Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 1890

 

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/01773 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “С” ХХК-ийн хариуцагч “Бо” ХХК-д холбогдуулан гаргасан бараа нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 675 749 234 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, хариуцагчийн өмгөөлөгч Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ДВ ойл трейдинг нь Холбооны бүгд найрамдах герман улсад бүртгэлтэй, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг компани бөгөөд энэ үйл ажиллагааныхаа хүрээнд Монгол улсын хуулийн этгээд болох “Б” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 011213 тоот газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан ба гэрээний дагуу ДВ ойл трейдинг нь “Б” ХХК-д газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, “Б” ХХК нь газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авч үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Талууд газрын тосны бүтээгдэхүүний нэр төрөл, нийлүүлэх тоо хэмжээ, чанарын шаардлага, төлбөр төлөгдөх нөхцлийг 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 3 тоот нэмэлт зөвшилцөл болон түүний хавсралтад дэлгэрэнгүй тусгасан. Худалдагч ДВ ойл трейдинг компани нь 2000 тн БНД 90/130 маркийн замын битумыг 1 тонн тутмыг 870 ам.доллараар нийлүүлэх, худалдан авагч “Б” ХХК нь нийт 1 740 000 ам.долларын төлбөрийг бараа ачигдсан өдрөөс хойш 120 хоногийн дараа 100 хувь төлж барагдуулах нөхцөлтэй байсан. Мөн 2014 оны 12 дугаар сарын 01-ний худалдагч, худалдан авагч болон худалдан авагч “Я” ХХК-ийн хооронд гурвалсан гэрээ байгуулагдан, “Я” ХХК нь ДВ ойл трейдинг компаниас нийлүүлсэн замын битумын төлбөр 995 465 66 ам.долларыг “Б” ХХК-д төлөх байсныг ДВ ойл трейдинг компанид шилжүүлэхээр болсныг, “Я” ХХК нь 995 465.66 ам.долларыг ДВ ойл трейдинг компанид шилжүүлсний дараа “Б” ХХК-аас ДВ ойл трейдинг компанид төлөх төлбөр нь хүү алданги тооцохгүйгээр 282 170.62 ам.доллар болохыг тохиролцож талууд тооцоо нийлсэн актуудыг үйлдсэн. Тухайлбал: 01/2014 тоот Тооцоо нийлсэн актаар “Б” ХХК нь ДВ ойл трейдинг компанид 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрт 1 277 636.28 ам.долларын өртэй болохыг, 02/2014 тоот тооцоо нийлсэн актаар “Я” ХХК нь “Б” ХХК-д нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрт 995 465 55 ам.долларын өртэй болохыг, 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн тооцоо нийлсэн актын протоколоор “Б” ХХК нь “ДВ ойл трейдинг” ХХК-д 1 277 636 28 ам.долларын өртэй болохыг, “Б” ХХК нь Ялгуусан ХХК-иас авах 995 465 66 ам.долларын авлагыг “Я” ХХК шууд ДВ ойл Трейдинг компанид төлөхийг тус тус зөвшөөрч, баталгаажуулсан. Ийнхүү “Я” ХХК нь “Б” ХХК-ийн ДВ ойл трейдинг төлөх төлбөрөөс 995 465 66 ам.долларыг шилжүүлж авснаар “Б” ХХК-ийн ДВ ойл трейдинг компанид төлөх өр төлбөрийн үлдэгдэл 280 170 62 ам.доллар болсон. Энэ төлбөрөөс “Б” ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 20 000, 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 10 000, 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 10 000, 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 10 000, 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 32 000, 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 10 000, 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 2 ширхэг эксковатор хадгалсны төлбөр 10 000, 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 10 000 буюу нийт 112 000 ам.доллар төлж 170 170.62 ам.долларын үлдэгдэлтэй болсон боловч 2015 оноос хойш төлж барагдуулаагүй бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төлбөрийг 2016 оныг дуустал хойшлуулж өгөхийг хүссэн 23/2016 тоот албан бичиг, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлбөрийг 2017 он хүртэл хойшлуулж өгөхийг хүссэн 062/2016 тоот албан бичгүүдийг ДВ ойл трейдинг компанид ирүүлж байсан. ДВ ойл трейдинг компани нь “Б” ХХК-д төлбөрөө төлөхийг, төлбөрөө төлөхгүй удааширч байгаа нь санхүүгийн хувьд ихээхэн хэмжээний хохирол учруулж байгааг, ийнхүү удаашрах тусам талуудын хооронд байгуулагдсан 011213 тоот газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 10.1-т худалдан авагч энэхүү гэрээний хавсралтад заасан хугацаанд хүлээн авсан барааныхаа төлбөрийг төлөөгүй тохиолдолд худалдагчид төлөгдөөгүй үнийн дүнгийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.2% алданги төлөх гэж зааснаар алданги тооцогдож байгааг удаа дараа сануулж албан тоотуудыг илгээж байсан. Тодруулбал 2015 оны 01 дүгээр сарын 31, 2015 оны 06 дугаар сарын 8, 2015 оны 11 дүгээр сарын 02, 2015 оны 12 дугаар сарын 7, 2016 оны 4 дүгээр сарын 25, 2016 оны 05 дугаар сарын 31, 2016 оны 7 дугаар сарын 15, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрүүдэд “Б” ХХК болон захирал Ганбатад хандан албан тоот илгээж байсан. 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ДВ ойл трейдинг компани нь 01/2017 тоот Шаардах эрх шилжүүлэх гэрээгээр замын битумын үлдэгдэл төлбөр 170 170 62 ам.долларын үндсэн төлбөрийг 011213 тоот газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 10.1-д заасан алданги /Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь/ болох 85 085 31 ам.долларын хамт, нийт 255 255.93 ам.долларыг “Б” ХХК-аас шаардах эрхээ “С” ХХК-д шилжүүлсэн. үүнчлэн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “Б” ХХК болон ДВ ойл трейдинг компаниуд нь тэдний хооронд 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 011213 тоот газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээнд дараах нэмэлт өөрчлөлт оруулсан. Үндсэн өр төлбөрийн үлдэгдлийг 170 170.62 ам.доллар болохыг, “Б” ХХК нь үндсэн төлбөрийн үлдэгдлийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бүрэн төлж барагдуулахыг, энэ хугацаанд төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд алдангийн хувь хэмжээг үүрэг гүйцэтгэгчид ашигтай байдлаар өөрчлөх боломжийг харилцан тохиролцохыг, 011213 тоот гэрээний 13.1 дэх заалтыг энэхүү гэрээнээс үүдэн гарах аливаа маргаан, санал зөрөлдөөнийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу харьяалах шүүхээр шийдвэрлүүлнэ гэж тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан ч “Б” ХХК нь төлбөр төлөөгүй тул 011213 тоот гэрээ болон нэмэлт өөрчлөлт оруулах тухай 01/2017 тоот гэрээний дагуу БНД 90/130 маркийн замын битумын үлдэгдэл төлбөр 170 170 62 ам.доллар, алданги 85 085 31 ам.доллар буюу нийт 255 255 93 ам.долларыг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Монгол банкны хаалтын ханш 2 647 34 төгрөгөөр тооцож нийт 675 749 234 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шаардах эрх шилжүүлж авч байж “С” ХХК нь Монгол улсын иргэний шүүхэд хандах эрх нээгдэж байгаа боловч эрх нээгдээгүй байхад итгэмжлэл олгож, төлөөлөгч нь шүүхэд хандаж байгаа нь өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн процесс алдагдаж байна. Процессийн алдааг засаж, шаардах эрх шилжүүлэх гэрээ гарснаас хойш буюу 2017 оны шаардах эрх шилжүүлэх гэрээгээр явсан бол адилхан зүйл болох байсан. “Б” ХХК нь “Ди ви ойл трейдинг” ХХК-тай харилцан гэрээ байгуулсан нь үнэн. Тодорхой тооцоо нийлж, төлбөрийг төлж байсан. Түүнчлэн гурвалсан гэрээгээр тооцоо нийлж, үлдэгдэл төлбөр байхгүй гэх тайлбарыг н.Г захирал өгдөг. Гадаад төлбөрийн даалгаврын баримтуудыг нотариатаар батлуулж, шүүх хуралдаанд өгч байсан. Гэтэл хэрэгсэхгүй болсон хэрэгт үлдсэн бололтой. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Шаардлагатай гэвэл тодорхой хэмжээнд үйл ажиллагаа явуулж байсан “Я” ХХК болон тодорхой хэмжээгээр үйл ажиллагаа явуулж байсан компанийг оролцуулан шийдвэрлэх нь зүйтэй. Шүүхэд нотлох баримт гаргаж өгч чадалгүй мэтгэлцээнд оролцлоо. Шүүх хариуцагч талын гаргасан итгэмжлэл өөрөө хуульд нийцэхгүй байна гэх ойлголт нь 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс ажиллагаанд шинээр оролцож эхэлнэ. Үүнтэй холбоотой гаргасан хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн байх. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт хэлэлцсэн захирамжийг дахин эргэж харна гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-аас 675 749 234 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 536 697 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 3 536 697 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т давж заалдах гомдолдоо:

... Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхээс тус нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэхэд бүрэн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан гэж үзэж байна. Учир нь ХБНГУ-ын "ДВ ойл трейдинг" компани нь өөрийн охин компани болох Монгол Улсад бүртгэлтэй "С" ХХК-д 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн "Б" ХХК болон "ДВ ойл трейдинг" компани нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 011213 дугаартай гэрээний шаардах эрхийг шилжүүлсэн байна. "С" ХХК нь "ДВ ойл трейдинг" компаниас шаардах эрхийг шилжүүлэн авснаас хойш нэхэмжлэгчээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй болж байгаа.

Шаардах эрх шилжүүлэн авсан "С" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д нь дээрхy, шаардах эрх шилжүүлэн авах гэрээнээс өмнө буюу 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн итгэмжлэлээр "Б" ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхийг олж авсан гэж үзэн тус итгэмжлэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.

Өөрөөр хэлбэл "С" ХХК нь "Б" ХХК-аас шүүхийн журмаар шаардах эрхээ "ДВ ойл трейдинг" компаниас албан ёсоор аваагүй байхдаа итгэмжлэлийн өөрийн төлөөлөгч Т.Д-д олгожээ. Үүний дагуу нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

"С" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д нь шүүхэд нэхэмжлэл гаргаж хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх бүхий этгээд биш байна. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдаж хуулийг ноцтой зөрчсөн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “С” ХХК нь “Б” ХХК-д холбогдуулан бараа нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 675 749 234 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 183/ШЗ2019/06680 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т-д 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх, үүрэг тайлбарлаж, хэргийн материалыг танилцуулсан байна.

 

Харин иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 183/ШЗ2019/09610 дугаар 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг 00 минутад товлосноос хойш хэргийн материалыг хариуцагч талд танилцуулсан баримтгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2 дахь заалтаар олгогдсон хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн эрхийг хангаагүй, зөрчсөн гэж үзнэ.

 

            Иймд шийдвэрийн үндэслэл болон талуудын маргааны талаар давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/01773 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 536 697 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

 

     ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

 

А.ОТГОНЦЭЦЭГ