Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 50

 

*******ы нэхэмжлэлтэй

                           иргэний хэргийн тухай

 

 

                                                                         Хэргийн индекс: 149/2019/00253/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                            Даргалагч

                             Ерөнхий шүүгч                      Б.Батзориг

                             Шүүгчид                                Д.Буянжаргал

                                                                          Г.Давааренчин

 

                             Оролцогчид 

                 Нэхэмжлэгч                          *******

                 Хариуцагч                            *******         

                                         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож,  Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 277 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор *******ы нэхэмжлэлтэй *******д холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 3.500.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч ******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн ******* нь ******* миний биеэр хүнээс 2500000 төгрөгийг 10% хүүтэйгээр зээл авахуулан сар бүр хүүг нь төлж байгаад сүүлийн 4 сард хүүг нь өгөөгүй хүү нь 1000000 төгрөг болсон. Миний бие нь *******гээс хүний мөнгийг төлж дуусга гэж удаа дараа хэлсэн боловч би төлж чадахгүй гэсэн зурвас явуулсан. Ингээд би түүний өмнөөс хүнээс авсан 2.500.000 төгрөг дээр нь хүүний 1.000.000 төгрөгийг нь төлж, өмнөөс нь зээлсэн мөнгийг нь хаасан. Тухайлбал: 5-р сарын 10-нд 1.000.000 төгрөг, 6-р сарын 23-нд 1.520.000 төгрөг, 7-р сарын 5-нд 1.030.000 төгрөгийг ******* тоот Хаан банкны дансанд хийж дуусгасан. Миний бие нь Төрийн банкнаас цалингийн зээл авсан. Надад одоо 7-8-р сарын цалингийн зээлээ хийх мөнгө алга байна. Тиймээс миний байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж хүнээс хүүтэй мөнгө зээлж авахуулчихаад залилан хийж буй *******г шүүн хэлэлцэж миний хохирол болох 3.500.000 төгрөгийг төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр *******аас 1.500.000 төгрөгийг сарын 10%-ийн хүүтэй сард 150.000 төгрөг төлөхөөр зээлж авсан. Сар бүрийн 20-нд 150.000 төгрөгийг бэлнээр өгсөн. /5,6,7,8 сар/ Ингээд 9 сард 1.000.000 төгрөг сарын 10%-ийн хүүтэй төлөхөөр нэмж авсан. Зээлийн төлөлтийг сар бүр бэлнээр 2017 оны 5 сард 150000 төгрөг, 6 сард 150000 төгрөг, 7 сард 150000 төгрөг, 8 сард 150000 төгрөг, 9 сард 150000 төгрөг, 10 сард 250000 төгрөг, 11 сард 250000 төгрөг, 12 сард 2500000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сард 250000 төгрөг тус тус бэлнээр өгсөн. ******* миний данснаас 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 150000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 100000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 09-ны өдөр 150000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 150000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 350000 төгрөгийг тус тус Ш.Энхчулуун /нөхрийн/ данснаас 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 250000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 450000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 100000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 150000 төгрөг тус тус нийтдээ бэлнээр 1750000 төгрөг, дансаар 1850000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 300000 төгрөг нийтдээ дансаар болон бэлнээр төлсөн төлбөр 3900000 төгрөг төлсөн байна. Сар бүрд хоёр зуун тавийг өгдөг байсан. Одоо надаас нэхэмжилсэн мөнгийг төлөхгүй гэсэн шалтгаан нь болохоор би ингээд авсан мөнгөө төлөөд мөн давуулаад сая гаран төгрөгийн хүү өгчихсөн. Одоо надад ямар ч хүү өгөх боломж байхгүй болчихоод байгаа. Тийм учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 277 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч *******гээс 2500000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож нэхэмжлэлийн шаардлагас үлдэх 1000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч *******ы улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 54.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

            Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Хариуцагч ******* би Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019-09-25-ны өдрийн 277 тоот шийдвэрийг зөвшөөрөхгүй тул дараах гомдлыг гаргаж байна. Миний бие ******* нь 2017 оны 04-р сарын 20-нд 1.000.000 төгрөг 2017 оны 5-р сард 500.000 төгрөг, 2017 оны 09-р сарын 10-нд 1.000.000 төгрөг бүгд 2.500.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй нэхэмжпэгч *******аас зээлж авсан нь үнэн бөгөөд ******* дээрх мөнгийг ******* гэж хүнээс авч өгсөн гэж надад хэлсэн *******аас би 2.500.000 төгрөгийг цувруулан зээлж авсан ба хүү тооцсон боловч хуульд заасны дагуу бид ямар нэг гэрээ хэлцэл бичгээр хийгээгүй, гэвч би үндсэн 2.500.000 төгрөг хүү 1.400.000 төгрөг бүгд 3.900.000 төгрөгийг *******д буцаан төлсөн. Гэтэл шүүх намайг гэрээгээр буцааж төлөх хугацаа тохироогүй тул *******ы шаардсанаар зээлийг буцаан төлөх үүрэгтэй, ******* гэрээний үүргээ биелүүлээгүй байна гэж 2.500.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Учир нь ******* хүнээс зээлсэн гээд ******* гэж хүндээ 3.500.000 төгрөг өгсөн, миний төлсөн 3.900.000 төгрөгийг бас *******д өгсөн гэсэн тэгэхээр тэр ******* гэж хүн нийтдээ 7.400.000 төгрөг төлсөн гэж шүүх хурал дээр ******* өөрөө ярьсан. Энэ нь хурлын тэмдэглэлд байгаа байх, тэгэхээр *******д би хэдийгээр мөнгө өгөх ёстой ч арай ийм их мөнгө авч байгаа нь үндэслэлгүй хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Үүнд шүүх ямарч үнэлэлт дүгнэлт хийгээгүй шууд надыг хуулиар буруутган 2.500.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байгаа учир зөвшөөрөхгүй байгаа болно.

Иймд давж заалдах шатны эрхэм шүүгч нар та бүгдийг дээрх байдлыг харгалзан үзэж хуулийн дагуу үнэн зөв шийдвэр гаргаж өгнө гэдэгт итгэж байна. Иймд Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүхийн 2019-09-25-ны өдрийн 277 тоот шийдвэрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч *******гийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг би Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019-09-25-ны өдрийн 277 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Хариуцагч ******* нь би 2017 оны 04,05-р сард *******д мөнгөний хэрэг байна мөнгө олоод өгөөч гэж гуйсан. Гэтэл ******* хүнээс зээлсэн шүү гээд надад 2.500.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн. Тухайн үед бид гэрээ бичиг баримт үйлдээгүй боловч би мөнгийг авснаасаа хойш байнга ******* руу мөнгийг шилжүүлдэг байсан. Ингээд бүгд 3.900.000 төгрөг авсан. Би боломжгүй болсон тул сүүлийн үед мөнгө шилжүүлж чадахгүй болсон. Гэтэл ******* нь надыг шүүхэд өгсөн байна гэсэн тайлбар шүүхэд гаргажээ. Үүнээс үзэхэд хариуцагч *******, нэхэмжлэгч *******аас 2.500.000 төгрөгийг цувруулан зээлж авсан ба хүү тооцсон боловч хуульд заасны дагуу бичгээр гэрээ хэлцэл хийгээгүй болох нь зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбараар бүрэн нотлогдож байгаа ба ******* нь 2.500.000 төгрөгийг хүү 1.400.000 төгрөг бүгд 3.900.000 төгрөгийг *******д буцаан төлсөн байна. Гэтэл шүүх ... Талууд зээлийн гэрээгээр буцааж төлөх хугацаа тохироогүй тул Иргэний хуулийн 282-р зүйлийн 282.1-д зааснаар *******ы шаардсанаар зээлийг буцаан төлөх үүрэгтэй, ******* гэрээний үүргээ биелүүлээгүй байна гэж ойлгомжгүй дүгнэлт хийж нэхэмжпэлийн шаардлагыг хангасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 282-р зүйлийн 282.3-д зааснаар хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж хуульчлан заасан ба нэхэмжлэгч үндсэн зээл 2.500.000 төгрөг, түүний хүү 1.400.000 төгрөг бүгд 3.900.000 төгрөг *******д төлсөн нь баримтаар болон нэхэмжлэгч, хариуцагч нарын өөрсдийн тайлбар нотлогдож байхад шүүх ойлгомжгүй буюу хууль зөрчсөн дүгнэлт хийж нэхэмжлэлийг шаардлагын зармыг буюу 2.500.000 төгрөгийг *******гээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардпагыг хангахгүй байна гэж үзэж байна. Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүхийн 2019-09-25-ны өдрийн 277 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хариуцагч  ******* бид хоёр гэр бүлийн найзууд байгаа юм.  Түүний хүсэлтээр хүнээс хүүтэй мөнгө зээлж авч өгсөн. ******* сэр бүр зээлийн хүү гэж мөнгө шилжүүлж байсан. Тэр мөнгийг нь би  мөнгө зээлсэн хүндээ өгдөг. Ингэж удаан үргэлжилсний эцэст нөгөө хүн үндсэн мөнгөө авья гэж нэхээд намайг байж суулгахгүй болсон. Энэ тухай *******д хэлэхэд өгнө гээд өгөхгүй байсан тул би арга буюу цалингийн зээл аваад  үндсэн зээл 2.500.000 төгрөгийг хүүгийн хамт төлсөн.  Би *******гээс тэр зээлийн хүүд төлсөн мөнгөө гаргуулахаар нэхэмжилсэн гэв.

Хариуцагч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би *******ыг  хүүтэй мөнгө олоод өг гээд цувуулж 2.500.000 төгрөг хүнээс авхуулсан нь үнэн.  Ингээд сар бүр зээлийн хүүг нь төлж байсан. Нийт цувуулаад 3.900.000 төгрөг өгсөн байдаг юм.  Надад одоо мөнгө төлөх ямар ч чадвар байхгүй тул мөнгө өгч чадахгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 3.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч  хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлон нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэжээ.

Тус шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч *******  болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан бөгөөд гомдлынхоо үндэслэлийг  зохигчдын хооронд байгуулсан гэрээний үүргийг хариуцагч биелүүлсэн байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж тайлбарлажээ.

Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан гаргасан  нэхэмжлэлийн шаардлагаа  зээлийн гэрээний үүрэг гэж тодорхойлсон боловч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “******* нь хүнээс зээлж авахуулсан  мөнгөө төлөхгүй байсан тул би цалингийн зээл авч түүний өмнөөс зээл болон зээлийн хүүд нийт 3500.000 төгрөг төлсөн” гэх тайлбар, хариуцагч *******гийн “*******аар  хүнээс зээл авахуулаад сар бүр тодорхой мөнгийг *******ы дансанд шилжүүлж байсан.” гэсэн  тайлбаруудаас үзвэл зохигчдын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн, хэн хэн нь эрх зүйн  харилцаанд ямар эрх үүрэгтэйгээр оролцсон болох нь тодорхойгүй байна.

Тухайлбал зохигчдын  хооронд эрх зүйн ямар харилцаа үүссэн,   нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнөөс ямар үүргийг нь  хэрхэн биелүүлсэн /өөрийн санаачилгаар  эсхүл түүний даалгаснаар/   нэхэмжлэгч   хариуцагчид холбогдуулан гаргаад байгаа шаардлага нь өөрт учирсан хохирол уу эсвэл хариуцагчийн гэрээний дагуу үүссэн үүрэг  үү гэдэг нь тодорхойгүй, мөн  хэргийн үйл баримт нь тогтоогдохгүй байхад зохигчдын хооронд үүссэн дээрхи маргааны талаар эрх зүйн дүгнэлт огт хийхгүйгээр  хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Иймд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй Иргэний хуулийг буруу хэрэглэсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хэргийн үйл баримт  тодорхойгүй байхад хэргийн хянан шийдвэрлэсэн  нь шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь  сум дундын  шүүхийн 2018 оны 09 сарын 25-ны өдрийн 277 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

                                

 

                                  ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                  ШҮҮГЧИД                               Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                 Г.ДАВААРЕНЧИН