Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2017/ДШМ/32

 

Д.Гомбосүрэнд холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн Прокурор Д.Пүрэвдагва Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн Хохирогчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч Д.Уугандэлгэрийн давж заалдсан гомдлоор Д.Гомбосүрэнд холбогдох 201613000173 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1981 онд Завхан аймгийн Шилүүстэй сумд төрсөн, бага боловсролтой, 36 настай, малчин мэргэжилтэй, ам бүл-2, эхнэрийн хамт Завхан аймгийн Шилүүстэй сумын Баян-Улаан багт оршин суух хаягтай, Алаг адуун овгийн Дагвадоржийн Гомбосүрэн РД: /ИУ81113019/

Шүүгдэгч Д.Гомбосүрэн нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201 .1 дэх хэсэгт заасан буюу Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Алаг адуу овогт Дагвадоржийн Гомбосүрэнг 2002 оны Эрүүгийн хуулийн Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Гомбосүрэнгийн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201 .1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүдэгчийн иргэний үнэмлэх ирээгүй ба иргэний үнэмлэхийн хуулбар хавсаргагдсан болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгөөс битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Гомбосүрэнд өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.Гомбосүрэнгээс нэхэмжилсэн 5.000.000/таван сая/ төгрөгнөөс 829000 төгрөгийг хасч 4171000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн нотлох баримтаар ирүүлсэн амбулаториор эмчлүүлэгчийн картыг хохирогч Д.Уугандэлгэрт буцаан олгож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох, шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Хохирогч Д.Уугандэлгэр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Д.Уугандэлгэр Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолыг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч танилцаад дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийн үйл явдлыг сайн тогтоосон боловч миний жирэмсэн байсан, хүүхдээ дутуу төрүүлсэн, мөн хөгжлийн бэрхшээлтэйг тайлбарлаж хэлээд баримтаа гаргаж өгөөд байхад үнэлээгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт өгч шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх нь хохирогчийн хувийн байдал буюу хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хүчирхийлэхэд хүндрүүлэх зүйл ангитай байхад хэт нэг талыг барьж шийдэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ. Хохирогчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд Д. Уугандэлгэрийн өмгөөлөгчөөр оролцож байна. 2002 оны Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 1201 дүгээр зүйлийн 1201 .1 дэх ял шийтгэлийг оногдуулсан байна. 1201 .1 дэх хэсгийн ял шийтгэлийг оногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэний эсрэг үйлдсэн бол хүндрүүлэх нөхцөл байдал болгох ёстой байсан бөгөөд энэ нь 2 жил хүртэл хорих ялтай байсан. Хөгжлийн бэршээлтэй иргэний тухай хуульд юу заасан гэхээр бие махбодь сэтгэл санаа сэтгэхүй байнгын согог бусад төрлийн байдлаас үүдэн нийгмийн харилцаанд оролцож чадахгүй байгаа хүнийг хөгжлийн бэршээлтэй хүн гэж үзсэн байна. Үүнийг Хөгжлийн бэрхшээлтэй буюу Нийгмийн халамжийн тухай хуульд заасан байдаг. Энэ тухай хавтаст хэрэгт юу гэж тусгагдсан байдаг вэ гэхээр 2009 оноос хойш хөгжлийн бэрхшээлтэй буюу хөдөлмөрийн чадвар алдалт 60-80 хувь алдсан тухай тогтоосон байдаг. Хохирогчийн гомдол дээр хүүхдээ зулбуулсан жирэмсэн байсан гэдгийг бичсэн үүнийг шүүхээс анхаарч үзээгүй. Үүнд тайлбар хэлэхэд: шүүхийн шинжилгээгээр тогтоох боломжгүй байна гэж гарсан байдаг. Энэ асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. Энэ тухай гэрч нар нотлодог. Сумын эмнэлэг нь шээснээс дээж авч тестээр үзсэн байдаг. Ийм учраас хохирогчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү? гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг үүсгэн 2017 оны 07 дугаар сард 2002 оны Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлд заасан зодож тарчлааж байсан нөхцөл шинж байгаагүй, хөгжлийн бэршээлтэй хүний тухай хуулийг хэрэглэх юм бол шүүгдэгчийн эрх зүйн байдал дордуулж байна гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр хууль зүйн үндэстэй гэж үзэж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 1201 .1 дэх хэсгээр зүйлчлсэн нь хууль зүйн үндэслэлтэй хөөн хэлэлцэх хугацаа байсан. Хүндрүүлэх нөхцөл байдлыг баримтлаагүй байсан. Жирэмсэн байсан тухай гэрчүүдийн өгсөн мэдүүлэгээр тогтоогдож байсан гэж ярьж байна. Гэрч нарын мэдүүлэг эх сурвалжаа зааж өгөөгүй. Жирэмсэн байсан тухай үзсэн тест гэж хэргийн материалд нотлох баримт байхгүй. Тийм мэдүүлгийг шүүх дүгнэх шаардлагагүй ийм учраас анхан шатны шүүх нөхцөл байдлыг хангалттай тогтоосон гэж үзэж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 1201 .1 дэх хэсэг тохирсон гэж үзэж байна. Гэр бүлийн хамаарал бүхий хөгжлийн бэрхшээлтэй гэсэн зүйлийн дагуу тухайн шүүгдэгч нарын эрх зүйн байдлуудыг дүйцүүлэн үзэж эрх зүйн дүгнэлт гаргах ёстой. Шүүгдэгч ял завших тухай яриад байна тэгэхээр гэрч нар эх сурвалжаа зааж өгч чадахгүй байсан. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. Прокурор Д.Пүрэвдагва давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд Д.Гомбосүрэнд холбогдох эрүүгийн 201613000173 дугаартай эрүүгийн хэрэгт хохирогч Д.Уугандэлгэрийн гомдлын дагуу давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг сонслоо. Шүүгдэгч Д.Гомбосүрэн нь Завхан аймгийн Шилүүстэй сумын нутагт хамтран амьдрагч Д.Уугандэлгэрийг 2015 оны 10, 12 дугаар сараас, 2016 оны 01, 02, 03, 05, 07 дугаар сар, 2016 оны 10 дугаар сарын 27, 30-ны өдрүүдэд гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Уугандэлгэр, гэрч П.Адъяа, Д.Ариунчимэг, Д.Мөнхдалай, Д.Төгөлдөр нарын мэдүүлгүүдээр хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. Тухайн гэмт хэрэг анх хэзээ үйлдэгдсэн байна вэ гээд мөрдөн байцаагчаас асуухад 2002 оны Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж ял сонсгон байцаасан гэсэн. Энэ үйл явдал болсоны дараа аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2 удаагийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтэд юу гэж байна гэхээр хохирогч Д.Уугандэлгэр нь хугацаа нь мэдэгдэхгүй жирэмсэн байсан гэсэн дүгнэлт гарч ирсэн. Энэ дүгнэлтүүдийг үндэслэн жирэмсэн, ураг зулбасан байна гэсэн энэ дүгнэлтийг 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр болсон үйл явдал эмнэлэгт хэвтсэний дараа болсон гэж үзэж байна. Гэрчүүдийг асууж мэдүүлэг авсан байгаа. Гэрчүүд цус шиг зүйл гарч байсан гэж мэдүүлж байсан. Эдгээр үйлдлүүдийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж байцааж хэргийг шүүхэд шилжүүлж байсан. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй байна гээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж байсан. Ингээд хэргийг шүүх дахин хүлээн авч дахин шинжээч томилуулахаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн рүү явуулсан. Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр хусам буюу арчдас аваагүй байна. Ийм учраас түүний жирэмсэн байсан эсэхийг тогтоох боломжгүй байна гэсэн дүгнэлт гаргаж байсан. Жирэмсэн байсан тухай тогтоох боломж байхгүй учраас ураг зулбасан тухай тогтоох боломж байхгүй гэдэг дүгнэлтэд хүргэж байсан. Хохирогчийн ураг зулбасан гэж хэлээд гомдол гаргаад байгаа 2 зүйл байна. Жирэмсэн байсан, ураг зулбасан гэсэн зүйл, мөн хөгжлийн бэрхшээлтэй гэсэн зүйл байна. Жирэмсэн байсан, ураг зулбасан тухай нарийн мэргэжлийн эмч нар тогтоох боломж байхгүй болсон гэдгийг хэлж байхад хохирогчийн өмгөөлөгч тест гэх зүйлийг байсан гэж гэрч нар хэлж байгаа ч тест хаана байна, түүнийгээ өг гэхээр тест байхгүй гэдэг зүйл ярьдаг. Баахан цус нөж гаргасан тухай хэлдэг болохоос тэр эмнэлэгийн байгууллагаас шинжилгээнд дээж авсан зүйл байхгүй. Шүүгдэгч Д.Гомбосүрэнг 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Тийм учраас шүүгдэгч Д.Гомбосүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201 .1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг давж заалдах шатны шүүхэд гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Гомбосүрэн нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч хөгжлийн бэрхшээлтэй хохирогч Д.Уугандэлгэрийг 2015 оны 10 дугаар сар, 12 дугаар сар, 2016 оны 01, 02, 03, 05, 06 дугаар саруудад, мөн 2016 оны 10 дугаар сарын 27, 30-ны өдрүүдэд байнга зодсон буюу Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогджээ. Завхан аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Гомбосүрэнд 2002 оны Эрүүгийн хуулийн 1201 дүгээр зүйлийн 1201 .1 дэх хэсэгт заасан буюу Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар 2002 оны Эрүүгийн хуульд шинээр тусгагдаж ердийн журмаар хүчин төгөлдөр болсон байна. Түүнчлэн прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Д.Гомбосүрэнг 2015 оны 10 сараас 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хохирогч Д.Уугандэлгэрийг байнга зодсон болох нь тогтоогдсон байна гэж дүгнэсэн атлаа дээрх шүүгдэгчийн үйлдлүүдийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 2002 оны Эрүүгийн ухулийн 1201 .1 дүгээр зүйлийн 1201 .1 дэх хэсгээр зүйлчлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь: 2002 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт ...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон буюу оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасан байна. Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, илтэд үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Мөн шүүгдэгч Д.Гомбосүрэн нь хохирогч Д.Уугандэлгэрийг удаа, дараа зодсоны улмаас хохирогчийн ураг зулбасан болох нь хэрэгт авагдсан хохирогч Д.Уугандэлгэр, гэрч П.Адъяа, Д.Ариунчимэг нарын мэдүүлгээр тогтоогдсон байхад шүүх дан ганц Шүүх эмнэлэгийн шинжээчийн удаа дараагийн дүгнэлтэд ач холбогдол өгч дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Ингэснээр шүүгдэгч Д.Гомбосүрэнд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, ял завшуулах нөхцлийг бүрдүүлж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Д.Уугандэлгэрийн давж заалдсан гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хохирогч Д.Уугандэлгэрийн давж заалдсан гомдлыг хүлээн авч, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Шүүгдэгч Д.Гомбосүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээнд нь хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.НАМХАЙДОРЖ