Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 532

 

Ц.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 303 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 889 дүгээр магадлалтай, Ц.Б-т холбогдох 1710000000225 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй О овогт Ц-гийн Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг мөрдөн байцаалтаар бүрэн тодруулсан боловч прокурор, шүүх хэргийн талаар зөв дүгнэлт өгөөгүй. Ц.Б нь “ХХХ” ХХК-ийн менежерийн хувиар тогны мөнгө төлдөггүй, байгууллагын шитний цоож эвдэн цахилгааны тоолуур сольсон зэрэг асуудлаар шаардлага тавихаар Н.Б-ын гэрт очсон. Энэ үед Н.Б хаалгаа онгойлгож хэрүүл хийн үгийн зөрүүгүй өшиглөсөн бөгөөд миний үйлчлүүлэгч шатны ирмэг дээр хойшоо унахгүйн тулд гарнаас нь барьсан асуудал болсон. Энэ үйл баримт гэрч С.А-ын мэдүүлэг, мөн хохирогч Н.Б-ын анхны мэдүүлгээр нотлогдоно. Хожим хохирогч Н.Б хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй мэдүүлгүүд өгч эхэлсэн. Н.Б-ын биед учирсан гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, өөрийн гараар буюу өөрөө өөртөө үүсгэх боломжтой гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Мөн Гэмтлийн эмнэлгийн “осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас”-ны ард Н.Б-ын гэмтлийг “баруун бугалганы зулгарсан шарх” гэснээс өөр гэмтэл шарх учраагүй гэж тэмдэглэсэн нь шинжээчийн дүгнэлттэй тохирохгүй, ноцтой зөрүүтэй байна. Маргаан болсны дараа шууд авсан гэх фото зурагт баруун бугалганы зулгаралтаас өөр гэмтлийн зураг байхгүй, харин хавтаст хэргийн 38 дугаар хуудсанд авагдсан фото зурагт хэд хэдэн шарх үүссэн байдаг. Хавтаст хэргийн 37 дугаар хуудсанд эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл бусад баримтыг хураан авсан тэмдэглэл байх бөгөөд уг тэмдэглэлд хохирогч Н.Б бусдад зодуулсан гэх гэрэл зураг 2 ширхэг, хххх дугаараас илгээсэн мессежний билл 1 ширхгийг хүлээн авч тэмдэглэлд тусгав гэсэн боловч 38-39 дүгээр хуудсанд 3 ширхэг фото зураг хавсаргасан нь ойлгомжгүй байна. Дээрх нөхцөл байдлаас үүдэн өмгөөлөгчийн зүгээс Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай үгүйсгэгдэж байна гэж үзэж байна. Учир нь маргаан гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас эхтэй, албан ёсны шаардлага тавихаар очсон компанийн ажилтны хууль ёсны шаардлагыг үл хүндэтгэн түлхсэн, өшиглөсөн үйлдлийг хохирогч гэх Н.Б-ын зүгээс гаргасан. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд гэм буруугийн санаатай, болгоомжгүй хэлбэрийг ялгаж тогтоогоогүйгээс шалтгаалж гэмтэл учруулах санаа зорилгогүй, санамсаргүй эсвэл болгоомжгүй байдлаар хөнгөн хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцож байгаа нь энэ хуулийн үндсэн зарчим, тухайлбал шударга ёсны зарчим, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжээс хамаарч ял шийтгэл ялгамжтай байх, мөн өмнө гэмт хэрэгт тооцдоггүй байсан хөнгөн гэмтэл болгоомжгүй учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцдог болсон нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасантай шууд зөрчилдөж, санаатай хөнгөн хохирол учруулаагүй гэм буруугүй хүнд ял оногдуулах хэмжээнд очсон маргаантай асуудал үүсэж байгаад дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэргийг түдгэлзүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд гэм буруугийн санаатай, болгоомжгүй хэлбэрийг ялгаж тогтоогоогүй нь Үндсэн хуультай зөрчилдөж байгаа эсэхийг тогтоолгохоор Үндсэн хуулийн цэцэд хандаж шийдвэрлүүлэх хүсэлтийг үүгээр гаргаж байна. Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа. Ц.Б гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй байгаа нөхцөл байдлыг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Насанбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Хохирогчийн гарны 3 хэсэгт маажсан гэмтэл тогтоогдсон. Энэ нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр, аргагүй хамгаалалт байх боломжгүйг харуулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлд зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болсон. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн Ц.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Х дүүргийн Х дүгээр хороо, “ХХ” хотхоны Х дүгээр байрны Х тоотод Н.Б-ыг гэртээ байхад нь “байрнаас зайл, тогийг чинь салгана” гэж маргалдаж, улмаар түүний баруун гарын шуу, бугалга орчим нь маажиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

Шүүхээс Ц.Б-ын гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулахдаа хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх хэргийн үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүйн дээр шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүх хэргийн талаар зөв дүгнэлт хийгээгүй” талаарх гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Харин шүүгдэгч Ц.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үед гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан нэг жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгч Ц.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 303 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 889 дүгээр магадлалд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Ц.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                   ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                   ШҮҮГЧ                                                         С.БАТДЭЛГЭР

                                                                                       Д.ГАНЗОРИГ

                                                                                       Ч.ХОСБАЯР

                                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН