| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 102/2018/00638/и |
| Дугаар | 1868 |
| Огноо | 2019-11-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 1868
Х.Э-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/01821 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Х.Э-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ЭК” ХХК болон М.Н-д холбогдох
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай үндсэн, орон сууцнаас албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Батцэцэг, хариуцагч “Экоконстракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, Э.Сайнсанаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.
Нэхэмжлэгч Х.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянгол дүүрэг, 4 хороо, Голден парк хотхон, 302 байр, 16 тоот орон сууцыг худалдан авахдаа “ЭК" ХХК-тай шууд харилцаагүй бөгөөд тухайн үед уг компанид барилгын материал нийлүүлж, бартераар орон сууц авдаг байсан “НМБЦЭ” ХХК, түүний захирал М.Н-тай холбогдож авсан юм. “НМБЦЭ” ХХК, түүний захирал М.Н- 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр “Экоконстракшн” ХХК-тай Бараа нийлүүлэх 02/20120528 тоот гэрээг, 2012 оны 5 сарын 29-ны өдөр Орон сууцны барилга худалдах, худалдан авах 0001309 тоот гэрээг байгуулсан. 02/20120528 тоот гэрээний 2.1-д Баянгол дүүргийн 4 хороо, Голден парк хотхон, 302 байр, 16 тоот 43м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэгж талбарын үнийг 1.499.000 төгрөгөөр тооцон, нийт 64.457.000 төгрөгөөр нийлүүлэхээр талууд харилцан тохиролцов гэж заасан байдаг. Улмаар миний бие дээрх тохиролцооны дагуу “НМБЦЭ” ХХК, захирал М.Н-д 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 21.000.000 төгрөг, 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 42.500.000 төгрөг, 2014 оны 8 сард 6.000.000 төгрөг, нийт 69.500.000 төгрөг хүлээлгэн өгч, “НМБЦЭ” ХХК буюу М.Н-гийн нийт нийлүүлсэн бараа, материалын үнээс “Экоконстракшн” ХХК нь 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр миний орон сууцны төлбөрийн 64.457.000 төгрөгийг хааж тооцоог дуусгасан. Тухайн үед “Экоконстракшн” ХХК-ийн орон сууцны барилга баригдсан газартай холбоотой маргаан үүссэний улмаас Улсын бүртгэлийн байгууллага орон сууцны гэрчилгээг айл өрхүүдэд гаргаж өгөхгүй байсан. “Экоконстракшн” ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээрээ гаргаж, надад орон сууцны төлбөрөө төлөөгүй учир уг орон сууцыг чөлөөлөх талаар мэдэгдэл өгч эхэлсэн. Үүнээс өмнө орон сууцтай холбоотой ямар нэг маргаан үүсдэггүй байсан. Иймд Иргэний хуулийн 106.2-т зааснаар улсын бүртгэлийн Ү-2205060444 дугаар бүхий Баянгол дүүрэг, 4 хороо, 10 хороолол, Голден парк хотхон, 302 байр 16 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаа “Экоконстракшн” ХХК болон М.Н-д холбогдуулан, харин өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг миний нэр дээр гаргахыг даалгах шаардлагаа “Экоконстракшн” ХХК-д холбогдуулан гаргаж байна гэжээ.
Хариуцагч “ЭК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, Э.Сайнсанаа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манайх “НМБЦЭ” ХХК-ийн захирал М.Н-тай 2009, 2011, 2012 онуудад тус тус бараа нийлүүлэх гэрээг байгуулсан бөгөөд М.Н-, “НМБЦЭ” ХХК нь манайд барилгын материал нийлүүлэх, манайх төлбөр тооцоог бартерийн журмаар буюу орон сууц, автомашин өгөхөөр 2 тал хүсэл зоригоо илэрхийлэн, хүчин төгөлдөр гэрээ байгуулан хамтран ажиллаж байсан. Талуудын хооронд 2009 оноос 2012 онд байгуулсан гэрээнүүдийн 1 болох 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан 02/20120528 тоот гэрээний 2.1-д заасны дагуу “Экоконстракшн” ХХК нь 501.475.000 төгрөгийн үнэтэй 6ш орон сууц, 81.000.000 төгрөгийн үнэ бүхий 6 ш автомашиныг “НМБЦЭ” ХХК-д хүлээлгэн өгөх, 1.1-д заасны дагуу “НМБЦЭ” ХХК нь нийт 835.200.000 төгрөгийн үнэ бүхий цементийг “Экоконстракшн” нийлүүлж дуусгах үүргийг хүлээсэн байдаг ч “НМБЦЭ” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. “НМБЦЭ” ХХК болон М.Н- нь дээрх гэрээнүүдийн үүргийн дагуу манайд нийт 1.049.557.177 төгрөгийн бараа нийлүүлснээс хугацаандаа нийлүүлээгүйн алданги 72.544.546 төгрөгийг суутгаж, 945.922.112 төгрөгийн бараа нийлүүлсэн. 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн тооцоо нийлсэн актаар “НМБЦЭ” ХХК, Наранбаа нь “ЭК” ХХК-д нийт 492.391.709 төгрөгийн өртэй тул манайх нэхэмжлэл гаргаж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1979х дугаар шүүгчийн захирамж гарсан. Х.Э-гийн нэхэмжлэлд дурдсан Баянгол дүүргийн 4 хороо, Голден парк хотхон, 302 байр, 16 тоот орон сууцыг “Экоконстракшн” ХХК нь гэрээнүүдийн дагуу М.Н-, “НМБЦЭ” ХХК-ийн эзэмшилд өгсөн бөгөөд М.Н-, “НМБЦЭ” ХХК нь гэрээний үүргээ үл биелүүлэн төлбөрийг төлөөгүй тул “Экоконстракшн” ХХК гэрээний дагуу өмчлөх эрхийн улсын гэрчилгээг гаргаж өгөх үүрэг үүсээгүй. Манайх Х.Э-тэй ямар нэг эрх зүйн харилцаанд орж гэрээ хэлцэл байгуулаагүй, нэхэмжлэгч нь орон сууц худалдах, авахаар тохиролцсон тохиролцоо нь иргэн Наранбаа, “НМБЦЭ” ХХК-ийн хооронд байгуулагдсан байх тул нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Н- шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Санчир шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Экоконстракшн” ХХК-тай 2009 оноос хойш нийт 5 удаагийн Бараа нийлүүлэх гэрээ байгуулж байсан. Бараа нийлүүлэх гэрээнүүдээр дараах 12 орон сууцны барилгыг нийт 1.054.999.032 төгрөгөөр барилга худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, миний бие эрхийнхээ дагуу цааш нь борлуулсан иргэдэд “Экоконстракшн” ХХК актаар хүлээлгэн өгсөн. Энэ талаараа ч “Экоконстракшн” ХХК 2013 онд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тодорхой дурдсан. Х.Э- бидний хувьд танилын харилцаатай хүмүүс ба миний бие тухайн үед хийж байсан бизнесээсээ шалтгаалаад 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 21.000.000 төгрөгийг Х.Э-гээс зээлийн гэрээ байгуулан авч байсан. Голден парк хотхоны 302-2-16 тоот орон сууцтай холбоотой 64.457.000 төгрөгийн төлбөрийг би “Экоконстракшн” ХХК-д гэрээний дагуу барилгын бараа, материалаар 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төлж дуусган хаасан. Тэгээд 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Х.Э-гээс нэмж 42.500.000 төгрөгийг авсан бөгөөд өмнөх зээлсэн мөнгөө орон сууцны төлбөрт тооцохоор харилцан тохиролцож, орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгч, “Экоконстракшн” ХХК 2013 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Х.Э-гийн гэрт очиж байрыг нь хүлээлгэн өгч акт үйлдэхэд түүний төрсөн дүү Х.Энхтүвшин гарын үсэг зурж баримт үйлдсэн байдаг. Өөрөөр хэлбэл “ЭК” ХХК маргаж байгаа орон сууцны төлбөр тооцооны асуудал үүсч, Х.Э- гэж хүн надаас дамжуулан худалдан авсан, тухайн үед тус орон сууцанд түүний гэр бүл амьдарч байсныг хүлээн зөвшөөрч хүлээлгэн өгсөн байдаг. “ЭК” ХХК 492.391.709 төгрөг гаргуулахаар 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа М.Н- болон “НМБЦЭ” ХХК-д 151.000.000 төгрөгийн үнэ бүхий 7ш тээврийн хэрэгсэл, 1.163.836.170 төгрөгийн үнэ бүхий 12ш орон сууцыг хүлээлгэн өгсөн гэж нэхэмжилсэн. Улмаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1979х дугаар шүүгчийн захирамжаар зохигчид эвлэрснийг баталж, 410.000.000 төгрөгт эвлэрч М.Н- болон “НМБЦЭ” ХХК 110.000.000 төгрөгийг бэлнээр, 300.000.000 төгрөгт барилгын бараа материалыг нийлүүлэхээр эвлэрснийг баталгаажуулсан. Өнөөдрийн байдлаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа НШШГГ-т явагдаж байгаа, шийдвэрт шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар дээрх 12 орон сууцны аль нэг дээр ямар нэг арга хэмжээ авагдахаар тусгагдаагүй. Миний бие Х.Э-гийн орон сууцны үнийг “Экоконстракшн” ХХК-д бүрэн төлсөн бөгөөд “Экоконстракшн” ХХК ч тухайн үед үүнийг хүлээн зөвшөөрч Х.Э-д орон сууцыг хүлээлгэн өгч акт үйлдсэн гэжээ.
Хариуцагч “ЭК” ХХК-иас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх “НМБЦЭ” ХХК, түүний захирал М.Н-тай байгуулсан гэрээний дагуу Голден парк хотхон, 302 байр, 16 тоот, 2 өрөө орон сууцыг 2012 онд “НМБЦЭ” ХХК-д хүлээлгэн өгсөн бөгөөд 2012 оноос өнөөдрийг хүртэл Х.Э- төлбөр нь төлөгдөөгүй манай өмчлөлийн орон сууцанд амьдарч байна. Манайхаас удаа дараа орон сууцыг чөлөөлж өгөхийг мэдэгдсэн ч Х.Э- тухайн орон сууцыг чөлөөлж өгөлгүй манай өмчлөх эрхийг зөрчиж байна. Иймд манай өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205060444 дугаартай, Баянгол дүүрэг, 4 хороо, Голден парк хотхон, 302 байр, 16 тоот, 2 өрөө орон сууцнаас Х.Э-г албадан гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, М.Н- нь хариуцагчтай маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөд гэрээ байгуулан нэхэмжлэгчээс төлбөрийг авч хариуцагчид төлж дууссан, энэ талаар тодорхой мэдэж байсан. Нэхэмжлэгч нь хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой “НМБЦЭ” ХХК буюу захирал М.Н-тай эрх зүйн харилцаанд орсон гэж тодорхойлж байх бөгөөд өмнө нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэдгээр тайлбарлан маргаж байна гэжээ.
Хариуцагч М.Н-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Санчир сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Экоконстракшн” ХХК нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2014 оны 1979Х тоот шийдвэрээр Х.Э-гийн орон сууцны төлбөрийг шийдвэрлүүлсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байсаар байтал, одоо дахин шүүхэд Х.Э-г маргаан бүхий орон сууцнаас албадан гаргах сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь “Экоконстракшн” ХХК-ийг үндэслэлгүй хөрөнгөжихийг хүсэж байгааг илтгэж байна. Би гэрээний дагуу Голден парк хотхон, 302-2-16 тоот орон сууцны үнийг Экоконстракшн ХХК-д төлсөн бөгөөд энэ нь өмнө нь шийдвэрлэсэн шүүхийн шийдвэртэй, нэхэмжлэгч надад төлбөрийг төлж дуусгасан нь баримттай, үүнийг тус орон сууцыг хүлээлгэж өгсөн акттай байхад өөрсдөөсөө шалтгаалж, гэрчилгээг гаргахгүй удаашруулж байхад Х.Э- шүүхэд хандаагүйнх нь төлөө өнөөдөр өөрсдийн нэр дээр гэрчилгээг гаргуулан авчаад орон сууцыг чөлөөлөх нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. “Экоконстракшн” ХХК яг ийм үндэслэлээр миний бартераар 46.469.000 төгрөгийг төлж иргэн Н.Эрдэнэчимэг худалддан авсан Голден парк хотхон, 302-5-57 тоот орон сууцны гэрчилгээг 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өөрийнхөө нэр дээр гаргуулан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүх 2016 оны 8 дугаар сарын16-ны өдрийн 509 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гэрчилгээ гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангасан гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан “ЭК” ХХК болон Шарагчин овогтой Мягмарын Наранбаа /РД:РП76062818/ нарт холбогдох, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, “Экоконстракшн” ХХК-д холбогдох өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай Еншөбү овогтой Халтарын Эрдэнэбүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Х.Э-гийн хууль бус эзэмшлээс Баянгол дүүргийн 4 хороо, 10 хороолол, Голден парк хотхоны 302 байр, 16 тоот, 43м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200, хариуцагчаас төлсөн 70.200 төгрөгийг тус тус орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан, хариуцагч “Экоконстракшн” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Х.Э- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх эх хувиараа байх нотлох баримтыг яагаад М.Н-тай тооцоо нийлсэн актаас хойш гэж талбарлаж, мөн “Экоконстракшн” ХХК-ийн өглөгийн үлдэгдэл 64.457.000 төгрөг буюу түүнийг харилцагч гэх хэсэгт Гол-302-016 байр луу хаав гэж тодорхой бичигдсэн, 43 м.кв хаасан, НӨАТ олгосн гэж тэмдэглэсээр байтал үндэслэлгүйгээр тайлбарласанд гомдолтой байна. “НМБЦЭ” ХХК нь “Экоконстракшн” ХХК-д зөвхөн бараа материал нийлүүлдэг байсан. Гэрээний үүргээ зөрчсөнөөр “Экоконстракшн” ХХК нь НМБЦЭ ХХК болон М.Н- нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1979х дугаар шүүгчийн захирамжаар 410.000.000 төгрөг төлөхөөр эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Талууд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгааг талаар маргадаггүй. Маргаан бүхий орон сууцтай холбоотой өмнөх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байсаар байтал дахин “Экоконстракшн” ХХК-ийг өмчлөгч гэж тооцон суллаж өгөх шаардлагыг нь хангаж шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.
Нэхэмжлэгч Х.Э- нь “Экоконстракшн” ХХК-д холбогдуулж Баянгол дүүргийн 4 хороо, 10 хороолол, Голден парк хотхоны 302 байр, 16 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х.Э- нь М.Н-г гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэж захирамж гаргасан гэх боловч уг захирамж хэрэгт авагдаагүй тул анхан шатны шүүхийн явуулсан ажиллагаа хуульд нийцсэн эсэх талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэх боломжгүй байхаас гадна хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7, 29 дүгээр зүйлийн 29.3 дах хэсэгт заасан хүсэлт гаргах эрхийг эдлүүлээгүй гэж үзнэ.
Мөн шүүх М.Н-г хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан боловч уг ажиллагаа нь хэргийн нөхцөл байдалд болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3 дах хэсэгт тус тус нийцээгүй байна.
Шүүх “...нэхэмжлэгч болон хариуцагч М.Н- нарын шаардаж буй үндэслэл болон татгалзлын үндэслэлийг ...нэг байр сууринаас тайлбарлаад байгаа нь зөрчилтэй...” гэсэн дүгнэлтийг хийсэн нь дээрх байдлаар хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тогтоож чадаагүйтэй холбоотой.
Ийм учраас анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тогтоож чадаагүйн улмаас талуудын хоорондын эрх зүйн харилцааг үндэслэлтэй тодорхойлж, улмаар хуулийг зөв хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан “шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй” үндэслэлд хамаарч байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно.
Нөгөө талаар шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасныг зөрчсөн байна.
Нэхэмжлэгчийн нотлох баримтаар хэрэгт хавсаргасан өглөг авлагын дэлгэрэнгүй тайланг гаргасан Ц.Нямгэрэлийг гэрчээр асуулгах хүсэлтийг хариуцагч талаас, бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байдлаар хэрэгт хавсаргасан орон сууц хүлээлгэн өгсөн гэх баримтад гарын үсэг зурсан Х.Энхтүвшинг гэрчээр асуулгах хүсэлтийг нэхэмжлэгч талаас тус тус гаргасан хэрэгт ач холбогдолтой байж болохоор байхад эдгээр хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргах эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дах хэсэгт заасан үндэслэл болно.
Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл аль аль нь эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэл байхад шүүх тэдгээрт 70 200 төгрөг төлүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 63 дугаар зүйлийн 63.1.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус нийцээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/01821 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ
Н.БАТЗОРИГ