Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 99

 

Д.О-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00766/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  09 дүгээр сарын 25-ны өдрийн 899 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.О-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Э-т холбогдох

"Орон сууцнаас албадан гаргуулах” үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, “Орон сууцны үнэд төлсөн 66.851.000 төгрөгийг буцаан гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагч Д.Э-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.О-гаас:

Миний бие 2016.09.08-нд Д.Э-тай Дархан-Уул аймаг, Дархан сум, 16-р байр, 1-р хороолол, 13-р байр, 34 тоот 55,7 м.кв, 4 өрөө орон сууцыг 68.000.000 төгрөгөөр худалдах болж урьдчилгаа болох 10.000.000 төгрөгийг 2016.09.08-нд өгөх, үлдэгдэл төлбөрийг 1 жилийн дараа төлж дуусгахаар тохиролцсон худалдан авах гэрээ хийх боломжгүй учир орон сууц хөлслөх гэрээ хийж 1 жилийн хугацаанд үлдэгдэл төлбөрөө төлөхөөр тохиролцон 1 сарын хөлслөх төлбөр 400.000 төгрөгийг сар бүр төлж, хэрэв үлдэгдэл мөнгөө төлж барагдуулах боломжгүй нөхцөл байдал үүсвэл сар бүр 400.000 төгрөгийг түрээсийн төлбөр болгож тооцохоор тохиролцсон. Гэвч 2017.08.30-нд 1 жилийн түрээсийн гэрээ дуусч төлбөрөө барагдуулаагүй, дахин хугацаа өгөөч үлдэгдэл төлбөрөө 13.200.000 төгрөг төлөөд үлдсэн төлбөрөө 1 жил 5 сарын хугацаа өгч энэ хугацаандаа түрээсийн төлбөрийг багасгаж, 382.000 төгрөг болгож байр худалдан авах үлдсэн төлбөрөө барагдуулахаар дахин тохиролцсон. Гэвч 2019.02.01-ний өдөр дуусахад төлбөрөө барагдуулахгүй, удаа дараа ярилцсан боловч тоогоогүй байрыг суллаж өгөхийг шаардсан болов үл ойшоож байгаа тул орон сууцнаас минь албадан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Э-аас:

Д.Э- нь 2016.09.08-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 16-р баг, 1-р хороолол, 13-р байр, 34 тоот 55,7 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг Ч.О-тай тохиролцсоны дагуу түүний өмчлөлийн орон сууцыг 68.000.000 төгрөгийг хэсэгчлэн төлж худалдан авахаар болж эхний ээлжинд урьдчилгаа 10.000.000 төгрөгийг 2016.08.30-ны өдөр, хоёр дахь урьдчилгааны мөнгө болох 13.200.000 төгрөгийг 2017.08.30-ны өдөр тус тус өгөөд, үлдэгдэл төлбөрийг сар бүрийн 25-ны өдөр үндсэн зээл түүний хүүг Төрийн банкны зээлийг төлж байхаар харилцан тохиролцон, өөрөөр хэлбэл банкны ипотекийн 8 хувийн зээлэнд байгаа байрыг өмчлөгч Ч.О-гаас худалдан авахаар гэрээний харилцаа үүсгэж байраа надад чөлөөлж өгч би Ч.О-д өөрт нь болон байрны төлөлтийг хийсээр байгаад анх тохиролцсон 68.000.000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан байхад Ч.О- нь надаас ямар ч үндэслэлгүйгээр нэмж 7.000.000 төгрөг нэхэж шаардсаныг ойлгохгүй байна. Би өгөх ёсгүй гэж маргасны төлөө чи байр чөлөөлж өг гэж дарамталсан. Маргааны үндэслэл Ч.О- байрны үнэ дээр нэмж 7.000.000 төгрөг авахаар тохиролцоогүй байтлаа шаардсанаас болсон. Дээрх тохиролцооноос гадуур 7.000.000 төгрөг өгч чадахгүй гэсний төлөө Ч.О- намайг байрнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг би хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Д.Э- нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.Э- надад Ч.О- нь өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 16-р баг, 1-р хороолол, 13-р байр, 34 тоот 55,7 м.кв орон сууцыг 68.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцож Ч.О-д би байрны урьдчилгаа хэмээн 10.000.000 төгрөгийг 2016.08.30-ны өдөр өөрийн ХААН банкны 5033131462 данснаасаа Ч.О-гийн 107500002163 Худалдаа хөгжлийн банкинд банк хоорондын шилжүүлгээр өгсөн. Ч.О- надад банкны барьцаанд байгаа байр учраас та бид хоёрын хооронд Худалдах, худалдан авах гэрээ хийгдэхгүй орон сууц хөлслөх гэрээ гэж хийгээд би таниас 10.000.000 төгрөг авснаа энэ гэрээнд биччихье гэсэн. Тэгэхээр нь би чамаас байрыг чинь худалдаж авч байгаа юм чинь байр хөлслөх гэрээ биш байр худалдах, худалдан авах гэрээ гэсэн нөхцөлөө давхар өөр хувь гэрээ бичиж авмаар байна гэж хэлж тохиролцоо гэх баримт үйлдэж худалдаж байгаа тал Ч.О- авч байгаа тал Д.Э- гэж гарын үсгээ зурцгаасан. Дээрх тохиролцоо гэх баримт хоёр удаа бичиж баталгаажуулан 2019.09.08-нд үйлдэж байрны мөнгийг төлөх хугацааг 2016.08.30-ны өдрөөс 2017.08.30-ны өдөр үлдэгдэл 53.200.000 төгрөгийг төлж дуусган гэрээг шилжүүлнэ, энэ хугацаанд 1 жилийн дотор сар болгон 400.000 төгрөг Төрийн банкинд Ч.О-гийн байрны зээлийн 107500002163 дансанд төлнө. 2016.08.30-ны өдрөөс хойш байрны урсгал зардал тог, ус, цахилгааны зардал болон байр худалдахад гарах үл хөдлөх эд хөрөнгийн гарах бүх зардлыг Д.Э- би төлөхөөр тохиролцон гарын үсгээ зуран нэг ёсондоо орон сууц худалдах, худалдан авах хувь гэрээ үйлдэж бидний хооронд бодит байдал дээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн юм. Миний төлсөн мөнгө байрны үнэд тооцогдох тохиролцоо байсан. Түүнээс биш байр хөлслөөгүй юм. Иймд Ч.О-д худалдах худалдан авах тохиролцоогоор төлсөн 66.851.000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа. 66.851.000 төгрөгөөс Худалдан худалдан авах гэрээний дагуу аман хэлцлээр хийсэн гэрээний төлбөр болох 2016 оны 8 сарын 30 өдөр авсан 10 сая төгрөг, 2018 оны 1 сарын 30 өдөр 13.200.000 төгрөг, 2019 оны 7 сарын 1 өдөр 28.430.000 төгрөг, 2019 оны 7 сарын 30 өдөр авсан 3.000.000 төгрөг нийт 54.630,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Үүн дээр маргаан байхгүй. 2017 оны 9 дүгээр сарын 400.000 төгрөг орж ирээгүй, 2019 оны 7, 8 дугаар сарын түрээсийн төлбөр одоо болтол өгөөгүй байранд суусан. 2019 оны 9 сарын 25 өдөр хүртэл 25 хоног амьдарсан түрээсийн хөлсийг хасаж тооцуулах саналтай байгаа. Нэг өдрийн түрээсийн төлбөр 13.350 төгрөг буюу 333.350 төгрөг болж байгаа нийт 1.533.350 төгрөг болж байгаа. 54.630,000 төгрөгөөс 1.533.350 төгрөгийг  хасаад 53.096.650 төгрөгийг буцаан өгөхийг зөвшөөрч байгаа. Үлдсэн төлбөрийг төлөх боломжгүй, түрээсийн төлбөрт суутгаж байгаа гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  09 дүгээр сарын 25-ны өдрийн 899 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар Дархан-Уул аймаг, Дархан сум, 16-р баг, 13-р байр, 34 тоот хаягт байршилтай 55.7 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Ч.О-гийн эзэмшил, ашиглалтад буцаан шилжүүлэхийг хариуцагч Д.Э-т даалгаж,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.О-гаас 53.481.000 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.Э-т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13.370.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөг болон 70.200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Д.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.О-д буцаан олгож, хариуцагч Д.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 422.005 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж, нэхэмжлэгч Ч.О-гаас улсын тэмдэгтийн хураамжид 425.355 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.Э-т буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Э- давж заалдсан гомдолдоо:

...хэргийн 5-р хуудаст авагдсан “Орон сууц хөлслөх гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасны дагуу худалдах худалдан авах хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна гэж дүгнэхдээ шүүх дээр хэрэг хянан хэлэлцэх үед нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байранд оруулсан мөнгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг аливаа этгээд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын орон сууцыг үнэ төлбөргүйгээр эзэмшиж ашиглах боломжгүй учир Д.Э-ийг эзэмшиж, ашигласан хугацааны үнээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөхгүй, хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Харин эсрэгээрээ өөрийн гэсэн үл хөдлөх байр орон сууцтай болох гэсэн Д.Э-ийн хүсэл зориг дээр Ч.О- 2016 оны 09 сарын 08-ны өдрөөс хойш банкны барьцаанд байгаа өөрийн байрны зээлээ графикийн дагуу тогтсон хугацаанд төлүүлж, байрны урьдчилгаа гэж мөнгө авч эцэст нь байрны мөнгөө бүрэн төлж дууссаны дараа шүүхэд “байрнаас албадан гаргуулах тухай” шаардлага гаргаж Д.Э-ийг эд хөрөнгө санхүүгийн байдлаар, сэтгэл санааны байдлаар хохироож үндэслэлгүйгээр хохироосон байхад шүүх мөнгөө төлсөн иргэнийг 35 сар х 382.000 = 13.370.000 төгрөгөөр хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэж тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өгсөн авснаа бүрэн бүтнээр нь хэн аль нь буцаах байх гэж бодон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэтэл шүүх намайг Ч.О-д өгсөн нэг ч төгрөг буцааж аваагүй байхад хөрөнгөжсөн гэж үзээд миний байр худалдан авахад төлсөн мөнгөнөөс 13.370.000 төгрөг гаргуулна гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн 899 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатанд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Д.О- нь хариуцагч Д.Э-т холбогдуулан “Орон  сууцнаас албадан гаргуулах” нэхэмжлэл гаргасныг хариуцагч маргаж,  Орон сууцны үнэ  66.851.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлээс 54.630.000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч бусад хэсгийг зөвшөөрөөгүй байна.

            Шүүх зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, худалдагч тал гэрээнээс татгалзсан, хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаснаар  нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсан татгалзлыг зөвшөөрч байна гэж дүгнэн  нэхэмжлэлийг бүрэн хангаж, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж  шийдвэрлэжээ.

Нэхэмжлэлийн агуулга, хариуцагчийн хариу тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, гэрээнүүд бичгийн баримтууд зэргийг судлан үзэхэд хэргийн үйл баримт дараах байдлаар  тогтоогдож байна.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар үл хөдлөх эд хөрөнгө буюу маргааны зүйл болох орон сууцыг худалдах худалдан авах хүсэл зоригоо харилцан илэрхийлж  энэ талаар гэрээ байгуулж,  хэдийгээр бичгийн хэлбэрт оруулж, нотариатаар гэрчлүүлэх  бүртгэл хийлгээгүй боловч талууд орон сууц худалдах худалдан авах гэрээний үүргээ  биелүүлж, орон сууцны өмчлөгч байрыг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлж, худалдан авагч тал байрны үнийн урьдчилгаанд 10.000.000 төгрөг өгч үлдэх төлбөрийг сар бүр  хэсэгчлэн шилжүүлэхээр  тохиролцжээ.

Харин худалдан авагч тал гэрээнд \хөлслөх гэрээний хэлбэрээр бичигдсэн\   заасан гэрээний үнэ төлөх хугацааг  зохих ёсоор биелүүлээгүй   байна.

Ийм учраас нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж, байрыг буцаан авахыг  шаардсан байна.

Маргааныг шүүхээр шийдвэрлэх үед гэрээний  үүргийг зохих журмын дагуу биелүүлээгүй гэж  гэрээнээс татгалзаж байгаа нь Иргэний хуулийн  225 дугаар зүйлд  заасан шаардлагад нийцээгүй байгаа хэдий ч худалдан авагч тал   татгалзлыг хүлээн зөвшөөрч гэрээний үнэнд төлсөн мөнгийг буцаан шаардаж байх тул  шүүх талуудын  зарчмыг удиртгал болгон худалдах худалдан авах гэрээний татгалзлаас  үүсэх  үр дагаврыг  шийдвэрлэх боломжтой юм.

Худалдагч тал нэхэмжлэлдээ байрыг Д.Э-ийн эзэмшлээс буцаан   гаргуулахаар  шаардсан боловч   гэрээнээс  татгалзсантай холбоотой  хохирол зардлыг шаардаагүй.

Ийм тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, байрыг эзэмших хугацаагаар талуудын дунд байгуулсан хөлслөх гэрээний агуулгаар хохирол буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөр уг мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд давж заалдах гомдол гаргасныг  хангах үндэслэлтэй, шүүхийн уг алдаа нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл биш нотлох баримтын хүрээнд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж,  залруулах боломжтой  гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэж байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  09 дүгээр сарын 25-ны өдрийн  899 дүгээр  шийдвэрийн  Тогтоох хэсгийн  2 дугаар заалтыг,

“Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар нэхэмжлэгч Д.О-гаас 66.851.000 төгрөг гаргуулж, хариуцагч Д.Э-т олгосугай” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  224.800 төгрөгийг  төрийн сангийн орлогоос  шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.        

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                           

         

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                                 ШҮҮГЧИД                                    Л.АМАРСАНАА

                                                                                                                      С.ЭНХЖАРГАЛ