Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00398

 

    *******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 899 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 99 дүгээр магадлалтай,

*******гийн нэхэмжлэлтэй,

*******т холбогдох,

Орон сууц чөлөөлүүлэх тухай үндсэн,

Орон сууцны үнэд төлсөн 66,851,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч *******, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2016.09.08-нд *******тай Дархан-Уул аймаг, Дархан сум, 16-р байр, 1-р хороолол, 13-р байр, 34 тоот 55,7 мкв, 4 өрөө орон сууцыг 68,000,000 төгрөгөөр худалдах болж урьдчилгаа болох 10,000,000 төгрөгийг 2016.09.08-нд өгөх, үлдэгдэл төлбөрийг 1 жилийн дараа төлж дуусгахаар тохиролцсон худалдан авах гэрээ хийх боломжгүй учир орон сууц хөлслөх гэрээ хийж 1 жилийн хугацаанд үлдэгдэл төлбөрөө төлөхөөр тохиролцон 1 сарын хөлслөх төлбөр 400,000 төгрөгийг сар бүр төлж, хэрэв үлдэгдэл мөнгөө төлж барагдуулах боломжгүй нөхцөл байдал үүсвэл сар бүр 400,000 төгрөгийг түрээсийн төлбөр болгож тооцохоор тохиролцсон.

Гэвч 2017.08.30-нд 1 жилийн түрээсийн гэрээ дуусч төлбөрөө барагдуулаагүй, дахин хугацаа өгөөч үлдэгдэл төлбөрөө 13,200,000 төгрөг төлөөд үлдсэн төлбөрөө 1 жил 5 сарын хугацаа өгч энэ хугацаандаа түрээсийн төлбөрийг багасгаж, 382,000 төгрөг болгож байр худалдан авах үлдсэн төлбөрөө барагдуулахаар дахин тохиролцсон. Гэвч 2019.02.01-ний өдөр дуусахад төлбөрөө барагдуулахгүй, удаа дараа ярилцсан боловч тоогоогүй байрыг суллаж өгөхийг шаардсан болов үл ойшоож байгаа тул орон сууцнаас минь албадан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: *******тай тохиролцсоны дагуу түүний өмчлөлийн орон сууцыг 68,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлж худалдан авахаар болж эхний ээлжид урьдчилгаа 10,000,000 төгрөгийг 2016.08.30-ны өдөр, хоёр дахь урьдчилгааны мөнгө болох 13,200,000 төгрөгийг 2017.08.30-ны өдөр тус тус өгөөд, үлдэгдэл төлбөрийг сар бүрийн 25-ны өдөр үндсэн зээл түүний хүүг Төрийн банкны зээлийг төлж байхаар харилцан тохиролцон, өөрөөр хэлбэл банкны ипотекийн 8 хувийн зээлэнд байгаа байрыг өмчлөгч *******гаас худалдан авахаар гэрээний харилцаа үүсгэж байраа надад чөлөөлж өгч би өөрт нь болон байрны төлөлтийг хийсээр байгаад анх тохиролцсон 68,000,000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан байхад ******* нь надаас ямар ч үндэслэлгүйгээр нэмж 7,000,000 төгрөг нэхэж шаардсаныг ойлгохгүй байна.

Дээрх тохиролцооноос гадуур 7,000,000 төгрөг өгч чадахгүй гэсний төлөө ******* намайг байрнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг би хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би байрны үнэ 68,000,000 төгрөгийг хүүгүйгээр худалдан авахаар тохиролцсоноос гадна байр хөлслөх төлбөр 400,000 төгрөг төлөхөөр тохиролцоогүй харин байрны зээлийн сар бүрийн эргэн төлөлтийг 382,000-400,000 төгрөгийн хооронд төлж байхаар тохиролцсон. Миний төлсөн мөнгө байрны үнэд тооцогдох тохиролцоо байсан. Түүнээс биш байр хөлслөөгүй. Иймд *******д худалдах худалдан авах тохиролцоогоор төлсөн 66,851,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа. 66.851.000 төгрөгөөс Худалдан худалдан авах гэрээний дагуу аман хэлцлээр хийсэн гэрээний төлбөр болох 2016 оны 8 сарын 30 өдөр авсан 10 сая төгрөг, 2018 оны 1 сарын 30 өдөр 13.200,000 төгрөг, 2019 оны 7 сарын 1 өдөр 28.430.000 төгрөг, 2019 оны 7 сарын 30 өдөр авсан 3.000.000 төгрөг нийт 54.630,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Үүн дээр маргаан байхгүй. 2017 оны 9 дүгээр сарын 400,000 төгрөг орж ирээгүй, 2019 оны 7, 8 дугаар сарын түрээсийн төлбөр одоо болтол өгөөгүй байранд суусан. 2019 оны 9 сарын 25 өдөр хүртэл 25 хоног амьдарсан түрээсийн хөлсийг хасаж тооцуулах саналтай байгаа. Нэг өдрийн түрээсийн төлбөр 13.350 төгрөг буюу 333.350 төгрөг болж байгаа нийт 1.533.350 төгрөг болж байгаа. 54.630,000 төгрөгөөс 1.533.350 төгрөгийг  хасаад 53.096.650 төгрөгийг буцаан өгөхийг зөвшөөрч байгаа. Үлдсэн төлбөрийг төлөх боломжгүй, түрээсийн төлбөрт суутгаж байгаа гэжээ. 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 899 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар Дархан-Уул аймаг, Дархан сум, 16-р баг, 13-р байр, 34 тоот хаягт байршилтай 55.7 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч *******гийн эзэмшил, ашиглалтад буцаан шилжүүлэхийг хариуцагч *******т даалгаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******гаас 53,481,000 төгрөгийг гаргуулан хариуцагч *******т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,370,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг болон 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д буцаан олгож, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 422,005 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж, нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 425,355 төгрөгийг гаргуулан хариуцагч *******т буцаан олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 99 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 899 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Оргилмаагаас 66,851,000 төгрөг гаргуулж, хариуцагч *******т олгосугай гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,800 төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие нэхэмжлэлийн үндсэн шаардлагадаа орон сууцнаас *******ийг албадан гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаар тодруулж хариуцагч болох ******* нь худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй талаар анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн. Өөрөөр хэлбэл талуудын хооронд Иргэний хэргийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж үзсэн байна. Энэ хэргийн дагуу анхан шатны шүүх бидний хоорондын гэрээг 1 жилийн хугацаанд төлж дуусгах байтал хариуцагч ******* нь 2017 оны 8 сарын 30 хүртэл хугацаанд төлж барагдуулаагүй гэдгийг зөв тогтоосон.Мөн худалдах худалдан авах гэрээгээ биелүүлээгүй бол орон сууцыг хөлсөлж уг хөлслөх гэрээний дагуу 400,000 /Дөрвөн зуун/ мянган төгрөгийг төлнө гэснийг зөв үйл баримттай тогтоосон. Гэтэл давж заалдах шатны шүүхээр хариуцагч Д.Энх1унгалагийн худалдах худалдан авах гэрээний үр дагаврыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд уг гэрээний дагуу өгсөн мөнгөө буцаан гаргах хүсэл зорилготой байгааг давж заалдах шатны шүүх буруу дүгнэсэн. Бид давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг эсэргүүцэж байна.

Учир нь давж заалдах шатны шүүх миний нэхэмжлэлийн шаардлагыг хохирол, зардлыг шаардаагүй анхан шатны шүүх иргэний хэргийн 492.1 д заасан зохицуулалттай нийцсэн байна гэж дүгнэснийг буруу тайлбарлан анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл миний үндсэн нэхэмжлэлийн шаардлага байрнаас албадан гаргуулах гэж үзсэн боловч өөрийн хүсэл зорилгоо ******* нь илүү хэлэлцүүлэгт тодруулж, мөн хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад тодруулж миний байрыг худалдан авна гэж надтай тохирсон боловч хэрэв энэ гэрээний дагуу мөнгөө өгч чадахгүй бол уг байрыг түрээсэлнэ гэж гэрээ байгуулсан. Энэ байдлаас болж Манай гэр бүл эдийн засаг болон цаг хугацаа өөрсдийн байр авах боломжоо алдсан, бие сэтгэлийн хувьд хохирсон. Энхтунгалаг гэрээгээ зөрчин хугацаа хэтрүүлж, гэрээнд тусгагдсан нөхцөлөө биелүүлээгүй, түрээсээр 382,000 төгрөг төлж байсан гэдгийг нэхэмжлэгч хариуцагч нар зөв шаардсан талаар мэдүүлж дээрх мэдүүлсэн нь дансны хуулгаар нотолж байгааг анхан шатны шүүх дүгнэхдээ хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэж зөв дүгнэж сөрөг нэхэмжлэлээс хасч тооцсон байтал, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч намайг хохирол нэхэмжлээгүй байхад хасаж тооцсон нь буруу гэж үндэслэлгүй дүгнэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх хурлаар Энхтунгалагтай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн. Гэвч давж заалдах шатны шүүх нь гэрээнд тусгагдсан нөхцөлүүдийг тооцож хурлыг шийдвэрлээгүй тул давж заалдах шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дархан уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 2019 оны 11 сарын 18 өдрийн 99 дугаартай магадлалыг хүчингүй болгож, дархан уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 сарын 25-ны өдрийн 899 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү, энэхүү хэрэг үнэн зөвөөр шийдэгдэх хүртэл иргэн Энхтунгалагийг байр судалж хүлээлгэж өгөх өдөр хүртэлх түрээсийн хохирлыг тооцож бодуулах хүсэлтэй байна гэжээ.                       

ХЯНАВАЛ 

******* нь *******т холбогдуулан орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 66,851,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.  

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангажээ.  

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.  

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг ...орон сууцыг 68,000,000 төгрөгөөр худалдах болсон, ...орон сууц хөлслөх гэрээ байгуулж, үлдэгдэл төлбөрийг 1 жилийн дараа төлж дуусгахаар тохиролцож сарын төлбөрийг 400,000 төгрөгөөр тохирсон, ...хугацаандаа төлөөгүй тул төлбөрийг багасгаж, дахин 1 жил 5 сарын хугацаа өгч, сарын түрээсийг 382,000 төгрөг болгосон, ...төлбөрөө төлөөгүй тул байр суллаж өгөхийг шаардсан боловч үл ойшоосон гэж тайлбарлажээ.  

Нэхэмжлэлээс татгалзахдаа хариуцагч ...байрыг 68,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч мөнгийг бүрэн төлсөн, ...орон сууц хөлслөх гэрээ хүчин төгөлдөр бус... гэжээ.  

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ******* нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар баг, 13 дугаар байрны 34 тоотын 55.7 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөгч байна.  

Тэрээр *******тай 2016.9.08-ны өдөр Орон сууц хөлслөх гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн орон сууцыг 2017.8.30-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар хөлслүүлэх, хөлслөгч сард 400,000 төгрөгийн хөлс төлөхөөр тохирчээ.  

Талууд мөн өдөр Тохиролцоо гэх баримт үйлдэж, нэхэмжлэгч орон сууцыг 68,000,000 төгрөгөөр худалдах, хариуцагч урьдчилгаа мөнгө болох 10,000,000 төгрөг төлсөн, 2017.8.30-ны өдөр сүүлийн мөнгө болох 53,200,000 төгрөгийг төлж дуусгана, энэ хугацаанд сар болгон 400,000 төгрөг банкинд төлөх, цаашид байрны бүх зардлыг төлөхөөр тохирчээ. 

Түүнчлэн 2017.8.30-ны өдрийн Тохиролцоо гэх баримтад ...2017.8.30-нд хоёр дах урьдчилгаа 13,200,000 төгрөгийг авсан,...үлдэгдэл мөнгийг сар болгоны 25-ны өдөр үндсэн зээл болон хүүгийн хамт төлөхөөр болов... гэжээ /хэргийн 4-9 дүгээр тал/.  

Дээрх баримтад талууд гарын үсэг зурсан байх ба энэ талаар маргаагүй байна.  

Талууд орон сууц худалдах-худалдан авах эсвэл хөлслөх гэрээ байгуулсан болох, гэрээ хүчин төгөлдөр эсэх, нэхэмжлэгч орон сууцыг, хариуцагч төлсөн төлбөрөө буцаан шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.  

Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч нь орон сууцыг хөлслөх бус харин худалдсан, хариуцагч төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тохирсон болох нь тогтоогдсон байна.  

Харин орон сууц хөлслөх гэрээ нь худалдах-худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор хийгдсэн тодруулбал, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болох талаарх шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгджээ.  

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.   

Худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр, энэ тохиолдолд хариуцагч тогтоосон хугацаанд төлбөрийг төлөх үүрэгтэй.  

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд ...хугацаа 2019.2.1-нд дуусахад төлбөрөө барагдуулаагүй, удаа дараа ярилцсан боловч тоогоогүй, ...орон сууцнаас албадан гаргаж өгнө үү гэжээ.  

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд бүрэн биелүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж орон сууцаа буцаан шаардсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-г зөрчөөгүй байна.  

Шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсаныг хариуцагч зөвшөөрсөн гэж үзэж, үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд зохигч гомдол гаргаагүй байна.  

2. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангахдаа  хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс гадна хэргийн баримтыг үнэлээгүй байна.  

Хариуцагчийн ...66,851,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрөхдөө нэхэмжлэгч ...амьдарч байсан хугацааны хөлсийг хасч тооцуулна гэсэн тайлбар гаргаж, маргасан байхад давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүйгээс гадна ...нэхэмжлэгч гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол, зардлыг шаардаагүй гэж үзсэн нь ойлгомжгүй болжээ.  

Нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан тохиолдолд орон сууцны үнэд төлсөн төлбөрийг буцаан төлөх үүрэгтэй боловч хариуцагч энэ хугацаанд орон сууцыг эзэмшиж ашиглаж байсан тогтоогдсон, анхан шатны шүүх хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, гэрээ байгуулснаас нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд байр ашигласны хөлсийг сарын 382,000 төгрөгөөр тооцож, 13,370,000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээс хасч тооцохдоо Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.  

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 99 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 899 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 224,800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД