Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 53

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Д.******* Шүүгдэгч Д.Г- Шүүгдэгчийн өмгөөлөгч В.******* Хохирогч Д.У- Хохирогчийн өмгөөлөгч Б.******* Гэрч Д.******* Д.******* П.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж, Завхан аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 1201 дүгээр зүйлийн 1201 .1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г-д холбогдох 201613000173 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1981 онд Завхан аймгийн Шилүүстэй сумд төрсөн, бага боловсролтой, 36 настай, малчин мэргэжилтэй, ам бүл-2, эхнэрийн хамт Завхан аймгийн Шилүүстэй сумын ****** багт оршин суух хаягтай, ******* овогт Д-ийн Г РД: /ИУ******/

Шүүгдэгч Д.Г- нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201 .1 дэх хэсэгт заасан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Г- нь хохирогч Д.У-ийг 2015 оны 10 дугаар сар, 12 дугаар сар, 2016 оны 01, 02, 03, 05, 06 дугаар саруудад мөн 2016 оны 10 дугаар сарын 27, 30-ны өдрүүдэд зодсон үйл баримт болжээ. Хэргийн дээрхи үйл баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан хэрэгт цугларсан дараахь нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна. Тухайлбал Д.Г- эхнэр Д.У-ийг зоддог байсан талаар мэдүүлсэн хохирогч Д.У-ийн “...Би нутгийнхаа Д.Г- гэдэг залуутай 2015 оны 08 сарын 17 нд гэр бүл болж хамт амьдарч эхэлсэн юм. Албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байгаа.Тэгээд бид хоёр гэр бүл болоод удаагүй 2015 оны 10 сарын 10-дын орчим манайх “Өвөр гол” гэдэг газраас намаржаанаасаа Чулуун дэвсгэрт гэдэг газар луу нүүхэд нүүдэл суудлаас болоод, гэрийн буурь малтсангүй гэж уурлаад Г- намайг гэрийн унь модоор нуруу луу, цохиод бас гар хөл рүү цохисон. Тэгэхэд Г-гийн эгч Дн гэдэг айлтай цуг нүүдэл хийж байсан юм. Тэгэхэд Д эгч нь цуг байсан юм. Дараа нь 2015 оны 12 сарын дундуур байсан санагдаж байна. Г- орой 19 цагийн үед хониноос ирээд чи нарны толио сайн цэнэглэсэнгүй гээд намайг нарийнхан шилбүүрийн модоор толгой, нуруу, гар, хөл рүү цохиод гэрт байсан гартаа таарсан юмаар зодоод зайл гээд хаалга мөргүүлээд ам хамрыг гараараа дараад амьсгал боогдуулсан. Би тэр үед нь ухаан балартаад газар унахдаа өмдөндөө шээсэн байсан. Би тэгээд ухаан орсон чинь Г- гэртээ сууж байсан. Тэгэхээр нь би гарч зугтаагаад манайхаас 1-2 км орчим газар саахалт айл байсан Т гэдэг айлд очоод Г- намайг зодоод болдоггүй, ээж лүүгээ утсаар ярина гээд тэднийхээс эгч А лүүгээ утсаар ярьсан. Мөн утсаар ээжтэйгээ ярьж болсон асуудлын талаар хэлсэн. Тэгсэн чинь ээж чи гэртээ буцаж оч гэж хэлсэн. Тэгээд Т гэдэг хүн намайг мотоциклоор гэрт буцааж хүргэж өгчихөөд явсан. Явсан хойно нь Г- чи зайлахгүй яасан юм гээд намайг буцааж хөөсөн. Тэгэхээр нь би гадаа сууж байгаад даараад байхаар нь гэртээ орсон чинь чи тэр хаяанд унт гэж хэлсэн. Тэгээд би дээл нөмрөөд хаяанд унтсан. Тэгээд маргааш нь хэрүүл болоогүй. Харин тэр явдлаас хойш намайг байнга л дарамталдаг болсон. Чи малд яв, малд явсангүй, ажил хийсэнгүй, чи юутай ирсэн гуйлгачин бэ, чамайг бодвол би малтай, хөрөнгөтэй гээд элдэв янзаар доромжлоод чи хэнтэй юу ярих гээд байгаа юм, чи юу ярьдаг юм гээд утсаар ийш тийш яриулдаггүй, утсаа өөрөө аваад өгдөггүй байсан. 