Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 303

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,

улсын яллагч Б.Баярхүү,

хохирогч Н.Б, түүний өмгөөлөгч Г.Ганбат /ҮД:1-912/,

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн /ҮД:0-407/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж О овогт Ц.Б-т холбогдох эрүүгийн 1710000000225 дугаартай, 187/2018/0291/Э индекстэй хэргийг 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, О овогт Ц.Б

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн ...... дүгээр хороо, ........ хотхоны ..... дүгээр байрны ..... тоотод иргэн Н.Б-г гэртээ байхад нь “байрнаас зайл, тогийг чинь салгана” гэж маргалдаж баруун гарын шуу, бугалгын орчимд нь маажиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн ...... дүгээр хороо, ...... хотхоны ..... дүгээр байрны ...... тоотод Н.Б-д хандан “шитний түлхүүр болон цахилгааны тоолуур сольсон байна, байрнаас зайл” гэж хэлэн маргалдаж Н.Б-н баруун гарын шуу, бугалгын орчмоос нь хүчтэй татаж, чангаан олон тооны /8-10 орчим/ гүн шарх үүсгэн маажих, хөлрүү нь өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Ц.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр цахилгаанчинтай цуг цахилгааны ажил хийхээр ирэхэд цахилгааны шитний түлхүүрийг сольсон байсан. Өмнө нь цахилгаантай холбоотой асуудал гарч байгаагүй Н.Б-нх ирснээс хойш асуудал гарч эхэлсэн. Н.Б-н хаалгыг тогшиход Н.Б гарч ирсэн. Би цахилгааны шитний цоожыг эвдсэн юм уу гэж асуухад тэгсэн тэгээд чи муу яахын гээд хаалгаа хаасан. Би дахин 2-3 удаа хүчтэй цохиход Н.Б гэрийнхээ хаалгыг онгойлгоод намайг өшиглөөд цээж рүү түлхэхэд нь баруун гарнаас барьж авсан. Үнэхээр шарх үүссэн байсан бол тухайн үед нь надад үзүүлж харуулах ёстой байсан. Камер тухайн үед Н.Б-н гэрийн үүд рүү нь харсан байрлалтай байсан бөгөөд камерийн бичлэгийг шүүлгэх ёстой байсан. Цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дараа Н.Б нь камераа өөр газарт байрлуулж тавьсан байна лээ. Би өөрийгөө хохирогч гэж бодож байна. Н.Б нь цахилгааны мөнгө төлдөггүй. Цахилгааны тоолуур авч тавь гэхээр тоодоггүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр Н.Б-н биед үүссэн шархыг мохоо зүйлийн олон удаагийн давтамжаар үүснэ гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.Б нь харуулын ажилчид, байрны оршин суугчдид, болон манай ахад цагдаа, шүүхийн байгууллагаар заргалдаад яваарай. Намайг барахгүй шүү та нар гэж хэлсэн байсан...Намайг Н.Б түлхэхэд би хойшоо унахдаа баруун гарнаас нь барьсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч Н.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 11-ний орой 21 цагийн орчимд манай гэрийн хаалгыг хүчтэй өшиглөж цохьсон бөгөөд хаалгыг онгойлоход танихгүй эмэгтэй тогны мөнгө нэхсэн. Би чамайг танихгүй, гэрээ хийсэн захирал Ц.Л-д мөнгөө өгнө гээд гэрийн хаалгаа хаасан. Гэтэл гэрийн хаалгыг хүчтэй нүдсэн. Би хаалгаа онгойлгоход одоо зайл гээд миний баруун гарнаас татсан. Манай эхнэр гарч ирээд салгаад хаалгаа хаасан. Гэртээ орж ирээд харахад миний баруун гарны арьсыг нь хуулсан байсан. Би эхнэрээрээ гарны арьс хуулагдсан хэсгийн зургийг авхуулаад цагдаа дуудахад Хан-Уул дүүргийн цагдаагаас гэрт тань очих боломжгүй байна. Боломжтой бол та манай хэлтэс дээр хүрээд ирээч гэж хэлсэн. Би Хан-Уул дүүргийн цагдаа дээр очоод тухайн эмэгтэйгээс хумсны шинжилгээ авах боломжтой юу гэхэд цагдаа боломжгүй гэж хэлсэн. Цагдаад арьс хуулагдсан хэсгийг үзүүлэхэд шүүх эмнэлэгт үзүүл гэж хэлээд шүүх эмнэлгийн тогтоол бичиж өгсөн. Шүүх эмнэлэг дээр очтол н.О гэдэг эмч унтаж байсан бөгөөд холоос хараад идээлж болзошгүй шарх байна гэмтлийн эмнэлэгт үзүүлээрэй гэж хэлсэн. Би гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэн анхны эмчилгээ хийлгэж, сувилагчаар гарын зургаа авахуулсан. Ц.Б бүтэн сайны өдөр манай гэрийн гадаа ирээд та нарыг ална чи мөнгө өгөөрэй гэж хэлээд явсан. Манай эхнэр, хүүхдүүд айдсын байдалтай байна...Гэрээнд зааснаар бүрэн засвартай байрыг надад хүлээлгэж өгөх ёстой. 5 жилийн хугацаанд цахилгааны шит цоожгүй, онгорхой байсан. Компанийн зүгээс цахилгааны төлбөр нэхэмжилсэнийг би төлж байгаа. Гэтэл Ц.Б хувийн дансаараа 1.400.000 төгрөг нэхэмжлээд байдаг. Цахилгааны тоолуурыг эрчим хүчний газраас асуухад болно гэж хэлсэн учир би тавьсан...3-4 удаа баруун гарнаас татаж чангаасан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            3. Хохирогч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 11-ний орой 21:00 цагийн орчимд гэртээ амарч байхад гаднаас хаалга үүд чанга нүдээд байхаар нь очиж хаалгаа онгойлгож өгтөл Ц.Б гэх эмэгтэй, цахилгаанчин А гэх /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ залуугийн хамт үүдэнд зогсож байсан юм. Тэгсэн чинь Ц.Б гэх эмэгтэй намайг одоо энэ байрнаас зайл гэж чанга хэлэхээр нь би чамайг танихгүй чамтай юм ярихгүй гэж хэлээд хаалгаа хаасан юм. Тэгсэн дахин хаалга нүдээд балбаад өшиглөөд байхаар нь би арга буюу хаалга нээтэл манай хаалга гадагшаа нээгддэг юм. Би тухайн үед зүүн гараараа хаалганы бариулнаас барьчихсан байсан юм тэгсэн Ц.Б миний баруун гарын шуу, бугалга хэсгээс гараараа чанга атгаж хүчээр гэрээс гаргах гэж миний баруун гарын шуу, бугалга хэсгээс зулгааж хүчтэй татаж чангаасан юм энэ үед манай эхнэр И.Ө бид нарын дундуур орж ирж салгасан юм. Тэгээд Ц.Б-с арайхийн салтал баруун хөлний доод шилбэ хэсгээр 2 удаа өшиглөсөн юм. Тэгээд би Ц.Б-с салангуутаа хаалгаа хаагаад гэрээсээ цагдаад дуудлага өгсөн юм...Би мөнгө төгрөг нэхэмжлээгүй...Эмчилгээний зардал нээх их гараагүй, би тос энэ тэр түрхээд эдгээчихсан юм...Гомдолтой байна...Би Ц.Б-г танихгүй, урьд нь маргалдаж байгаагүй, би “........” ХХК-ийн захирлын дүү гэж сонсож байсан юм үүнээс илүү зүйл мэдэхгүй...”.........” ХХК нь барилгын компани юм тэгээд би “.......” хотхоны бүх вакум цонхыг хийж өгсөн юм. Ингээд би одоо амьдарч байгаа орон сууцаа бартераар худалдан авсан юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 110-111, 159/

