Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2020/00866

 


 

 


 

 

2020 оны 4 сарын 07 өдөр                                  Дугаар 183/ШШ2020/00866                          Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ............тоот хаягт байрлах, АХХК ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2-р хороо тоот хаягт байрлах, БХХК /.../-д холбогдох

 

Бараа нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 699 079 626 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “......Трейдинг ГмбХ нь ХБНГУ-д бүртгэлтэй, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг компани бөгөөд энэ үйл ажиллагааныхаа хүрээнд Монгол улсын хуулийн этгээд болох БХХК-тай 2013 оноос хамтран газрын тосны бутээгдэхүүн нийлүүлж, БХХК тухайн бүтээгдэхүүнийг хүлээн авч төлбөрийг төлж байсан. Энэ харилцааныхаа хүрээнд 2013 оны 12-р сарын 01-ны өдөр 011213 тоот газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан ба энэ гэрээний дагуу ...Трейдинг ГмбХ нь БХХК-д газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, БХХК нь газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авч бүтээгдэхүүний үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Талууд газрын тосны бүтээгдэхүүний нэр төрөл, нийлүүлэх тоо хэмжээ, чанарын шаардлага, төлбөр төлөгдөх нөхцлийг 2014 оны 05-р сарын 30-ны өдрийн 3 тоот нэмэлт зөвшилцөл болон түүний хавсралт 1-т тус тус дэлгэрэнгүй тусгасан. Худалдагч болох ...Трейдинг компани нь 2 000 тонн БНД 90/130 маркийн замын битумыг нэг тонн тутмыг нь 870 ам доллараар нийлүүлэх, худалдан авагч БХХК нь нийт 1 740 000 ам.долларын төлбөрийг барааг ачигдсан өдрөөс хойш 120 хоногийн дараа 100% төлж барагдуулах нөхцөлтэй байсан. Мөн 2014 оны 12-р сарын 01-ний өдөр Худалдагч “...Трейдинг” компани, худалдан авагч БХХК болон ... ХХК-иудын хооронд гурвалсан гэрээ байгуулагдаж, гэрээгээр “...” ХХК нь ...Трейдинг компаниас нийлүүлсэн замын битумын төлбөр 995 465.66 ам.долларыг БХХК-д төлөх байсныг ...Трейдинг компанид шилжүүлэхээр болж, ... ХХК нь 995 465.66 ам долларыг “...Трейдинг” компанид шилжүүлсний дараа БХХК-иас ...Трейдинг компанид төлөх төлбөр нь хүү алданги тооцохгүйгээр         282 170.62 ам.доллар болохыг тохиролцож талууд тооцоо нийлсэн актуудыг үйлдсэн. Ийнхүү ... ХХК нь БХХК-ийн ...Трейдингд төлөх төлбөрөөс 995 465.66 ам долларын төлбөрийг шилжүүлэн авснаар БХХК-ийн ...трейдинг компанид төлөх өр төлбөрийн үлдэгдэл 282 170.62 ам.доллар болсон. Энэ төлбөрөөс БХХК нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 20 000 ам доллар, 2015.03.09-ны өдөр 10 000 ам.доллар, 2015.03.23-ны өдөр 10 000 ам.доллар, 2015.04.13-ны өдөр 10 000 ам.доллар,  2015.04.27-ны өдөр 32 000 ам.доллар, ны өдөр 10 000 ам.доллар, ны өдөр 2 ширхэг эксковатор хадгалсны төлбөр 10 000 ам.доллар, 2015.05.26-ны өдөр 10 000 ам.доллар буюу нийт 112 000 ам.доллар төлж 170 170.62 ам.долларын үлдэгдэлтэй болсон боловч энэ үлдэгдэл төлбөрөө 2015 оноос хойш төлж барагдуулаагүй бөгөөд 2016 оны 06-р сарын 30-ны өдөр төлбөрийг 2016 оныг дуустал хойшлуулж өгөхийг хүссэн 23/2016 тоот албан бичиг, 2016 оны 11-р сарын 15-ны өдөр өр төлбөрийг 2017 он хүртэл хойшлуулж өгөхийг хүссэн 062/2016 тоот албан бичгүүдийг ...Трейдинг компанид ирүүлж байсан байдаг. ...Трейдинг компани нь БХХК-д төлбөрөө төлөхийг, төлбөрөө төлөхгүй удааширч байгаа нь санхүүгийн хувьд ихээхэн хэмжээний хохирол учруулж байгааг, мөн ийнхүү удаашрах тусам талуудын хооронд байгуулагдсан 011213 тоот газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 10 дугаар зүйлийн 10.1-т худалдан авагч энэхүү гэрээний хавсралтад заасан хугацаанд хүлээн авсан барааныхаа төлбөрийг төлөөгүй тохиолдолд худалдагчид төлөгдөөгүй үнийн дүнгийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.2% алданги төлөх” гэж заасны дагуу алданги тооцогдож байгааг удаа дараа сануулж албан тоотуудыг илгээж байсан. Тодруулбал 2015 оны 01-р сарын 31-ны өдөр, 2015 оны 06-р сарын 08-ны өдөр, 2015 оны 11-р сарын 02-ны өдөр, 2015 оны 12-р сарын 07-ны өдөр, 2016 оны 04-р сарын 25-ны өдөр, 2016 оны 05-р сарын 31-ны өдөр, 2016 оны 07-р сарын 15-ны өдөр, 2016 оны 12-р дугаар сарын 31-ний өдөр БХХК-нд болон БХХК-ны захирал н....ад хандан албан тоот илгээж байсан байдаг. Түүнчлэн 2017 оны 09-р сарын 26-ны өдөр БХХК болон ...Трейдинг ГмбХ компаниудын хооронд 2013 оны 12-р сарын 01-ний өдөр байгуулагдсан №011213 тоот газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээнд дараах нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Үндсэн өр төлбөрийн үлдэгдлийг 170 170.62 ам.доллар болохыг,  БХХК нь үндсэн төлбөрийн үлдэгдэл 170 170.62 ам.долларыг 2017 оны 10-р сарын 23-ны өдөр бүрэн төлж барагдуулахыг, 2017 оны 10-р сарын 23-ны өдрийн дотор төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд алдангийн хувь хэмжээг үүрэг гүйцэтгэгчид ашигтай байдлаар өөрчлөх боломжийг харилцан тохиролцохыг, №011213 тоот газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний 13.1 дэх заалтыг энэхүү гэрээнээс үүдэн гарах аливаа маргаан, санал зөрөлдөөнийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу харъяалах шүүхээр шийдвэрлүүлнэ гэж тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан боловч БХХК нь төлбөр төлөх санаа санаачлага огт гаргалгүй өнөөдрийг хүргэсэн. БХХК-нд 2017 оны 10-р сарын 23-ны өдрийн дотор төлбөрөө бүрэн барагдуулах боломжийг олгосон байхад энэ төлбөрөө төлөхгүй жил гаруй хугацаа өнгөрсөн тул 2019 оны 15-р сарын 03 -ны өдөр ...Трейдинг компани нь 01/2019 тоот Шаардах эрх шилжүүлэх гэрээгээр замын битумын үлдэгдэл төлбөр 170 170.62 ам.долларын үндсэн төлбөрийг 011213 тоот газрын тосны бүгээгдэхүүн нийлүүлэх гэрээний 10.1-т заасан алданги болох 85 085.31 долларын хамтаар нийт 255 255.93 ам долларыг БХХК-иас шаардах эрхээ АМонгол Групп ХХК-д шилжүүлсэн. БХХК нь төлбөрөө барагдуулахгүй байгаа нь ...Трейдинг компанид санхүүгийн ихээхэн хэмжээний хохирол учруулж байгаа учраас 01/2019 тоот аардах эрх шилжүүлэх гэрээгээр шаардах эрхийг шилжүүлж авсан. Амонгол групп ХХК нь №011213 тоот газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөгдөөгүй байгаа үлдэгдэл төлбөр 170 170.62 ам.долларыг, тус гэрээний 10.1-т заасан алдангийн хамтаар БХХК-иас гаргуулах дараах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2020 оны 01 сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ 2020 оны 01 сарын 09-ны өдрийн Монгол банкны ам долларын ханш болох 2738,74 төгрөгөөр тооцож 23 330 392 төгрөгөөр ихэсгэж ...” ХХК -иас нийт 699 079 626 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нотлох баримтгүйгээр мэтгэлцүүлж байна. Шаардах эрхийн асуудал яригдаж байна. Холбооны Бүгд Найрамдах Герман улсад бүртгэлтэй ...Трейдинг компани нь АМонгол групп ХХК-д өөрийнхөө шаардах эрхийг 2019 оны 05 сарын 03-ны өдөр өгсөн байна. Үүнээс хойш иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах ёстой боловч АМонгол групп ХХК-ийн захирал 2018 оны  09 сарын 26-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Т....д итгэмжлэл олгосон байна. Өөртөө шаардах эрхээ аваагүй байж шаардах эрхээ авсан юм шиг харагдаж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын ноцтой зөрчил. Дээрх итгэмжлэл болон шаардах эрхээ үндэслэн 2019 оны 05 сарын 24-ний өдөр Т.... нэхэмжлэл гаргасан. Энэ процессын байдлыг үзэхэд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д хэсэгт заасан төлөөлөх эрхгүй этгээд шүүхэд хандсан байгаа тул нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хавтас хэрэгт байгаа бичгийн нотлох баримтаар тогтоогдоно. Давж заалдах шатны шүүхэд ороод ирэхээр АМонгол групп ХХК-иас урьд өгсөн  2018 оны 09 сарын 26-ны өдрийн итгэмжлэлийн хугацаа дуусаагүй байхад итгэмжлэлийг дахиад олгосон. Ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн үйл ажиллагаагаа далдлах, итгэмжлэл нь өөрөө хүчин төгөлдөр байгаа гэдгээр харуулах зорилготой.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д хэсэгт заасан аль аль нь арилаагүй зөрчил байгаа тул бүхэлд  хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...Трейдинг компаниас БХХК нь  битум  авсан нь үнэн. Миний   шүүхэд гаргаж өгье гээд байгаа арван баримтаар битумын төлбөр ... компани гэсэн утгаар БХХК-иас гадаад тэтгэлэгийн даалгаварыг гүйцэтгэдэг, хүлээн авагч нь ...Трейдинг компани гэж үздэг. БХХК нь гадаад тэтгэлэгийн агуулгыг гүйцэтгэдэг, хүлээн авагч нь ...Трейдинг компани гэж үздэг. БХХК нь  өөрийнхөө авсан битумыг төлбөрийг ... гэдэг компаниар  хийгээд байгаа нь гадаад төлбөрийн орчуулгын хувиас харагдана. БХХК нь төлбөрийг бүрэн дуусгасан. Гурвалсан гэрээгээр БХХК нь ...Трейдинг компаниас авсан битумын төлбөрийг ... компани төлсөн байдаг. ...д, ... компани төлсөн байдаг. Энэ зөвхөн БХХК-тай хамаарал бүхий асуудал биш. Төлбөр төлсөн баримтан дээр ...д, ... компани төлсөн, манай байгууллага энэ төлбөрийг авсан нь үнэн гэсэн тайлбар хэлээд байгаа боловч  бусад компаниудын асуудлыг өөр иргэний хэргийн шүүхийн журмаар ... компанианаас мөн адил битумын төлбөрийг нэхээд байгаа. Энэ баримтыг нотлох зорилгоор нотлох баримтуудыг гаргуулах гэж байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.5-д зааснаар хэрэгсэхгүй болгоно уу” гэв.

