Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2019/02296

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Жанжины 27-р гудамж, 720 тоотод оршин суух, РД-ЕТ88040810, Боржигон овогт Ганхүүгийн Лхагважавын нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 2-р хороо, МҮЭСТО-ны 209 тоотод байрлах, РД-5345227, Гэрэлт жим ХХК,

хариуцагч Баянгол дүүрэг, 1-р хороо, Замчдын гудамж, 74-р байрны 20 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ИЦ72012376, Ахиад овогт Доржсүрэнхорын Сүрэнжав нарт холбогдох

ажлын хөлс, урамшуулалд 7 800 000 төгрөг гаргуулах болон нэхэмжлэгчээс 4 425 000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Лхагважав, хариуцагч Гэрэлт жим ХХК-ийн захирал Д.Нямсүрэн, хариуцагч Д.Сүрэнжав, гэрч О.Хосбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Адъяасүрэн нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас ажлыг хөлс, урамшуулал 7 800 000 төгрөгийг гаргуулах болон нэхэмжлэгчээс 4 425 000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие барилгын инженер мэргэжилтэй бөгөөд 2012 оноос хойш барилгын бригад байгуулан барилгын ажил гүйцэтгэж ирсэн. 2018 оны 10 сард эхнэр Л.Булганхишиг ажилд орсон Гэрэлт жим ХХК-ийн ерөнхий захирал Д.Сүрэнжавтай танилцсан. Д.Сүрэнжав нь ажиллах хүн хүч дутмаг байгаа учир намайг өөрийн бригадын хамт барьж буй барилга дээрээ ажиллахыг хүссэн. Ингээд манай бригад 5-уул Баянзүрх дүүргийн 12-р хороонд Гэрэлт жим ХХК барьж буй сургуулийн барилга дээр өдрөөр цалинжиж ажиллахаар болж, би бригадаа удирдан зохион байгуулж, сар бүр тогтмол 3 000 000 төгрөгийн цалин хөлс авах, 2 залууг өөр бригад ахлуулж ажилуулж, өдөрт тус бүр 100 000 төгрөгийн хөлстэйгээр ажиллуулах, ажил дуусах хүртэл давхрын түвшин бүрт урамшуулал авч, нийт 7 500 000 төгрөгийн урамшуулал авахаар харилцан тохиролцсон. Ажил 2018-10-18 өдөр эхлэсэн бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулна гээд тамга тэмдэг дарсан, бөглөгдөөгүй гэрээг надад өгсөн. Гэрээнд ажиллах хугацаа, урамшууллын хэмжээ тодорхойгүй байсан тул би уг гэрээг байгуулаагүй. Миний бие бригадын залуучуудын хамт Гэрэлт жим ХХК-д 3 сар гаруй хугацаанд 2019-02-01 өдрийг хүртэл ажилласан. 2018-10-31 өдөр хүртлэх цлинг 2018-11-05 өдөр өгөх ёстой боловч урьдчилгаа 1 200 000 төгрөгийг миний данс руу шилжүүлснээс 700 000 төгрөгийг бусдад өгч, 500 000 төгрөгийг и авсан. Дараа нь 300 000, 500 000 төгрөгийг дансаар авсан. 2018-11-05 өдөр шилжүүлж өгсөн 395 000 төгрөг бол туслах ажилчдын цалин гэж шилжүүлсэн байсан тул авах хүмүүст нь өгсөн. Үүнээс хойш хугацаандаа цалин өгөөгүй.Увуулж, цувуулж мөнгө өгсөн. 2018-11-01 өдрөөс 2019-02-01 өдрийг хүртэлх цалин 9 000 000 төгрөгөөс 6 800 000 төгрөгийг авч, 2 800 000 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй. 2019-02-01 өдөр цалингийн маргаан үүсээд салцгаасан. Үүнээс хойш надад 2019-02-04 өдөр 2 000 000 төгрөг, 2019-02-13 өдөр 1 500 000 таграг дансаар өгсөн. Мөн харилцан тохиролцсоноор давхрын түвшингээр урамшуулал огт олгоогүй бөгөөд миний авах ёстой урамшуулал суурийн давхарт 2 сая төгрөг, 1 дүгээр давхарт 1.5 сая төгрөг, 2 дугаар давхарт 1,5 сая төгрөг, нийт 5 000 000 төгрөг болсон.Иймд нийт 7 800 000 төгрөгийг Гэрэлт жим ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Гэрэлт жим ХХК-ийн захирал Д.Нямсүрэн тайлбартаа: Г.Лхагважав нь манай компани Баянзүрх дүүргийн 12-р хороонд барьж буй барилгын туслан гүйцэтгэгчээр ажиллахаар Сүрэнжавтай тохирохдоо нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй бригадтай, түүнийгээ удирдаж ажиллаж, барилгын угсралтын ажлыг гүйцэтгэх, ажилтнуудад нь өдөр бүр 60 000-100 000 төгрөгийн цалин хөлс олгохоор тохиролцож, Г.Лхагважавт сар бүр 3 000 000 төгрөгийн хөлс олгохоор болсон гэсэн.

Манай компанид Г.Лхагважавыг ажилласан үеэс тус компанийн хүний нөөцийн алба түүнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахаар удаа дараа шаардахад иргэний үнэмлэх байхгүй, регистрийн дугаараа мэдэхгүй, дээд боловсролын инженерийн мэргэжлийн диплом байхгүй гэсэн шалтгаануудыг хэлж, хөдөлмөрийн гэрээг байгуулахаас татгалзаж ирсэн.

Тэрээр өөрийн бригадаа нийт 15 ажилчинтай байна гэж амласан боловч ажил эхлэхэд 6 ажилчин л ирж ажилласан ба удалгүй 2 ажилчин нь ажилдаа ирэхээ больсон. Ийнхүү хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзаж байсан нь дуртай үедээ ажилдаа ирж, дургүй үедээ ажил таслахын тулд татгалзаж байсан гэж үзэж байна.

Түүнд ажилласан хугацааны цалинг бүрэн олгосон. 2019-02-01 өдөр 2 880 000 төгрөгийг би бэлнээр, олон хүний нүдэн дээр олгосон.Харин тэр цалин олгосон баримт дээр гарын үсэг зураагүй явсан бөгөөд одоо энэ байдлаа далимдуулж, цалинд 2 800 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Тэр 105 хоног ажиллахаас ажилдаа ирэхгүй, тасалсан зэргээс 73 өдөр л ажилласан байгаа тул түүнд 7 300 000 төгрөг олгох ёстой байтал 11 725 000 төгрөгийг өгсөн.

Мөн манай компанийн зүгээс Г.Лхагважавт урамшуулал өгөхөөр тохиролцсон ч гэсэн 15 хүнтэй бригад ажиллуулна гэсэн боловч 4-5 хүн л ажилласан. Аль ч давхрын ажил төлөвлөгөөнд, хүрээгүй. Суурийн ажил 69 хувийн гүйцэтгэлтэй, 1, 2 давхар В блоктой, В блок огт хийгдээгүй. Эдгээр давхарт хийсэн ажил 56,5 хувийн гүйцэтгэлтэй болхыг захиалагч Жунсон констракшн ХХК-ийн акт нотолно. Иймээс санхүүжилт энэ хэмжээгээр дутуу буюу 77 сая төгрөг санхүүжилтийг захиалагч олгоогүй, хийсэн ажилд нь гологдол гарсан тул урамшуулал олгохоос татгалзаж байна. Компани ажилтандаа урамшуулал өгнө гэдэг нь ажилтныг тохирсон ажлаа хангалттай сайн, чанартай, хугацаанд нь бүрэн биелүүлсэн тохиолдолд тодорхой шалгуураар ажлыг нь үнэлэн хөхүүлэн дэмжих хэлбэрээр олгох мөнгөн урамшуулал юм.

Нэхэмжлэгч Г.Лхагважав нь хөдөлмөрийн гэрээ байгуулахаас нэгэнт татгалзсан учраас ямар ажлын байранд, ажилд тавигдах ямар шалгуураар, ажлын ямар үр дүнд урамшуулал олгох нь тодорхойгүй болсон учраас компанийн зүгээс түүнд ямар нэгэн урамшуулал олгох үүрэг хүлээхгүй болно.

Иймд нэхэмжлэгчийн шаардаж буй 7 800 000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.

 

Хариуцагч Д.Сүрэнжав тайлбартаа: Манай компани Баянзүрх дүүргийн 12-р хороонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын угсралтын ажлыг хийх явцад миний бие уг барилгын менежментийг хариуцан ажиллаж байсан. Энэ үед манай компанид талбайн инженерээр ажиллахаар болсон Л.Булганхишигийн нөхөр Г.Лхагважав гэх залуу ажиллахаар болж, нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй бригадтайгаа, бригадаа удирдаж ажиллах ба түүний нэг сарын 3 000 000 төгрөг байх, ажилдаа хандах хандлага, ур чадвар, ирц, ажлын чанар, хугацаандаа амжуулан ажиллах зэргээс шалтгаалан тодорхой урамшууллыг тодорхой нөхцөлтэйгөөр олгоё гэж түүнтэй тохиролцсон. Гэтэл Г.Лхагважав хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй учраас компанийн зүгээс ажилтан хэмээн түүнд урамшуулал өгөхөөр тохиролцсон тохиролцоог хэрэгжүүлэх боломжгүй болсон. Иймээс миний зүгээс ажлаа түргэн шуурхай чанартай явуулахын тулд Г.Лхагважавыг бригадаар нь хөлсөөр ажиллуулсан. Урамшуулал тохирсон боловч Г.Лхагважав нь ажилдаа хандах хандлага сул, ирц хангалттай биш, ажил их тасалсан, 2018 оны 10 сард 11 хоног, 11 сард 19 хоног, 12 сард 20 хоног ажилласан, ажил давхрын түвшин бүрт дутуу хийгдсэн , хугацаандаа ажил маань амжаагүй тул урамшуулал олгох боломжгүй.

Иймээс 2019-01 сараас ажлын цаг бүртгэлийн нүүр унших систем тавиулсан. Энэ бүртгэлээр 2019 оны 01 сард 31 хоногоос 22 хоног ажилласан. Ажилд ирсэн хоногууддаа хоцролттой байсан. Г.Лхагважав нь инженер болох нь нотлогдоогүй. Бичиг баримтаа бидэнд үзүүлэхээс татгалзсан. Төрсөн оноо хэлэхгүй байсан.

2018-11-03 өдөр цутгалт авах өдөр байсан.Гэтэл Г.Лхагважав нь хяналтын инженертэй муудалдсан. 2018-11-17 өдөр ажилдаа ирээгүй. Гэтэл 2018-11-18 өдөр хэв задарсан. 2018-12-27, 2019-02-01 өдөр цутгалт авсан бөгөөд нэхэмжлэгч ажил дээр байсан боловч энэ ажилд оролцоогүй. 23 дугаар баганад асуудал үүсч, гологдол гарсан. 2019-02-01 өдөр цалинд 2 888 000 төгрөгийг авсан. Тэр үед конторт 10 гаруй хүн байсан. Үүний дараа бие өвчтэй гэсэн тул 02 сарын 02, 13 өдрүүдэд 3 500 000 төгрөг шилжүүлж өгсөн. Түүнийг 3 сар 13 хоног ажиллах хугацаанд 21 удаа мөнгө өгсөн. Үүнээс дансаар 11 удаа 7 785 000 төгрөг, бэлнээр 9 удаа 3 940 000 төгрөгийг өгсөн.Энэ дотор надаас зээлсэн архины мөнгө 172 000 төгрөг, бэлнээр авсан мөнгөнүүд байгаа. Иймд нэхэмжлэгч Г.Лхагважав 7 800 000 төгрөг нэхэмжилж байгааг олгох боломжгүй гэв.

 

Хариуцагч Гэрэлт жим ХХК сөрөг нэхэмжлэлдээ: Г.Лхагважав нь үндсэндээ өөрийн эхнэртээ туслах ажил үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд ажиллах хугацаандаа ажлаа таслаад ирдэггүй, ирэхдээ дандаа хоцорч ирдэг байснаас шалтгаалан ажилчдын ажил үүргийг цаг хугацаанд нь хувиарлаж, ажилд гаргахгүй байснаас сул зогсолт их болж, мөн ажилд хяналт тавих үүргээ биелүүлээгүйгээс бэхэлгээ муу хийгдэж цутгалт хийх үед хэв задарч, хэв хуулах үед 2 дугаар давхрын 23 дугаар багана дээр чанарын шаардлага хангахгүй доголдол гарч түүнийг дахин засварлахын тулд манай компани багагүй хөрөнгө, хүн хүч, цаг хугацаа зарцуулсан. Г.Лхагважав нь 2018 оны 10 сард 14 хоног ажиллах байснаас 11 өдөр, 2018 оны 11 сард 30 хоног ажиллах байснаас 19 өдөр, 2018 оны 12 сард 31 өдөр ажиллах байснаас 20 өдөр, 2019 оны 01 сард 31 өдөр ажиллах байснаас 22 өдөр тус тус ажиллаж нийт 107 хоног ажиллах байснаас 73 хоног ажилласан байсан.

Ажлын цагийн ашиглалтын байдлаар удаа дараа шаардлага тавиад ахиц гараагүй тул 2019 оны 01 сараас эхлэн манай компани цаг бүртгэлийн нүүр унших системийг ашиглах болсон бөгөөд Г.Лхагважав өдөр бүр ажлаас хоцордог, хоцорч ирсэн ч эрт гарч явдаг зэрэг нь маш их байсан.

Г.Лхагважав нь манай компанийн талбайн инженер Л.Буянхишигийн нөхөр байсан учир шалтаг хэлж, мөнгө гуйх бүрт мөнгө өгч байсан ба нийт түүнд цалин болон гуйлтаар нь түүнд олгосон мөнгө нь 11 725 000 төгрөг болсон байна. Нийт 73 хоног ажилласан, нэг өдрийн хөлсийг 100 000 ( сарын цалин 3 000 000 төгрөг, сард 30 хоног ажиллана гэж тооцон) төгрөгөөр бодоход нийт 7 300 000 төгрөг төлөхөөр тооцоо гарч байна.

Иймд манай байгууллагаас Г.Лхагважавд ажлын хөлсөнд илүү төлсөн 4 425 000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжилж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Гэрэлт жим ХХК-ийн ажилчдад тараах ёстой байсан мөнгө болон огт үндэслэлгүй зээл, аваагүй мөнгө, хүний дансаар хийсэн гэх зэрэг төлбөрийг нэхэмжилсэн байна. Үүнд 2018-10-18 өдөр дансанд орсон 1 200 000 төгрөг, бусдын уалинд шилжүүлсэн 395 000 төгрөг, аваагүй 2 888 000 төгрөг тооцогдоод байна. 200 000 төгрөгийг өөр хүний данс руу шилжүүлж, намайг авсан гээд байгаа.Иймд Гэрэлт жим ХХК-иас гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ажлын хөлсийг хоногоор тохироогүй, тогтмол хөлс тохирсон гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгээр хийсэн тохиролцоо, зохигчийн харилцах дансны дэлгэрэнгүй хуулга, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, нэхэмжлэгчид олгосон мөнгөний жагсаалт, мөнгө шилжүүлсэн баримтууд, хариуцагчийн дансны хуулга, ажлын цагийн хүснэгт, кассын зарлагын баримтууд, цалингийн хүснэгтүүд, зээлийн гэрээ, фидуцийн гэрээ, шаардлага, барилга угсралтын ажлын тоо хэмжээ, нийт үнийн дүн, гүйцэтгэлийн хэмжээ, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, ажлын цагийн ирцийн нэгтгэл, доголдлын фото зураг, засварын ажлын төсөв, тушаал, хөдөлмөрийн дотоод журам, барилга угсралтын ажил гүйцэтгэсэн тэмдэглэлд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч О.Хосбайрын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

     ҮНДЭСЛЭХ НЬ: 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь хариуцагч Гэрэлт жим ХХК-ийн гүйцэтгэгчээр ажиллах болсон Баянзүрх дүүрэг, 12-р хороонд барих 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажилд өөрийн 15 хүнтэй бригадыг удирдан ажиллуулах,үүний төлөө нэг сард авах ажлын хөлсийг 3 000 000 төгрөг байхаар компанийн ажилтан Д.Сүрэнжавтай тохирч, 2018-10-18 өдрөөс ажлаа эхэлж, 2019-02-01 өдрийг хүртэл хугацаанд ажил гүйцэтгэсэн талаар зохигч маргаангүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй ажлын хөлсний тохиролцоог бичгээр хийсний дараа хөдөлмөрийн гэрээ байгуулахаар шаардсан боловч нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзсан, ажиллуулагчид өөрийн мэдээллийг, мэргэжлийн бичиг баримтыг өгөхөөс татгалзсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч нь Баянзүрх дүүрэг, 12-р хороонд барих 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын угсралтын ажлыг гүйцэтгэхээр захиалагч Жунсон констракшн ХХК-тай тохирч, 2018-10-10 өдөр байгуулсан гэрээний үндсэн дээр уг барилгын ажлыг эхлүүлж, нэхэмжлэгчийн 15 хүнтэй бригадыг ажиллуулах, нэхэмжлэгчид бригадаа удирдаж ажиллуулсаны хөлсөнд сард/30 хоногт/3 000 000 төгрөгийг олгох, нэхэмжлэгчийн бригадаас 2018-10-18 өдөр ажилд ирсэн 9 хүний ажлын хөлсийг өдрөөр тус бүр тохирсон, дээрх барилгын зоорийн давхар, 1,2,3 давхрын угсралтын ажил хийгдсэн нөхцөлд нэмэлт урамшуулал олгохоор бичгээр тохирсон болохоо зохигч зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай тохирсон ажлыг гүйцэтгэхээр амаар тохирч, ажлын хөлсийг бичгээр тохиролцсон байх тул зохигч Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээг амаар байгуулсан байна.

Ажиллах хугацаанд нэхэмжлэгч ажлын хөлс 9 000 000 авах ёстойгоос 6 200 000 төгрөгийг авсан гэж, хариуцагч нэхэмжлэгчид 21 удаа дансаар болон бэлнээр, бараагаар 11 725 000 төгрөгийг өгсөн, одоо ажлын хөлс, урамшуулал өгөхгүй гэж тус тус маргаж байна.

Зохигчийн тайлбар, мэтгэлцээн, хэрэгт авагдсан нотлох баримтыг судлахад, нэхэмжлэгч түүнд мөнгө өгсөн тухай хариуцагчийн ирүүлсэн жагсаалт/Х.Х-35/-аас 2018-10-18 өдөр шилжүүлж өгсөн 1 200 000 төгрөгөөс 700 000 төгрөгийг бусдад өгөх ажлыг хөлсний урьдчилгаанд нэхэмжлэгчид шилжүүлсэн, хүний дансанд 2018-10-21 өдөр шилжүүлсэн гэх 200 000 төгрөгийг аваагүй, 395 000 төгрөг нь зориулалт нь бусдын цалин гэж байгаа, 2 888 000 төгрөгийг аваагүй гэж тайлбарлав.

Үүнээс 1 200 000 төгрөгөөс 500 000 төгрөгийг нэхэмжлэгч авсан болохыг, 395 000 төгрөгийг бусдад олгох цалинд шилжүүлсэн байгааг хариуцагч зөвшөөрч, 2888 000 төгрөгийг олгосон болохоо нотлохоор гэрч О.Хосбаяраас мэдүүлэг авхуулж, мөнгө олгосон 2019-02-01 өдөр нэхэмжлэгч эхнэрийн хамт зах явж, эцэг эхдээ цагаан сарын бэлтгэлд 700 000 төгрөг зарцуулсан гэж ярьсан бөгөөд үлдсэн 2 180 000 төгрөгийг дансандаа хийсэн байгаа баримтаар 2 888 000 төгрөгийг олгосон нэхэмжлэгчид болохоо нотлож байгаагаа тайлбарласан болно.

Нэхэмжлэгчээс гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх баримт ирүүлээгүй тул гэрч О.Хосбаяр Цагаан сарын өмнө, 2019-02-01 өдрийн шөнө цутгалт авсны дараа үүрээр цаг хоногийн талаар маргаж, оффис дээр нилээн юм болсон. Өглөө 5-6 цагийн үед Лхагважав нь Сүрэнжав, Нямсүрэн нараас мөнгө авсан. Тэр үеэр би бас цалинд 1 700 000 гаруй төгрөг авсан. Оффис том цонхтой, цонхны цаанаас намайг харж байхад Лхагважав боодол 20000-т, бас задгай 20000-туудтай авч байсан.Тэр үед нилээн хэдэн хүн байсан гэж мэдүүлсэн мэдүүлэг, Г.Лхагважав мөнгө авахаараа дансандаа тушаадаг нь харагддаг байсан, тэрээр дансандаа 2019-02-03 өдөр 2 180 000 төгрөгийг тушаасан байгаа нь манайхаас цалинд авсан мөнгө болохыг нотлоно гэсэн хариуцагч Д.Сүрэнжавын тайлбар нэхэмжлэгч Г.Лхагважав 2019-02-03 өдөр дансандаа 2 180 000 төгрөг тушаасан баримтаар хариуцагч нь 2019-02-01 өдөр нэхэмжлэгчид цалин 2 888 000 төгрөг ийг олгосон болохыг нотлогдож байна гэж үзэв.

Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас 2018-10-18 өдөр авсан 1 200 000 төгрөгөөс 700 000 төгрөгийг, 2018-10-21 өдөр дансаар хүний дансаар 200 000 төгрөг шилжүүлүүлсэн гэх 200 000 төгрөг, 2018-11-05 өдөр шилжүүлсэн 395 000 төгрөгийг хариуцагч нотлоогүй тул хариуцагчаас бэлнээр болон, дансаар шилжүүлж өгсөн гэх 11 750 000 төгрөгөөс 10430 000 төгрөгийг нэхэмжлэгч цалинд авсан байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч ажиллах хугацаандаа ажиллавал зохих нийт 116 хоногоос 73 хоног ажилласан тооцоог хариуцагч баримтаар ирүүлсэн боловч ажиллах хугацаанд шөнийн цагаар авсан 5 удаагийн бетон зуурмаг цутгалтын 4 удаагийнх дээр нэхэмжлэгч байсан нь тогтоогдож байгаа тул 4 шөнө ажилласны маргааш амрах шаардлагатай гэж шүүх үзэж, ажил тасалсан хоногоос эдгээр 4 хоногийг хасч, ажилласан хоногийг 77 хоногоор тооцоход Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч 7 700 000 төгрөгийн хөлс авах эрхтэй байна.

Иймээс хариуцагч нь илүү олгосон хөлс 2 730 000 төгрөгийг нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.3 дахь хэсэгт заасны дагуу буцаан шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас барилгын суурийн давхар, нэг, хоёр давхрын ажлыг гүйцэтгэсний урамшуулалд 5 000 000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа бөгөөд хариуцагч нь Жунсон констракшн ХХК-тай байгуулсан сургуулийн барилгын угсралтын суурийн 1660,5 м.кв талбайн, 116 235 000 төгрөгийн, нэг давхрын 1284 м.кв талбайн 89 880 000 төгрөгийн, хоёр давхрын 1285,5 м.кв талбайн 89 775 000 төгрөгийн ажил гүйцэтгэхээр захиалагчтай тохирсон байгаагаас 2019-05-14 өдрийн байдлаар суурийн давхрын ажлын 69 хувийг, нэг давхрын ажлын 59,3 хувийг, 2 давхрын ажлыг 59.1 хувийг/х.х-67,68/ хийсэн, бусдыг нь Монметалл товер ХХК, Жунсон констракшн ХХК хийж гүйцэтгэсэн болох нь 2019-05-14 өдөр гаргасан гүйцэтгэлийн баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч тохирсон ажлаа бүрэн хийгээгүй, ажиллах хоногууддаа бүрэн ажиллаагүй, 2019-02-01 өдрөөс хойш ажлаа орхисон, барилга угсралтын ажлын В блокыг огт хийгээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон тул уг ажлыг зураг төслийн дагуу бүрэн хийсэн нөхцөлд олгохоор тохирсон урамшууллыг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн   60.1, дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 139 750 төгрөг, сөрөг нэхэмжлэл гаргахад хариуцагч төлсөн 85 750 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс 53 850 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Гэрэлт жим ХХК, Д.Сүрэнжав нараас ажлын хөлс, урамшуулалд 7 800 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Лхагважавын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Г.Лхагважаваас 2 730 000 төгрөгийг гаргуулан хариуцагч Гэрэлт жим ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 1 695 000 төгрөгийг нэхэмжэгчээс шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.