            4. Гэрч И.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр орой 21-22 цагийн орчим манай гэрийн хаалгыг хүн өшиглөөд байгаа юм шиг аймар цохьсон. Тэгэхээр нь манай нөхөр юу болоод байна гээд гэрээс гарсан. Тэгтэл гэнэт гэрийн үүдэнд нэг эмэгтэй хүн нөхөртэй маргалдаж хэрэлдээд хашгираад байгаа сонсогдсон. Нөхөр Н.Б хэсэг үүдэнд байж байгаад эргээд гэртээ ороод ирсэн тэгэхээр нь би юун хүн юм бэ гэхэд энэ хавийн ажилтан гэх эмэгтэй байна гэрийн цахилгаан тоолуурын талаар маргаан гараад гээд надад тайлбарлаж байтал дахин гэрийн хаалгыг өшиглөх чимээ гарсан тэгээд нөхөр хаалгаар гарсан. Тэгтэл хаалганы гадна талд хүмүүс дахин маргалдаж хэрэлдэх чимээ гарахаар нь би санаа зовоод араас нь гартал нөхөр Н.Б-н баруун талын булчин, бугуй хэсгээс нь 2 гараараа нэг эмэгтэй зуураад тавихгүй ноцолдоод байсан. Тэгэхээр нь би боль гэж дундуур нь ороод салгаад нөхрөө аваад гэртээ оруулсан...баруун талын гарыг нь үзтэл баруун талын булчин, шуу хэсэгт нь хумсаар маажсан эргэн тойрон 8-9 газарт шигтгээд татаж урсан байсан ба тэр хэсэг нь хавдаж улайгаад урагдсан байсан...Уг эмэгтэйтэй цахилгааны тоолуураас болж маргалдаж хэрэлдсэн гэж хэлсэн...Манай нөхөр Н.Б, бас Ц.Б гэх эмэгтэй мөн хамт цахилгааны ажилтан болтой эрэгтэй хүн...байсан...тэр эмэгтэй баруун талын гарыг нь хэд хэдэн газар хумсаараа гүн маажиж шарх үлдээсэн байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 16-18/

            5. Гэрч С.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед Н.Б Ц.Б-г өшиглөх шиг болсон. Тэгсэн Ц.Б Н.Б-н гарыг самардах шиг болсон...Ц.Б, Н.Б хоёр хоорондоо зууралдаад байсан юм. Тэр үед Н.Б хаалгаа хаах гээд харин Ц.Б хаалганы бариулнаас нь барьчихаад хаалгыг хаалгахгүй гээд зүтгээд байсан юм...Н.Б Ц.Б-г өшиглөхөөр нь Ц.Б зөрүүлээд Н.Б-н баруун гарын шуунаас нь барьсан юм. Ийм л юм болсон...Гараараа атгах үедээ маажсан байж болно гэхдээ ингэж хөхөрөх хэмжээний маажаагүй байх гэж бодож байна...Нэг гараараа атгасан юм...Ц.Б Н.Б-н баруун гарын шуу хэсгээс нь нэг удаа барьчихаад 10 орчим секунд л атгаж барьсан байх...Эмэгтэй хүн болсон хойно хумстай л байх гэхдээ Ц.Б хумс уналаа энэ тэр гэж нэг ч юм яриагүй...Би болсон асуудлын талаар харсан зүйлээ үнэнээр нь хэлсэн...Ц.Б, Н.Б, Н.Б-н эхнэр /нэрийг нь мэдэхгүй/ бид дөрөв л байсан юм. Бид дөрвөөс өөр хүн байгаагүй юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 19-20, 112-113/

            6. Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 38-39, 70-71, 135, 137/

            7. Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /1хх-ийн 131/

            8. 102-т дуудлага өгсөн лавлагаа: “...Огноо: 2017.10.11...Хугацаа: 20:53:43...Хандалт: 102...Хэрэглээний төрөл: Яриа (Яаралтай тусламжийн дугаар)...Хэмжээ, хугацаа: 00:02:04...” /1хх-ийн 134/

            9. Хэргийн газрын үзлэг нөхөн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 121-127, 172-175/

            10. Хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№713/-ний дүгнэлт:

                        -Н.Б-н биед тухайн үед баруун бугалга, баруун тохойн хонхорт шарх, зулгаралт, баруун шуунд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд учирсан нь тогтоогджээ.

                        -Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /1хх-ийн 239-240/

             11. Шүүгдэгч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би “.........” хотхонд аж ахуйн менежерээр 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Тэгтэл 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр манай хотхоны ....... тоотод Н.Б гэх айлынх нүүж ирсэн. Тэгээд би ирсэн цагаас нь эхлэн хотхоны цахилгаанчин А /С.А/ гэх хүнийг явуулж тоолуур тавиулахыг удаа дараа шаардуулсан. Тэгтэл Н.Б гэдэн хүн манай цахилгаанчин А /С.А/-г загнаад цахилгааны тоолуур огт тавиулахгүй 1 сар гаран болоод...тоолуурыг тавьсан...Тэгтэл 2017 оны 10 дугаар сарын 11-ний өглөө манай цахилгаанчин А /С.А/ ирээд Н.Б-н цахилгааны шитийг онгойлгох гэтэл онгойхгүй байна гэхээр нь чи өөрөө онгойлгож чадахгүй байгаа байх хамт очиж үзье гээд хамт явсан. Тэгээд цахилгааны шитийг онгойлгох гэтэл лацтай цоожийг нь эвдэж, манай тавьсан тоолуурыг солиод өөр тоолуур тавьсан, тэгээд бас цахилгааны шитний цоожийг сольж тавьсан байсан. Тэгэхээр нь би Н.Б-н гэрийн хаалгыг тогшсон чинь Н.Б гарч ирсэн. Тэгэхээр нь би та энэ шитний цоожийг сольсон юм уу гэтэл цоож байтугай тоолуурыг нь сольсон, тэгээд яадаг юм гэж хэлээд хаалгаа буцаагаад хаасан. Тэгэхээр нь би дахин хаалгыг тогшсон чинь Н.Б гарч ирээд миний цээж рүү гараараа хүчтэй түлхээд хөлөөрөө хөл рүү өшиглөсөн. Тэгтэл би хойшоо ухарсан ба үүдний довжоон дээрээс нь унах гээд тэнцвэрээ алдахаар нь Н.Б-н бугуйнаас нь гараараа барьсан...Би...гэмтлийг учруулаагүй. Би Н.Б-н бугалганаас нь барьсан. Түүнээс маажсан асуудал байхгүй...Намайг яллаад байгаа хэргийг огт хүлээн зөвшөөрөхгүй. Би Н.Б-г өөрөө өөрийгөө маажсан гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 86-87, 170-171, 244-245/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ц.Б нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 140/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№1213/-ний дүгнэлт, хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№22/-ний дүгнэлт, хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№713/-ний дүгнэлт зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн ...... дүгээр хороо, ........ хотхоны ..... дүгээр байрны ..... тоотод Н.Б-д хандан “шитний түлхүүр болон цахилгааны тоолуур сольсон байна, байрнаас зайл” гэж хэлэн маргалдаж Н.Б-н баруун гарын шуу, бугалгын орчмоос нь хүчтэй татаж, чангаан олон тооны /8-10 орчим/ гүн шарх үүсгэн маажих, хөлрүү нь өшиглөх зэргээр биед нь баруун бугалга, баруун тохойн хонхорт шарх, зулгаралт, баруун шуунд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

            Иймд шүүгдэгч Ц.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

          Шүүгдэгч Ц.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд “...Намайг Н.Б түлхэхэд би хойшоо унахдаа баруун гарнаас нь барьсан...Н.Б гарч ирээд миний цээж рүү гараараа хүчтэй түлхээд хөлөөрөө хөл рүү өшиглөсөн. Тэгтэл би хойшоо ухарсан ба үүдний довжоон дээрээс нь унах гээд тэнцвэрээ алдахаар нь Н.Б-н бугуйнаас нь гараараа барьсан...” /шүүх хуралдааны тэмдэглэл, 1хх-ийн 86-87, 170-171, 244-245/ гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэрч С.А-н мэдүүлгээр хохирогч нь зүй бус үйлдэл үзүүлж Ц.Б-г түлхсэн бөгөөд хойшоо унахгүйн тулд гарнаас нь татсан байдаг...” гэж тус тус маргасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Н.Б-н өгсөн “...Би хаалгаа онгойлгоход одоо зайл гээд миний баруун гарнаас татсан...Гэртээ орж ирээд харахад миний баруун гарны арьсыг нь хуулсан байсан...Ц.Б...миний баруун гарын шуу, бугалга хэсгээс зулгааж хүчтэй татаж чангаасан юм...Тэгээд Ц.Б-с арайхийн салтал баруун хөлний доод шилбэ хэсгээр 2 удаа өшиглөсөн юм...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 110-111, 159/, гэрч С.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ц.Б, Н.Б хоёр хоорондоо зууралдаад байсан юм...Ц.Б зөрүүлээд Н.Б-н баруун гарын шуунаас нь барьсан юм...Гараараа атгах үедээ маажсан байж болно...Эмэгтэй хүн болсон хойно хумстай л байх гэхдээ Ц.Б хумс уналаа энэ тэр гэж нэг ч юм яриагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 19-20, 112-113/, хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№713/-ний дүгнэлт /1хх-ийн 239-240/, Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 38-39, 70-71, 135, 137/ зэргээр шүүгдэгч Ц.Б нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдож байгаа, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/ бусдын биед хөнгөн хохирол буюу хөнгөн гэмтэл учруулахдаа санаатай болон болгоомжгүй байдлаар учруулсан гэж ялгаж хуульчлаагүй байх тул хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

            Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн шүүхийн хэлэлцүүлэгт “...Бид шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12904 тоот дүгнэлттэй маргаагүй. Харин сүүлд нэмэлтээр томилсон шинжээчийн дүгнэлттэй маргасан. Уг шинжээчийн дүгнэлт болох гол бичгийн нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ журам зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар хүсэлт гаргаж байна. Уг журам зөрчсөн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар тооцох боломжгүй гэж үзэж байна...Эргэлзээтэй байгаа нотлох баримтуудыг хооронд нь харьцуулж дүгнэлт гаргасан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа...” гэсэн санал гаргасан бөгөөд шүүх хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№713/-ний дүгнэлт /1хх-ийн 239-240/-ийн “...Н.Б-н биед баруун бугалга, баруун тохойн хонхорт сорви тогтсон байх тул 2017.10.16-ны өдрийн 12904 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Шүүх эмнэлгийн 1213, 22 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна...” гэсэн 3 дахь заалтыг нотлох баримтаар үнэлэлгүй орхиж уг дүгнэлтийн бусад заалтыг нотлох баримтаар үнэлсэн болохыг тэмдэглэе.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ц.Б-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан төлбөл зохих хохирол төлбөргүй, түүний хувийн байдал /...37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эцэг, эх, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг.../ гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчаас санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.

Мөн шүүгдэгч Ц.Б-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч О овогт Ц.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О овогт Ц.Б-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.  Ц.Б-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ц.Б-т сануулсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР