Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 88

 

Д.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 32 дугаар магадлалтай, Д.Г-д холбогдох 201613000173 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, А овогт Д-гийн Г нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт холбогджээ.

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Г-г 2002 оны Эрүүгийн хуулийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасныг баримтлан Д.Г-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэжээ.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Д.У-гийн гомдлыг хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх “шүүгдэгч Д.Г нь хохирогч Д.У-г удаа дараа зодсоны улмаас хохирогчийн ураг зулбасан болох нь хэрэгт авагдсан хохирогч Д.У, гэрч П.А, Д.А нарын мэдүүлгээр тогтоогдсон байхад шүүх дан ганц шинжээчийн удаа дараагийн дүгнэлтэд ач холбогдол өгч дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Ингэснээр шүүгдэгч Д.Г-д Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, ял завшуулах нөхцөлийг бүрдүүлж байна” гэж үзэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгожээ. Давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан гэрч П.А, Д.А нарын мэдүүлэг Д.У-г жирэмсэн байсан болон ураг зулбасныг нотлоогүй, эргэлзээтэй мэдүүлэг байхад давж заалдах шатны шүүх шууд ураг зулбуулсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4-т заасныг зөрчиж байна. Мөн давж заалдах шатны шүүх магадлалыг уншиж сонсгох болон тайлбарлахдаа дээр дурдсан дүгнэлтийг уншиж сонсгож тайлбарлаагүй мөртлөө гардуулсан магадлалдаа дээрх дүгнэлтийг дурдсан нь шүүх хуралдаанд уншиж сонсгосон болон гардуулсан магадлал зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8-д заасныг зөрчиж байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүгдэгч Д.Г хохирогч гэх Д.У-г зодож, цохьсон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдохгүй байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос яллагдагч Д.Г-гийн Завхан аймгийн Шилүүстэй сумын нутагт хамтран амьдрагч Д.У-г 2015 оны 10, 12 дугаар саруудад, 2016 оны 1, 2, 3, 5, 7 дугаар сарууд болон 10 дугаар сарын 27, 30-ны өдрүүдэд гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас байнга зодсон үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Г-д прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн үйл баримт нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж, хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй хэдий ч мөн хуульд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 буюу “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг”-т оногдуулах ял хөнгөрсөн, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн ял хүндэрсэн үндэслэлээр Д.Г-гийн үйлдсэн гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, уг гэмт хэрэгт гэм буруутайд тооцоод мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хохирогч Д.У-гийн гомдлыг үндэслэн хэргийг хэлэлцээд анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон ...хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн зарчмыг зөрчиж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн илтэд үндэслэлгүйгээр Д.Г-гийн үйлдсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон, хохирогч Д.У нь шүүгдэгч Д.Г-д удаа дараа зодуулсны улмаас хохирогчийн ураг зулбасан нь тогтоогдсон байхад шинжээчийн дүгнэлтэд ач холбогдол өгч дүгнэлт хийн хэргийн бодит үнэнийг тогтоож чадаагүйгээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, ял завшуулах нөхцөлийг бүрдүүлсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалын дээрх үндэслэлүүдийг зөв гэж үзэв.

Анхан шатны шүүх Д.Г-д холбогдох гэмт хэргийн үйл баримтыг нотлох баримтуудыг тоочин бичих замаар тогтоогдож байна гэж үзэхдээ нотлох баримтуудын агуулгад дүгнэлт өгч, аль нотлох баримт нь ямар нотлох баримтаар батлагдаж, эсхүл няцаагдаж байгаад, мөн 2016 оны 10 дугаар сарын 27, 30-ны өдрүүдэд Д.Г нь хохирогчийг зодсон нь тогтоогдсон гэж үзсэн атлаа үүний улмаас хохирогчийн ураг зулбасан талаарх шүүх хуралдаанд гэрч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг зэрэгт огт дүгнэлт хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл, зодсон үйлдэл үүний улмаас ямар хор уршиг учирсан үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа эсэх, хохирогчийн ураг зулбасан талаарх гэрч, хохирогч нарын мэдүүлгийг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн ямар нотлох баримтаар няцаан үгүйсгэж байгаа зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “хэргийн бодит байдлыг тогтоох” зарчмыг хангах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар гэмт хэрэг үйлдсэн талаарх хууль зүйн дүгнэлт хийх үндэслэл болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэнгийн “давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 32 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэнгийн “давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                     ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                     ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН