Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/01117

 

 Х.Эрдэнэбүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/02215 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2235 дугаар магадлалтай,

 Х.Эрдэнэбүрэнгийн нэхэмжлэлтэй

Эко констракшн ХХК, М.Наранбаа нарт холбогдох

 Орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох, тус байрны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2015.09.30-ны өдрийн Ү-2205060444 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 Орон сууцнаас албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгч Х.Эрдэнэбүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Эрдэнэбүрэн, хариуцагч Эко констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайнсанаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 1. Нэхэмжлэгч Х.Эрдэнэбүрэнгээс Эко констракшн ХХК, М.Наранбаа нарт холбогдуулан орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох, тус байрны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2015.09.30-ны өдрийн Ү-2205060444 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, орон сууцнаас албадан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/02215 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 89.3, 112 дугаар зүйлийн 112.1, 114 дүгээр зүйлийн 114.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар Баянгол дүүргийн 4 хороо, Голден парк хотхоны 302 байрны 16 тоот, 43м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны эзэмшигчээр Х.Эрдэнэбүрэнг тогтоож, тус байрны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2015.09.30-ны өдрийн Ү-2205060444 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг хариуцагч Экоконстракшн ХХК, М.Наранбаа нарт даалгаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Х.Эрдэнэбүрэнд холбогдох Баянгол дүүргийн 4 хороо, Голден парк хотхоны 302 байрны 16 тоот, 43м2 талбай бүхий 2 өрөө орон сууцнаас албадан гаргуулахыг хүссэн Экоконстракшн ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Экоконстракшн ХХК-иас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2235 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/02215 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Х.Эрдэнэбүрэнгийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 302 дугаар байрны 16 тоот, 43 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны эзэмшигчээр Х.Эрдэнбүрэнг тогтоолгож, тус байрны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Ү-2205060444 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг хариуцагч Эко констракшн ХХК, М.Наранбаа нарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгч Х.Эрдэнэбүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасныг үндэслэн гомдол гаргаж байна.

Магадлалын хянавал хэсэгт ...Эко констракшн ХХК, НМБЦЭ ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан цементээр автомашин, орон сууцыг харилцан солилцож, өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн харилцааны гэрээ байгуулагдсан байна. ...тохиролцсоноос үзвэл арилжааны гэрээндээ Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт болзол тавьж хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлтэй... гэжээ.

02/20120528 тоот Бараа нийлүүлэх гэрээ-ний Ерөнхий зүйл гэсэн хэсэгт талууд гэрээний нөхцөлөө харилцан тохиролцож, Иргэний хуулийн 243-261 дүгээр зүйлийг үндэслэл болгон уг гэрээг байгуулсан байдаг. Дээрх гэрээний 2.1-д заасан орон сууцны 5-д маргаан бүхий Баянгол дүүргийн 4-р хороо, Голден парк хотхоны 302-р байрны 2-16 тоот 43 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэгж талбайн үнийг 1,499,000 төгрөгөөр тооцон, нийтдээ 64,457,000 төгрөгөөр тогтоож энэхүү гэрээнд ямар нэгэн алданги, торгууль тусгагдаагүй байдаг. Улмаар Эко констракшн ХХК М.Наранбаа нар хоорондоо 2012.05.29-ны өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээндээ алдангийн зохицуулалт тусгаж худалдан авснаар түүний эзэмшилд шилжүүлэн өгснийг хариуцагч Эко констракшн ХХК зөвшөөрсөн байдаг.

Өөрөөр хэлбэл дээрх хоёр гэрээний талууд анх бичгээр гэрээ байгуулахдаа гол нөхцөлөө харилцан тохиролцож, Иргэний хуулийн Худалдах худалдан авах гэрээний зохицуулалтаар хоорондын харилцаагаа тодорхойлж, үйл ажиллагаагаа явуулж ирсэн нь тов тодорхой, мөн энэ талаар талууд шүүх дээр маргаагүй байхад давж заалдах шатны шүүх өөрийн санаачилгаараа болзол тавьж хийсэн хэлцэл, арилжааны гэрээ гэж дүгнэж байгаад гомдолтой байна.

Магадлалын хянавал хэсэгт Арилжааны гэрээгээр тохирсон болзол биелэгдээгүй, хариуцагч НМБЦЭ ХХК нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Эко констракшн ХХК-иас эзэмшлийг шилжүүлэн өгсөн маргааны зүйл болох орон сууцны өмчлөх эрхийг НМБЦЭ ХХК болон М.Наранбаа нарт шилжүүлэн өгөх үүрэг үүсээгүй. Өөрөөр хэлбэл уг гэрээний үүргээ нэг тал нь биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэр гарч, уг шийдвэр биелэгдээгүй, гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болоогүй нөхцөлд НМБЦЭ ХХК болон М.Наранбаа нарт өмчлөх эрх үүсэх боломжгүй... гэжээ.

Мэдээж давж заалдах шатны шүүх арилжааны гэрээгээр тохирсон болзол тавьж хийсэн хэлцэл гэж дүгнэсэн учраас М.Наранбаад өмчлөх эрх үүсээгүй гэж үзэх нь тодорхой боловч дараах нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнээгүй байдаг.

Тухайлбал хх-118-119 дэх талд авагдсан тооцоо, тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтуудад маргаан бүхий орон сууцны үнэ багтсан, түүний үнийг төлөхөд алданги тооцогдсон, мөн хх-120 дахь талд авагдсан Эко констракшн ХХК-ийн 2013.09.27-ны өдрийн нэхэмжлэлийн үндэслэл нь талуудын хооронд байгуулагдсан 2013.05.01-ны өдрийн Тооцоо нийлсэн актын дагуу шаардлага гаргасан байдгийг анхаарч үзээгүй.

Эко констракшн ХХК болон НМБЦЭ ХХК, М.Наранбаа нарын хооронд 2009-2013 оны хугацаанд байгуулагдсан Бараа нийлүүлэх 5ш гэрээ болон Орон сууц худалдах-худалдан авах 12ш гэрээ, нийт 17ш гэрээнүүдийг Тооцоо нийлсэн актаар өгсөн авсан зүйлээ нэгтгэж түүнийхээ дагуу шүүхдэж хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гараад, өнөөдөр НМБЦЭ ХХК болон М.Наранбаа нь Эко констракшн ХХК-д төлбөр төлөгчөөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа гэдгийг дүгнээгүй байна.

Өөрөөр хэлбэл Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 1979х тоот шийдвэр нь 02/20120528 тоот Бараа нийлүүлэх гэрээ, 00001309 тоот Орон сууц худалдах худалдан авах гэрээг дүгнээд маргаан бүхий орон сууцнуудын төлбөрийн үлдэгдэл 410,000,000 төгрөгийг НМБЦЭ ХХК болон М.Наранбаа нарыг Эко констракшн ХХК-нд төлнө гэсэн хүчин төгөлдөр шийдвэр гарчихаад байхад давж заалдах шатны шүүх болзол тавьж хийсэн арилжааны гэрээ гэж дүгнэн дээрх хоёр гэрээний үүрэгтэй холбоотой маргаан анх удаа шүүхээр хэлэлцэгдэж байгаа мэтээр дахин нотолж шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Мөн уг шүүхийн шийдвэр биелэгдээгүй гэж дүгнэсэн байх бөгөөд энэ талаар хавтаст хэрэгт авагдсан баримт байхгүй, харин талууд шүүхийн шийдвэр хэсэгчлэн биелэгдэж байгаа гэдгийг амаар тайлбарладаг бөгөөд шүүхээр шийдвэрлэгдсэн гэрээний үүрэг дуусгавар болоогүй учир НМБЦЭ ХХК болон М.Наранбаа нарт өмчлөх эрх үүсэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Магадлалын хянавал хэсэгт Хариуцагч Эко констракшн ХХК нь маргаан бүхий орон сууцны барилгыг захиалан бариулж, өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэргийн нэгдүгээр хавтасны 48,196 тал дахь баримтаар тогтоогдсон тул хариуцагч Эко констракшн ХХК-ийн эд хөрөнгийг өмчлөх эрх нь Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-д заасан улсын бүртгэлд үндэслэгдсэн байна... гэжээ.

Эко констракшн ХХК нь маргаан бүхий орон сууцыг өөрөө барьсан барилгын компани, хх-11-13 дахь талд авагдсан баримтаар Эко констракшн ХХК худалдагч, М.Наранбаа нь худалдан авагч гэдэг нь тов тодорхой харагддаг бөгөөд 2014 онд 1979х тоот шүүхийн шийдвэрээр М.Наранбаа нь уг орон сууцны үнийг төлсөн байхад, 2015 онд Эко констракшн ХХК нь өөрийнхөө нэр дээр гаргуулж авсныг зөвтгөж өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Магадлалын 3-р хуудас ...Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1; 106.2 дахь заалтыг баримтлан Эко констракшн ХХК болон М.Наранбаа нарт холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Эко констракшн ХХК-нд холбогдох өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг даалгах тухай Х.Эрдэнэбүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Х.Эрдэнэбүрэнгийн хууль бус эзэмшлээс Баянгол дүүргийн 4-р хороо, Голден парк хотхоны 302-р байрны 2-16 тоот 43 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлж ... шийдвэрлэжээ... гэжээ.

Үүнээс үзэхэд давж заалдах шатны шүүх нь энэхүү хэргийн нэхэмжлэлийн шаардлага, мөн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруу ойлгож шийдвэрлэсэн нь энэхүү магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй бас нэг үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 89.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн Эко констракшн ХХК нь маргаан бүхий Баянгол дүүргийн 4-р хороо, Голден парк хотхоны 302-р байрны 2-16 тоот 43 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2013 онд Х.Эрдэнэбүрэнд хүлээлгэж өгсөн нь талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлангаар тус орон сууцны үнийг төлсөн баримт, Х.Эрдэнэбүрэн нь 2013 оноос хойш 7 жил тус орон сууцанд амьдарч байгаа зэргийг үндэслэн нэхэмжлэгчийг шударга эзэмшигчээр тогтоож, мөн Иргэний хуулийн 112.1. 114.1. 109.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн 2014 оны 1979х тоот шүүхийн шийдвэрээр М.Наранбаа нь Эко констракшн ХХК-нд маргаан бүхий орон сууцны үнийг төлж, шилжүүлэн авсан нь эцэслэн шийдвэрлэгдсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй байх тул гэрчилгээнд өөрчлөлт оруулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байдаг.

Түүнчлэн нэг үл хөдлөх хөрөнгийг хоёр удаа Эко констракшн ХХК-нд олгохоор, өөрөөр хэлбэл эхний буюу 1979х тоот шүүхийн шийдвэрээр төлбөрийг нь гаргуулахаар, хоёр дахь буюу 2235 тоот магадлалаар орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэж байгааг ойлгохгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 6. Нэхэмжлэгч Х.Эрдэнэбүрэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...НМБЦЭ ХХК, захирал М.Наранбаад 2012 оны 03 дугаар сараас 2014 оны 08 дугаар сарын хооронд нийт 69,500,000 төгрөгийг хүлээлгэн өгч, Эко констракшн ХХК-иас НМБЦЭ ХХК-ийн хооронд байгуулсан бараа нийлүүлэх гэрээний үнэд бартераар шилжүүлсэн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 302 дугаар байр, 16 тоот 43 м.кв 2 өрөө орон сууцыг 2013 онд Наранбаагаас хүлээн авч, тооцоог дуусгасан. Тухайн үед Эко констракшн ХХК-ийн барилга баригдсан газартай холбоотой маргаан үүссэний улмаас Улсын бүртгэлийн газраас айл өрхүүдэд орон сууцны гэрчилгээг гаргаж өгөхгүй байсан. Эко констракшн ХХК 2015 онд орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр гарган авч, намайг уг орон сууцны төлбөр төлөөгүй гэж орон сууцыг чөлөөлөх мэдэгдэл өгч эхэлсэн. Иймд маргаж буй орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоож, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг хариуцагч нарт даалгаж өгнө үү... гэж тайлбарлаж, орон сууцны үнийг М.Наранбаад төлсөн тул хариуцагч Эко констракшн ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 Хариуцагч М.Наранбаа: ...Эко констракшн ХХК-тай байгуулсан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээр 12 ширхэг орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлж, хариуд нь бүтээгдэхүүн нийлүүлэхээр тохиролцсон, гэрээний дагуу орон сууцыг худалдах-худалдан авах гэрээгээр хүлээн авсан, Х.Эрдэнэбүрэнгээс 21,000,000 төгрөгийг зээлж, буцааж өгөх боломжгүй болоод Х.Эрдэнэбүрэнд байрны хэрэгцээ байсан тул маргаан бүхий байрыг 69,500,000 төгрөгөөр худалдахаар тохирч, өмнө зээлүүлсэн 21,000,000 төгрөгийг урьдчилгаанд тооцож, 2013.01.18-нд 42,500,000 төгрөг, 2014.08.06-нд 6,000,000 төгрөг, нийт 69,500,000 төгрөгийг авсан. Нэхэмжлэгч нь 2013.02.04-нд байрандаа орсон, Эко констракшн ХХК байрыг хүлээлгэж өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна... гэж,

 Хариуцагч Эко констракшн ХХК: ...манай компани М.Наранбаатай 2009 оноос хойш хамтран ажиллаж байсан, 2012.05.28-ны өдрийн гэрээгээр М.Наранбаа нь 5,760 тн цементийг нийлүүлэх, төлбөрт нь автомашин болон орон сууц шилжүүлэхээр тохиролцсон, эхний ээлжинд 3,264 тн цемент шилжүүлэхээс 1,545 тн цемент нийлүүлж, гэрээний үүргээ биелүүлээгүй тул урьдчилгаанд шилжүүлсэн орон сууцыг М.Наранбаагийн өмчлөлд шилжүүлж өгөөгүй, харин М.Наранбаа нь гэрээний заалтыг зөрчиж орон сууцыг Х.Эрдэнэбүрэнд шилжүүлсэн байна. Манай компани нэхэмжлэгчтэй ямар нэг гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргаж, М.Наранбаа нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй тул орон сууцны өмчлөгч биш, нэхэмжлэгчийн эзэмшил хууль бус тул орон сууцыг чөлөөлж өгнө үү... гэсэн сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 7. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Х.Эрдэнэбүрэнг маргаж буй Баянгол дүүргийн 4 хороо, Голден парк хотхоны 302 дугаар байрны 16 тоот 2 өрөө орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоож, тус байрны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг хариуцагч нарт даалгаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 8. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа: ...Эко констракшн ХХК-ийн НМБЦЭ ХХК-тай байгуулсан 2012.05.28-ны өдрийн бараа нийлүүлэх арилжааны гэрээ нь Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан болзол тавьж хийсэн хэлцэл гэж үзэх үндэстэй.

 Гэрээгээр тохирсон болзол биелэгдээгүй, хариуцагч НМБЦЭ ХХК нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Эко констракшн ХХК-иас шилжүүлэн өгсөн, маргааны зүйл болсон орон сууцны өмчлөх эрхийг НМБЦЭ ХХК болон М.Наранбаа нарт шилжүүлэн өгөх үүрэг үүсээгүй тул дээрх орон сууцыг М.Наранбаагаас шилжүүлэн авсан Х.Эрдэнэбүрэнг хууль ёсны эзэмшигчээр тогтоох үндэслэлгүй, улмаар улсын бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй.

 Мөн хариуцагч Эко констракшн ХХК маргаан бүхий орон сууцыг захиалан бариулж, 2015 онд улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн хууль ёсны өмчлөгч мөн боловч нэхэмжлэгч Х.Эрдэнэбүрэн дээрх орон сууцыг эзэмшилдээ байлгах эрхийг гэрээний үндсэн дээр олж авсан байх тул түүний эзэмшлийг хууль бус гэх боломжгүй, орон сууцыг чөлөөлүүлэх шаардлагыг хангах үндэслэлгүй... гэж дүгнэжээ.

 9. Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр үйл баримтыг үндэслэл бүхий тодорхойлж, зохигчийн хооронд үүссэн харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

 10. Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ, арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил үйлчилнэ, худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 274.3, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус зохицуулсан.

 Эко констракшн ХХК, НМБЦЭ ХХК-иудын хооронд байгуулсан гэрээгээр НМБЦЭ ХХК бараа бүтээгдэхүүн буюу цемент бэлтгэн нийлүүлэх, Эко констракшн ХХК барааны үнийн урьдчилгаанд автомашин, орон сууц шилжүүлэх, гэрээний үүрэг биелэгдсэний дараа өмчлөх эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон тул талуудын хооронд арилжааны гэрээний эрхийн харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д нийцсэн гэж үзнэ.

 Харин М.Наранбаа, Х.Эрдэнэбүрэн нарын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг зөрчөөгүй.

 11. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Х.Эрдэнэбүрэнгийн орон сууцны эзэмшил хариуцагч М.Наранбаагийн өмнө хууль ёсны боловч өмчлөгч Эко констракшн ХХК-ийн хувьд хууль бус, харин өмчлөгчөөс М.Наранбаагийн эзэмшилд хуулийн дагуу шилжсэн тул тэрээр энэ үндэслэлээр Х.Эрдэнэбүрэнгийн эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхийг шаардах эрхгүй юм.

 Дурдсан үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

 12. Хариуцагч М.Наранбаад маргаж буй орон сууцны өмчлөх эрх үүсээгүй байхад тэрээр тус орон сууцыг нэхэмжлэгч Х.Эрдэнэбүрэнгийн эзэмшилд шилжүүлсэн, нэхэмжлэгчээс орон сууцны үнийг М.Наранбаад төлснийг М.Наранбаагаас Эко констракшн ХХК-д төлөх орон сууцны төлбөр төлөгдсөн гэж үзэх боломжгүй юм.

 13. НМБЦЭ ХХК, Эко констракшн ХХК-ийн хооронд байгуулсан 2012.05.28-ны өдрийн Бараа нийлүүлэх гэрээгээр гүйцэтгэгч НМБЦЭ ХХК гэрээгээр хүлээсэн 5,760 тн цементийг нийлүүлснээр гэрээний үүрэгт шилжүүлсэн орон сууцны өмчлөгч болох байсан боловч гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй байна.

 Улмаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2014.05.22-ны өдрийн №1979 дугаартай Эко констракшн ХХК-иас гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн орон сууцнуудын төлбөрийн үлдэгдэл төлбөр 410,000,000 төгрөгийг М.Наранбаа болон НМБЦЭ ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр биелэгдээгүй, биелэгдсэн эсэх нь тодорхойгүй байх тул ...шүүхийн шийдвэр гарсан боловч шүүхээр шийдвэрлэгдсэн гэрээний үүрэг дуусгавар болоогүй гэх үндэслэлээр М.Наранбаа, НМБЦЭ ХХК-д орон сууцны өмчлөх эрх үүсэхгүй... гэсэн дүгнэлт үндэслэлгүй гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй гэж үзнэ.

 14. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2235 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Х.Эрдэнэбүрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Х.Эрдэнэбүрэнгээс 2020.12.14-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Б.МӨНХТУЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН               Г.АЛТАНЧИМЭГ

              ШҮҮГЧИД               П.ЗОЛЗАЯА

                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                     Х.ЭРДЭНЭСУВД