Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2019/01821

 

2019 оны 9 сарын 04 өдөр              Дугаар 183/ШШ2019/01821                        Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э ХХК

Хариуцагч: Н / нарт холбогдох,

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай үндсэн, орон сууцнаас албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч М.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ХХХ орон сууцыг худалдан авахдаа Э" ХХК-тай шууд харилцаагүй бөгөөд тухайн үед уг компанид барилгын материал нийлүүлж, бартераар орон сууц авдаг байсан НМБЦЭ ХХК, түүний захирал М.Нтай холбогдож авсан юм. Өөрөөр хэлбэл НМБЦЭ ХХК, түүний захирал Э ХХК-д бараа материал нийлүүлж оронд 43м2 2 өрөө орон сууцыг 1м2-ыг 1,499,000 төгрөгт тооцож, нийт 64,457,000 төгрөгөөр авч байгаа тул та надад төлбөрийг төлж, би бараа материалыг Э ХХК-д нийлүүлж тооцоог дуусган танд уг орон сууцыг гаргуулж өгөх талаар санал тавьсныг би хүлээн зөвшөөрсөн. Үүний дагуу НМБЦЭ ХХК, түүний захирал М.Н 2012.05.28-ны өдөр Э ХХК-тай Бараа нийлүүлэх 02/20120528 тоот гэрээг, 2012 оны 5 сарын 29-ны өдөр Орон сууцны барилга худалдах, худалдан авах 0001309 тоот гэрээг байгуулсан. 02/20120528 тоот гэрээний 2.1-д Баянгол дүүргийн 4 хороо, Г хотхон, 302 байр, 16 тоот 43м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэгж талбарын үнийг 1,499,000 төгрөгөөр тооцон, нийт 64,457,000 төгрөгөөр нийлүүлэхээр талууд харилцан тохиролцов гэж заасан байдаг. Улмаар миний бие дээрх тохиролцооны дагуу НМБЦЭ ХХК, захирал М.Нд 2012 оны 3 сарын 22-ны өдөр 21,000,000 төгрөг, 2013 оны 01 сарын 18-ны өдөр 42,500,000 төгрөг, 2014 оны 8 сард 6,000,000 төгрөг, нийт 69,500,000 төгрөг хүлээлгэн өгч, НМБЦЭ ХХК буюу М.Нгийн нийт нийлүүлсэн бараа, материалын үнээс Э ХХК нь 2012 оны 11 сарын 06-ны өдөр миний орон сууцны төлбөрийн 64,457,000 төгрөгийг хааж тооцоог дуусгасан. Тухайн үед Э ХХК-ийн орон сууцны барилга баригдсан газартай холбоотой маргаан үүссэний улмаас Улсын бүртгэлийн байгууллага орон сууцны гэрчилгээг айл өрхүүдэд гаргаж өгөхгүй байсан. Э ХХК нь 2015.09.30-ны өдөр орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээрээ гаргаж, надад орон сууцны төлбөрөө төлөөгүй учир уг орон сууцыг чөлөөлөх талаар мэдэгдэл өгч эхэлсэн. Үүнээс өмнө орон сууцтай холбоотой ямар нэг маргаан үүсдэггүй байсан. Иймд Иргэний хуулийн 106.2-т зааснаар улсын бүртгэлийн Ү-2 дугаар бүхий Г хотхон, 302 байр 16 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаа Э ХХК болон М.Нд холбогдуулан, харин өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг миний нэр дээр гаргахыг даалгах шаардлагаа Э ХХК-д холбогдуулан гаргаж байна гэв.

 

Хариуцагч Э ХХК-иас шүүхэд болон төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манайх НМБЦЭ ХХК-ийн захирал М.Нтай 2009, 2011, 2012 онуудад тус тус бараа нийлүүлэх гэрээг байгуулсан бөгөөд М.Н, НМБЦЭ ХХК нь манайд барилгын материал нийлүүлэх, манайх төлбөр тооцоог бартерийн журмаар буюу орон сууц, автомашин өгөхөөр 2 тал хүсэл зоригоо илэрхийлэн, хүчин төгөлдөр гэрээ байгуулан хамтран ажиллаж байсан. Талуудын хооронд 2009 оноос 2012 онд байгуулсан гэрээнүүдийн 1 болох 2012.05.28-ны өдөр байгуулсан 02 тоот гэрээний 2.1-д заасны дагуу Э ХХК нь 501,475,000 төгрөгийн үнэтэй 6ш орон сууц, 81,000,000 төгрөгийн үнэ бүхий 6ш автомашиныг НМБЦЭ ХХК-д хүлээлгэн өгөх, 1.1-д заасны дагуу НМБЦЭ ХХК нь нийт 835,200,000 төгрөгийн үнэ бүхий цементийг Экоконстракшн нийлүүлж дуусгах үүргийг хүлээсэн байдаг ч НМБЦЭ ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. НМБЦЭ ХХК болон М.Н нь дээрх гэрээнүүдийн үүргийн дагуу манайд нийт 1,049,557,177 төгрөгийн бараа нийлүүлснээс хугацаандаа нийлүүлээгүйн алданги 72,544,546 төгрөгийг суутгаж, 945,922,112 төгрөгийн бараа нийлүүлсэн. 2013.05.01-ний өдрийн тооцоо нийлсэн актаар НМБЦЭ ХХК, Н нь Э ХХК-д нийт 492,391,709 төгрөгийн өртэй болохоо 2 талын эрх бүхий хүмүүс хүлээн зөвшөөрч төлбөрийг паркетан шал, хаалгаар төлж дуусгахаар харилцан тохиролцсон ч гэрээний үүргээ зөрчиж материалаа нийлүүлээгүй тул манайх НМБЦЭ ХХК болон М.Н нарт холбогдуулан 492,391,709 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх 2014.05.22-ны өдөр НМБЦЭ ХХК, М.Н нь Э ХХК-д 410,000,000 төгрөг төлөхөөр зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 1997 захирамж гарсан. Х.Эгийн нэхэмжлэлд дурдсан Баянгол дүүргийн 4 хороо, Г хотхон, 302 байр, 16 тоот орон сууцыг Э ХХК нь гэрээнүүдийн дагуу М.Н, НМБЦЭ ХХК-ийн эзэмшилд өгсөн бөгөөд М.Н, НМБЦЭ ХХК нь гэрээний үүргээ үл биелүүлэн төлбөрийг төлөөгүй тул Э ХХК гэрээний дагуу өмчлөх эрхийн улсын гэрчилгээг гаргаж өгөх үүрэг үүсээгүй. Манайх Х.Этэй ямар нэг эрх зүйн харилцаанд орж гэрээ хэлцэл байгуулаагүй, нэхэмжлэгч нь орон сууц худалдах, авахаар тохиролцсон тохиролцоо нь иргэн Н, НМБЦЭ ХХК-ийн хооронд байгуулагдсан байх тул нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч М.Н-аас шүүхэд болон төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие болон миний үүсгэн байгуулсан НМБЦЭ ХХК нь Э ХХК-тай 2009 оноос эхлэн хамтран ажиллаж ирсэн ба манайхаас тус компанид барилгын материал нийлүүлж, оронд нь орон сууцны барилга, тээврийн хэрэгсэл зэргийг авч бартераар үйл ажиллагаа явуулдаг байсан. Э ХХК-тай 2009 оноос хойш нийт 5 удаагийн Бараа нийлүүлэх гэрээ байгуулж байсан. 2011.05.16-ны өдрийн 01/20110516 тоот, 2011.10.27-ны өдрийн 01/20110516 тоот, 2011.10.27-ны өдрийн 01/20110516 тоот, 2012.03.21-ны өдрийн 01/20120321 тоот, 2012.05.28-ны өдрийн 02/20120528 тоот Бараа нийлүүлэх гэрээнүүдээр дараах 12 орон сууцны барилга худалдан авсан. Маршал хотхоны тоотыг 112,000,000 төгрөгт, 19 тоотыг 81,000,000 төгрөгт, 115-За тоотын үлдэгдэл 80,524,032 төгрөгт, 103-2 тоотыг 190,000,000 төгрөгт, Маршал хотхоны 106-тоотыг 163,300,000 төгрөгт, Г хотхоны 106-7 тоотыг 90,000,000 төгрөгт, 101-9 тоотыг 76,449,000 төгрөгт, 107-7 тоотыг 92,800,000 төгрөгт, 302-5-57 тоотыг 46,469,000 төгрөгт, 302-2-16 тоотыг 64,457,000 төгрөгт, Хаан суудал орон сууцны 1-31 тоотыг 68,900,00 төгрөгт, 86-8-81 тоотыг 58,000,00 төгрөгт, Нийт 1,054,999,032 төгрөгийн 12ш орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, миний бие эрхийнхээ дагуу цааш нь борлуулсан иргэдэд ЭХХК актаар хүлээлгэн өгсөн. Энэ талаараа ч Э ХХК 2013 онд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тодорхой дурьдсан. Х.Э бидний хувьд танилын харилцаатай хүмүүс ба миний бие тухайн үед хийж байсан бизнесээсээ шалтгаалаад 2012.03.22-ны өдөр 21,000,000 төгрөгийг Эгээс зээлийн гэрээ байгуулан авч байсан. Г хотхоны 302-2-16 тоот орон сууцтай холбоотой 64,457,000 төгрөгийн төлбөрийг би Э ХХК-д гэрээний дагуу барилгын бараа, материалаар 2012.11.06-ны өдөр төлж дуусган хаасан. Тэгээд 2013.01.18-ны өдөр Х.Эгээс зээлсэн 21,000,000 төгрөг дээрээ нэмж 42,500,000 төгрөгийг авсан бөгөөд өмнөх зээлсэн мөнгөө орон сууцны төлбөрт тооцохоор харилцан тохиролцож, орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгч, Э ХХК 2013.02.04-ны өдөр Х.Эгийн гэрт очиж байрыг нь хүлээлгэн өгч акт үйлдэхэд түүний төрсөн дүү Х.Энхтүвшин гарын үсэг зурж баримт үйлдсэн байдаг. Өөрөөр хэлбэл Э ХХК маргаж байгаа орон сууцны төлбөр тооцооны асуудал үүсч, Х.Э гэж хүн надаас дамжуулан худалдан авсан, тухайн үед тус орон сууцанд түүний гэр бүл амьдарч байсныг хүлээн зөвшөөрч хүлээлгэн өгсөн байдаг. Гэтэл НМБЦЭ ХХК болон миний бие Э ХХК-тай 2009-2013 оны хугацаанд Бараа нийлүүлэх түүний дагуу орон сууцны барилга, тээврийн хэрэгсэл худалдах галдан авах гэрээ байгуулж хүлээж авсан нийт 1,387,312,138 төгрөг байснаас миний нийлүүлсэн барилгын бараа материалийн үнийн дүн 1,049,557,177 байсан. Дээрх үнийн дүнгийн зөрүү 337,754,961 төгрөг дээр гэрээний алданги нэмэгдэж 492,391,709 төгрөгийг миний бие болон НМБЦЭ ХХК, Э ХХК-д төлөх ёстой байсан. Тиймдээ ч Э ХХК М.Н болон НМБЦЭ ХХК-иас 492,391,709 төгрөг гаргуулахаар 2013.09.27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Э ХХК Н болон НМБЦЭ ХХК-д 151,000,000 төгрөгийн үнэ бүхий 7ш тээврийн хэрэгсэл, 1,163,836,170 төгрөгийн үнэ бүхий 12ш орон сууцыг хүлээлгэн өгсөн гэж нэхэмжилсэн. Улмаар 2014.05.22-ны өдөр Зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 989/1979х тоот захирамжаар 410,000,000 төгрөгт эвлэрч М.Н болон НМБЦЭ ХХК 110,000,000 төгрөгийг бэлнээр, 300,000,000 төгрөгт барилгын бараа материалыг нийлүүлэхээр эвлэрснийг баталгаажуулсан. Өнөөдрийн байдлаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа НШШГГ-т явагдаж байгаа, шийдвэрт шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар дээрх 12 орон сууцны аль нэг дээр ямар нэг арга хэмжээ авагдахаар тусгагдаагүй. Миний бие Х.Эгийн орон сууцны үнийг Э ХХК-д бүрэн төлсөн бөгөөд Э ХХК ч тухайн үед үүнийг хүлээн зөвшөөрч Х.Эд орон сууцыг хүлээлгэн өгч акт үйлдсэн. Х.Э нь 2013.02.04-ны өдөр Э ХХК-иас орон сууцаа хүлээлцэн акт үйлдэж амьдарч байгаагийнхаа хувьд 2015 онд үл хөлөх хөрөнгийн гэрчилгээгээ нэхэж эхэлсэн бөгөөд миний бие тухайн үед Э ХХК-ийн барьсан ихэнх орон сууцнууд газрын маргаан, банкны барьцаа зэрэг асуудлуудаас болж Улсын бүртгэлээс үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргахгүй асуудал үүсч иргэд, харилцагчид олон газар шүүхдэж байгаа талаар тайлбарлаж хоорондын хэлцэл байгуулж байсан. Энэ жишгээр дээрх 12 байрны зарим үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарахгүй удааширч байсан бөгөөд 2015.09.30-ны өдөр гэрчилгээнүүд гарсан. Гэтэл Э ХХК нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2014 оны 1979Х тоот шийдвэрээр Х.Эгийн орон сууцны төлбөрийг шийдвэрлүүлсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байсаар байтал, одоо дахин шүүхэд Х.Эг маргаан бүхий орон сууцнаас албадан гаргах сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь Э ХХК-ийг үндэслэлгүй хөрөнгөжихийг хүсэж байгааг илтгэж байна. Би гэрээний дагуу Г хотхон, 302-2-16 тоот орон сууцны үнийг Э ХХК-д төлсөн бөгөөд энэ нь өмнө нь шийдвэрлэсэн шүүхийн шийдвэртэй, нэхэмжлэгч надад төлбөрийг төлж дуусгасан нь баримттай, үүнийг тус орон сууцыг хүлээлгэж өгсөн акттай байхад өөрсдөөсөө шалтгаалж, гэрчилгээг гаргахгүй удаашруулж байхад Э шүүхэд хандаагүйнх нь төлөө өнөөдөр өөрсдийн нэр дээр гэрчилгээг гаргуулан авчаад орон сууцыг чөлөөлөх нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Э ХХК яг ийм үндэслэлээр миний бартераар 46,469,000 төгрөгийг төлж иргэн Н.Э худалдан авсан Г хотхон, 302-5-57 тоот орон сууцны гэрчилгээг 2015.09.30-ны өдөр өөрийнхөө нэр дээр гаргуулан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүх 2016.08.16-ны өдрийн 509 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гэрчилгээ гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангасан гэв.

 

Хариуцагч Э ХХК-иас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх НМБЦЭ ХХК, түүний захирал М.Нтай байгуулсан гэрээний дагуу Г хотхон, 302 байр, 16 тоот, 2 өрөө орон сууцыг 2012 онд НМБЦЭ ХХК-д хүлээлгэн өгсөн бөгөөд 2012 оноос өнөөдрийг хүртэл Х.Э төлбөр нь төлөгдөөгүй манай өмчлөлийн орон сууцанд амьдарч байна. Манайхаас удаа дараа орон сууцыг чөлөөлж өгөхийг мэдэгдсэн ч Х.Э тухайн орон сууцыг чөлөөлж өгөлгүй манай өмчлөх эрхийг зөрчиж байна. Иймд манай өмчлөлийн Г хотхон, 302 байр, 16 тоот, 2 өрөө орон сууцнаас Х.Эг албадан гаргаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, М.Н нь хариуцагчтай маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөд гэрээ байгуулан нэхэмжлэгчээс төлбөрийг авч хариуцагчид төлж дууссан, энэ талаар тодорхой мэдэж байсан. Нэхэмжлэгч нь хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой НМБЦЭ ХХК буюу захирал М.Нтай эрх зүйн харилцаанд орсон гэж тодорхойлж байх бөгөөд өмнө нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэдгээр тайлбарлан маргаж байна гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Х.Э нь Э ХХК болон М.Н нарт холбогдуулан сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай, Э ХХК-д холбогдуулан өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай шаардлагыг гаргасан байна.

 

Э ХХК болон НМБЦЭ ХХК-ийн хооронд 2009-2012 онд Бараа нийлүүлэх, бартераар төлбөр тооцоог барагдуулахаар гэрээ байгуулж, 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2 талын тооцоогоор 492,391,709 төгрөгийн өртэй болохоо талууд хүлээн зөвшөөрч төлбөрийг паркетан шал, хаалгаар төлж дуусгахаар харилцан тохиролцсон байна.

 

Энэхүү гэрээний үүргээ зөрчсөнөөр Э ХХК нь НМБЦЭ ХХК болон М.Н нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1979х дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч шаардлагын 82,391,709 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 410,000,000 төгрөг төлөхөөр эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ М.Н нь Э ХХК-д бараа нийлүүлж оронд нь 43м2 орон сууцыг м2-ыг 1,499,000 төгрөгт тооцож, 64,457,000 төгрөгөөр авч байгаа, надад төлбөрийг төлж, би бараа материалыг Э ХХК-д нийлүүлж тооцоог дуусган орон сууцыг өгөх санал тавьсныг би зөвшөөрсний дагуу М.Нд 69,500,000 төгрөг хүлээлгэн өгсөн, Э ХХК нь миний орон сууцны 64,457,000 төгрөгийг хааж тооцоог дуусгасан, Э ХХК гэрчилгээг өөр дээрээ гаргасан гэж тайлбарлав.

 

Хариуцагч М.Н нь орон сууцны өмчлөгч нэхэмжлэгч мөн, гэрчилгээг Э ХХК гаргаж өгөх ёстой гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх бөгөөд харин Э ХХК нь маргаан бүхий орон сууцыг гэрээний дагуу М.Н, НМБЦЭ ХХК-ийн эзэмшилд өгсөн, тэд төлбөрийг төлөөгүй тул манайд гэрээний дагуу өмчлөх эрхийн улсын гэрчилгээг гаргаж өгөх үүрэг үүсээгүй, манайх нэхэмжлэгчтэй эрх зүйн харилцаанд ороогүй, нэхэмжлэгч М.Н нарын тохиролцоо манайд хамаагүй гэж маргалаа.

Э ХХК нь НМБЦЭ ХХК-тай 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан 02/20120528 тоот гэрээг байгуулж, нийлүүлэгч нь 5760 тн буюу 90 вангон цементийг 835,200,000 төгрөгт тооцож нийлүүлэх, захиалагч нь 501,475,000 төгрөгийн үнэтэй 6ш орон сууц, 81,000,000 төгрөгийн үнэтэй 6ш автомашиныг хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээжээ.

Дээрх гэрээний 2.2-т заасны дагуу нийлүүлэгч нь 3264 тн буюу 51 вагон цементийг захиалагчид нийлүүлэх, 2.3-т заасны дагуу захиалагч нь эхний ээлжинд 4ш орон сууцыг эзэмших үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхөөр тохиролцсон, 2.5 дахь заалтаар нэр бүхий эд хөрөнгүүдийг гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар барьцаалахаар заасан байх бөгөөд энэхүү тохиролцоогоор эхний ээлжинд орон сууц эзэмших үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргах болон барьцаалсан эд хөрөнгөд нэхэмжлэгчийн маргаж буй орон сууц ороогүй байна.

 

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжих ба дээрх гэрээний дагуу маргаан бүхий орон сууцны төлбөрийг М.Н бүрэн төлснөөр өмчлөх эрх шилжих юм.

 

Гэтэл тухайн эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн гэж нэхэмжлэгч болон М.Н нар нь Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан баримтыг үндэслэн маргаж байгаа боловч гол-302-016 Нтай тооцоо нийлсэн актаас хойш 3 удаагийн торгууль хасагдаж, 23,365,760 төгрөгийн худалдан авалт орсноор 64,457,000 төгрөгийн өглөгтэй талаар 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн баримтаар дүгнэсэн байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч М.Нд 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 21,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 2 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, гэрээ байгуулан нотариаатаар баталгаажуулжээ.

 

Талууд энэхүү зээлсэн мөнгийг урьдчилгаанд тооцон Баянгол дүүрэг, 4 хороо, Г хотхон, 302 байр, 16 тоот, 2 өрөө орон сууцыг Х.Э худалдан авахаар тохиролцон, 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 42,500,000 төгрөг, 2014 оны 8 сард 6,000,000 төгрөгийг М.Нд өгсөн үйл баримт тогтоогдож байна.

 

Э ХХК-ийн 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн баримтыг үндэслэн нэхэмжлэгч нь түүний орон сууцанд төлсөн мөнгийг М.Н Э ХХК-д төлсөн гэж тайлбарласныг хүлээн авах боломжгүй байна.

 

Учир нь Э ХХК болон НМБЦЭ ХХК, М.Н нарын хоорондын 2009-2012 онд байгуулсан гэрээг 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдөр дүгнэж, 492,391,709 төгрөгийн өртэйг тооцсон, нэхэмжлэгч 82,391,709 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 410,000,000 төгрөг төлөхөөр эвлэрснийг шүүх баталжээ.

 

Өөрөөр хэлбэл 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдөр М.Н нь Х.Эгээс зээлсэн 21,000,000 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зээлийг урьдчилгаанд төлснөөр тооцож, орон сууц худалдан авахаар тохирч Х.Эгээс М.Нд төлсөн 42,500,000 төгрөг, 2014 оны 8 сард төлсөн 6,000,000 төгрөгийг 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн баримтаар Х.Эгийн орон сууцны мөнгийг М.Н нь Э ХХК-д төлсөн гэж үзэх боломжгүй юм.

 

Дээрх байдлыг дүгнэхэд талуудын өглөг авлагын талаар зохигч эвлэрснээр Э ХХК болон НМБЦЭ ХХК, М.Н нарын хоорондын маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн, талууд 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөр тооцоог хийсэн, хариуцагч Э ХХК нь НМБЦЭ ХХК, М.Н нарыг төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс маргаан бүхий орон сууцны өмчлөлийг шилжүүлээгүй үйл баримт тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэжээ.

 

Тухайн тохиолдолд зөрчлийг арилгуулах урьдчилсан нөхцөл нь шаардах эрхийг хэрэгжүүлэх этгээд нь зөвхөн өмчлөгч байх, өмчлөх эрх нь зөрчигдсөн байхыг шаардана.

 

Гэтэл гэрээний дагуу М.Нд Э ХХК-иас маргаан бүхий орон сууцны өмчлөл шилжээгүй, М.Нгаас Э ХХК-тай байгуулсан гэрээний дагуу өмчлөлийг шаардах эрхийг Х.Эд шилжүүлээгүй, М.Э болон Э ХХК нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй байхад Х.Э нь М.Н, Э ХХК нараас орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардлага гаргаж байгааг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэгч болон хариуцагч М.Н нарын шаардаж буй үндэслэл болон татгалзлын үндэслэлийг нэг үйл баримтаар нэг байр сууринаас тайлбарлаад байгаа нь зөрчилтэй гэж үзнэ.

 

Зүй нь М.Н нь хийсэн хэлцлийн дагуу Э ХХК-иас өмчлөлийг шаардах, М.Н өмчлөх эрхтэй болсон тохиолдолд Х.Э нь М.Нгаас өмчлөх эрхийг шаардах эрхтэй юм.

 

Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс М.Н нэхэмжлэл гаргаагүй байхад түүний Э ХХК-д холбогдуулан гаргах шаардах эрхийн үндэслэлийг Х.Э хэрэгжүүлэхээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Э ХХК нь хариуцагч М.Нд гэрээ байгуулсны дараа төлбөрийг төлөгдөөгүй байхад орон сууцны эзэмшил ашиглалтыг хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар маргахгүй байх бөгөөд тухайн хүлээлгэн өгсөн баримт нь хуульд заасан шаардлага хангахгүйн дээр халуун, хүйтэн усны тоолуурыг бичсэнээс дүгнэхэд Таун комфорт ОСНАА контор ашиглалтын зардлыг тодорхойлохоор хүлээлцсэн гэж үзэхээр байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Э ХХК, М.Н нарт холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Э ХХК-д холбогдох өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай Х.Эгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э ХХК нь нэхэмжлэгчийг маргаан бүхий орон сууцнаас албадан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч М.Н Э ХХК-тай маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөд гэрээ байгуулан, надаас төлбөрийг авч хариуцагчид төлж дууссан гэж тайлбарлав.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дахь хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан ба шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч байх, хариуцагчийн эзэмшил хууль бус байхыг шаардана.

 

Э ХХК нь Г хотхон /16010/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 302 байр, 16 тоот хаягт байршилтай, 43м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч болох нь 000461036 дугаарын гэрчилгээгээр нотлогдож байх тул шаардах эрхтэй байна.

 

Тухайн тохиолдолд дээрх байрыг Х.Э нь хуулийн дагуу эзэмшиж байгаа болох нь баримтаар нотлогдохгүй байх тул түүний эзэмшлийг хууль бус гэж үзэх тул орон сууцыг албадан чөлөөлөх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчаас тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан, хариуцагч Э ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан Э ХХК болон Н / / нарт холбогдох, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Э ХХК-д холбогдох өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Х.Эгийн хууль бус эзэмшлээс Г хотхоны 302 байр, 16 тоот, 43м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан, хариуцагч Э ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