Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/01565

 

*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16 дугаар шийдвэр,

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар магадлалтай,

 

*******ы нэхэмжлэлтэй

*******д холбогдох

 

3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч *******, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* нь ******* миний биеэр хүнээс 2,500,000 төгрөгийг 10% хүүтэйгээр зээл авахуулан сар бүр хүүг нь төлж байгаад сүүлийн 4 сард хүүг нь өгөөгүй хүү нь 1,000,000 төгрөг болсон. Миний бие нь *******гээс хүний мөнгийг төлж дуусга гэж удаа дараа хэлсэн боловч би төлж чадахгүй гэсэн зурвас явуулсан. Ингээд би түүний өмнөөс хүнээс авсан 2,500,000 төгрөг дээр нь хүүний 1,000,000 төгрөгийг нь төлж, өмнөөс нь зээлсэн мөнгийг нь хаасан. Тухайлбал: 5-р сарын 10-нд 1,000,000 төгрөг, 6-р сарын 23-нд 1,520,000 төгрөг, 7-р сарын 5-нд 1,030,000 төгрөгийг 5109013830 тоот Хаан банкны дансанд хийж дуусгасан. Миний бие нь Төрийн банкнаас цалингийн зээл авсан. Надад одоо 7-8-р сарын цалингийн зээлээ хийх мөнгө алга байна. Тиймээс миний байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж хүнээс хүүтэй мөнгө зээлж авахуулчхаад залилан хийж буй *******г шүүн хэлэлцэж миний хохирол болох 3,500,000 төгрөгийг төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Би 2017.04.20-нд *******аас мөнгөний хэрэг байна гээд 1,000,000 төгрөг авч байсан. Дараа нь 500,000 төгрөг авсан, дараад нь 1,000,000 төгрөг зээлж авсан. Нийт 2,500,000 төгрөг болсон. Би нийт *******д өгсөн мөнгө нь 3,980,000 төгрөг байгаа. Түүнээс би үндсэн 2,500,000 төгрөг хасуулаад хүү нь 1,480,000 төгрөг гэж ойлгож байгаа. Одоо надад энэ хүнд мөнгө өгөх ямар ч боломж бололцоо байхгүй. Би 3,980,000 төгрөгөө өгсөн. Түүнээсээ 1,480,000 төгрөг нь хүү гэж төлчихсөн тул дахин мөнгө өгөхгүй гэж бодож байгаа гэжээ.

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хариуцагч *******гээс 3,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 70,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар магадлалаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар нэхэмжлэгч *******ы хариуцагч *******д холбогдуулан гаргасан 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч ******* нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Иргэн *******гээс 3,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн *******ы нэхэмжлэлийг анхан шатны шүүх хүлээн авч Иргэний хуулийн 496-р зүйлийн 496.1-д зааснаар *******ы нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хариуцагч *******гээс эс зөвшөөрч давж заалдсанаар давж заалдах шүүх, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож *******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд цугларсан нотлох баримтыг зөв зүйтэй үнэлээгүй, давж заалдах шатанд шинээр нотлох баримт шаардсан, нэхэмжлэлийн шаардлагаас гадуур нийгмийн харилцаанд хамааралтай нотолгоог нэхэмжлэгч хариуцагч нарт хамаатуулсан шаардлага тавьсан мөн ******* иргэн Д.Булгамаагийн өмнө үүрэг хүлээхгүй харин нэхэмжлэгчээс 2,500,000 төгрөгийг тодорхой хугацаатайгаар зээлж мөнгийг хүлээн авснаар ******* хариуцагч ******* нарын хооронд 281-р зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ, зохигчид зээлийн гэрээний талаар маргаагүй тул шүүхээс тухайн гэрээнд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж алдаатай өрөөсгөл, өөрийгөө үгүйсгэсэн эрх зүйн баримжаагүй, ойлгомжгүй дүгнэлт хийсэн нь зөвхөн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоход чиглэгдсэн үйл ажиллагаа болсон байна. Шүүх дүгнэх хэсэгтээ 3,500,000 төгрөгийн шилжүүлэг нь ******* Д.Булгамаа нарын хооронд хэлцэл хийсэн гэдгийг нотолж байгаа баримт болохоос С.Бямбасүрэнгийн өмнөөс үүргийг сайн дураараа гүйцэтгэсэн гэдгийг нотлохгүй гэж, нотлох баримтыг үгүйсгэсэн байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25-р зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтын цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заагаад ...хуульд заасан бусад үндэслэлээр үүрэг үүсдэг гэжээ, цааш нь мөн хэрэгт авагдсан баримтаар иргэн П.Булгамаа хариуцагч ******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан болон хариуцагч нь тухайн гэрээний дагуу иргэн Булгамаагийн өмнө үүрэг хүлээсэн болох нь тогтоогдохгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч нотолж чадаагүй байна гэж дүгнэн санаатайгаар мушгин гуйвуулсныг саруул ухаанаар тунгаавал шүүх нэг амаараа П.Булгамаа ******* нарын хоорондын иргэний эрх зүйн харилцааг энэ асуудалд хамаагүй гэж, нөгөө амаараа хамаатай болохыг нотолж чадахгүй байна гэж, тэгсэн мөртлөө хамаатуулаад нотолгоо болгосон 3,500,000 төгрөгийн шилжүүлгийг *******д ямарч хамаагүй гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Анхан шатны шүүх хурал дээр хүн болгонд ойлгогдохоор нэхэмжлэгч хариуцагч нар харилцан ярьж Булгамаагаас 10 хувийн хүүтэй 2,500,000 төгрөгийг зээлсэн гэдэгтэй 2 тал маргаагүй, хариуцаж хүлээн зөвшөөрч ярьж байсан юм. Ийм байхад Давж заалдах шатны шүүх энэ нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийгээгүй, хөндлөнгийн байр суурьнаас хэрэг маргааныг хянан шийдвэрлээгүй, шүүхийн үндсэн үүргээ зөрчиж асуудлыг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн Иргэний хуулийн 496-р зүйлийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Иймд давж заалдах шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******гээс 3,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа ...хариуцагчийн хүсэлтээр түүнд П.Булгамаагаас 2,500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж өгсөн, тэрээр зээлийн хүү төлж байсан боловч үндсэн зээл болон 4 сарын хүү төлөөгүйгээс П.Булгамаагийн шаардлагаар түүнд 3,500,000 төгрөг төлсөн гэсэн, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...нэхэмжлэгчээс 2,500,000 төгрөг авч, 3,900,000 төгрөг болгож төлсөн гэж маргасан байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаж шийдвэрийг хүчингүй болгон, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа ...*******гийн мөнгө олж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу ******* нь П.Булгамаагаас 2,500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй эргэн төлөх нөхцөлтэй амаар тохирч 3,500,000 төгрөг *******гийн өмчлөлд шилжүүлсэн, хариуцагч 3,900,000 төгрөг төлсөн үйл баримтад зохигч маргаагүй, мөнгийг хэсэгчлэн төлөхдөө зээлийн хүү, эсхүл үндсэн зээл төлж байгаа эсэхээ тодорхойлоогүй, талууд нэгдсэн ойлголтод хүрээгүй тул гэрээний үүрэг дуусгавар болоогүй. П.Булгамаа нь зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн үндэслэлээр мөнгөө шаардсаны дагуу ******* 3,500,000 төгрөг төлсөн нь тогтоогдсон тул уг мөнгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзсэн байна.