2016 оны 02 сард Цагаан сар болж шинийн 6 болж байхад Г- чи гэр орны зүйл хумхисангүй, гуталны уланд наах хаймар нь олдохгүй байсан чинь, чи хаанаа хийчихсэн юм гэж уурлаад гэртээ байхдаа намайг гэр дотроо тойруулж хөөгөөд багана уначихаар нь гэрийн багана аваад бас ууц нуруулуу зодоод, чамайг ална гээд дээлний бүсээр миний хоолойг оосорлож татахаар нь би чи намайг аллаа ш дээ гээд бүсийг нь суллаж байж хоолойноосоо салгаад гарч зугтаасан чинь араас барьж авч татаад гэрийн модон хаалга мөргүүлсэн. Тэгээд дух хавдаж том шалбарч цус гарсан. Тэгсэн чинь эгч Д нь гэрээсээ гарч ирээд юм хэлээгүй. Ер нь эгч нь тоодоггүй, хохь чинь л гэж хэлдэг юм. Намайг цохиулсанаас хойш 2-3 хоногийн дараа манай дүү Ц, М нар манайд золгох гэж ирсэн. Тэгэхдээ намайг харсан. Надаас таны нүд дух чинь яасан юм гэхээр нь би гарах гэж байгаад хаалга мөргөчихсөн гэж 2 дүүдээ хэлсэн. Чи хүн асуувал наад дух нүүрээ хаалга мөргөчихсөн гэж хэлээрэй гэж Г- хэлсэн учир би 2 дүүдээ өөрөө санаандгүй хаалга мөргөчихсөн байдлаар хэлсэн юм. Тэгээд Г-г хониндоо явсан хойгуур нь манай хоёр дүү та хаалга тэгж мөргөөгүй биз дээ гэж асуухаар нь би Г- намайг зодоод дух шалбалж хаясан гэж үнэнээ хэлсэн юм. Дараа нь 2016 оны 03 сард Г- бид хоёр сумын төв орсон юм. Г- мөнгө төгрөгөө өөрөө мэдээд надад мөнгө төгрөг ч өгдөггүй байсан юм. Тэгээд надад чи энүүгээр гэр орондоо саван воок, ойр зуурын юмаа ав гээд 20000 төгрөг өгсөн. Тэр мөнгөнөөс нь би эгчийнхээ хүүхдүүдэд 15000 орчим төгрөгөөр нь чихэр боов аваад өгчихсөн юм. Тэгээд үлдсэн мөнгөндөө гэр орондоо ойр зуурын юм чихэр боов аваад очсон чинь Г- чи гэр орондоо саван воок авсангүй гэж уурлаад бид хоёр хоорондоо хэрэлдээд өнгөрсөн. 2016 оны 05 сард Битүү гэдэг газар ямаагаа самнаж байх үеэр ямаа удаан самналаа гээд загнаад ямааны сам авч шидээд гар хөхрүүлсэн. Тэгэхээр нь би Д эгчид нь хэлсэн чинь бас хохь чинь гээд тоогоогүй. Тэр үеэр ер нь Г- өглөө хониндоо явахдаа 10-15 ямаа барьж авч уяж үлдээгээд чи энэ ямааг өнөөдөр самнаж дуусгаарай гээд явдаг байсан. Дараа нь 2016 оны 07 сарын сүүлээр хонь хяргаж байгаад удаан хөдөллөө, хонь хяргасангүй, ажлаа түргэн хийсэнгүй гэж гэртээ байхдаа уурлаад толгой ууц нуруу луу 3-4 удаа гараараа цохиод дараа нь бид хоёр хонио хяргасан. Гэрт намайг цохиход өөр хүн байгаагүй. Тэгээд хонио хяргаж дуусаад гэртээ орж ирээд гэрийн авдар дотор байсан нэг шил Ерөөл гэдэг дунд зэргийн шилтэй архи байсныг ихэнх талыг нь уучихаад танай аавынд очиж агсам тавина гээд мотоциклоо унаад явсан. Тэгсэн чинь удаагүй ганцаараа буцаж ирээд над руу уурлаад чамайг би ална гээд хамар луу гараа зангидаж байгаад цохиод хамрын цус гоожуулсан. Тэгэхээр би саахалт 500-600 метр зайтай цуг зусаж байсан гэдэг ахынх нь гэр лүү гүйсэн чинь араас мотоциклоо унаад хутга бариад хөөсөн. Тэгэхээр нь би ахынх нь гэрт ороод Г- намайг зодоод гэж хэлсэн чинь Д-ийн эхнэр Ч хүүе яаж байгаа юм гээд миний хамрыг цусыг угааж цэвэрлэж өгсөн. Араас Г- орж ирээд юу ч хэлээгүй. Тэгсэн чинь Д ах нь намайг аавынд чинь хүргээд өгье гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө мотоциклоор аавынд хүргэж өгсөн. Би аавынд очоод нэг хоноод байж байхад миний ээж