Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2020/02868

 


 

2020 10 23 183/ШШ2020/02868

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1-р хороо, тоот хаягт байрлах, С.групп ХХК //-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Орчлон тоот хаягт байрлах, Б.ХХК //-д холбогдох

 

Бараа нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 699 079 626 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...ДВ Ойл Трейдинг ГмбХ нь ХБНГУ-д бүртгэлтэй, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг компани бөгөөд энэ үйл ажиллагааныхаа хүрээнд Монгол улсын хуулийн этгээд болох Б.ХХК-тай 2013 оноос хамтран газрын тосны бутээгдэхүүн нийлүүлж, Б.ХХК тухайн бүтээгдэхүүнийг хүлээн авч төлбөрийг төлж байсан. Энэ харилцааныхаа хүрээнд 2013 оны 12-р сарын 01-ны өдөр 011213 тоот газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан ба энэ гэрээний дагуу ДВ Ойл Трейдинг ГмбХ нь Б.ХХК-д газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, Б.ХХК нь газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авч бүтээгдэхүүний үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Талууд газрын тосны бүтээгдэхүүний нэр төрөл, нийлүүлэх тоо хэмжээ, чанарын шаардлага, төлбөр төлөгдөх нөхцлийг 2014 оны 05-р сарын 30-ны өдрийн 3 тоот нэмэлт зөвшилцөл болон түүний хавсралт 1-т тус тус дэлгэрэнгүй тусгасан. Худалдагч болох ДВ Ойл Трейдинг компани нь 2 000 тонн БНД 90/130 маркийн замын битумыг нэг тонн тутмыг нь 870 ам доллароор нийлүүлэх, худалдан авагч Б.ХХК нь нийт 1 740 000 ам.долларын төлбөрийг барааг ачигдсан өдрөөс хойш 120 хоногийн дараа 100% төлж барагдуулах нөхцөлтэй байсан. Мөн 2014 оны 12-р сарын 01-ний өдөр Худалдагч ДВ Ойл Трейдинг компани, худалдан авагч Б.ХХК болон Ялгуусан ХХК-иудын хооронд гурвалсан гэрээ байгуулагдаж, гэрээгээр Ялгуусан ХХК нь ДВ Ойл Трейдинг компаниас нийлүүлсэн замын битумын төлбөр 995 465.66 ам.долларыг Б.ХХК-д төлөх байсныг ДВ Ойл Трейдинг компанид шилжүүлэхээр болж, Ялгуусан ХХК нь 995 465.66 ам долларыг ДВ Ойл Трейдинг компанид шилжүүлсний дараа Б.ХХК-иас ДВ Ойл Трейдинг компанид төлөх төлбөр нь хүү алданги тооцохгүйгээр 282 170.62 ам.доллар болохыг тохиролцож талууд тооцоо нийлсэн актуудыг үйлдсэн. Ийнхүү Ялгуусан ХХК нь Б.ХХК-ийн ДВ Ойл Трейдингд төлөх төлбөрөөс 995 465.66 ам долларын төлбөрийг шилжүүлэн авснаар Б.ХХК-ийн ДВ Ойл трейдинг компанид төлөх өр төлбөрийн үлдэгдэл 282 170.62 ам.доллар болсон. Энэ төлбөрөөс Б.ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 20 000 ам доллар, 2015.03.09-ны өдөр 10 000 ам.доллар, 2015.03.23-ны өдөр 10 000 ам.доллар, 2015.04.13-ны өдөр 10 000 ам.доллар, 2015.04.27-ны өдөр 32 000 ам.доллар, 2015 оны 05 сарын 06-ны өдөр 10 000 ам.доллар, 2015 оны 05 сарын 07-ны өдөр 2 ширхэг эксковатор хадгалсны төлбөр 10 000 ам.доллар, 2015.05.26-ны өдөр 10 000 ам.доллар буюу нийт 112 000 ам.доллар төлж, 170 170.62 ам.долларын үлдэгдэлтэй болсон боловч энэ үлдэгдэл төлбөрөө 2015 оноос хойш төлж барагдуулаагүй бөгөөд 2016 оны 06-р сарын 30-ны өдөр төлбөрийг 2016 оныг дуустал хойшлуулж өгөхийг хүссэн 23/2016 тоот албан бичиг, 2016 оны 11-р сарын 15-ны өдөр өр төлбөрийг 2017 он хүртэл хойшлуулж өгөхийг хүссэн 062/2016 тоот албан бичгүүдийг ДВ Ойл Трейдинг компанид ирүүлж байсан байдаг. ДВ Ойл Трейдинг компани нь Б.ХХК-д төлбөрөө төлөхийг, төлбөрөө төлөхгүй удааширч байгаа нь санхүүгийн хувьд ихээхэн хэмжээний хохирол учруулж байгааг, мөн ийнхүү удаашрах тусам талуудын хооронд байгуулагдсан 011213 тоот газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 10 дугаар зүйлийн 10.1-т худалдан авагч энэхүү гэрээний хавсралтад заасан хугацаанд хүлээн авсан барааныхаа төлбөрийг төлөөгүй тохиолдолд худалдагчид төлөгдөөгүй үнийн дүнгийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.2% алданги төлөх гэж заасны дагуу алданги тооцогдож байгааг удаа дараа сануулж албан тоотуудыг илгээж байсан. Тодруулбал 2015 оны 01-р сарын 31-ны өдөр, 2015 оны 06-р сарын 08-ны өдөр, 2015 оны 11-р сарын 02-ны өдөр, 2015 оны 12-р сарын 07-ны өдөр, 2016 оны 04-р сарын 25-ны өдөр, 2016 оны 05-р сарын 31-ны өдөр, 2016 оны 07-р сарын 15-ны өдөр, 2016 оны 12-р дугаар сарын 31-ний өдөр Б.ХХК-нд болон Б.ХХК-ны захирал н.Ганбатад хандан албан тоот илгээж байсан байдаг. Түүнчлэн 2017 оны 09-р сарын 26-ны өдөр Б.ХХК болон ДВ Ойл Трейдинг ГмбХ компаниудын хооронд 2013 оны 12-р сарын 01-ний өдөр байгуулагдсан №011213 тоот газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээнд дараах нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Үндсэн өр төлбөрийн үлдэгдлийг 170 170.62 ам.доллар болохыг, Б.ХХК нь үндсэн төлбөрийн үлдэгдэл 170 170.62 ам.долларыг 2017 оны 10-р сарын 23-ны өдөр бүрэн төлж барагдуулахыг, 2017 оны 10-р сарын 23-ны өдрийн дотор төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд алдангийн хувь хэмжээг үүрэг гүйцэтгэгчид ашигтай байдлаар өөрчлөх боломжийг харилцан тохиролцохыг, №011213 тоот газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний 13.1 дэх заалтыг энэхүү гэрээнээс үүдэн гарах аливаа маргаан, санал зөрөлдөөнийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу харъяалах шүүхээр шийдвэрлүүлнэ гэж тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан боловч Б.ХХК нь төлбөр төлөх санаа санаачлага огт гаргалгүй өнөөдрийг хүргэсэн. Б.ХХК-нд 2017 оны 10-р сарын 23-ны өдрийн дотор төлбөрөө бүрэн барагдуулах боломжийг олгосон байхад энэ төлбөрөө төлөхгүй жил гаруй хугацаа өнгөрсөн тул 2019 оны 15-р сарын 03 -ны өдөр ДВ Ойл Трейдинг компани нь 01/2019 тоот Шаардах эрх шилжүүлэх гэрээгээр замын битумын үлдэгдэл төлбөр 170 170.62 ам.долларын үндсэн төлбөрийг 011213 тоот газрын тосны бүгээгдэхүүн нийлүүлэх гэрээний 10.1-т заасан алданги болох 85 085.31 долларын хамтаар нийт 255 255.93 ам долларыг Б.ХХК-иас шаардах эрхээ С.Групп ХХК-д шилжүүлсэн. С.групп ХХК нь №011213 тоот газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөгдөөгүй байгаа үлдэгдэл төлбөр 170 170.62 ам.долларыг, тус гэрээний 10.1-т заасан алдангийн хамтаар Б.ХХК-иас гаргуулах дараах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2020 оны 01 сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ 2020 оны 01 сарын 09-ны өдрийн Монгол банкны ам долларын ханш болох 2738,74 төгрөгөөр тооцож, нийт 699 079 626 төгрөгийг Б.ХХК -иас нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Холбооны Бүгд Найрамдах Герман улсад бүртгэлтэй ДВ Ойл Трейдинг компани нь С.групп ХХК-д өөрийнхөө шаардах эрхийг 2019 оны 05 сарын 03-ны өдөр өгсөн байна. Үүнээс хойш иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах ёстой боловч С.групп ХХК-ийн захирал 2018 оны 09 сарын 26-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дарьсүрэнд итгэмжлэл олгосон байна. Өөртөө шаардах эрхээ аваагүй байж шаардах эрхээ авсан юм шиг харагдаж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын ноцтой зөрчил. Дээрх итгэмжлэл болон шаардах эрхээ үндэслэн 2019 оны 05 сарын 24-ний өдөр Т.Дарьсүрэн нэхэмжлэл гаргасан. Энэ процессын байдлыг үзэхэд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д хэсэгт заасан төлөөлөх эрхгүй этгээд шүүхэд хандсан байгаа. Б.ХХК нь битумын төлбөрийг төлж барагдуулсан, төлбөрийн үлдэгдэл тооцоо нийлж, гарын үсэг сураад байгаа нь ДВ Ойл Трейдинг компанийн хүсэлтээр даатгалын компанид баримт бүрдүүлэх зорилгоор зурсан байдаг. Нэхэмжлэгч нь нэг гэрээний төлбөрийг давхардуулан Журмак ХХК-иас мөн шаардаж шүүхэд хандсан байгаа... гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.групп ХХК нь хариуцагч Б.ХХК-д холбогдуулан бараа нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 255 255,93 ам.доллар буюу 699 079 626 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч төлбөр төлөх үүргээ биелүүлсэн гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргав.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...ДВ ойл трейдинг компани болон Б.ХХК-ийн хооронд байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 255 255,93 ам.долларыг 2019 оны 05 сарын 03-ны өдрийн 01/2019 тоот шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу шаардаж байгаа бөгөөд анх шүүхэд нэхэмжлэл гаргах үедийн ханш 2 647,34 төгрөгөөр тооцсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ам.долларын ханш өөрчлөгдсөнтэй холбоотой 2019 оны 01 сарын 09-ний өдрийн Монгол банкаас зарласан ханш 2 738,74 төгрөгөөр тооцон 699 079 626 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч ...гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлсэн. Төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргав.

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

ДВ ойл трейдинг компани болон С.групп ХХК-ийн хооронд 2019 оны 05 сарын 03-ны өдөр 01/2019 тоот шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ДВ ойл трейдинг компани нь Б.ХХК-тай байгуулсан 2013 оны 12 сарын 01-ний өдөр байгуулсан №011213 тоот гэрээ, 2017 оны 09 сарын 26-ны өдөр байгуулсан 2013 оны 12 сарын 01-ний өдрийн №011213 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2014 оны 05 сарын 30-ны өдөр байгуулсан 2013 оны 12 сарын 01-ний өдрийн №011213 тоот гэрээний нэмэлт зөвшилцөл №3-т заасны дагуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл болон алдангийг шаардах эрхийг нэхэмжлэгч С.групп ХХК-д шилжүүлсэн байна. /хх-10-11/

 

Иргэний хуулийн 123 дугаар зүйлий 123.2 дахь хэсэгт ...шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно." гэж заасантай дээрх гэрээ нийцжээ.

 

Герман улсын ДВ ойл трейдинг компани болон Багат ойл ХХК-ийн хооронд 2013 оны 12 сарын 01-ний өдөр 011213 тоот газрын тосны бүтээгдэхүүнийг нийлүүлэн борлуулах агуулга бүхий худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаж, гэрээний талууд 2014 оны 05 сарын 30-ны өдөр гэрээний нэмэлт зөвшилцөл №3 тоот гэрээгээр нэмэлт өөрчлөлт оруулж, түүний хавсралтаар худалдагч ДВ ойл трейдинг компани нь 2000 тонн БНД 90/130 маркийн замын битумыг 1 тонн тутмыг 870 ам.доллароор нийлүүлэх, худалдан авагч Б.ХХК нь нийт 1 740 000 ам.долларын төлбөрийг бараа ачигдсан өдрөөс хойш 120 хоногийн дараа төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ба талуудын хооронд байгуулсан дээрх гэрээнүүдэд талууд хүсэл зоригоо гарын үсгээрээ баталгаажуулсан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хамаарах ба гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Хариуцагч Б.ХХК нь гэрээний зүйл болох битумыг хүлээн авсан, хүлээн авсан барааны чанар байдлын талаар маргаагүй тул худалдагч тал гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Талуудын эрх бүхий этгээдүүд байлцан 2014 оны 12 сарын 03-ны өдөр 2014 оны 01 сарын 01-ний өдрөөс 2014 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд нийлүүлсэн бараа болон барааны төлбөрийн тооцоог нийлж, худалдан авагч буюу хариуцагч Б.ХХК нь нийт 1 277 636,28 ам.долларын төлбөрийн үлдэгдэлтэй болохыг уулзалтын тэмдэглэл болон тооцоо нийлсэн актаар тус тус баталгаажуулсан байна. /1-р хх-ийн 41-24/

 

Улмаар худалдагч ДВ ойл трейдинг компани, худалдан авагч Б.ХХК, Ялгуусан ХХК нарын хооронд 2014 оны 12 сарын 01-ний өдөр Гурвалсан гэрээ байгуулж, уг гэрээгээр Ялгуусан ХХК-иас Б.ХХК-д төлөх байсан 995 465,66 ам.долларын өрийг ДВ ойл трейдинг компани шилжүүлэн авч, хариуцагч Б.ХХК-ийн төлөх төлбөр нь хүү, алданги тооцохгүйгээр 282 170,62 ам.доллар болж байгааг баталгаажуулжээ. /1-р хх-ийн 31/

 

Б.ХХК-ийн ДВ ойл трейдинг компанид төлөх төлбөрийн үлдэгдэл 2017 оны оны 03 сарын 31-ний өдрийн байдлаар 170 170,62 ам.доллар байгаа болохыг худалдагч талыг төлөөлж Вельдемар Дерхо, худалдан авагчийг төлөөлж А.Ганбат нар 2017 оны 04 сарын 04-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /1-р хх-ийн 38/

 

Талууд 2017 оны 09 сарын 26-ны өдөр Б.ХХК болон ДВ ойл трейдинг ГмбХ компанийн хооронд 2013 оны 12 сарын 01-ний өдрийн 011213 тоот газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 01/2017 тоот гэрээ байгуулж, уг гэрээгээр 011213 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 170 170,62 ам.доллар болохыг харилцан хүлээн зөвшөөрч, үүрэг гүйцэтгэгч Б.ХХК нь 2017 оны 10 сарын 23-ны өдрийн дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцож, дээрх хугацаанд төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд 011213 тоот гэрээний 10.1-т заасан алдангийн хувь хэмжээг үүрэг гүйцэтгэгчид ашигтай байдлаар өөрчлөх боломжийг талууд харилцан тохиролцож шийдвэрлэхээр, мөн маргаан шийдвэрлүүлэх харьяалалд тус тус өөрчлөлт оруулахаар тохиролцсон байна.

 

Хариуцагчийн зүгээс дээрх гэрээний төлбөрийг төлсөн гэх татгалзлаа нотлохоор нотлох баримтыг шүүхээр бүрдүүлэх хүсэлт гаргасныг хангаж, улмаар Б.ХХК-иас ДВ ойл трейдинг ХХК-д 2014 оны 08 сарын 22-ны өдөр 105 000 ам.долларыг замын битумын төлбөр журмак гэх утгаар,

2014 оны 04 сарын 30-ны өдөр 500 000 ам.долларыг битумын төлбөр гэх утгаар,

2014 оны 10 сарын 17-ны өдөр 269 000 ам.долларыг битумын төлбөр Монроуд гэх утгаар,

2015 оны 02 сарын 05-ны өдөр 20 000 ам.долларыг битумын төлбөр Монроуд гэх утгаар,

2014 оны 08 сарын 31-ны өдөр 30 000 ам.долларыг битумын төлбөр Журмак гэх утгаар,

2014 оны 09 сарын 03-ны өдөр 55 000 ам.долларыг битумын төлбөр Журмак гэх утгаар,

2014 оны 09 сарын 11-ний өдөр 65 000 ам.долларыг битумын төлбөр Монроуд гэх утгаар,

2014 оны 09 сарын 16-ны өдөр 66 000 ам.долларыг битум гэх утгаар,

2014 оны 09 сарын 30-ны өдөр 130 000 ам.долларыг битумын төлбөр Монроуд гэх утгаар,

2014 оны 10 сарын 14-ний өдөр 510 000 ам.долларыг битумын төлбөр Монроуд гэх утгаар тус тус шилжүүлсэн гадаад төлбөрийн даалгавар гэх баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

 

Дээрх баримтууд нь талууд 2014 оны 12 сарын 02-ны өдөр, 2017 оны 04 сарын 04-ны өдөр тус тус тооцоо нийлсэн, харилцан баталгаажуулсан протокол гэх баримтад худалдан авагч буюу Б.ХХК-ийн төлбөрөөс хасч тооцсон үнийн дүнтэй тохирч байна. /1-р хх-ийн 38-39/ Өөрөөр хэлбэл гэрээний талууд 2017 оны 09 сарын 26-ны өдөр 011213 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний үлдэгдэл төлбөр 170 170,62 ам.доллар болохыг харилцан хүлээн зөвшөөрснөөс хойших хугацаанд хариуцагчийг төлөлт хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Түүнчлэн талууд 2014 оны 05 сарын 30-ны өдөр гэрээний нэмэлт зөвшилцөл №3 тоот гэрээний Төлбөрийн нөхцөл: Худалдагчийн нийлүүлсэн, Худалдан авагчийн Монгол дахь Монроуд ХХК-нд худалдсан барааны төлбөрийг Монроуд ХХК нэг метр тонн битумыг 870 ам.доллароор тооцож худалдагчийн дансанд шууд шилжүүлнэ гэх тохиролцооноос үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэгч нэг гэрээний үүргийг хэд хэдэн хуулийн этгээдээс давхардуулан шаардаж байгаа нь төлбөрийн даалгаврын утга дээрх Журмак, Монроуд гэх бичилтээр нотлогдоно... гэх тайлбар үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Герман улсын ДВ ойл трейдинг компани болон Б.ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 12 сарын 01-ний өдөр 011213 тоот гэрээний 10.1-т худалдан авагч хүлээн авсан барааныхаа үнийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,2 хувийн алданги төлөх гэж тохиролцсон ба хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 170 170,62 ам.долларын 50 хувиар тооцон алданги шаардаж буй нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцнэ.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг дагуу хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 255 255,93 ам.долларыг шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ханшны зөрүүтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 63 дугаар зүйлийн 63.2-т ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхтэй, гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар ...тооцно. гэж заасантай нийцэх тул шаардлагаа ихэсгэх үеийн буюу 2020 оны 01 сарын 09-ний өдрийн Монгол банкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2 738,74 төгрөгөөр тооцож 699 079 626 төгрөгийг хариуцагч Б.ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч С.групп ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно гэж, 35.2-т хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл хэргийн оролцогчоор хуулийн этгээд оролцож байгаа тохиолдолд түүнийг эрх бүхий иргэн төлөөлөх бөгөөд итгэмжлэлээр бүрэн эрх олгогдсон этгээд төлөөлдөг.

 

Нэхэмжлэгч С.групп ХХК-иас 2018 оны 09 сарын 26-ны өдрийн 01/478 дугаар итгэмжлэлээр төлөөлөгч Т.Дарьсүрэнд Б.ХХК-д холбогдох иргэний хэрэгт төлөөлөн оролцох тодорхой эрхүүдийг олгосны дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгосон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 05 сарын 22-ны өдөр итгэмжлэлийн хугацааг сунгаж, дахин итгэмжлэл олгосон, эрх бүхий этгээдийн тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажсан, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна./хх-6, 182/

 

Итгэмжлэл олгох нь нэг талт хэлцэл тул нэхэмжлэгч С.групп ХХК-иас төлөөлөгчдөө олгосон итгэмжлэлд заасан хугацаанд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь хуульд нийцэх тул хариуцагчийн нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх татгалзал үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.ХХК /РД:/-иас 699 079 626 төгрөгийг гаргуулж нэхэмжлэч С.групп ХХК /РД:/-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 3 653 357 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 3 653 357 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.групп ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