Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 889

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболорын даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 303 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Бт холбогдох эрүүгийн 1710000000225 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

О овогт Ц.Б, 1981 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан, менежер мэргэжилтэй, “Солар Гарден” хотхоны аж ахуйн менежер ажилтай, ам бүл 5, эцэг, эх, нөхөр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 50 дугаар байрны .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:...../;

Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Солар Гарден” хотхоны 1 дүгээр байрны 9 тоотод иргэн Н.Быг гэртээ байхад нь “байрнаас зайл, тогийг чинь салгана” гэж маргалдаж, улмаар баруун гарын шуу, бугалга орчим нь маажиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Онход овогт Цэдэндамбын Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Ц.Бт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 Шүүгдэгч Ц.Б өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтас хэрэгт уг хэрэг маргаан гарах болсон шалтгаан нөхцлийг мөрдөн байцаалтаар бүрэн тодруулсан боловч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн талаар хууль зүйн зөв дүгнэлт өгөөгүй.

Яллагдагч Ц.Бын үйлдэлд, хүний биед санаатай хөнгөн хохирол учруулах санаа зорилго тогтоогдоогүй бөгөөд харин “Ромбон газар” ХХК-ийн аж ахуйн менежерийн хувиар тогны мөнгө төлдөггүй, байгууллагын шийтний цоож эвдэж, цахилгааны тоолуур сольсон асуудлаар шаардлага тавихаар уг хэргийн хохирогч гэх Н.Бын гэрт очсон нь тогтоогдсон.

“Ромбон газар” ХХК болон тус хэргийн хохирогч гэх Н.Б нар нь 3 жилийн хугацаагаар вакум цонх хийх гэрээ байгуулсан бөгөөд Н.Б нь гэрээнд заагдсан ажлаа бүрэн дуусгалгүй бартераар тус компанийн орон сууцанд амьдарч байсан, амьдрах хугацаанд тус компанийн цахилгааны шийтэнд байрлах албан ёсоор тавьсан тоолуурын цоожийг нь эвдэж, өөрийн худалдаж авсан тоолуураар сольсон нь гэрч, яллагдагч, хохирогч Н.Б нарын мэдүүлгээр тус тус батлагддаг.

Ц.Б нь цахилгаанчин С.А хамт очиход Н.Б нь хаалгаа онгойлгож, хэрүүл хийн үгийн зөрүүгүй өшиглөсөн бөгөөд миний үйлчлүүлэгч шатны ирмэг дээр хойшоо унахгүйн тулд гарнаас нь нэг удаа барьсан асуудал болсон.

Үүнийг тухайн үед байсан гэрч С.А мэдүүлгээр, мөн хохирогч Н.Бын хохирогчийн анхны мэдүүлгээр нотолдог.

Харин хохирогч Н.Бын мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй байдаг.

2. Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №1231 дугаартай дүгнэлтээр дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, дээрх гэмтэл нь өөрийн гараар үүсэх боломжтой гэжээ. Мөн өөрөө өөртөө үүсэх боломжтой гэсэн дүгнэлт гарсан байдаг.

Шинжээчийн дүгнэлтэд дурдсан хэдэн удаагийн үйлчлэл болон өөртөө гэмтэл учруулах боломжтой эсэх маргаантай байдлыг шинжээч эмч нараас тодруулж байцаалт аваагүй.

3. Хэрэгт Ц.Б нь Н.Бын худал гүтгэсэн асуудлаар, компанийн өдөр тутмын үйл ажиллагааг тасалдуулсан, цахилгааны шийтний цоож эвдсэн зэрэг асуудлаар гомдол, фото баримтууд гаргасныг шийдвэрлээгүй.

Н.Бын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг мөрдөн байцаагч, прокуророос орхигдуулсан.

4. Хавтас хэргийн 37 дугаар хуудсанд авагдсан Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэрэг бүртгэгч, ахмад Т.Ариунзаяа нь эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл бусад баримтыг хураан авсан тэмдэглэл байх бөгөөд уг тэмдэглэлд “Хохирогч Н.Б бусдад зодуулсан гэх гэрэл зураг 2 ширхэг, 95203131 дугаараас илгээсэн мессежний билл 1 ширхэгийг хүлээн авч тэмдэглэлд тусгав” гэсэн боловч хх-ийн 38-39 дүгээр хуудсанд 3 ширхэг фото зураг хавсаргасан нь ойлгомжгүй.

Дээрх нөхцөл байдлуудаар өмгөөлөгчийн зүгээс Ц.Быг бусдын бие махбодид хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан нь хавтас хэргийн баримтуудаар хангалттай үгүйсгэгдэж байна гэж үзэж байна.

Мөн хохирогч Н.Бын хувийн байдлууд авагдсан. Үүнд, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг, зам тээврийн осол гаргаж бусдад хохирол учруулсан, бусадтай маргалдаж хөнгөн гэмтэл учруулсан, ял шийтгэгдэж байсан зэрэг баримтууд түүний хувийн зан ааш тогтворгүй гэдгийг харуулж байна.

Эрүүгийн хуулинд хүний бие махбодид болгоомжгүй хөнгөн хохирол учруулах гэх зүйл байхгүй бөгөөд яллагдагчаар татах үндэслэл байхгүй болно. Мөн хохирогчийн зүй бус, түлхсэн үйлдлийн эсрэг хийсэн аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл байж болохыг ч үгүйсгэхгүй.

Иймд Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгосныг хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.

Прокурор А.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ц.Бт холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд хэрэгт цугларсан нотлох баримтууд хуульд заасан шаардлага хангасан, нотлох баримтууд тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэргийн үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон, шинжээчийн дүгнэлтүүд зохих мэдлэгийн хүрээнд гарсан гэж үзэж, анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гарсан. Ц.Б энэ хэргийг үйлдээгүй гэсэн байдлаар нилээдгүй маргасан. Прокуророос хэрэг биш байхад хэрэг гэж зүйлчилж байна гэсэн шаардлага тавьдаг. Хэрэг мөн, биш эсэх талаар тодруулахаар мөрдөн байцаалтын бүхий л ажиллагаа явагдсан. Хохирогчийн гомдлын дагуу хэргийн газрын үзлэг хийгдсэн. Ямар хэмжээ, хийцтэй довжоо байсан талаар тодруулсан. Хохирогч тэр даруйдаа гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн талаарх бүхий л төрлийн баримтыг хэрэгт хавсаргасан. Хохирогч өөрийн биед учирсан гэмтлийн зургийг ирүүлсэн. Эдгээр зургийг Гэмтлийн эмнэлэгт үзүүлж явахдаа сувилагчаар нь даруулсан гэдгийг сувилагч болон өөрөө нотолж хэлдэг. Энэ талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан байдаг. Дахин шинжээчийн дүгнэлт гаргуул гэсэн байдлаар хэргийг буцаасан. Хууль зөрчсөн шинжээчийн дүгнэлтийг харьцуулж дүгнэлт гаргасан гэж шүүгдэгчийн өмгөөлөгч хэлж байна. Хэлбэр талаасаа шинжилгээ хийлгэх тогтоолыг хохирогчид танилцуулаагүй байдаг боловч үүнийг засуулж дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулсан байдаг. Хууль зөрчсөн тогтоолоор гарсан гэх дүгнэлтүүд нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, илт буруу ташаа дүгнэлт гаргасан зүйл байдаггүй. Хууль тогтоогч нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “хүний биед хөнгөн хохирол учруулсан ”  нөхцлийг л заасан байдаг. Гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй гэж хэлж байна. Шүүхийн шийтгэх тогтоолд бүх зүйлийг үнэлээд шүүх шийдвэрээ гаргасан байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагад нийцжээ.

Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Солар Гарден” хотхоны 1 дүгээр байрны 9 тоотод иргэн Н.Быг гэртээ байхад нь “байрнаас зайл, тогийг чинь салгана” гэж маргалдаж, улмаар баруун гарын шуу, бугалга орчим нь маажиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Н.Б /1хх-110-111,159/, гэрч И.Ө /1хх-16-18/, С.А /1хх-19-20, 112-113/, шүүгдэгч Ц.Б /1хх-86-87, 170-171, 244-245/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 713 тоот дүгнэлт /1хх-239-240/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-38-39, 70-71, 135, 137/, 102-т дуудлага өгсөн лавлагаа /1хх-134/, хэргийн газрын үзлэг нөхөн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-121-127, 172-175/ зэрэг хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Быг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн гаргасан давж заалдах гомдолдоо: “Ц.Б нь цахилгаанчин С.А хамт очиход Н.Б нь хаалгаа онгойлгож, хэрүүл хийн үгийн зөрүүгүй өшиглөсөн бөгөөд миний үйлчлүүлэгч шатны ирмэг дээр хойшоо унахгүйн тулд гарнаас нь нэг удаа барьсан асуудал болсон. Энэ нь гэрч С.А, хохирогч Н.Б нарын анхны мэдүүлгээр батлагддаг” гэжээ.

 гэрч С.А 2017 оны 10 дугаар сарын 25-нд анхны мэдүүлгээрээ “...Б Бын гэрийн хаалгыг 2-3 удаа өшиглөсөн чинь Б гэрийнхээ хаалгыг онгойлгож, Б гараараа түлхсэн. Тухайн үед Б Бын гараас барих гэж оролдохдоо гарыг нь маажих шиг болсон. Б Быг өшиглөх шиг болсон. Б Быг самардах шиг болсон. ...” /1хх-19-20/ гэжээ.

Харин хохирогч Н.Бын мэдүүлгийг үзэхэд, Ц.Быг түлхсэн гэдэг боловч өшиглөсөн гэж мэдүүлдэггүй бөгөөд шүүгдэгч Ц.Бт бусдын үйлдлийн улмаас гарсан гэмтэл тогтоогдоогүй байна.

