Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганхуягийн Батзаяа |
Хэргийн индекс | 183/2019/02473/И |
Дугаар | 148/ШШ2024/00069 |
Огноо | 2024-01-23 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 148/ШШ2024/00069
2024 оны 01 сарын 23 өдөр | Дугаар 148/ШШ2024/00069 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 6 дугаар байр 145 тоотод оршин суух, Болдын Цэвээндэмбэрэл
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, рояал грийн вилла, а2 байр 101 тоотод оршин суух, Гэндэнпил овогтой Батдорж
Нэхэмжлэлийн шаардлага: 465,887,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад;
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Цэвээндэмбэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Ди Жи Ти Зэт ХХК болон ******* нарын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах гэрээ тухай гэрээний хувьцаа шилжүүлэн авагч буюу Ди Жи Ти Зэт ХХК-ийн шаардах эрхийг бүхэлд нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Шаардах эрх шилжүүлэх гэрээгээр хүлээн авсан тул дараах үндэслэл шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.
Ди Жи Ти Зэт ХХК болон ******* нар нь Орхон агро комплекс ХХК-ийн 100 хувийн хувьцааг тэнцүү байдлаар буюу 50:50 хувиар эзэмшдэг байсан. Улмаар Орхон агро комплекс ХХК нь 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Жаст агро ХХК, Хадгаламж банкны эрх хүлээн авагчаас Эрдэнэт мах маркет ХХК-ийн 100 хувийн хувьцааг 3.000.000.000 /гурван тэрбум/ төгрөгөөр худалдан авсан байдаг. Уг гэрээний дагуу төлөх 3 тэрбум төгрөгийн хувьцаа эзэмшигч нар тэнцүү байдлаар гаргахаар тохиролцсон боловч хувьцаа эзэмшигч ******* нь өөрийн гаргах үүрэг бүхий 1.500.000.000 төгрөгийг оруулах боломжгүй болсон.
Иймд 900.000.000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг хувьцаа эзэмшигч Ди Жи Ти Зэт ХХК нь дангаараа гаргаж, үлдэгдэл 2.100.000.000 төгрөгийг ХААН банкны жилийн 24 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлийн санхүүжилтээр төлөх, эргээд уг зээлийн төлбөрийг Эрдэнэт мах маркет ХХК-ийн үйл ажиллагааны орлогоос төлөхөөр тохиролцсон. ХААН банкнаас авсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор зээлийн гэрээний барьцаанд ******* нь ******* дүүргийн 15 хороо, *******н 1 гудамж 1-4 тоот хаягт орших 172 м.кв талбайтай амины орон сууцын өмчлөх эрхийг Ди Жи Ти Зэт ХХК-д шилжүүлэн барьцаалуулсан бөгөөд мөн өөрийн гэр бүлийн хүн *******ийн нэр дээрх дундын өмчлөлийн Хан-Уул дүүрэг 15 хороо Гэгээнтэн хотхон 102 дугаар байрны 44 тоот хаягт байрлах 136м.кв талбай бүхий орон сууцыг тус тус барьцаалсан байдаг.
Уг 2,1 тэрбум төгрөгийн зээлийг авсны дараагаар хариуцагч ******* нь Орхон агро комлекс ХХК -ийн 50 хувийн хувьцаагаа хувьцаа эзэмшигч Ди Жи Ти Зэт ХХК-нд худалдахаар тохиролцсон. Хувьцааг худалдахтай холбоотойгоор 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр талууд хоорондын тооцоог хаах тухай гэрээ хийж дараах зүйлсийг тохиролцсон. Үүнд:
Ди Жи Ти Зэт ХХК нь: *******ийн хувьцааг нь эзэмшдэг ******* сант ХХК-ийн Ай Си Ай Си ХХК-нд төлөх 1.365.887.000 төгрөгийн өр төлбөрийг өмнөөс нь төлөх, ХААН банкнаас авсан 2,1 тэрбум зээлийн төлбөрийг дангаар хариуцаж төлөх,
******* нь: Ай Си Ай Си ХХК-нд төлөх 1,365,887,000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсны хариуд зээлийн барьцаанд зориулж шилжүүлсэн ******* дүүргийн 15 хороо, *******н 1 гудамж 1-4 тоот хаягт орших 172 м.кв талбайтай амины орон сууцыг 600,000,000 төгрөгт үнэлж хувьцаа худалдаж авсан төлбөрийн урьдчилгаанд тооцуулан бүр мөсөн шилжүүлэх, Ди Жи Ти Зэт ХХК-нд 50,207,000 төгрөгийг гэрээний хугацаанд төлөх, Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүрэг 15 хороо Гэгээнтэн хотхон 102 дугаар байрны 44 тоот хаягт байрлах 136м2 талбай бүхий орон сууцыг зээлийн төлбөрт хураагдаагүй нөхцөлд 415.680.000 төгрөгийг Ди Жи Ти Зэт ХХК-нд төлөх буюу нийт 1,065,887,000 төгрөгийн мөнгөн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Ди Жи Ти Зэт ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ******* сант ХХК-ийн Ай Си Ай Си ХХК-нд төлөх 1,365,887,000 төгрөгийн төлбөрийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төлж, ХААН банкнаас авсан 2,1 тэрбум төгрөгийн зээлийн төлбөрийг дангаар төлж дуусгасан.
Гэвч хариуцагч нь зөвхөн ******* дүүрэг, 15 хороо, *******н 1 гудамж 1-4 тоот хаягт орших 172 м.кв талбайтай амины орон сууцыг 600,000,000 төгрөгт үнэлж шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 465,887,000 төгрөгийн мөнгөн төлбөр төлөх үүргээ өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй байна. Иймд дээрх үндэслэлээр хариуцагчаас 465,887,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд нэхэмжлэгч Б.Цэвээндэмбэрэл нь *******ид холбогдуулан 465.887,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасантай холбоотой хариуцагчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна.
Нэг. Хувьцаа эзэмших эрх шилжүүлэх болсон үндэслэлийн тухайд:
Иргэн ******* /РД:XП72071476/ нь Орхон агро комплекс" ХХК-ийг 2015 онд үүсгэн байгуулж, 100%-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн болно.
Тухайн үед иргэн нь Орхон агро комплекс ХХК-д хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар болж, өөрийнхөө оронд Ди Жи Ти Зэт ХХК-ийг Орхон агро комплекс" ХХК-ийн 50%-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэн үйл ажиллагаа явуулахаар тохиролцсоны дагуу 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Бэлэглэлийн гэрээ зэргийг байгуулан ******* нь өөрийн эзэмшлийн хувьцааны 50%-ийг Ди Жи Ти Зэт ХХК-д шилжүүлсэн.
Ийнхүү хувьцаа эзэмших эрхийг шилжүүлснээс хойш Ди Жи Ти Зэт ХХК болон нь тохирсон ёсоор хөрөнгө оруулалт оруулаагүй бөгөөд хувьцаа эзэмших эрх шилжүүлсэнтэй холбоотой аливаа төлбөр шилжүүлээгүй.
Энэ хугацаанд ******* нь Орхон агро комплекс ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ба компанийг төлөөлөн Хадгаламж банкны барьцаанд хураагдсан Жаст групп-ын өмчлөлийн маркет" ХХК-ийг 3.000.000.000 /гурван тэрбум/ төгрөгт худалдан авахаар Хадгаламж банкны эрх хүлээн авагчтай харилцан тохиролцож, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Орхон агро комплекс" ХХК нь маркет ХХК-ийн 100%-ийн хувьцааг эзэмших эрхтэй болсон.
маркет" ХХК-ийг худалдан авах гэрээний дагуу төлөх урьдчилгаа 900,000,000 төгрөгийг хувьцаа эзэмшигч *******, Ди Жи Ти Зэт ХХК нар 50%, 50%-аар хуваан гаргаж, үлдэгдэл төлбөрийг банкнаас зээл авах замаар цаашид маркет ХХК-ийн үйл ажиллагаанаас олсон орлогоор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон.
Үүнтэй холбоотойгоор ******* нь урьдчилгаа төлбөрт 600.000.000/зургаан зуун сая/ төгрөгийн үнэлгээ бүхий Улаанбаатар хот, ******* дүүрэг, 15-р хороо, ******* 1 гудамж, 1-4 тоот хаягт байрлах, тоот улсын бүртгэлийн дугаар бүхий 172.02 м.кв амины орон сууцыг Ди Жи Ти Зэт ХХК-ийн тухайн үеийн хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал Д.Төмөртогоогийн өмчлөлд шилжүүлж, нийт 415,680,000 төгрөгийн үнэлгээ бүхий Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Гэгээнтэн хотхон, 102-р байр, 44 тоот хаягт байрлах 136 м.кв орон сууцыг дээр дурдсан банкны зээлийн барьцаанд тавих байдлаар хөрөнгө оруулж, Орхон агро комплекс ХХК-д оруулах өөрийн хөрөнгийн үнэлгээг нэмэгдүүлсэн.
Гэтэл нэхэмжлэгч Б.Цэвээндэмбэрэл нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ "... Уг гэрээний дагуу төлөх 3 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигч нар тэнцүү байдлаар гаргахаар тохиролцсон боловч хувьцаа эзэмшигч ******* нь өөрийн гаргах үүрэг бүхий 1,500,000,000 төгрөгийг оруулах боломж байхгүй байсан" гэж дурдсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Хувьцаа эзэмшигч Ди Жи Ти Зэт ХХК нь өөрийн компанийн нэрээр Хаан банкнаас зээл авах байдлаар үлдэгдэл төлбөрийн санхүүжилтийг босгохоор болж, улмаар ******* нь үлдэх 50%-ийн хувьцаа эзэмших эрхийг Ди Жи Ти Зэт ХХК-д шилжүүлэхээс өөр аргагүй болсон хэдий ч Орхон агро комплекс ХХК-ийн үйл ажиллагаанд оролцсоор байсан болно.
Ингэхдээ Хаан банк ХХК-аас 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зээл авахад хамтран үүрэг гүйцэтгэгч-ээр оролцож, мөн өдөр Хаан банк ХХК-тай Барьцааны гэрээ байгуулахад хамтран үүрэг гүйцэгч-ээр оролцож, эхнэрийнхээ өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Гэгээнтэн хотхон, 102-р байр, 44 тоот хаягт байрлах 136 м.кв орон сууцыг барьцаалсан.
Дээрх байдлаар Хаан банк ХХК-аас зээл авсан өдөр буюу 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Ди Жи Ти Зэт" ХХК нь *******той Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээ байгуулж, тус гэрээний гурав-т хувьцаа эзэмшигч *******ийн нийт хувьцааны үнэлгээг 1,315,680,000 /нэг тэрбум гурван зуун арван таван сая зургаан зуун наян мянга/ төгрөгөөр үнэлж худалдах ба хариуд нь *******ийн эзэмшлийн Орхон агро комплекс ХХК-ийн 50%-ийн хувьцааг Ди Жи Ти Зэт ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон.
Хоёр. Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээ-ний зүйл, төлбөр, тооцооны тухайд:
Нэхэмжлэгч Б.Цэвээндэмбэрэл нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ Хувьцааг худалдахтай холбоотойгоор 2016 оны 09 дугээр сарын 07-ны өдөр талууд хоорондын тооцоог хаах тухай гэрээ хийж дараах зүйлсийг тохиролцсон, ...хариуцагч нь зөвхөн ******* дүүрэг, 15-р хороо, *******н 1 гудамж, 1-4 тоот хаягт орших 172 м.кв талбайтай амины орон сууцыг 600,000,000 төгрөгт үнэлж шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 465,887,000 төгрөгийн мөнгөн төлбөр төлөх үүргээ өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй байна" гэж тус тус дурдсан нь үндэслэлгүй байна.
Ди Жи Ти Зэт ХХК болон ******* нар нь Орхон агро комплекс ХХК-ийн 50%-ийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбоотой Хувьцаа шилжүүлэгч тал болох *******ийн хувьцааны үнэлгээг бодитоор тогтоох, төлбөр тооцоог зохицуулах зорилгоор 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээ-г байгуулсан болно.
Тус гэрээний Гурав-т талууд хувьцаа шилжүүлэгч *******ийн хувьцааны хэмжээг тодорхойлсон ба 3.1 -д ******* дүүрэг, 15-р хороо, ******* 1 гудамж, 1-4 тоот хаягт орших 172.02 м.кв талбайтай амины орон сууцыг 600,000,000 төгрөгөөр үнэлж компанид хөрөнгө оруулсан гэж, 3.2-т Орхон агро комплекс ХХК-ийн 100 хувийн эзэмшил болох Эрдэнэт мах маркет ХХК-ийг худалдаж авахад оруулсан хувьцаа шилжүүлэгч талын хөдөлмөрийг 300,000,000 төгрөгөөр үнэлэн хөрөнгө оруулсанд тооцох гэж, 3.3-т Барьцаалсан байрны үнэ болох 415,680,000 төгрөгөөр тооцон компанид хөрөнгө оруулсан гэж тус тус заасны дагуу *******ийн Орхон агро комплекс ХХК-д оруулсан хөрөнгийн 50%-ийн хувьцааны үнэлгээ нийт 1,315,680,000 /нэг тэрбум гурван зуун арван таван сая зургаан зуун наян мянга/ төгрөг байхаар талууд тохиролцсон.
Гэтэл нэхэмжлэгч Б.Цэвээндэмбэрэл нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ талуудын хооронд байгуулсан Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээ-ний зорилго нь *******ийн хувьцааны үнэлгээг бодитоор тогтоож, төлбөр тооцоог зохицуулах бус, Гэрээний дагуу *******ийн хувьцааг нь эзэмшдэг ******* сант" ХХК-ийн Ай Си Си ХХК-д төлөх 1,365,887,000 төгрөгийн өр төлбөрийг өмнөөс нь төлөх, хариу төлбөрийг хэрхэн зохицуулах талаар тохиролцсон мэтээр тайлбарласан нь ойлгомжгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд ...*******ийн хувьцааг нь эзэмшдэг ******* сант ХХК гэж дурдсан байх боловч тус гэрээ байгуулагдсан 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ******* сант ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөр хүн байсан болох нь хэрэгт авагдсан баримтаас тодорхой харагддаг.
Гурав. ******* болон Ди Жи Ти Зэт ХХК нарын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болох тухайд:
Дээр дурдсанчлан талууд 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээ байгуулахаас гадна мөн өдөр Хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ" болон Хувьцаа худалдах худалдан авах гэрээ-г тус тус байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг.
Тус Хувьцаа худалдах худалдан авах гэрээ"-нд Орхон агро комплекс ХХК-ийн 50%-ийн хувьцааны бодит үнэлгээ болох 1.315.680.000 /нэг тэрбум гурван зуун арван таван сая зургаан зуун наян мянга/ төгрөг гэж гэрээнд тусгалгүйгээр нэг бүр нь 10.000 төгрөгийн үнэлгээ бүхий 50 ширхэг хувьцааг нийт 500.000 төгрөгөөр худалдсан мэтээр дурдаж, бодит байдлаас өөрөөр тусгасан байдаг.
Хариуцагчийн зүгээс тус гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байгаа бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Ди Жи Ти Зэт ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* болон Ди Жи Ти Зэт ХХК нарын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн зүйл болох Орхон агро комплекс ХХК-ийн 50%-ийн хувьцаа эзэмших эрхийг *******ийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах" шаардлага бүхий нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 101/Ш32023/00535 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
3. Нэхэмжлэгч Б.Цэвээндэмбэрэл нь 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа Б.Цэвээндэмбэрэл миний нэхэмжлэлтэй *******ид холбогдох иргэний хэрэгт дараах хүсэлтийг гаргаж байна.
Миний бие нь 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээ, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Шаарах эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу *******оос 465,887,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Цэвээндэмбэрэл нь *******ид холбогдуулан 465,887,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан ... Миний бие нь 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээ, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Шаарах эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу *******оос 465,887,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна ... гэх хүсэлтээр нотлогдож байна.
Иймд Б.Цэвээндэмбэрэлийн хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,487,385 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б.Цэвээндэмбэрэл нь *******ид холбогдуулан гаргасан 465,887,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,487,385 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БАТЗАЯА