хадам ээж чинь Говь Алтайд аймагт цөсний хагалгаанд орж байгаа гэсэн, чи ийм үед нь ингэж яваад яахав гээд намайг буцааж гэр лүү явуулсан. Түүнээс хойш бас надтай зөвөөр харьцахгүй, байнга л дарамталсан байдалтай байдаг байсан. Дараа 2016 оны 09 сард би Улаанбаатар хот руу эмнэлгээр тархи толгойгоо үзүүлэх гээд ээжийн хамт явсан. Эмнэлгээр үзүүлж яваад 10 гаран хоноод буцаж ирсэн. Тэгэхэд ирээд 2 хонож байхад Г- чи жаргаж явсан хүн хонь маланд яв гэж хэлсэн. Уг нь намайг гам сайн хийгээрэй гэж эмч хэлж байсан юм.Тэгээд би зодох байх гэж айгаад 2 өдөр хонинд явсан. Чи энэ өвөл хонинд явахгүй бол зайлаарай гэж хэлсэн. Тэгээд би дахиж хонинд яв гэхээр нь дургүйлхсэн чинь чи хонинд явсангүй гээд бид хоёр маргалдаад намайг бас хэд хэд цохиж аваад үсдэж дараад унагаагаад толгой руу өшиглөсөн. Гартаа таарсанаа л аваад шидчихдэг юм. Тэр үед гэрт хүн байгаагүй. Хажуу талд Г-гийн хүргэн *******ийнх / эхнэр нь Г-гийн эгч Б /, Д-ийнх хоёр цуг намаржиж байсан юм. Тэгэхээр нь би Да-д орсон. Г- намайг зодоод болохгүй байна, аавынх хол байна, мотоциклоор хүргээд өг гэж хэлсэн. Да би одоо хониндоо явлаа, зав байхгүй байна гээд хүргэж өгөөгүй. Тэгээд би Да-ийн гадаа зогсож байсан чинь Д эгч нь гарч ирэхээр нь би Г- намайг зодоод алах нь шиг байна, би одоо яахав гэж хэлсэн чинь Д эгч нь хохь чинь ээ, чамайг харин Г-д гар хүрвэл би чамайг зодно шүү, чамайг би хүний урманд бодохгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэртээ ороод аргалдаа явсан. Аргалдаа яваад ирсэн чинь Г- сумын төв рүү явсан байсан. Тэгээд орой нь буцаж ирээд чи зайлахгүй яасан юм, зайлж чадахгүй байж гэж хэлсэн. Аавынх хол байдаг байсан учир би явж чадахгүй байдаг байсан. Ер хэрэлдэхээрээ намайг хаяанд унтуулдаг байсан. Би айгаад хэлсэн үгээр нь л байдаг байсан. Дараа нь 2016 оны 10 сарын 27- ны өдөр дээлний шилбэ хадаж байсан чинь чи хүний нэг өдөр хаддаг юмыг яасан удаан хаддаг юм бэ гээд намайг бүснээс чирч гэрээс гаргаж унагаагаад толгой руу гараа зангидаж цохиод, хөлөөрөө ууц, нуруу луу өшиглөсөн. Тэгэхэд хажууд хүн байгаагүй. Хажуу талд Д-ийнх айл байсан юм. Д гэрээсээ гарч ирээгүй. Маргааш өглөө нь буюу 10 сарын 28 ны өдөр бие засахад доошоо бага зэргийн улаан туяатай зүйл гарсан. Тэгээд дахиж гараагүй тогтчихсон. Тэгж байгаад 2016 оны 10 сарын 30-ны өдөр өглөө 08 цагийн үед үнээгээ саачихаад сүүгээ зэлэн дээр тавьчихаад нэг үнээгээ тууж ирээд саах гэтэл саагаад тавьчихсан байсан сүүг үхэр уучихсан байсан. Үлдсэн нэг үнээгээ саачихаад сүүгээ аваад гэртээ орсон чинь чи бага сүү заасан байна гэж уурлахаар нь үхэрт сүүгээ уулгачихсан юм гэж хэлсэн чинь хувхай хүүр чинь харж байхгүй яасан юм, үхэрт сүү уулгалаа гээд загнаад зодох гээд хөөхөөр нь би зугтааж гэр тойрч гүйж яваад гэрээсээ гарсан чинь араас гарч ирээд үснээс гараараа чирээд зүүн талын шанааны үснээс зулгаасан чинь зүүн талын шанаа өвдөхөөр нь би Г- лүү болиоч гээд харсан чинь Г-гийн гарт миний шанааны үс атгаатай, Г- урдаас инээчихсэн зогсож байсан. Тэгээд би босоод гэр лүүгээ орох гээд явсан чинь араас 2 том чулуугаар чидэж нуруу луу оносон. Би зугтаагаад гэр лүүгээ орсон чинь араас орж ирээд чамайг боож ална гээд миний дээлний бүсээр оосорлоод үзүүрийг нь 2 тийш нь татахаар нь би Г- байя, би дахиж алдаа гаргахгүй, үнээндээ сүү уулгахгүй, боож үхлээ ш дээ гэж хэлсэн чинь намайг боохоо болиод тавьсан. Тэгээд би гэрээс гараад аргалдаа явсан. Араг үүрээд аргал түүгээд явж байхад доошоо халуу оргиод юм гоожоод байхаар нь харсан чинь цус нөж гарсан байсан. Тэгэхэд Г- эгч Д-ээ мотоциклийн араар суулгаад гэрийнхээ гаднаас хөдлөөд сумын төвын тийшээ явж байсан. Урьд нь сумын төв явна гэж ярьж байсан юм. Тэгээд доошоо юм гараад байхаар нь би гэртээ буцаж ирсэн. Тэр өдөр доошоо юм гараад л байсан. Г- эгч Д-тэйгээ орой 17 цагийн үед буцаж ирээд Г- аргалд яв, үхэр хураа гэж уурлаад мотоциклийн араар суу гэж суулгаад хамт явсан. Тэгээд аргал түүж яваад дахиж доошоо цус гараад байхаар нь би Г-д ер нь болохоо байлаа, доошоо их юм гараад байх юм, болохгүй боллоо, яаралтай түргэн дуудаж үзүүлмээр байна гэж хэлсэн. Г- тэгээд ээж рүү яриад У-гийн доошоо нь юм гараад байна, та түргэн дуудаадахаач гэж хэлсэн. Тэгээд бид хоёр буцаад гэртээ харьсан. Тэгсэн чинь удаагүй сумын төвөөс эмнэлгийн түргэн тусламж ирсэн. Түргэний эмч ирж үзээд авч явахгүй бол болохгүй нь байна, аваад явъя гэж хэлээд намайг сумын төв рүү эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг дээр очоод эмч үзсэн. Тэр үед миний доошоо юм гарч л байсан. эмч надаас жирэмсэн байсан уу гэж асуухаар нь би жирэмсэн байсан, 2 сартай байсан байх гэж хэлсэн. Сувилагч ******* тест тавьж үзсэн гэсэн. Мөн тэнд эх баригч эмч бас намайг үзсэн” гэсэн мэдүүлэг, Гэрч П.А-ийн мөрдөн байцаалт болн шүүх хуралдаанд өгсөн “...Д.У- нь миний охин байгаа юм. Д.У- лүү яриад юу болоод байгааг асуухад жаахан асуудлаас болоод намайг нэг модоор толгой хэсэгт нь цохиод амьсгааг нь боогоод өмдөндөө шээс алдсан гэсэн. Он сар өдрийг нь сайн санахгүй байна дараа нь бас Г- зодоод манай охин У саахалт айлындаа ирээд утсаар нь ярьсан. ...2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Г- зодоход нь *******ийн доошоо цус гарахаар нь айгаад Г-д хэлж чадаагүй гэсэн. 10 сарын 30-ны өдөр ******* яриад аргал түүж явна гээд уйлаад байсан. Удалгүй Г- яриад У-ийн доошоо цус гараад байна гэж хэлэхээр нь би түргэн аваад очсон. Гэрт нь ороход охин маань зүүн талын орон дээрээ хэвтчихсэн зүүн талын шанааных нь үс гарын алганы хэмжээтэй зулгаагаад авсан байсан. Очсон эмч үзчихээд ураг нь зулбаж байна гээд сумын эмнэлэгт авчирсан. Би хүүхдээсээ наад үс чинь яачихсан юм гэхэд Д.Г- өглөө намайг үнээнд сүү уулгалаа гээд зодоод гэрт оруулж ирээд бүсээр боогоод байхаар нь би үхлээ шүү дээ гэсэн чинь тавьсан гэсэн...У 2016 оны 10 сарын эхээр надад биений юм ирэхгүй байна жирэмсэн болсон юм байхдаа гэж хэлэхээр нь чи үзүүл гэж хэлсэн. Нөхөртөө хэлсэн чинь би чамайг дагуулж яваад үзүүлэхээс ичиж байна гэж хэлсэн гэсэн. ...энэ асуудлаас болж ******* сэтгэл санааны хувьд их дарамттай хэцүү байна...” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.А-ийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн “...******* нь миний төрсөн дүү байгаа юм. ...Д.Г- 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр У-ийг дээлний шилбэ удаан хадлаа гэж уурлаад гэрээсээ чирч гаргаад зодсон байсан. 2016 оны 10 дугаар сарын 30-ны өглөө бас зодоод үс, шанаа, ар дагзны үснээс нь зулгааж, бүсээр оосорлож чирсэн, чулуугаар нуруу руу нь цохисоны улмаас ураг нь зулбасан байсан. Өдөр нь Г-тэй аргал түүж яваад доошоо нь нөжтэй цус их гараад байхаар нь Д.Г- түргэн дуудаж эмчилгээ хийлгэсэн байсан. Тухайн үед сувилагч Ч.******* шээсэнд нь тест дүрж үзэхэд жирэмсэн гэдгийг нь нотлох 2 улаан зураас гарсан. Би У-ийг 2016 оны хавар ямаа самнах үеэр нөхөртөө зодуулаад сумын төврүү гүйж ирэхэд хавдаж улайсан байсан болон 2016 оны 10 сарын 30-ны өдөр зодуулаад сумын эмнэлэгт байхад нь харсан. Эмнэлэгт байх хугацаанд нь Г- болон ээж, ах нар нь ирж уучлалт гуйсан бичлэг надад байгаа, бас зодуулсны дараах зургууд нь байгаа ...” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Манай хүргэн Д.Г-, төрсөн эгч Д.У- нар Шилүүстэй суманд мал маллан амьдардаг юм. Нөхөр Д.Г- нь зоддог талаараа надад ******* эгч урьд нь надад өөрөө ярьж хэлж байгаагүй. Харин 2015 оны намар шиг санагдаж байна. Сар өдрийг нь сайн санахгүй байна. Намайг ээж, А эгч хоёртойгоо утсаар ярихад ******* нөхөртэйгээ муудалцаад нөхөр нь зодсон байна. Манайд ирсэн байна гэж ярьсан. Мөн 2016 оны цагаан сарын дараа манай дүү М, Ц нар золгох гээд Г-гийнд очиход У-ийг нөхөр нь зодоод хөх няц болгосон байсан байна лээ гэж дараа нь мөн надад А эгч утсаар ярьж байсан юм. Мөн 2016 оны 11 сарын эхээр У эгч надтай утсаар яриад наана чинь очиж эмнэлгээр явах ажилтай байна, зав зай чинь юу болох бол гэхээр нь би яасан юм гэсэн чинь сая 10 сарын сүүлээр үхрээ сааж байгаа сүүгээ үхэрт уулгачихсан чинь үхэрт сүү уулгалаа гээд Г- намайг зодоод хоолой боож газарт унагаагаад, үснээс чирээд, шанаа болон толгойн ар хэсгээс нилээн үс зулгарч унаад хуйх нь гарсан байна. Бас хүүхэд дутуу гаргуулснаас болоод эмнэлгээр явах ажилтай байна гэж хэлсэн. Тэгээд ярьсанаасаа хойш удаагүй *******, Г- нар аймагт ирсэн. Тэгээд ирсэн хойно нь харахад шанаа болон толгойн ар хэсгээс нилээн үс зулгарч унаад хуйх нь гарсан байдалтай, нуруун дээр нь нилээн том ягаарч халцарсан сорви үзүүлсэн. Нөхөр нь зодохоор гэр лүүгээ явна гээд явсан чинь араас нь нөхөр нь чулуу авч шидсэн гэж байсан. Г-гийн хувьд би сайн мэдэхгүй. Харахад дуу шуу муутай, даруухан хүн юм шиг харагддаг юм. Цаанаа ямар ааш авиртайг нь би мэдэхгүй. ******* бол мөн л дуу цөөтэй, чимээгүй л байж байдаг юм. Яг би хажууд нь байдаггүй учир хоорондоо ямар байсныг нь мэдэхгүй байна. Ээж эгч нараас сонсоход *******ийг нөхөр нь зоддог талаар сонссон. Мөн өнгөрсөн намар цагдаагийн байгууллагад шалгагдахын өмнө нь ******* нөхөртэй зодуулсан гэж өөрөө надад толгойтой үс, халцарсан нуруугаа үзүүлэхэд нь би нөхөр нь зоддогийг өөрийн нүдээрээ харсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2016 оны өвөл У эгч Г- ахад зодуулсан талаараа утсаар ярьтал утсыг нь хураагаад авсан гэсэн. Дараа нь цагаан сарын дараа Ц эгч, дүү Б нарын хамт золгох гээд очтол У эгчийн нүд нь хавдсан, дух нь шалбарсан нүүр ам нь улаан хүрэн болсон байсан. ...дараа нь дуулахад Г- ахад зодуулсан гэж байсан...2016 оны 7 сард Г- ах манайд согтуу ирээд агсам тавиад ...У эгчийг зодоод мотоциклтой хутга барьж хөөсөн гэсэн. Д ах гэрт нь хүргэж өгөөд Г-гийн уурыг нь гартал холдуулъя гээд авч ирсэн” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2016 оны 10 дугаар сарын 30-ны өглөө үнээгээ сааж дуусчихаад Г-, У хоёр маргалдаад гэр лүүгээ орсон. Би үхрээ туугаад явсан. Орой нь 6 цагийн орчимд Г- түргэн тусламж дуудаад сумын төв рүү явсан. ...миний дэргэд бол маргалдаад л байсан, намайг явснаас хойш тэр хоёрын дунд юу болсныг мэдэхгүй” гэсэн мэдүүлгүүд болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна гэж үзлээ. Дээрхи гэрчүүдийн мэдүүлгүүд нь шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан гэмтэл зэрэг хэргийн нөхцөл байдлыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болголоо.

Улсын яллагч яллах дүгнэлт болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ 2002 оны Эрүүгийн хуулийн 1201 дүгээр зүйлийн 1201 .1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж байна. Шүүгдэгч Д.Г-гийн эхнэр Д.У-ээ 2015 оны 10 дугаар сар, 12 дугаар сар, 2016 оны 01, 02, 03, 05, 06 дугаар саруудад мөн 2016 оны 10 дугаар сарын 27,30-ны өдрүүдэд зодсон үйлдлийг шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “...Д.Г-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 1201 дүгээр зүйлийн 1201 .1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй, үйлдлүүд нь цаг хугацааны хувьд хүчин төгөлдөр болоогүй хууль хэрэглэсэн...”гэсэн дүгнэлтийг Хохирогчийн өмгөөлөгч шүүгдэгчийн үйлдлийг тарчлаах буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгээр зүйлчлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж байна. Шүүгдэгчийн дээрхи гэмт хэргийг үйлдэх үе буюу 2015 оны 10 дугаар сар, 12 дугаар сар, 2016 оны 01, 02, 03, 05, 06 дугаар саруудад мөн 2016 оны 10 дугаар сарын 27, 30-ны өдрүүдэд байнга зодох үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 д зааснаар зүйлчлэхээр байсан ч 2016 оны 12 сарын 22-ны өдөр Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлт болох “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн 1201 дүгээр зүйлийн 1201 .1 дэх хэсэгт зааснаар “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан,тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол нэгээс гурван сар баривчлах ял” оногдуулахаар хуульчлагдсан байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд “гурваас зургаан сарын хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хуртэл хугацаагаар хорих ял” оногдуулахаар тогтоосон бөгөөд Эрүүгийн хуулийн 1201 дүгээр зүйлийн 1201 .1 дэх хэсэгт заасан ял шийтгэл Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 д заасан ялаас хөнгөн байна. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасан учир улсын яллагч шүүгдэгчийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 1201 дүгээр зүйлийн 1201 .1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ялллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв гэж үзлээ. Иймд шүүгдэгчийн болон хохирогчийн өмгөөлөгчдийн дээрх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй. Түүнчлэн 2002 оны Эрүүгийн хуулийн 1201 дүгээр зүйлийн 1201 .1 дэх хэсэгт заасан ял шийтгэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ялаас хөнгөн байгаа учир шүүгдэгч Д.Г-гийн үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна. Шүүгдэгч Д.Г-гийн 2002 оны Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 1201 дүгээр зүйлийн 1201 .1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Хохирогч Д.У- нь шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг 10000000 /арван сая/ төгрөг нэхэмжилж байсан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад 5000000/таван сая/ төгрөг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна. Хохирогч Д.У- нь нийт 1.004.700 төгрөгний хохирлын баримтыг хавтаст хэрэгт хавсаргаж ирүүлжээ. Хэрэгт ирүүлсэн баримтуудаас 1 дүгээр хавтасны 207-р хуудас дахь 13000 төгрөгний, 208-р хуудас дахь 5200 төгрөгний, 209-р хуудас дахь 379500 төгрөгний зардлыг юунд ямар эмчилгээнд хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй, уг зардлыг хохирогч зарцуулсан эсэх нь эргэлзээтэй байх тул уг баримтуудыг үнэлэх боломжгүй байна. Мөн шүүх хуралдаанд ирүүлсэн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 50000 төгрөгний дүн бүхий нэмэгдсэн өртгийн татварын буцаан олголтын баримтаар гарсан зардлыг хэн хэрхэн юунд зарцуулсан нь тодорхойгүй, зардлыг хохирогч зарцуулсан нь тогтоогдохгүй тул уг баримтыг үнэлээгүй болно. Иймд 447700 төгрөгийг хасч тооцлоо. Хохирогчийн хэрэгт хавсаргасан 205-р хуудас дахь 79000 төгрөгний, 208-р хуудас дахь 250000 төгрөгний эмчилгээний зардал болон шүүх хуралдаанд ирүүлсэн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр худалдан авсан шатахууны зардал 114000 төгрөг, 2017 оны 05 сарын 09-ний өдөр шатахуун худалдан авсан 114000 төгрөгний нийт 557000 төгрөгний зардлын баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан баримт гэж үнэлсэн болно. Иймд хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас шүүгдэгчийн хохирогчид төлсөн 829000 төгрөгийг хасч 4171000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Шүүгдэгч Д.Г- нь хохирогчид 829000 /найман зуун хорин есөн мянга/ төгрөг төлсөн болох нь шүүгдэгч хохирогчийн мэдүүлэг болон бэлэн мөнгө өгсөн баримтаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийг хохирлоо нөхөн төлсөн гэж үзлээ. Д.Г-гийн үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 1201 дүгээр зүйлийн 1201 .1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага татах хугацаа өнгөрсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы зардалгүй, шүүдэгчийн иргэний үнэмлэх ирээгүй ба иргэний үнэмлэхийн хуулбар хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.4, 1.5, 1.7, 1.8 дахь хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт Д-ийн Г-г 2002 оны Эрүүгийн хуулийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Г-гийн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201 .1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүдэгчийн иргэний үнэмлэх ирээгүй ба иргэний үнэмлэхийн хуулбар хавсаргагдсан болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгөөс битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

4. Шүүгдэгч Д.Г-д өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Д.Г-гээс нэхэмжилсэн 5000000/таван сая/ төгрөгнөөс 829000 төгрөгийг хасч 4171000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Хохирогчийн нотлох баримтаар ирүүлсэн амбулаториор эмчлүүлэгчийн картыг хохирогч Д.У-т буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны покурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА