Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 1867

 

Г.Л-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо     даргалж, шүүгч М.Наранцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2019/02289 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Г.Л-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “ГЖ” ХХК болон  Д.С-д холбогдох

Ажлын хөлс, урамшуулалд 7 800 000 төгрөг гаргуулах болон нэхэмжлэгчээс 4 425 000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй  иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонзаяа, хариуцагч Д.С-, хариуцагч нарын өмгөөлөгч Э.Нямжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Л- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие барилгын инженер мэргэжилтэй бөгөөд 2012 оноос хойш барилгын бригад байгуулан барилгын ажил гүйцэтгэж ирсэн. 2018 оны 10 сард эхнэр Л.Булганхишиг ажилд орсон “ГЖ” ХХК-ийн ерөнхий захирал Д.С-тай танилцсан. Д.С- нь ажиллах хүн хүч дутмаг байгаа учир намайг өөрийн бригадын хамт барьж буй барилга дээрээ ажиллахыг хүссэн. Ингээд манай бригад 5-уул Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд “ГЖ” ХХК барьж буй сургуулийн барилга дээр өдрөөр цалинжиж ажиллахаар болж, би бригадаа удирдан зохион байгуулж, сар бүр тогтмол 3.000.000 төгрөгийн цалин хөлс авах, 2 залууг өөр бригад ахлуулж ажилуулж, өдөрт тус бүр 100.000 төгрөгийн хөлстэйгээр ажиллуулах, ажил дуусах хүртэл давхрын түвшин бүрт урамшуулал авч, нийт 7.500.000 төгрөгийн урамшуулал авахаар харилцан тохиролцсон. Ажил 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр эхлэсэн бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулна гээд тамга тэмдэг дарсан, бөглөгдөөгүй гэрээг надад өгсөн. Гэрээнд ажиллах хугацаа, урамшууллын хэмжээ тодорхойгүй байсан тул би уг гэрээг байгуулаагүй. Миний бие бригадын залуучуудын хамт “ГЖ” ХХК-д 3 сар гаруй хугацаанд 2019  оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртлэх цалинг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өгөх ёстой боловч урьдчилгаа 1.200.000 төгрөгийг миний данс руу шилжүүлснээс 700.000 төгрөгийг бусдад өгч, 500.000 төгрөгийг авсан. Дараа нь 300.000, 500.000 төгрөгийг дансаар авсан. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлж өгсөн 395.000 төгрөг бол туслах ажилчдын цалин гэж шилжүүлсэн байсан тул авах хүмүүст нь өгсөн. Үүнээс хойш хугацаандаа цалин өгөөгүй.Увуулж, цувуулж мөнгө өгсөн. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх цалин 9.000.000 төгрөгөөс 6.800.000 төгрөгийг авч, 2.800.000 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй. 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр цалингийн маргаан үүсээд салцгаасан. Үүнээс хойш надад 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 2.000.000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 1.500.000 таграг дансаар өгсөн. Мөн харилцан тохиролцсоноор давхрын түвшингээр урамшуулал огт олгоогүй бөгөөд миний авах ёстой урамшуулал суурийн давхарт 2.000.000 төгрөг, 1 дүгээр давхарт 1.500.000 төгрөг, 2 дугаар давхарт 1.500.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөг болсон. Иймд нийт 7.800.000 төгрөгийг “ГЖ” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “ГЖ” ХХК-ийн төлөөлөгч Д.Нямсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г.Л- нь манай компани Баянзүрх дүүргийн 12-р хороонд барьж буй барилгын туслан гүйцэтгэгчээр ажиллахаар Д.С-тай тохирохдоо нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй бригадтай, түүнийгээ удирдаж ажиллаж, барилгын угсралтын ажлыг гүйцэтгэх, ажилтнуудад нь өдөр бүр 60.000-100.000 төгрөгийн цалин хөлс олгохоор тохиролцож, Г.Л-т сар бүр 3.000.000 төгрөгийн хөлс олгохоор болсон гэсэн. Манай компанид Г.Л-ыг ажилласан үеэс тус компанийн хүний нөөцийн алба түүнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахаар удаа дараа шаардахад иргэний үнэмлэх байхгүй, регистрийн дугаараа мэдэхгүй, дээд боловсролын инженерийн мэргэжлийн диплом байхгүй гэсэн шалтгаануудыг хэлж, хөдөлмөрийн гэрээг байгуулахаас татгалзаж ирсэн. Тэрээр өөрийн бригадаа нийт 15 ажилчинтай байна гэж амласан боловч ажил эхлэхэд 6 ажилчин л ирж ажилласан ба удалгүй 2 ажилчин нь ажилдаа ирэхээ больсон. Ийнхүү хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзаж байсан нь дуртай үедээ ажилдаа ирж, дургүй үедээ ажил таслахын тулд татгалзаж байсан гэж үзэж байна. Түүнд ажилласан хугацааны цалинг бүрэн олгосон. 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 2.880.000 төгрөгийг би бэлнээр, олон хүний нүдэн дээр олгосон. Харин тэр цалин олгосон баримт дээр гарын үсэг зураагүй явсан бөгөөд одоо энэ байдлаа далимдуулж, цалинд 2.800.000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Тэр 105 хоног ажиллахаас ажилдаа ирэхгүй, тасалсан зэргээс 73 өдөр л ажилласан байгаа тул түүнд 7.300.000 төгрөг олгох ёстой байтал 11.725.000 төгрөгийг өгсөн. Мөн манай компанийн зүгээс Г.Л-т урамшуулал өгөхөөр тохиролцсон ч гэсэн 15 хүнтэй бригад ажиллуулна гэсэн боловч 4-5 хүн л ажилласан. Аль ч давхрын ажил төлөвлөгөөнд, хүрээгүй. Суурийн ажил 69 хувийн гүйцэтгэлтэй, 1, 2 давхар В блоктой, В блок огт хийгдээгүй. Эдгээр давхарт хийсэн ажил 56.5 хувийн гүйцэтгэлтэй болохыг захиалагч “Жунсон констракшн” ХХК-ийн акт нотолно. Иймээс санхүүжилт энэ хэмжээгээр дутуу буюу 77.000.000 төгрөг санхүүжилтийг захиалагч олгоогүй, хийсэн ажилд нь гологдол гарсан тул урамшуулал олгохоос татгалзаж байна. Компани ажилтандаа урамшуулал өгнө гэдэг нь ажилтныг тохирсон ажлаа хангалттай сайн, чанартай, хугацаанд нь бүрэн биелүүлсэн тохиолдолд тодорхой шалгуураар ажлыг нь үнэлэн хөхүүлэн дэмжих хэлбэрээр олгох мөнгөн урамшуулал юм. Нэхэмжлэгч Г.Л- нь хөдөлмөрийн гэрээ байгуулахаас нэгэнт татгалзсан учраас ямар ажлын байранд, ажилд тавигдах ямар шалгуураар, ажлын ямар үр дүнд урамшуулал олгох нь тодорхойгүй болсон учраас компанийн зүгээс түүнд ямар нэгэн урамшуулал олгох үүрэг хүлээхгүй болно. Иймд нэхэмжлэгчийн шаардаж буй 7.800.000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч Д.С- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын угсралтын ажлыг хийх явцад миний бие уг барилгын менежментийг хариуцан ажиллаж байсан. Энэ үед манай компанид талбайн инженерээр ажиллахаар болсон Л.Булганхишигийн нөхөр Г.Л- гэх залуу ажиллахаар болж, нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй бригадтайгаа, бригадаа удирдаж ажиллах ба түүний нэг сарын 3.000.000 төгрөг байх, ажилдаа хандах хандлага, ур чадвар, ирц, ажлын чанар, хугацаандаа амжуулан ажиллах зэргээс шалтгаалан тодорхой урамшууллыг тодорхой нөхцөлтэйгөөр олгоё гэж түүнтэй тохиролцсон. Гэтэл Г.Л- хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй учраас компанийн зүгээс ажилтан хэмээн түүнд урамшуулал өгөхөөр тохиролцсон тохиролцоог хэрэгжүүлэх боломжгүй болсон. Иймээс миний зүгээс ажлаа түргэн шуурхай чанартай явуулахын тулд Г.Л-ыг бригадаар нь хөлсөөр ажиллуулсан. Урамшуулал тохирсон боловч Г.Л- нь ажилдаа хандах хандлага сул, ирц хангалттай биш, ажил их тасалсан, 2018 оны 10 сард 11 хоног, 11 сард 19 хоног, 12 сард 20 хоног ажилласан, ажил давхрын түвшин бүрт дутуу хийгдсэн, хугацаандаа ажил маань амжаагүй тул урамшуулал олгох боломжгүй. Иймээс 2019 оны 1 сараас ажлын цаг бүртгэлийн нүүр унших систем тавиулсан. Энэ бүртгэлээр 2019 оны 1 сард 31 хоногоос 22 хоног ажилласан. Ажилд ирсэн хоногууддаа хоцролттой байсан. Г.Л- нь инженер болох нь нотлогдоогүй. Бичиг баримтаа бидэнд үзүүлэхээс татгалзсан. Төрсөн оноо хэлэхгүй байсан. 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр цутгалт авах өдөр байсан. Гэтэл Г.Л- нь хяналтын инженертэй муудалдсан. 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ажилдаа ирээгүй. Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хэв задарсан. 2018 оны 12 дугаар сарын 27, 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр цутгалт авсан бөгөөд нэхэмжлэгч ажил дээр байсан боловч энэ ажилд оролцоогүй. 23 дугаар баганад асуудал үүсч, гологдол гарсан. 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр цалинд 2.888.000 төгрөгийг авсан. Тэр үед конторт 10 гаруй хүн байсан. Үүний дараа бие өвчтэй гэсэн тул 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдөр, 13-ны өдрүүдэд 3.500.000 төгрөг шилжүүлж өгсөн. Түүнийг 3 сар 13 хоног ажиллах хугацаанд 21 удаа мөнгө өгсөн. Үүнээс дансаар 11 удаа 7.785.000 төгрөг, бэлнээр 9 удаа 3.940.000 төгрөгийг өгсөн. Энэ дотор надаас зээлсэн архины мөнгө 172.000 төгрөг, бэлнээр авсан мөнгөнүүд байгаа. Иймд нэхэмжлэгч Г.Л- 7.800.000 төгрөг нэхэмжилж байгааг олгох боломжгүй гэжээ.

Хариуцагч “ГЖ” ХХК-ийн төлөөлөгч Д.Нямсүрэн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Л- нь үндсэндээ өөрийн эхнэртээ туслах ажил үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд ажиллах хугацаандаа ажлаа таслаад ирдэггүй, ирэхдээ дандаа хоцорч ирдэг байснаас шалтгаалан ажилчдын ажил үүргийг цаг хугацаанд нь хувиарлаж, ажилд гаргахгүй байснаас сул зогсолт их болж, мөн ажилд хяналт тавих үүргээ биелүүлээгүйгээс бэхэлгээ муу хийгдэж цутгалт хийх үед хэв задарч, хэв хуулах үед 2 дугаар давхрын 23 дугаар багана дээр чанарын шаардлага хангахгүй доголдол гарч түүнийг дахин засварлахын тулд манай компани багагүй хөрөнгө, хүн хүч, цаг хугацаа зарцуулсан. Г.Л- нь 2018 оны 10 сард 14 хоног ажиллах байснаас 11 өдөр, 2018 оны 11 сард 30 хоног ажиллах байснаас 19 өдөр, 2018 оны 12 сард 31 өдөр ажиллах байснаас 20 өдөр, 2019 оны 01 сард 31 өдөр ажиллах байснаас 22 өдөр тус тус ажиллаж нийт 107 хоног ажиллах байснаас 73 хоног ажилласан байсан. Ажлын цагийн ашиглалтын байдлаар удаа дараа шаардлага тавиад ахиц гараагүй тул 2019 оны 1 сараас эхлэн манай компани цаг бүртгэлийн нүүр унших системийг ашиглах болсон бөгөөд Г.Л- өдөр бүр ажлаас хоцордог, хоцорч ирсэн ч эрт гарч явдаг зэрэг нь маш их байсан. Г.Л- нь манай компанийн талбайн инженер Л.Буянхишигийн нөхөр байсан учир шалтаг хэлж, мөнгө гуйх бүрт мөнгө өгч байсан ба нийт түүнд цалин болон гуйлтаар нь түүнд олгосон мөнгө нь 11.725.000 төгрөг болсон байна. Нийт 73 хоног ажилласан, нэг өдрийн хөлсийг 100.000 ( сарын цалин 3.000.000 төгрөг, сард 30 хоног ажиллана гэж тооцон) төгрөгөөр бодоход нийт 7.300.000 төгрөг төлөхөөр тооцоо гарч байна. Иймд манай байгууллагаас Г.Л-д ажлын хөлсөнд илүү төлсөн 4.425.000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Г.Л- сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ГЖ” ХХК-ийн ажилчдад тараах ёстой байсан мөнгө болон огт үндэслэлгүй зээл, аваагүй мөнгө, хүний дансаар хийсэн гэх зэрэг төлбөрийг нэхэмжилсэн байна. Үүнд 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дансанд орсон 1.200.000 төгрөг, бусдын цалинд шилжүүлсэн 395.000 төгрөг, аваагүй 2.888.000 төгрөг тооцогдоод байна. Мөн 200.000 төгрөгийг өөр хүний данс руу шилжүүлж, намайг авсан гээд байгааг зөвшөөрөхгүй. Иймд “ГЖ” ХХК-иас гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ажлын хөлсийг хоногоор тохироогүй, тогтмол хөлс тохирсон гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ГЖ” ХХК, Д.С- нараас ажлын хөлс, урамшуулалд 7.800.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Л-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Г.Л-аас 2.730.000 төгрөгийг гаргуулан хариуцагч “ГЖ” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 1.695.000 төгрөгийг нэхэмжэгчээс шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн   60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 139.750 төгрөг, хариуцагчаас төлсөн 85.750 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс 53.830 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.Л- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч, хариуцагч талууд сарын цалин 3.000.000 төгрөгөөр тогтсон боловч хариуцагч тал нэхэмжлэгчийг ажлын 30 хоног ажиллахаар тооцож, нийт 107 хоног ажиллах шаардлагатай гэж үзэж байгаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч нэгэнт хөдөлмөрийн харилцаа үүссэн нь талуудын тайлбар бусад холбогдох баримтуудаар нотлогдож байна. Хөдөлмөрийн харилцаа үүссэн учир хөдөлмөрийн тухай хуулинд хувийн болон төрийн байгууллагад ажилж байгаа ажилтан албан хаагч 7 хоногт ажилын 5 өдрөөр  буюу 40 цагаар тооцож сард ажлын 21-23 хоног байхаар заасны дагуу ажлын хоногийг тооцох нь зүйтэй гэж үзэж байна. Хариуцагч ГЖ ХХК-ийн ерөнхий захирлын гарын үсэгтэй баримтанд зөвхөн ажлын хөлсийг дурьдаж ажиллах өдөр амралтын өдрүүдийг тохироцоогүй байна. Хариуцагч талаас урамшуулал олгох ёстой байсан ажлын гүйцэтгэлийг “Жунсон констракшн” ХХК-иас суурийн ажил 69%, 1 давхарын ажил 59.3 хувь, 2 давхарын ажил 59.1 хувийн гүйцэтгэлтэй хийсэн нь хангалтгүй байна гэдэг актыг ирүүлсэн байна. “Жунсон констракшн” ХХК нь ажлын гүйцэтгэлийн хувийг тогтоох үнэлгээ гаргах эрх бүхий байгууллага гэдэг нь тогтоохгүй байхад шүүх актыг үнэлж урамшууллыг олгохгүй, харин сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцоогүй байна. Нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд оролцох хүртэл хэргийн материалтай танилцуулаагүй шийдвэрлэгдсэн байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Г.Л- нь хариуцагч “ГЖ” ХХК-д болон Д.С-т холбогдуулж ажлын хөлсөнд 7 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч ажлын хөлсөнд илүү шилжүүлсэн 4 425 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Г.Л- нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороонд баригдаж байгаа  960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажилд өөрийн барилгын бригадыг удирдан ажиллуулах, хариуцагч “ГЖ” ХХК нь сарын 3 000 000 төгрөгийн хөлс төлөхөөр тус тус тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, “ГЖ” ХХК-ийн ерөнхий захирал Д.С-ын гарын үсэг бүхий ажлын хөлсний талаарх бичмэл нотлох баримт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ. /хх-ийн 6-7/

Нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс ажлаа эхэлж, 2019 оны 2 дугаар сарын 01-ний  өдрийг хүртэл хугацаанд хөлсөөр ажиллаж байсан талаар зохигч маргаангүй байна.

“ГЖ” ХХК-ийн ерөнхий захирал Д.С-ын гарын үсэг бүхий ажлын хөлсний талаарх бичмэл нотлох баримтаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчид 3 000 000 төгрөгийн тогтмол хөлс төлөхөөр тохирч, харин нэхэмжлэгчийн бригадын Д.Итгэлтхүү нарын 9 хүний  ажлын хөлсийг өдрөөр төлөхөөр тохиролцсон байхаас гадна  хариуцагч нь ажлын хөлсөн дээр  барилгын зоорийн давхар буюу -0,05 түвшинд 2 000 000 төгрөг,  1  давхар буюу +3,30 түвшинд 1 500 000 төгрөг, 2 давхарт  буюу +6,60 түвшинд 1 500 000 төгрөгийн нэмэгдэл  болгож  нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон гэж үзэхээр байна. /хх-ийн 6-7/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлтэй боловч хариуцагч нь нэхэмжлэгчид сард 3 000 000 төгрөгийн тогтмол хөлс төлөхөөр тохиролцохдоо ажиллагч нь ажиллуулагчийн хөдөлмөрийн дотоод журамд захирагдах, байнгын ажлын байранд буюу ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар  ажил, үүргийг гүйцэтгэхээр тохиролцоогүй байхад ажиллавал зохих хоног, ажил тасалсан хоног, ажилласан хоногийн талаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч ажиллах хугацаанд ажлын хөлс 9 000 000 авах ёстой гэж байгаа боловч 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 01-ний  өдрийг хүртэл 3 сар, 13 хоног ажилласан тул хариуцагч нь 10 300 000 /3 000 000*3  сар+               1 300 000/ төгрөгийн хөлс нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

Хариуцагч нэхэмжлэгчид дансаар болон бэлнээр, бараагаар нийт 11 725 000 төгрөгийн хөлс төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлж өгсөн 1 200 000 төгрөгөөс 500 000 төгрөгийг нэхэмжлэгч авсан болохыг, 395 000 төгрөгийг бусад ажилчдад  олгох ажлын хөлсөнд шилжүүлсэн байгааг хариуцагч зөвшөөрч, хариуцагч 2 888 000 төгрөгийг олгосон болох нь гэрч О.Хосбаярын мэдүүлэг болон 2 180 000 төгрөгийг дансандаа хийсэн дансны хуулгаар нотлогдсон тул шүүх хариуцагчаас нийт 10 430 000 төгрөгийг нэхэмжлэгч ажлын хөлсөнд  авсан байна гэж дүгнэсэн нь зөв байна.

Иймд нэхэмжлэгч нь ажлын хөлс гэж 2 800 000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй харин  хариуцагч нь илүү олгосон хөлс 130 000 төгрөгийг нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.3 дахь хэсэгт заасны дагуу буцаан шаардах эрхтэй.

Хариуцагч нь дээрх ажлын хөлснөөс гадна  нэхэмжлэгчид нэмэгдэл  хөлс төлөхөөр  төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас барилгын суурийн давхар, нэг, хоёр давхрын ажлыг гүйцэтгэсний урамшуулалд 5 000 000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлтэй. /хх-ийн 7/

Гэвч “Жунсон констракшн” ХХК-иас “ГЖ” ХХК-д хүргүүлсэн 2019 оны 5 дугаар сарын 22-ны 263 тоот албан бичигт гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээний талаар “...суурийн ажил 1674 м2 , 1 давхар 916 м2, 2 давхар 916 м2...”  гэсэн байх тул нэхэмжлэгч суурийн ажилд / 1660 м2 / нэмэгдэл хөлс  2 000 000 төгрөгийг шаардах эрхтэй, харин 1 болон 2 давхар 1284 м2 ажил хийхээс 916 м2 ажил хийгдсэн, ажлын гүйцэтгэл дутуу байх үед ажил дуусгавар болсон тул 1 болон 2 давхрын ажлын хөлсний нэмэгдэл шаардах эрхгүй гэж  шүүх бүрэлдэхүүн үзлээ. /хх-ийн 7, 67, 85/

Нэхэмжлэгч Г.Л- нь хариуцагч “ГЖ” ХХК-д болон Д.С-т холбогдуулж нэхэмжлэл гаргасан боловч Г.Л- нь компанитай гэрээ байгуулсан нь тогтоогдсон бөгөөд тус компанийн хувьцаа эзэмшигчээс төлбөр гаргуулах үндэслэлгүй тул Д.С-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас 2 000 000 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас       130 000 төгрөгийг тус тус хангаж үлдэх хэсгүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Мөн анхан шатны шүүх хуралдаанд оролцсон байхад шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт хариуцагч нарын өмгөөлөгч Э.Нямжавын нэрийг орхигдуулсан байгааг зөвтгөх нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2019/02289 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ГЖ” ХХК-иас 2 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Л-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 800 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2  дах заалтын “2 730 000” гэснийг “130 000” гэж, “1 695 000” гэснийг        “4  295 000” гэж, 3 дах заалтын “...нэхэмжлэгчээс 53 830 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай” гэснийг “...хариуцагчаас 46 950 төгрөгийг нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 4 550 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, Г.Л-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн    139 750 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО         

                                                      ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ         

                                                                                                      Н.БАТЗОРИГ