд үүсгэхгүй. Харин өмчлөх эрхийг шилжүүлэх тухай хэлцэл байгуулагдаж байж өмчлөх эрх шилжих юм. О компанийн зүгээс одоогоор талбайн өмчлөлийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй байна. Иймд тус гэрээ нь талбайн өмчлөлийг шилжүүлэх үүрэг үүсгэх л боломжтой болохоос нэхэмжлэгчид өмчлөх эрх үүсгээгүй юм. 4. Гэрээний 2.5, 3.3-т заасан ёсоор Гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Ц-ийн O компанид төлөх төлбөр нь 430.000.000 төгрөг бөгөөд нэхэмжлэгч нь үүнээс 387.000.000 төгрөгийг төлсөн талаар нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлдээ бичжээ. Өөрөөр хэлбэл, тус гэрээний дагуу төлөгдөх төлбөрийг бүрэн төлөөгүй бөгөөд үлдэгдэл 43.000.000 төгрөг төлөх үүрэгтэй аж. Хэрэв энэхүү тооцоо, нөхцөл байдал үнэн бол нэхэмжлэгч нь тус төлбөрийг төлөөгүй нөхцөлд O компанийн зүгээс гэрээг цуцлах боломжтой юм. Хэрэв гэрээ цуцлагдвал гэрээнд заасан талбайн өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжих үндэслэлгүй болно. Түүнчлэн, Иргэний хуулийн 215.1-т "Үүрэг гүйцэтгүүлэгч хүлээсэн үүргээ биелүүлж үүрэг гүйцэтгэх боломж бүрдүүлэх хүртэл үүрэг гүйцэтгэгч нь мөнгөн төлбөрийнхөөс бусад үүргийн гүйцэтгэлийг саатуулж болно" гэж заасны дагуу нэхэмжлэгч нь төлбөрөө бүрэн төлж дуусгаагүй цагт "О компани нь талбайн өмчлөл шилжүүлэх үүргийн гүйцэтгэлийг саатуулах эрхтэй байна. 5. Барилгын тухай хуулийн 37.6-д "Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно" гэж заасан. Иймд хуулийн энэхүү шаардлагыг хангуулах үүднээс дуусаагүй барилгын хувьд хэн нэгэнд өмчлөх эрхийг шилжүүлэх, өмчлөгчөөр тогтоох боломжгүй юм. Учир нь, Иргэний хуулийн 101.1-т "Өмчлөгч нь ... өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөлөх эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах .. эрхтэй" гэж заасан тул өмчлөх эрх үүссэнээр барилга байгууламжийг чөлөөтэй ашиглах эрхтэй болно. Гэтэл дуусаагүй барилгын хувьд хэн нэгэнд өмчлөх эрх олговол Барилгын тухай хуулийн 37.6 дахь заалт зөрчигдөх болно. 6. Нэхэмжлэгч нь барилга байгууламжийн 2 давхрын талбай авахаас татгалзаж 3 давхраас талбай авахаар болж тохирч байсан гэх мэдээлэл байна. Бид одоогоор тэр талаарх баримтуудыг олж чадаагүй тул шүүхэд гаргаж өгөх, дэлгэрэнгүй тайлбар өгөх боломжгүй байлаа. Иймд тус асуудлыг тодруулж, баримтуудыг тайлбарын хамт гаргаж өгөх болно. 7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн гэрээнд О компанийг төлөөлөх эрх бүхий этгээд болох Гүйцэтгэх захирал гарын үсэг зураагүй байна. Компанийн тухай хуулийн 83.1, 83.3-т тус тус зааснаар Гүйцэтгэх захирал нь компанийг төлөөлөх эрх бүхий этгээд юм. Иргэний хуулийн 56.1.8-д зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх тухай, мөн хуулийн 68.1-т "Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд ... дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр бус байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэж заасан. Иймд компанийг төлөөлөх эрх бүхий этгээд дээрх хэлцлийг зөвшөөрөх эсэхийг тодруулах шаардлагатай байна. Одоогийн байдлаар тус хэлцлийг компанийн гүйцэтгэх захирал зөвшөөрсөн талаар баримт байхгүй байна. Мөн Д.Ц-ийн байгуулсан Гэрээнд О компанийг төлөөлж 3.М гарын үсэг зурсан боловч тэрээр тухайн барилгыг эсэргүүцэж, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байгаа. Иймд түүний гарын үсэг хуурамчаар зурагдсан байхыг үгүйсгэхгүй юм. Бодит нөхцөл байдлын хувьд О компани нь маргаан бүхий барилгын угсралт, барилгын ажлыг бүрэн дууссан, Улсын комисс ажиллуулах тухай хүсэлтүүдийг Улсын эрх бүхий байгууллагад гаргасан байна. Гэвч иргэн З.М-ын зүгээс захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, барилгын ажлын зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зургийг тус тус хүчингүй болгуулах, барилгыг нураалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Тус шаардлагын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Үүний улмаас барилга байгууламжийг ашиглалтад оруулах ажил удаашраад явж байгаа болно. Өөрөөр хэлбэл, хариуцагч О компаниас үл хамааран барилгын ажил удааширч байгаа болно. Энэ талаарх баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргаж өгнө. Бид энэ талаар барилгын захиалагчдад тухай бүрт нь мэдээлэл өгч байсан. Нэхэмжлэгч Д.Ц тус нөхцөл байдлыг сайн мэдэж байгаа билээ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 724.500 төгрөг төлсөн баримт, ************** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, схем зураг, Д.Ц болон О ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Ашиглалттын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ-ний хуулбар, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгын барилгажилтын төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ-ний хуулбар, О ХХК-ийн дүрэм, Д.Ц-оос Д.М-д олгосон итгэмжлэл, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар албан бичгийн хуулбар, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ******* дүгээр албан бичиг зэргийг ирүүлсэн.
5. Хариуцагчаас О ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус компаниас Л.Ө-д олгосон итгэмжлэл, мөн Д.З-т олгосон итгэмжлэл, өмгөөлөгч Б.Т-г оролцуулах тухай хүсэлт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ************** дугаар захирамжийн хуулбар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ************** дүгээр захиргааны хэрэг үүсгэх тухай захирамжийн хуулбар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар албан бичгийн хуулбар, О ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ******* дүгээр албан тоотын хариу албан бичиг, мөн компанийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар улсын комисс ажиллуулах хүсэлт гаргах тухай албан бичиг, тус компанийн 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дүгээр Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газарт хүргүүлсэн албан бичиг, тус компанийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар албан бичиг, тус компанийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ******* дүгээр албан бичиг, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаар албан бичгийн хуулбар, О ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар улсын комисс яаралтай ажиллуулах тухай албан бичиг, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дүгээр албан бичгийн хуулбар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ******* дүгээр хариу хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар албан бичгийн хуулбар, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар өргөдөл шилжүүлэх тухай албан бичгийн хуулбар, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар албан бичгийн хуулбар, архитектур төлөвлөлтийн даалгаврын хуулбар, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ************** дугаар захирамжийн хуулбар, мөн шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ************** дугаар захирамжийн хуулбар, ашиглалтын шаардлага хангахгүй болон нийтийн зориулалттай орон сууцны барилгын барилгажилтын төсөл хэрэгжүүлэх ******* дугаартай хоёр талт болон гурван талт гэрээний үргэлжлэл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ******* дүгээр албан бичгийн хуулбар, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар албан бичгийн хуулбар, мөн газрын 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ******* тоот албан бичиг, өмгөөлөгч С.А-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, өмгөөлөгч Б.Т-с татгалзах тухай хүсэлт, өмгөөлөгч С.А-с татгалзаж, өмгөөлөгч А.Б-г оролцуулах тухай хүсэлт, О ХХК-иас З.Я-г томилсон тухай итгэмжлэл, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар захирамжийн хуулбар зэргийг ирүүлсэн.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Үндэсний төв архивын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүгээр албан бичиг зэрэг баримт бүрдсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Д.Ц болон О ХХК-ийн хооронд 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгын барилгажилтын төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр хороолол, ** дугаар байрны ** тоотод байрлах, ** м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ** өрөө орон сууцны зориулалттай орон сууцыг өмчлөгч Д.Ц гэрээ байгуулсан өдрөө суллан шилжүүлэн өгөх, хариуцагч О ХХК барилгын нэг давхарт ** м.кв, ** давхарт ** м.кв, нийт ** м.кв бүхий талбайг Д.Ц-д шилжүүлэхээр тохиролцсон байна.
Улмаар гэрээний 3.5-д зааснаар Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.3, 151.4-д зааснаар үйлчилгээний талбай түр хугацаагаар түрээсэлж, байрлах нэг сарын төлбөрийг сууц өмчлөгч, төсөл хэрэгжүүлэгчтэй харилцан тохиролцож, нэг сарын 1.000.000 төгрөгөөр тооцож, 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 24.000.000 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төсөл хэрэгжүүлэгч нь өмчлөгчид урьдчилан бэлнээр төлөхөөр, мөн гэрээний 3.6-д зааснаар 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс дахин төлөвлөлтийн барилгыг Улсын комисс хүлээн авах хүртэл хугацаанд түрээсийн төлбөрийг нэг сард 1.000.000 төгрөгөөр тооцож, сар бүрийн 01-ний өдөр, улирлаар тооцож өмчлөгчид төлөх, төлөөгүй тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги төлөхөөр тус тус тохиролцжээ.
Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Ашиглалттын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ-ний 2.5-д Орон сууцны барилгын 7 тоотын орон сууц өмчлөгчид төсөл хэрэгжүүлэх хугацаанд сар бүр төлөх түрээсийн урамшууллыг 1.000.000 төгрөгөөр тооцож олгоно гэжээ.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан хоёр талт болон гурван талт гэрээний агуулгаас үзэхэд өмчлөгч өөрийн өмчлөлийн орон сууцыг төсөл хэрэгжүүлэгчид шилжүүлж, төсөл хэрэгжүүлэгч шинэ барьсан орон сууцнаас тодорхой талбайг өмчлөгчид олгох, улмаар тухайн талбайгаас тохирсон үнээр худалдан авахаар хоёр тал харилцан тохирсноос гадна гэрээндээ өмчлөгч тал төсөл хэрэгжүүлэх хугацаанд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах ажлын байрны түрээсийн төлбөрийг өмчлөгчид төлөхөөр тохирсон нь гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцсэн.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбартаа Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгын барилгажилтын төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ-тэй холбоотой үндсэн маргааныг шүүх хянан шийдвэрлээгүй байгаа нөхцөлд энэхүү түрээсийн төлбөртэй холбоотой маргааныг шийдвэрлэх боломжгүй, шүүх үндэслэлгүйгээр тухайн нэг гэрээний маргааныг нэгтгэн шийдвэрлээгүй, тухайн барилгыг улсын комисс хүлээн аваагүйтэй холбоотой буюу хариуцагч талын гэм буруутай үйл ажиллагаа байхгүй болохыг хэрэгт авагдсан холбогдох албан бичгүүдээс харж болно. Иймд түрээсийн төлбөр болон алдангийг төлөх үндэслэлгүй хэмээн тайлбарлана.
Хэдий тус шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын хооронд байгуулагдсан 2 талт гэрээ болох 2017 оны гэрээний үүрэгтэй холбоотой маргаан хянагдаж байгаа боловч тухайн гэрээгээр тусгайлан зохицуулсан түрээсийн төлбөртэй холбоотой хэсгийг хянан шийдвэрлэхдээ нэгтгэн шийдвэрлэх шаардлагагүй гэж үзсэн.
Мөн нэхэмжлэгч О.Ц О ХХК-д шилжүүлсэн орон сууцандаа түрээсийн үйл ажиллагаа явуулдаггүй байсан бол талууд гэрээндээ түрээсийн төлбөрөөр тооцон урамшуулал олгох тухай заалтыг оруулах шаардлагагүй байсан.
Нөгөө талаар, нэхэмжлэгч орон сууцаа хүлээлгэн өгснөөс хойш хугацаанд түрээсийн үйл ажиллагаа явуулсан эсэх нь энэхүү гэрээний дагуу төлөхөөр тохиролцсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг үгүйсгэхгүй болно.
Түүнчлэн гэрээний үндсэн маргааныг хянан шийдвэрлэхэд тухайн гэрээний нэг заалттай холбоотой маргааныг тусад нь хянан шийдвэрлэснээр талуудын эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзлээ.
Мөн хариуцагчаас шалтгаалахгүйгээр тухайн орон сууцны барилгыг улсын комисс хүлээн аваагүй, маргаантай байгаа үйл баримт нь нэхэмжлэгч О.Ц-ийн гэрээний дагуу гаргах шаардлага гаргах эрхийг хязгаарлахгүй.
4. Хариуцагч О ХХК гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн үйл баримт тогтоогдож байх ба гэрээний 3.6-д алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг зөрчөөгүй байх тул гэрээний үлдэгдэл төлбөрөөс алданги тооцож нэхэмжилсэн нь үндэслэлтэй.
Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч О ХХК-иас түрээсийн гэрээний үүрэг 24.000.000 төгрөг, алданги 12.000.000 төгрөг, нийт 36.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ц-д олгож шийдвэрлэв.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 724.500 төгрөгөөс 337.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 386.550 төгрөгийг Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот данснаас буцаан гаргаж, мөн хариуцагч О ХХК-иас 337.950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О.Ц-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч О ХХК-иас түрээсийн гэрээний үүрэг 24.000.000 төгрөг, алданги 12.000.000 төгрөг, нийт 36.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ц-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 724.500 төгрөгөөс 337.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 386.550 төгрөгийг Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот данснаас буцаан гаргаж, мөн хариуцагч О ХХК-иас 337.950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О.Ц-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА