Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/00360

 

2021           04            08                                          001/ХТ2021/00360

................ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2019/02289 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1867 дугаар магадлалтай,

 

................ын нэхэмжлэлтэй

“................” ХХК, ................нарт холбогдох

 

Ажлын хөлс, урамшуулалд 7,800,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 4,425,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Нямсүрэнгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Э.Нямжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч ................ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие барилгын инженер мэргэжилтэй бөгөөд 2012 оноос хойш барилгын бригад байгуулан барилгын ажил гүйцэтгэж ирсэн. 2018 оны 10 сард эхнэр Л.Булганхишиг ажилд орсон ................ХХК-ийн ерөнхий захирал ................тай танилцсан. ................нь ажиллах хүн хүч дутмаг байгаа учир намайг өөрийн бригадын хамт барьж буй барилга дээрээ ажиллахыг хүссэн. Ингээд манай бригад 5-уул Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд ................ХХК барьж буй сургуулийн барилга дээр өдрөөр цалинжиж ажиллахаар болж, би бригадаа удирдан зохион байгуулж, сар бүр тогтмол 3.000.000 төгрөгийн цалин хөлс авах, 2 залууг өөр бригад ахлуулж ажиллуулж, өдөрт тус бүр 100.000 төгрөгийн хөлстэйгээр ажиллуулах, ажил дуусах хүртэл давхрын түвшин бүрт урамшуулал авч, нийт 7.500.000 төгрөгийн урамшуулал авахаар харилцан тохиролцсон. Ажил 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр эхлэсэн бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулна гээд тамга тэмдэг дарсан, бөглөгдөөгүй гэрээг надад өгсөн. Гэрээнд ажиллах хугацаа, урамшууллын хэмжээ тодорхойгүй байсан тул би уг гэрээг байгуулаагүй. Миний бие бригадын залуучуудын хамт ................ХХК-д 3 сар гаруй хугацаанд 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх цалинг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өгөх ёстой боловч урьдчилгаа 1.200.000 төгрөгийг миний данс руу шилжүүлснээс 700.000 төгрөгийг бусдад өгч, 500.000 төгрөгийг авсан. Дараа нь 300.000, 500.000 төгрөгийг дансаар авсан. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлж өгсөн 395.000 төгрөг бол туслах ажилчдын цалин гэж шилжүүлсэн байсан тул авах хүмүүст нь өгсөн. Үүнээс хойш хугацаандаа цалин өгөөгүй.Увуулж, цувуулж мөнгө өгсөн. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх цалин 9.000.000 төгрөгөөс 6.800.000 төгрөгийг авч, 2.800.000 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй. 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр цалингийн маргаан үүсээд салцгаасан. Үүнээс хойш надад 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 2.000.000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 1.500.000 төгрөг дансаар өгсөн. Мөн харилцан тохиролцсоноор давхрын түвшингээр урамшуулал огт олгоогүй бөгөөд миний авах ёстой урамшуулал суурийн давхарт 2.000.000 төгрөг, 1 дүгээр давхарт 1.500.000 төгрөг, 2 дугаар давхарт 1.500.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөг болсон. Иймд нийт 7.800.000 төгрөгийг ................ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ................ХХК-ийн төлөөлөгч Д.Нямсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:................ нь манай компани Баянзүрх дүүргийн 12-р хороонд барьж буй барилгын туслан гүйцэтгэгчээр ажиллахаар ................тай тохирохдоо нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй бригадтай, түүнийгээ удирдаж ажиллаж, барилгын угсралтын ажлыг гүйцэтгэх, ажилтнуудад нь өдөр бүр 60.000-100.000 төгрөгийн цалин хөлс олгохоор тохиролцож, ................т сар бүр 3.000.000 төгрөгийн хөлс олгохоор болсон гэсэн. Манай компанид ................ыг ажилласан үеэс тус компанийн хүний нөөцийн алба түүнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахаар удаа дараа шаардахад иргэний үнэмлэх байхгүй, регистрийн дугаараа мэдэхгүй, дээд боловсролын инженерийн мэргэжлийн диплом байхгүй гэсэн шалтгаануудыг хэлж, хөдөлмөрийн гэрээг байгуулахаас татгалзаж ирсэн. Тэрээр өөрийн бригадаа нийт 15 ажилчинтай байна гэж амласан боловч ажил эхлэхэд 6 ажилчин л ирж ажилласан ба удалгүй 2 ажилчин нь ажилдаа ирэхээ больсон. Ийнхүү хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзаж байсан нь дуртай үедээ ажилдаа ирж, дургүй үедээ ажил таслахын тулд татгалзаж байсан гэж үзэж байна. Түүнд ажилласан хугацааны цалинг бүрэн олгосон. 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 2.880.000 төгрөгийг би бэлнээр, олон хүний нүдэн дээр олгосон. Харин тэр цалин олгосон баримт дээр гарын үсэг зураагүй явсан бөгөөд одоо энэ байдлаа далимдуулж, цалинд 2.800.000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Тэр 105 хоног ажиллахаас ажилдаа ирэхгүй, тасалсан зэргээс 73 өдөр л ажилласан байгаа тул түүнд 7.300.000 төгрөг олгох ёстой байтал 11.725.000 төгрөгийг өгсөн. Мөн манай компанийн зүгээс ................т урамшуулал өгөхөөр тохиролцсон ч гэсэн 15 хүнтэй бригад ажиллуулна гэсэн боловч 4-5 хүн л ажилласан. Аль ч давхрын ажил төлөвлөгөөнд, хүрээгүй. Суурийн ажил 69 хувийн гүйцэтгэлтэй, 1, 2 давхар В блоктой, В блок огт хийгдээгүй. Эдгээр давхарт хийсэн ажил 56.5 хувийн гүйцэтгэлтэй болохыг захиалагч Жунсон констракшн ХХК-ийн акт нотолно. Иймээс санхүүжилт энэ хэмжээгээр дутуу буюу 77.000.000 төгрөг санхүүжилтийг захиалагч олгоогүй, хийсэн ажилд нь гологдол гарсан тул урамшуулал олгохоос татгалзаж байна. Компани ажилтандаа урамшуулал өгнө гэдэг нь ажилтныг тохирсон ажлаа хангалттай сайн, чанартай, хугацаанд нь бүрэн биелүүлсэн тохиолдолд тодорхой шалгуураар ажлыг нь үнэлэн хөхүүлэн дэмжих хэлбэрээр олгох мөнгөн урамшуулал юм. Нэхэмжлэгч ................ нь хөдөлмөрийн гэрээ байгуулахаас нэгэнт татгалзсан учраас ямар ажлын байранд, ажилд тавигдах ямар шалгуураар, ажлын ямар үр дүнд урамшуулал олгох нь тодорхойгүй болсон учраас компанийн зүгээс түүнд ямар нэгэн урамшуулал олгох үүрэг хүлээхгүй болно. Иймд нэхэмжлэгчийн шаардаж буй 7.800.000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ................шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын угсралтын ажлыг хийх явцад миний бие уг барилгын менежментийг хариуцан ажиллаж байсан. Энэ үед манай компанид талбайн инженерээр ажиллахаар болсон Л.Булганхишигийн нөхөр ................ гэх залуу ажиллахаар болж, нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй бригадтайгаа, бригадаа удирдаж ажиллах ба түүний нэг сарын 3.000.000 төгрөг байх, ажилдаа хандах хандлага, ур чадвар, ирц, ажлын чанар, хугацаандаа амжуулан ажиллах зэргээс шалтгаалан тодорхой урамшууллыг тодорхой нөхцөлтэйгөөр олгоё гэж түүнтэй тохиролцсон. Гэтэл ................ хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй учраас компанийн зүгээс ажилтан хэмээн түүнд урамшуулал өгөхөөр тохиролцсон тохиролцоог хэрэгжүүлэх боломжгүй болсон. Иймээс миний зүгээс ажлаа түргэн шуурхай чанартай явуулахын тулд ................ыг бригадаар нь хөлсөөр ажиллуулсан. Урамшуулал тохирсон боловч ................ нь ажилдаа хандах хандлага сул, ирц хангалттай биш, ажил их тасалсан, 2018 оны 10 сард 11 хоног, 11 сард 19 хоног, 12 сард 20 хоног ажилласан, ажил давхрын түвшин бүрт дутуу хийгдсэн, хугацаандаа ажил маань амжаагүй тул урамшуулал олгох боломжгүй. Иймээс 2019 оны 1 сараас ажлын цаг бүртгэлийн нүүр унших систем тавиулсан. Энэ бүртгэлээр 2019 оны 1 сард 31 хоногоос 22 хоног ажилласан. Ажилд ирсэн хоногууддаа хоцролттой байсан. ................ нь инженер болох нь нотлогдоогүй. Бичиг баримтаа бидэнд үзүүлэхээс татгалзсан. Төрсөн оноо хэлэхгүй байсан. 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр цутгалт авах өдөр байсан. Гэтэл ................ нь хяналтын инженертэй муудалдсан. 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ажилдаа ирээгүй. Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хэв задарсан. 2018 оны 12 дугаар сарын 27, 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр цутгалт авсан бөгөөд нэхэмжлэгч ажил дээр байсан боловч энэ ажилд оролцоогүй. 23 дугаар баганад асуудал үүсч, гологдол гарсан. 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр цалинд 2.888.000 төгрөгийг авсан. Тэр үед конторт 10 гаруй хүн байсан. Үүний дараа бие өвчтэй гэсэн тул 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдөр, 13-ны өдрүүдэд 3.500.000 төгрөг шилжүүлж өгсөн. Түүнийг 3 сар 13 хоног ажиллах хугацаанд 21 удаа мөнгө өгсөн. Үүнээс дансаар 11 удаа 7.785.000 төгрөг, бэлнээр 9 удаа 3.940.000 төгрөгийг өгсөн. Энэ дотор надаас зээлсэн архины мөнгө 172.000 төгрөг, бэлнээр авсан мөнгөнүүд байгаа. Иймд нэхэмжлэгч ................ 7.800.000 төгрөг нэхэмжилж байгааг олгох боломжгүй гэжээ.

 

Хариуцагч ................ХХК-ийн төлөөлөгч Д.Нямсүрэн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ................ нь үндсэндээ өөрийн эхнэртээ туслах ажил үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд ажиллах хугацаандаа ажлаа таслаад ирдэггүй, ирэхдээ дандаа хоцорч ирдэг байснаас шалтгаалан ажилчдын ажил үүргийг цаг хугацаанд нь хувиарлаж, ажилд гаргахгүй байснаас сул зогсолт их болж, мөн ажилд хяналт тавих үүргээ биелүүлээгүйгээс бэхэлгээ муу хийгдэж цутгалт хийх үед хэв задарч, хэв хуулах үед 2 дугаар давхрын 23 дугаар багана дээр чанарын шаардлага хангахгүй доголдол гарч түүнийг дахин засварлахын тулд манай компани багагүй хөрөнгө, хүн хүч, цаг хугацаа зарцуулсан. ................ нь 2018 оны 10 сард 14 хоног ажиллах байснаас 11 өдөр, 2018 оны 11 сард 30 хоног ажиллах байснаас 19 өдөр, 2018 оны 12 сард 31 өдөр ажиллах байснаас 20 өдөр, 2019 оны 01 сард 31 өдөр ажиллах байснаас 22 өдөр тус тус ажиллаж нийт 107 хоног ажиллах байснаас 73 хоног ажилласан байсан. Ажлын цагийн ашиглалтын байдлаар удаа дараа шаардлага тавиад ахиц гараагүй тул 2019 оны 1 сараас эхлэн манай компани цаг бүртгэлийн нүүр унших системийг ашиглах болсон бөгөөд ................ өдөр бүр ажлаас хоцордог, хоцорч ирсэн ч эрт гарч явдаг зэрэг нь маш их байсан. ................ нь манай компанийн талбайн инженер Л.Буянхишигийн нөхөр байсан учир шалтаг хэлж, мөнгө гуйх бүрт мөнгө өгч байсан ба нийт түүнд цалин болон гуйлтаар нь түүнд олгосон мөнгө нь 11.725.000 төгрөг болсон байна. Нийт 73 хоног ажилласан, нэг өдрийн хөлсийг 100.000 ( сарын цалин 3.000.000 төгрөг, сард 30 хоног ажиллана гэж тооцон) төгрөгөөр бодоход нийт 7.300.000 төгрөг төлөхөөр тооцоо гарч байна. Иймд манай байгууллагаас ................д ажлын хөлсөнд илүү төлсөн 4.425.000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч ................ сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ................ХХК-ийн ажилчдад тараах ёстой байсан мөнгө болон огт үндэслэлгүй зээл, аваагүй мөнгө, хүний дансаар хийсэн гэх зэрэг төлбөрийг нэхэмжилсэн байна. Үүнд 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дансанд орсон 1.200.000 төгрөг, бусдын цалинд шилжүүлсэн 395.000 төгрөг, аваагүй 2.888.000 төгрөг тооцогдоод байна. Мөн 200.000 төгрөгийг өөр хүний данс руу шилжүүлж, намайг авсан гээд байгааг зөвшөөрөхгүй. Иймд ................ХХК-иас гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ажлын хөлсийг хоногоор тохироогүй, тогтмол хөлс тохирсон гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2019/02289 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ................ХХК, ................нараас ажлын хөлс, урамшуулалд 7.800.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч ................ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч ................аас 2.730.000 төгрөгийг гаргуулан хариуцагч ................ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 1.695.000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн   60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 139.750 төгрөг, хариуцагчаас төлсөн 85.750 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс 53.830 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1867 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2019/02289 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ................ХХК-иас 2 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ................т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 800 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтын 2 730 000 гэснийг 130 000 гэж, 1 695 000 гэснийг 4 295 000 гэж, 3 дах заалтын ...нэхэмжлэгчээс 53 830 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай гэснийг ...хариуцагчаас 46 950 төгрөгийг нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 4 550 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, ................аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139 750 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Нямсүрэн хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр дараах гомдлыг хяналтын журмаар гаргаж байна. Магадлалын хянавал хэсэгт “...”................” ХХК-ийн ерөнхий захирал ................ын гарын үсэг бүхий ажлын хөлсний талаарх бичмэл нотлох баримтаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчид 3 000 000 төгрөгийн тогтмол хөлс төлөхөөр тохирсон, ...байхаас гадна хариуцагч нь ажлын хөлсөн дээр барилгын зоорийн давхар буюу -0,05 түвшинд 2,000,000 төгрөг ...-ийн нэмэгдэл болгож нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон гэж үзэхээр байна”, Нэхэмжлэгч ................ нь хариуцагч ................ ХХК-д болон ................т холбогдуулж нэхэмжлэл гаргасан боловч ................ нь компанитай гэрээ байгуулсан нь тогтоогдсон бөгөөд тус компанийн хувьцаа эзэмшигчээс төлбөр гаргуулах үндэслэлгүй тул ................д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэжээ................. ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Нямсүрэн миний бие 2013 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд компанийн дүрмийн 7 дугаар зүйлд зааснаар компанийн гүйцэтгэх захирал компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулахаар тусгасан байдаг билээ. Манай компанийн дүрэмд ерөнхий захирал гэсэн албан тушаалтан байхгүй атал давж заалдах шатны шүүх “ “................” ХХК-ийн ерөнхий захирал ................ын гарын үсэг бүхий ажлын хөлсний талаарх бичмэл нотлох баримтаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчид 3,000,000 төгрөгийн тогтмол хөлс төлөхөөр тохирсон, ...байхаас гадна хариуцагч нь ажлын хөлсөн дээр барилгын зоорийн давхар буюу -0,05 түвшинд 2 000 000 төгрөг ...-ийн нэмэгдэл болгож нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон гэж үзэхээр байна” гэж Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэсэн хуулийн заалтыг хэрэглэвэл зохих байтал хэрэглэлгүй үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Магадлалд цааш дурьдахдаа “Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлтэй боловч хариуцагч нь нэхэмжлэгчид сард 3,000,000 төгрөгийн тогтмол хөлс төлөхөөр тохиролцохдоо ажиллагч нь ажиллуулагчийн хөдөлмөрийн дотоод журамд захирагдах, байнгын ажлын байранд буюу ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар ажил үүргийг гүйцэтгэхээр тохиролцоогүй байхад ажиллавал зохих хоног, ажил тасалсан хоног, ажилласан хоногийн талаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч ажиллах хугацаанд ажлын хөлс 9 000 000 авах ёстой гэж байгаа боловч 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 3 сар 13 хоног ажилласан тул хариуцагч нь 10,300,000 /3,000,000*3+1,300,000/ төгрөгийн хөлс нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй” гэжээ. Нэхэмжлэгчтэй анх тохиролцохдоо яаралтай гэрээт ажилтай, хүн хүч дутмаг байгаа тул бидний ажиллаж байгаа цагт нэхэмжлэгчийг ажиллуулахаар тохиролцсон бид өдөр бүр ажилласан боловч ................ нь хүндэтгэн үзэх шалтгаангүй ажилдаа ирэхгүй ажил тасалж 73 хоног л ажилласан талаар хавтаст хэрэгт нэхэмжлэгч ................ын ажлын ирцийн нэгтгэлийг гаргаж өгсөн бөгөөд ................ нь нийт 73 хоног /зарим хоногуудад ажилдаа ирээд буцсан хэдий ч тухайн өдөр ажилласнаар тооцсон/ ажилласан гэдэгтээ маргадаггүй бөгөөд 2019.07.26-ны өдрийн шүүх хуралдаанд “Бид ажилласан хоногтой маргахгүй учраас нүүр унших систем болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дэвтэрт үзлэг хийх шаардлагагүй” гэсэн тайлбарыг гаргаж байсан болно. /хх-ийн 90 хуудасны ар талд/. Гэтэл давж заалдах шатны шүүх “ажиллагч нь ажиллуулагчийн хөдөлмөрийн дотоод журамд захирагдах, байнгын ажлын байранд буюу ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар “ажил үүргийг гүйцэтгэхээр тохиролцоогүй” гэж дурдсан атлаа үндэслэлгүйгээр ................ыг 3 сар 13 хоног гэж тооцсон нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. Түүнчлэн давж заалдах шатны ИХШХШТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл, нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах ...эрхтэй” мөн зүйлийн 26.4-т “Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдэлнэ” гэж тус тус заасныг хэрэглэвэл зохих байтал хэрэглэлгүй хэргийг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэх ёстой байтал “нэхэмжлэгч ажиллах хугацаанд ажлын хөлс 9,000,000 төгрөг авах ёстой гэж байгаа ...хариуцагч нь 10,300,000 төгрөгийн хөлс нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй” гэж нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлэн дүгнэлт хийж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг зөрчиж хариуцагчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг илтэд дордууллаа. Магадлалд цааш дурьдахдаа “Хариуцагч нь дээрх ажлын хөлснөөс гадна нэхэмжлэгчид нэмэгдэл хөлс төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас суурийн давхар, нэг, хоёр давхрын ажлыг гүйцэтгэсний урамшуулалд 5,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлтэй. Гэвч “Жунсон констракшн” ХХК-иас “Гэрэлт жим” ХХК-д хүргүүлсэн 2019 оны 5 дугаар сарын 22-ны 263 тоот албан бичигт гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээний талаар “...суурийн ажил 1674 м.кв,” гэсэн байх тул нэхэмжлэгч суурийн ажилд /1660 м.кв/ нэмэгдэл хөлс 2,000,000 төгрөгийг шаардах эрхтэй” гэжээ. “Жунсон констракшн” ХХК-ийн шаардлага хүргүүлэх тухай албан бичигт “Төслийн барилга угсралтын ажил 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар дууссан бөгөөд үлдсэн ажил болох хамар хананы суурь, сувагчлал, шалны ажлыг манай компанийн үндсэн ажилчид гүйцэтгэхээр болсон ...гэрээг дуусгавар болгосныг мэдэгдэж байна” /хх-ийн 65-р талд/, мөн анхан шатны шүүх хуралдааны үед даргалагчаас “захиалагч компанийн яриад байгаа сувагчлал болон шалны ажлыг танайх хийсэн үү” гэж асуухад нэхэмжлэгч ................ “манайхыг байхад лав хийгдээгүй” гэж хариулж байсан /хх-ийн 147 хуудасны ар талд/, түүнчлэн хамар хананы суурь, сувагчлал, шалны ажил нь суурийн ажилд багтаж байсан, энэхүү ажил хийгдээгүйгээс санхүүжилтээс 35,000,000 төгрөг хасагдаж олгогдсон талаарх тайлбар нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд дээрх нотлох баримтуудаар 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл суурийн давхрын хамар хананы суурь, сувагчлал, шалны ажил хийгдээгүй гэдэг нь нотлогдож байхад давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах үүргээ умартаж зөвхөн нэг нотлох баримтыг үнэлж бусад нотлох баримтыг .орхигдуулж суурийн ажлыг хийсэн гэж дүгнэсэн нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг хэрэглэвэл зохих байтал хэрэглээгүй байна. Иймээс давж заалдах шатны шүүхийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас 2 000 000 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 130,000 /анхан шатны шүүх 2,730,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн байсан/ төгрөгийг тус тус хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул 4,600,000 төгрөгт улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн болно. Иймд дээрх үндэслэлүүдээр хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

................ нь “................” ХХК-д холбогдуулж ажлын хөлс 7,800,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч илүү шилжүүлсэн 4,425,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь “................” ХХК-ийг хариуцагчаар тодорхойлж, ................ыг тус компанийг төлөөлөх эрх бүхий этгээд буюу “захирал” гэсэн агуулгаар нэхэмжлэлд тусгасан байх тул ................нь хариуцагч биш бөгөөд давж заалдах шатны шүүх хариуцагч “................” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс 2,730,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлээс 2,000,000 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлээс 130,000 төгрөгийг тус тус хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна. Шүүх зохигчийн мэтгэлцэх эрхийг бүрэн хангасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

 

................ын нэхэмжлэл болон “................” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн талаарх давж заалдах шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй боловч маргааны үйл баримтыг дүгнэхдээ талуудын шаардлага, татгалзлын хэмжээ хязгаарын хүрээнд дүгнэж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг зөрчсөн байх тул эрх зүйн дүгнэлтийг залруулж, магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж үзэв.

 

Магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т хамаараагүй байх ба дараах үндэслэлээр гомдлыг хангахгүй орхино.

 

................ нь 2018.10.18-ны өдрөөс Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороонд баригдаж байгаа хүүхдийн сургуулийн барилгын ажилд өөрийн барилгын бригадыг удирдан ажиллуулах, хариуцагч “................” ХХК нь ................т сарын 3,000,000 төгрөгийн хөлс, зоорийн давхар буюу -0,05 түвшинд 2,000,000 төгрөг, 1 давхар буюу +3,30 түвшинд 1,500,000 төгрөг, 2 давхарт буюу +6,60 түвшинд 1,500,000 төгрөгийн нэмэгдэл төлөх, өдрийн 60,000-100,000 төгрөгөөр тооцон ажилчдын хөлсийг төлөхөөр амаар харилцан тохирсон, талуудын хооронд байгуулагдсан гэрээг хөлсөөр ажиллах гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д нийцжээ.