 

Зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан нотлох баримтуудыг шүүх тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Амонгол групп ХХК нь хариуцагч БХХК-д холбогдуулан бараа нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 255 255,93 ам.доллар буюу  675 749 234 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, 699 079 626 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “......трейдинг компани болон БХХК-ийн хооронд байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 255 255,93 ам.долларыг 2019 оны 05 сарын 03-ны өдрийн 01/2019 тоот шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу шаардаж байгаа бөгөөд анх шүүхэд нэхэмжлэл гаргах үедийн ханш 2 647,34 төгрөгөөр тооцсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ам.долларын ханш өөрчлөгдсөнтэй холбоотой 2019 оны 01 сарын 09-ний өдрийн Монгол банкаас зарласан ханш 2 738,74 төгрөгөөр тооцон 699 079 626 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна.” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч гэрээ байгуулагдсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин “...төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргав.

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

...трейдинг компани болон Амонгол групп ХХК-ийн хооронд 2019 оны 05 сарын 03-ны өдөр 01/2019 тоот шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 2013 оны 12 сарын 01-ний өдрө байгуулсан №011213 тоот гэрээ, 2017 оны 09 сарын 26-ны өдөр байгуулсан “2013 оны 12 сарын 01-ний өдрийн №011213 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”, 2014 оны 05 сарын 30-ны өдөр байгуулсан “2013 оны 12 сарын 01-ний өдрийн №011213 тоот гэрээний нэмэлт зөвшилцөл №3”-т заасны дагуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл болон алдангийг шаардах эрхийг нэхэмжлэгч Амонгол групп ХХК-д шилжүүлсэн байна.  /хх-10-11/

 

Иргэний хуулийн 123  дугаар зүйлий  123.2 дахь хэсэгт “...шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно." гэж заасантай дээрх гэрээ нийцжээ.