Харин шүүгдэгч Ц.Б нь  хохирогч Н.Бын гэрийн хаалгыг цохиж, хэрүүл маргаан үүсгэн, улмаар ноцолдож Н.Быг маажиж биед нь хөнгөн хохирол учруулсан нь :

 хохирогч Н.Бын “...2017 оны 10 дугаар сарын 11-ний орой 21 цагийн орчимд манай гэрийн хаалгыг хүчтэй өшиглөж цохьсон бөгөөд хаалгыг онгойлгоход танихгүй эмэгтэй тогны мөнгө нэхсэн. Би чамайг танихгүй, гэрээ хийсэн захирал Ц.Лхагвадоржид мөнгөө өгнө гээд гэрийн хаалгаа хаасан. Гэтэл гэрийн хаалгыг хүчтэй нүдсэн. Би хаалгаа онгойлгоход одоо зайл гээд миний баруун гарнаас татсан. Манай эхнэр гарч ирээд салгаад хаалгаа хаасан. Гэртээ орж ирээд харахад миний баруун гарны арьсыг нь хуулсан байсан...”/1хх-110-111, 159/,

гэрч И.Ө “...2017 оны 10 дугаар сарын 11-ний орой 21-22 цагийн орчим манай гэрийн хаалгыг хүн өшиглөөд байгаа юм шиг аймаар цохьсон. Тэгэхээр нь манай нөхөр юу болоод байна гээд гэрээс гарсан. Гэнэт гэрийн үүдэнд нэг эмэгтэй манай нөхөртэй маргалдаж хэрэлдээд хашгираад байгаа сонсогдсон. ...би юун хүн юм бэ гэхэд энэ хавийн ажилтан гэх эмэгтэй байна, гэрийн цахилгаан тоолуурын талаар маргаан гараад гээд надад тайлбарлаж байтал дахин гэрийн хаалгыг өшиглөх чимээ гарсан. Гэрийн гадна талд хүмүүс дахин маргалдаж хэрэлдэх чимээ гарахаар нь би санаа зовоод араас нь гартал нөхөр Н.Бын баруун талын булчин, бугуй хэсгээс нь 2 гараараа нэг эмэгтэй зуураад тавихгүй ноцолдоод байсан. ...”/1хх-16-18/,

гэрч С.А “... Тэр хоёр хоорондоо зууралдаад байсан. Н.Б хаалгаа хаах гэхэд Ц.Б хаалгыг нь хаалгахгүй гээд зүтгээд байсан. Н.Б Ц.Быг өшиглөхөөр нь Ц.Б зөрүүлээд Н.Бын баруун гарын шуунаас барьсан юм. ...” /1хх-19-20, 112-113/ гэх мэдүүлгүүд,

 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 22 дугаартай “Н.Бын биед учирсан баруун бугалганд шарх гэмтэл нь арьс давхаргыг гэмтээн эдгэхдээ сорви үүсгэж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулдаг тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт,

2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 713 дугаар “...1. Н.Бын биед тухайн үед баруун бугалга, баруун тохойн хонхорт шарх, зулгаралт, баруун шуунд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд учирсан нь тогтоогджээ. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Н.Бын биед баруун бугалга, баруун тохойн хонхорт сорви тогтоосон байх тул 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12904 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Шүүх эмнэлгийн 1213, 22 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.

Н.Бын биед үүссэн баруун бугалга, баруун тохойн хонхорт шарх, зулгаралт, баруун шуунд зулгаралт, баруун шилбэн дэх цус хуралт гэмтлүүд нь шүүгдэгч Ц.Бын  “шатнаас ойчихгүй тулд гар барьснаас” болж үүсгэгдсэн гэмтэл  гэж үзэх боломжгүй, биеийн тодорхой хэсгүүдэд бусдын үйл хөдлөлийн идэвхтэй үйлчлэл, тухайлбал хумсны мөрөөр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

 Иймээс Ц.Бын үйлдлийг “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж,түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй  байж чадна гэж тооцсон боловч хор уршиг учирсан, эсвэл хор уршиг  учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч  мэдэлгүй үйлдсэний улмаас бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэж үзэх боломжгүй.

 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд бусдын биед “болгоомжгүйгээр хөнгөн хохирол учруулах” заалт байхгүй. Хөнгөн хохирол учирснаар хэргийн бүрдэл хангагдаж байна.

Мөн хавтаст хэрэгт хохирогч Н.Быг шүүгдэгч Ц.Бын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгоон хийсэн гэж үзэх нотлох баримт  байхгүй тул шүүгдэгчийг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Бт 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирчээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан “Ц.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгөх”-ийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 303 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Т.ӨСӨХБАЯР

 

             ШҮҮГЧИД                                      Н.БАТСАЙХАН

 

                                                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