 

Гэрээний зүйл нь ажлын үр дүн бус тохиролцсон ажлыг гүйцэтгэх шинжийг агуулсан тул хөлсөөр ажиллах гэрээ, ажлын хөлсний хэмжээ “................” ХХК-ийн ерөнхий захирал ................ын гарын үсэг бүхий бичмэл баримтаар тогтоогджээ. /хх-ийн 6-7/

Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй.” гэж заасан тул ................ын гарын үсэг бүхий ажлын хөлсний талаарх баримтыг шүүх “................” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээдийн үйлдсэн баримт гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч нь 2018.10.18-наас 2019.02.01 хүртэл ажилласан, хариуцагчаас 11,725,000 төгрөг шилжүүлсэн гэсэн боловч 10,430,000 төгрөгийг өгсөн үйл баримт тогтоогдсон ба хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй татгалзахдаа “...116 хоног ажиллахаас 73 хоног ажилласан, ажлаа бүрэн гүйцэтгээгүй...” гэсэн үндэслэл заажээ.

 

Хөлсөөр ажиллах гэрээний харилцаанд ажиллагч гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх нь гол үүрэг бөгөөд яаж гүйцэтгэх нь ажиллагчаас хамаарахаас гадна анхан шатны шүүх ажил гүйцэтгэсний хөлсийг хийсэн ажлын хэмжээ бус ажиллавал зохих хоног, ажилласан хоногоор тооцож, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсгийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байна. Хөлсөөр ажиллах гэрээний талуудын тохиролцооноос үзэхэд   гүйцэтгэх ёстой ажил, ажлын хэмжээ хөлс төлөхөд хамааралтай болохоос ямар хугацаанд ажилласан нь хөлсийг тодорхойлоогүй байна.

 

Ажлын хөлс нь хариуцагчаас нэхэмжлэгчид сар бүр тогтмол олгох 3,000,000 төгрөг,  суурь болон давхар бүрт олгох нэмэгдэл хөлсөөс гадна ажилчдад олгох хөлснөөс бүрдэж байгаа бөгөөд нэхэмжлэгч нь ажилчдын хөлсийг олгож өөрийн авах хөлсийг бүрэн аваагүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

 

Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлөхийг Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д заасан.  Талууд хөлс төлөх журмыг өөрөөр тогтоогоогүй тул хариуцагчаас шилжүүлсэн 10,430,000 төгрөгийг  гүйцэтгэсэн ажлын хөлсөд өгсөн гэж үзэх нь Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д нийцнэ. Иймд ажлын хөлсийг илүү шилжүүлсэн гэх үндэслэлээр 4,425,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийг нэмж хангах үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь 130,000 төгрөгийг хариуцагчид буцаан төлөх давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргаагүй тул зохигчийн зөвшөөрсөн үүргийг шүүх үгүйсгэх эрхгүй болно.

 

Нэхэмжлэгч нь өөрийн ажлын хөлсийг 9,000,000 төгрөг гэж тодорхойлсон байхад давж заалдах шатны шүүх 10,300,000 төгрөгийн хөлс авах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 115 дугаар зүйлийн  115.2-т заасан зохицуулалтыг зөрчсөн болохыг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь суурийн ажлыг хийсэн тул гэрээгээр тохирсон нэмэгдэл хөлс 2,000,000 төгрөгийг шаардах эрхтэй талаарх давж заалдах шатны шүүхийн  дүгнэлт хэрэгт байгаа баримтад тулгуурласан, хууль зөрчөөгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1867 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 88,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЦАГААНЦООЖ

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Г.АЛТАНЧИМЭГ

                                ШҮҮГЧИД                                              П.ЗОЛЗАЯА

                                                                                               Д.ЦОЛМОН

                                                                                               Х.ЭРДЭНЭСУВД