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ, ...нэхэмжлэгч ******* нь П.Булгамаагаас мөнгө авч *******д өгсөн байж болох боловч энэхүү үйл баримтаар хариуцагч *******г П.Булгамаагийн өмнө үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй, харин нэхэмжлэгчээс 2,500,000 төгрөгийг тодорхой хугацаатай зээлж мөнгийг хүлээн авснаар *******, ******* нарын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзэхээр байна, П.Булгамаа, ******* нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн эсэх нь тогтоогдоогүй, хариуцагч нь П.Булгамаагийн өмнө хууль болон гэрээгээр ямар нэгэн үүрэг хүлээгээгүй байхад хариуцагч *******гийн бусдын өмнө хүлээсэн үүргийг нэхэмжлэгч ******* сайн дураар төлсөн гэж үзэхгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэсэн дүгнэлт хийжээ.

 

Давж заалдах шатны шүүхийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон дүгнэлтийг хэвээр үлдээж, магадлалын тогтоох хэсэгт хууль хэрэглэх асуудлаар зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж үзлээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан харин анхан шатны шүүх хэргийн баримтыг бодитоор харьцуулан дүгнээгүйгээс Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан нь үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэлийн үндэслэл болгосон *******аас П.Булгамаагийн Хаан банкны дансанд 3 удаагийн үйлдлээр 3,550,000 төгрөг шилжүүлсэн баримт нь нэхэмжлэлийн шаардлагыг нотлоогүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хэн нэгэн этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж ...төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг төлсөн этгээд тэр этгээдээс зардлаа нөхөн төлөөлүүлэхээр шаардаж болох бөгөөд үүний тулд хариуцагч ******* П.Булгамаа нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээний үүргээ хариуцагч зохих ёсоор биелүүлээгүй, гүйцэтгэвэл зохих үүрэг нь тодорхой байхыг шаардах юм. Ийм үндэслэл тогтоогдсон тохиолдолд хариуцагчийн үүргийг нэхэмжлэгч биелүүлсэн бол тэрээр түүнд холбогдуулж шаардлага гаргах эрх үүснэ.

 

Хэргийн баримтаар П.Булгамаа, ******* нарын хооронд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу нэг талаас хариу төлбөр буюу хүүтэй мөнгө зээлдүүлэх, нөгөө талаас мөнгийг тодорхой хугацаанд ашиглаж буцаан төлөхөөр хүсэл зоригоо илэрхийлсэн, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн, зээлдэгч зээлийн төлбөрийг төлж байсан гэх үндэслэл тогтоогдоогүй байна. Иймд нэхэмжлэгчид Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар шаардах эрх үүсээгүй тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

 

Харин хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******аас 2,500,000 төгрөг шилжүүлж авсан, улмаар түүний дансанд болон бэлнээр нийт 3,900,000 төгрөг төлсөн үйл баримт нотлогдсон тухай магадлалд заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасантай нийцжээ.

 

Дээрх байдлаар давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоогоогүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх-ийг хүссэн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Давж заалдах шатны шүүх магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрх зүйн үндэслэлийг тодорхойлохдоо Иргэний хуулийн 281 дүгээр 281.1-д заасныг баримталсан нь оновчгүй болсныг засч энэ үндэслэлээр зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад 281 дүгээр зүйлийн 281.1 гэснийг хасч өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.04.19-ний өдөр төлсөн 70,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

П.ЗОЛЗАЯА

 

Х.ЭРДЭНЭСУВД