 

Герман улсын ...трейдинг компани болон Багат ойл ХХК-ийн хооронд 2013 оны 12 сарын 01-ний өдөр 011213 тоот газрын тосны бүтээгдэхүүнийг нийлүүлэн борлуулах агуулга бүхий худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаж, гэрээний талууд 2014 оны 05 сарын 30-ны өдөр гэрээний нэмэлт зөвшилцөл №3 тоот гэрээгээр нэмэлт өөрчлөлт оруулж, түүний хавсралтаар худалдагч ...трейдинг компани нь 2000 тонн БНД 90/130 маркийн замын битумыг 1 тонн тутмыг 870 ам.доллараар нийлүүлэх, худалдан авагч БХХК нь нийт 1 740 000 ам.долларын төлбөрийг бараа ачигдсан өдрөөс хойш 120 хоногийн дараа төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ба талуудын хооронд байгуулсан дээрх гэрээнүүдэд талууд хүсэл зоригоо гарын үсгээрээ баталгаажуулсан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хамаарах ба гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Худалдагч ...трейдинг компани, худалдан авагч БХХК, ... ХХК нарын хооронд 2014 оны 12 сарын 01-ний өдөр Гурвалсан гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ... ХХК-иас БХХК-т төлөх байсан 995 465,66 ам.долларын өрийг ...трейдинг компани шилжүүлэн авч, хариуцагч БХХК-ийн төлөх төлбөр нь хүү, алданги тооцохгүйгээр 282 170,62 ам.доллар болохыг баталгаажуулсан байх ба уг төлбөрөөс БХХК нь 2015 оны 02 сарын 06-ны өдрөөс 2015 оны 02 сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 112 000 ам.долларын төлбөрийг төлж, 170 170,62 ам.долларын үлдэгдэлтэй болсон болох нь талуудын тооцоо нийлсэн актууд болон хоорондоо харилцсан албан бичиг, шилжүүлгийн баримтууд зэргээр тогтоогдож байна.

 /хх-39-138/

Герман улсын ...трейдинг компани болон БХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 12 сарын 01-ний өдөр 011213 тоот гэрээний 10.1-т “худалдан авагч хүлээн авсан барааныхаа үнийг төлөөгүй тохиолдлолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,2 хувийн алданги төлөх” гэж тохиролцсон ба хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 170 170,62 ам.долларын 50 хувиар тооцон алданги шаардаж буй нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцнэ.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг дагуу хариуцагчаас 255 255,93 ам.долларыг шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ханшны зөрүүтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 63 дугаар зүйлийн 63.2-т “...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхтэй, гадаад вальютын ханшийг тухайн үеийн Монгол банкаас зарласан албан ёсны ханшаар ...тооцно.” гэж заасантай нийцэх тул шаардлагаа ихэсгэх үеийн буюу 2020 оны 01 сарын 09-ний өдрийн Монгол банкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2 738,74 төгргөөөр тооцож 699 079 626 төгрөгийг хариуцагч БХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Амонгол групп ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Амонгол групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн шаардах эрх шилжүүлэх гэрээнээс өмнө олгогдсон итгэмжлэлээр нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганд оролцоно” гэж, 35.2-т “хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл хэргийн оролцогчоор хуулийн этгээд оролцож байгаа тохиолдолд түүнийг эрх бүхий иргэн төлөөлөх бөгөөд итгэмжлэлээр бүрэн эрх олгогдсон этгээд төлөөлнө.

 

Нэхэмжлэгч Амонгол групп ХХК-иас 2018 оны 09 сарын 26-ны өдрийн 01/478 дугаар итгэмжлэлээр төлөөлөгч Т....д БХХК-д холбогдох иргэний хэрэгт төлөөлөн оролцох тодорхой эрхүүдийг олгосны дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгосон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 05 сарын 22-ны өдөр итгэмжлэлийн хугацааг сунгаж, дахин итгэмжлэл олгосон, эрх бүхий этгээдийн тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажсан, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна./хх-6, 182/

 

Итгэмжлэл олгох нь нэг талт хэлцэл тул нэхэмжлэгч Амонгол групп         ХХК-иас төлөөлөгчдөө олгосон итгэмжлэлд заасан хугацаанд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь хуульд нийцэж байна.

 

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С....с нь шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хуулиар тогтоосон шүүх хуралдааны дэгийн дагуу буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т зааснаар гаргаагүй, харин түүний гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар шийдвэрлэсэнтэй холбоотой “шүүгчийг татгалзан гаргах” хүсэлт гаргаж байгаа нь анхан шатны шүүх хуралдааны хуулиар тогтоосон дэгийг зөрчиж байгаа тул шүүх хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч БХХК /РД:.../-иас 699 079 626 төгрөгийг гаргуулж нэхэмжлэч Амонгол групп ХХК /РД:5568617/-д олгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн                 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 3 653 357 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 3 653 357 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Амонгол групп ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХЦЭЦЭГ