Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 899

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2019/00766/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ..-р хороо, .., ..-р байр, .. тоот хаягт оршин суугаа, Ч.О /рд: ../-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ..-р баг, ..-р байр, .. тоот хаягт оршин суугаа, Д.Э /рд:../-т холбогдох,

 

Орон сууцнаас албадан гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

 

Орон сууцны үнэд төлсөн 66,851,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.О, хариуцагч Д.Э, түүний өмгөөлөгч Ө.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2016.09.08-нд Д.Э тай Дархан-Уул аймаг, Дархан сум, ..-р байр, ..-р хороолол, ..-р байр, .. тоот 55,7 мкв, 4 өрөө орон сууцыг 68,000,000 төгрөгөөр худалдах болж урьдчилгаа болох 10,000,000 төгрөгийг 2016.09.08-нд өгөх, үлдэгдэл төлбөрийг 1 жилийн дараа төлж дуусгахаар тохиролцсон худалдан авах гэрээ хийх боломжгүй учир орон сууц хөлслөх гэрээ хийж 1 жилийн хугацаанд үлдэгдэл төлбөрөө төлөхөөр тохиролцон 1 сарын хөлслөх төлбөр 400,000 төгрөгийг сар бүр төлж, хэрэв үлдэгдэл мөнгөө төлж барагдуулах боломжгүй нөхцөл байдал үүсвэл сар бүр 400,000 төгрөгийг түрээсийн төлбөр болгож тооцохоор тохиролцсон.

Гэвч 2017.08.30-нд 1 жилийн түрээсийн гэрээ дуусч төлбөрөө барагдуулаагүй, дахин хугацаа өгөөч үлдэгдэл төлбөрөө 13,200,000 төгрөг төлөөд үлдсэн төлбөрөө 1 жил 5 сарын хугацаа өгч энэ хугацаандаа түрээсийн төлбөрийг багасгаж, 382,000 төгрөг болгож байр худалдан авах үлдсэн төлбөрөө барагдуулахаар дахин тохиролцсон болно.

Гэвч 2019.02.01-ний өдөр дуусахад төлбөрөө барагдуулахгүй, удаа дараа ярилцсан боловч тоогоогүй байрыг суллаж өгөхийг шаардсан болов үл ойшоож байгаа тул орон сууцнаас минь албадан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Д.Э нь 2016.09.08-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, ..-р байр, ..-р хороолол, ..-р байр, .. тоот 55,7 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг Ч.О тохиролцсоны дагуу түүний өмчлөлийн орон сууцыг 68,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлж худалдан авахаар болж эхний ээлжинд урьдчилгаа 10,000,000 төгрөгийг 2016.08.30-ны өдөр, хоёр дахь урьдчилгааны мөнгө болох 13,200,000 төгрөгийг 2017.08.30-ны өдөр тус тус өгөөд, үлдэгдэл төлбөрийг сар бүрийн 25-ны өдөр үндсэн зээл түүний хүүг Төрийн банкны зээлийг төлж байхаар харилцан тохиролцон, өөрөөр хэлбэл банкны ипотекийн 8 хувийн зээлэнд байгаа байрыг өмчлөгч Ч.Охудалдан авахаар гэрээний харилцаа үүсгэж байраа надад чөлөөлж өгч би Ч.Оөөрт нь болон байрны төлөлтийг хийсээр байгаад анх тохиролцсон 68,000,000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан байхад Ч.О нь надаас ямар ч үндэслэлгүйгээр нэмж 7,000,000 төгрөг нэхэж шаардсаныг ойлгохгүй байна. Би өгөх ёсгүй гэж маргасны төлөө чи байр чөлөөлж өг гэж дарамталсан. Маргааны үндэслэл Ч.О байрны үнэ дээр нэмж 7,000,000 төгрөг авахаар тохиролцоогүй байтлаа шаардсанаас болсон.

Дээрх тохиролцооноос гадуур 7,000,000 төгрөг өгч чадахгүй гэсний төлөө Ч.О намайг байрнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг би хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.Э надад Ч.О нь өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, ..-р байр, ..-р хороолол, ..-р байр, .. тоот 55,7 мкв орон сууцыг 68,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцож Ч.Оби байрны урьдчилгаа хэмээн 10,000,000 төгрөгийг 2016.08.30-ны өдөр өөрийн ХААН банкны .... данснаасаа Ч.О .... Худалдаа хөгжлийн банкинд банк хоорондын шилжүүлгээр өгсөн.

Ч.О надад банкны барьцаанд байгаа байр учраас та бид хоёрын хооронд Худалдах, худалдан авах гэрээ хийгдэхгүй орон сууц хөлслөх гэрээ гэж хийгээд би таниас 10,000,000 төгрөг авснаа энэ гэрээнд бичихье гэсэн. Тэгэхээр нь би чамаас байрыг чинь худалдаж авч байгаа юм чинь байр  хөлслөх гэрээ биш байр худалдах, худалдан авах гэрээ гэсэн нөхцлөө давхар өөр хувь гэрээ бичиж авмаар байна гэж хэлж “тохиролцоо” гэх баримт үйлдэж худалдаж байгаа тал Ч.Оавч байгаа тал Д.Э гэж гарын үсэгээ зурцгаасан.

Дээрх “тохиролцоо” гэх баримт хоёр удаа бичиж баталгаажуулан 2019.09.08-нд үйлдэж байрны мөнгийг төлөх хугацааг 2016.08.30-ны өдрөөс 2017.08.30-ны өдөр үлдэгдэл 53,200,000 төгрөгийг төлж дуусган гэрээг шилжүүлнэ, энэ хугацаанд 1 жилийн дотор сар болгон 400,000 төгрөг Төрийн банкинд Ч.О байрны зээлийн .... дансанд төлнө. 2016.08.30-ны өдрөөс хойш байрны урсгал зардал тог, ус, цахилгааны зардал болон байр худалдахад гарах үл хөдлөх эд хөрөнгийн гарах бүх зардлыг Д.Э би төлөхөөр тохиролцон гарын үсгээ зуран нэг ёсондоо орон сууц худалдах, худалдан авах хувь гэрээ үйлдэж бидний хооронд бодит байдал дээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн юм. Түүнээс орон сууц хөлслөх гэрээний харилцаа бодитоор хийгдээгүй. Энэ гэрээ бол ИХ-ийн 56.1.2, 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Ч.О санаачилгаар байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээ 2016.09.08-ны өдөр бичигдэхээс өмнө би 2016.08.30-ны өдөр байрны урьдчилгаанд 10,000,000 төгрөг өгсөн. 2016.09.08-ны өдрийн “тохиролцоо” баримтанд 10,000,000 төгрөг бол байрны урьдчилгаа гэдэг нь давхар нотлогдоно. Би байрны үнэ 68,000,000 төгрөгийг хүүгүйгээр худалдан авахаар тохиролцсоноос гадна байр хөлслөх төлбөр 400,000 төгрөг төлөхөөр тохиролцоогүй харин байрны зээлийн сар бүрийн эргэн төлөлтийг 382,000-400,000 төгрөгийн хооронд төлж байхаар тохиролцсон. Миний төлсөн мөнгө байрны үнэд тооцогдох тохиролцоо байсан. Түүнээс биш байр хөлслөөгүй юм.

Иймд Ч.О худалдах худалдан авах тохиролцоогоор төлсөн 66,851,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа. 66.851.000 төгрөгөөс Худалдан худалдан авах гэрээний дагуу аман хэлцлээр хийсэн гэрээний төлбөр болох 2016 оны 8 сарын 30 өдөр авсан 10 сая төгрөг, 2018 оны 1 сарын 30 өдөр 13.200,000 төгрөг, 2019 оны 7 сарын 1 өдөр 28.430.000 төгрөг, 2019 оны 7 сарын 30 өдөр авсан 3.000.000 төгрөг нийт 54.630,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Үүн дээр маргаан байхгүй. 2017 оны 9 дүгээр сарын 400,000 төгрөг орж ирээгүй, 2019 оны 7, 8 дугаар сарын түрээсийн төлбөр одоо болтол өгөөгүй байранд суусан. 2019 оны 9 сарын 25 өдөр хүртэл 25 хоног амьдарсан түрээсийн хөлсийг хасаж тооцуулах саналтай байгаа. Нэг өдрийн түрээсийн төлбөр 13.350 төгрөг буюу 333.350 төгрөг болж байгаа нийт 1.533.350 төгрөг болж байгаа. 54.630,000 төгрөгөөс 1.533.350 төгрөгийг  хасаад 53.096.650 төгрөгийг буцаан өгөхийг зөвшөөрч байгаа. Үлдсэн төлбөрийг төлөх боломжгүй, түрээсийн төлбөрт суутгаж байгаа гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Онь хариуцагч Д.Э т холбогдуулан, Дархан-Уул аймаг, Дархан сум, ..-р баг, ..-р байр, .. тоот хаягт байршилтай орон сууцнаас албадан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч Д.Э нь нэхэмжлэгч Ч.О холбогдуулан, Дархан-Уул аймаг, Дархан сум, ..-р баг, ..-р байр, .. тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, орон сууцны үнэд төлсөн 66,851,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч Д.Э нь талууд анх худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, гэрээний үнэ болох 68,000,000 төгрөгийг бүрэн төлсөн учир орон сууцыг чөлөөлөх үндэслэлгүй гэж, харин нэхэмжлэгч Ч.Онь талууд анх орон сууц хөлслөх гэрээ байгуулсан, Д.Э ийн суусан хугацааны түрээсийн төлбөрийг суутган авч, үлдэх 53,096,650 төгрөгийг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй гэж тус тус харилцан адилгүй тайлбарлан мэтгэлцэж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр Ч.О үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Д.Э ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Талууд 2016 оны 09 сарын 08-ны өдөр “Орон сууц хөлслөх гэрээ” гэх гэрээ байгуулсан байх ба Ч.О өмчлөлд бүртгэлтэй Дархан-Уул аймаг, Дархан сум, ..-р баг, ..-р байр, .. тоот хаягт байршилтай 55.7 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг Д.Эт нэг сарын 400,000 төгрөгөөр нэг жилийн хугацаатайгаар хөлслүүлэх талаар тусгажээ. /хх-5х/

 

Мөн өдөр буюу 2016 оны 09 сарын 08-ны өдөр талууд “Тохиролцоо” гэх гар бичмэл үйлдсэн байх ба уг гар бичмэлд Ч.О нь дээр дурдсан орон сууцыг 68,000,000 төгрөгөөр Д.Эт худалдах, Д.Э нь үлдэгдэл төлбөр болох 53,200,000 төгрөгийг төлж барагдуулсны дараа Ч.О нь орон сууцыг Д.Э ийн өмчлөлд шилжүүлэх тухай дурджээ. /хх-7х/

 

Улмаар талууд 2017 оны 08 сарын 30-ны өдөр “Тохиролцоо” гэх гар бичмэл үйлдэн, Д.Э нь 2016 оны 08 сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2017 оны 08 сарын 30-ны өдөр 13,200,000 төгрөг, нийт 23,200,000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдаж, үлдэх төлбөрийг хэрхэн төлөх нөхцөлийг тусгажээ. /хх-8х/

 

Эдгээр “Тохиролцоо” гэх гар бичмэлүүдийг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасны дагуу бичгээр хийгдсэн хэлцэл гэж үзнэ.

 

Дээр дурдсан гэрээ, гар бичмэлүүдийн агуулга, тэдгээрт тусгагдсан эрх, үүрэг зэргээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэх үндэслэлтэй буюу “Ч.Оргилмаатай орон сууц худалдах, худалдан авахаар анх тохиролцсон” гэсэн хариуцагч талын тайлбарыг үнэн зөв байна гэж үзэв.

 

 Учир нь, талууд “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулсан мөн өдрөө орон сууц худалдах, худалдан авах агуулга бүхий тохиролцоог бичгээр үйлдэн, орон сууцны үнэ, төлбөр төлөх нөхцөл зэргийг тохиролцсон байхаас гадна “Орон сууц хөлслөх гэрээ”-ний хугацаа нэг жил байтал Д.Э ийн зүгээс 2017 оны 08 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 36,400,000 төгрөгийг Ч.О төлсөн гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, “Орон сууц хөлслөх гэрээ”-ний дагуу нэг жилийн дотор төлөх ёстой төлбөр нь 400,000 х 12 = 4,800,000 төгрөг байтал Д.Э нь нэг жилийн дотор нийт 36,400,000 төгрөг төлсөн байх тул талууд анхнаасаа орон сууцыг худалдах, худалдан авах хүсэл зоригтой байжээ гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд хавтаст хэргийн 5-р хуудаст авагдсан “Орон сууц хөлслөх гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасны дагуу худалдах, худалдан авах хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна.

 

Халхавч гэрээ буюу 2019 оны 09 сарын 08-ны өдрийн “Орон сууц хөлслөх гэрээ” нь хүчин төгөлдөр бус байх боловч халхавчлагдаж буй гэрээ буюу 2019 оны 09 сарын 08-ны өдрийн “Тохиролцоо” гэх худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Худалдан авагч Д.Э нь худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг худалдагч Ч.Ошаардах эрхтэй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцны үнэд төлсөн нийт 66,851,000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаснаараа талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзсан байна.

 

Өөрөөр хэлбэл, Д.Э нь орон сууцны үнэд төлсөн 66,851,000 төгрөгийг Ч.О буцаан шаардаж байгаа нь талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний дагуу үүсэх үр дагаврыг хүсэхгүй байгаа буюу уг гэрээний дагуу өгсөн мөнгөө буцаан гаргуулах хүсэл зорилготой байна гэж үзэхээр байна.

 

Харин Ч.О нь Д.Э аас төлсөн мөнгөний дийлэнх хэсгийг буцаан өгөхийг зөвшөөрч байгаа нь мөн гэрээнээс татгалзах хүсэл зоригтой буюу Д.Э ийн гаргасан гэрээнээс татгалзах саналыг хүлээн авсан гэж үзэхээр байна.

 

Иймд худалдах, худалдан авах гэрээний талууд гэрээнээс татгалзсан байх тул гэрээнээс татгалзсан үр дагаврыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу шийдвэрлэх буюу Ч.О, Д.Э нар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүргийг хүлээнэ.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7-д заасан зохицуулалтын дагуу хариуцагч Д.Э нь Дархан-Уул аймаг, Дархан сум, ..-р баг, ..-р байр, .. тоот хаягт байршилтай 55.7 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Ч.О эзэмшил, ашиглалтад буцаан өгөх үүргийг, мөн нэхэмжлэгч Ч.О нь орон сууцны үнэд шилжүүлэн авсан мөнгийг хариуцагч Д.Эт буцаан өгөх үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэх нь зохистой болохыг тайлбарлах нь зүйтэй гэж үзэв. 

 

Харин аливаа этгээд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын орон сууцыг үнэ төлбөргүйгээр эзэмшиж, ашиглах боломжгүй учир Д.Э ийг эзэмшиж, ашигласан хугацааны үнээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй учир зарим төлбөрийг суутган тооцохоор тайлбарлаж буй Ч.О тайлбар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасан зохицуулалттай нийцэж байна.

 

Зохигч талууд маргаан бүхий орон сууцтай ижил байршил, хэмжээ, чанар бүхий орон сууцны нэг сарын түрээсийн төлбөр хэд байгаа талаархи нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, энэ талаар харилцан адилгүй тайлбарлаж байх тул “түрээсийн төлбөрийг багасгаж, 382,000 төгрөг болгосон” гэсэн нэхэмжлэгчийн тайлбар, мөн хариуцагч талаас 382,000 төгрөгийг тогтмол төлж байсан талаархи дансны хуулга /хх-39-49х/ зэргийг харгалзан үзэж үндэслэлгүй хөрөнгөжсөн дүнг нэг сарын 382,000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй гэж үзэв.

 

Хариуцагч Д.Э нь маргаан бүхий орон сууцанд 2016 оны 08 сарын сүүлээр орсон гэж тайлбарлаж байх тул уг хугацаанаас Ч.О анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаа хүртэлх нийт 35 сар х 382,000 = 13,370,000 төгрөгөөр хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн байна гэж тооцов.

 

Д.Э нь сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотолж банкны орлогын мэдүүлгүүдийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байх ба тэдгээр баримтын нийлбэр дүн 67,251,000 төгрөг болж байх боловч Д.Э нь сөрөг нэхэмжлэлийнхээ үнийн дүнг 66,851,000 төгрөг гэж тодорхойлсон учир түүний өөрийн тодорхойлсон дүн болох 66,851,000 төгрөгөөс үндэслэлгүй хөрөнгөжсөн 13,370,000 төгрөгийг хасаж, үлдэх 53,481,000 төгрөгийг Ч.Огаргуулан Д.Эт олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хэдийгээр нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч Д.Э т холбогдуулан орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэдий ч шүүхийн зүгээс хариуцагчийг орон сууцнаас албадан гаргуулахаар шийдвэрлэх бус харин орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад буцаан шилжүүлэхийг даалган шийдвэрлэх нь талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, маргааны үйл баримттай нийцэх бөгөөд ийнхүү шийдвэрлэх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын утга агуулгыг алдагдуулахгүй гэж үзсэн болно. 

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Ч.О нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Д.Э ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар Дархан-Уул аймаг, Дархан сум, ..-р баг, ..-р байр, .. тоот хаягт байршилтай 55.7 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Ч.О эзэмшил, ашиглалтад буцаан шилжүүлэхийг хариуцагч Д.Э т даалгасугай.

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.О 53,481,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.Э т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,370,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг болон 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Д.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.О буцаан олгож, хариуцагч Д.Э аас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 422,005 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж, нэхэмжлэгч Ч.О улсын тэмдэгтийн хураамжид 425,355 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.Э т буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч, сөрөг нэхэмжлэлийн хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.НЯМБАЗАР