Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 1823

 

 

 

 

 

 

 

 

 

 “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/01830 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдрх,

 

Эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/02769 дүгээр шийдвэрээр “К” ХХК-аас 2 472 910 214 төгрөгийг гаргуулж “Сеожүүн ложистик монголиа” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хэрэгжүүлж байгаа.

Уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэх газраас “К” ХХК-ийн өмчлөлийн 12 нэр төрлийн тээврийн хэрэгслийг битүүмжилж, хураан авч улмаар эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авсан.

Манай байгууллагаас өгсөн үнийн саналыг “Сеожүүн ложистик монголиа” ХХК нь хүлээн зөвшөөрөөгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Б М” ХХК-ийг шинжээчээр томилжээ. “Б М” ХХК нь манай компанийн өмчлөлийн тээврийн хэрэгслүүдийг зах зээлийн бодит үнэлгээнээс хэт доогуур буюу нийт 12 ширхэг тээврийн хэрэгслийг бүхэлд нь 103 192 000 төгрөгөөр үнэлсэн.

Хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллага нь Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгө үнэлгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлгээ хийж тус үнэлгээ нь хуульд нийцсэн эсэхэд нь шинжээчээр томилсон эрх бүхий байгууллага нь хяналт тавьж хуулийн хүрээнд бодитой үнэлсэн гэж үзсэн тохиолдолд үнэлгээг холбогдох этгээдүүдэд мэдэгдэж тухайн үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулах ёстой боловч дээрх эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон “Б М” ХХК нь үндэслэлгүйгээр өртгийн арга болон орлогын аргаар тухайн эд хөрөнгийг үнэлгээг тогтоогоогүй бөгөөд зөвхөн жишиг үнийн аргад тулгуурлаж үнэлсэн нь холбогдох хуулиар тогтоосон дүрэм, журам, мөн холбогдох стандартыг зөрчсөн үйлдэл болсон. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 4/10746 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/02769 дүгээр шийдвэрээр “К” ХХК-аас 2 472 560 214 төгрөгийг гаргуулан “Сеожүүн ложистик монголиа" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч “К” ХХК-д төлбөр төлөхийг мэдэгдэж, төлбөр төлөгчийн эзэмшлийн 12 тээврийн хэрэгслийг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 19290002/04 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор битүүмжилж, 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 19290002/08 тоот “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолоор хураасан.

Талуудад үнийн санал өгөхийг мэдэгдэхэд харилцан тохиролцоогүй, төлбөр төлөгч “К” ХХК нь 12 тээврийн хэрэгслээ 195 500 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зах зээлийн үнээс хэт өндөр үнэлсэн байх тул шинжээч томилох тухай хүсэлт ирүүлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу төлбөрт хураагдсан хөрөнгөнд үнэлгээ тогтоолгохоор “Б М” ХХК-ийг томилоход, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 103 192 000 төгрөгөөр үнэлсэн.

Үнэлгээг талуудад 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 4/10746 тоот албан бичгээр төлбөр төлөгчийн болон төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт мэдэгдсэн.

Иймд хөрөнгийн үнэлгээг тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч “К” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг “өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг өмнө олгосон”, хэргийг шийдвэрлэхэд чухал шаардлагатай нотлох баримт гаргуулах хүсэлтийг “өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаангүй” гэх үндэслэлээр тус тус хангахаас татгалзаж, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцож амжаагүй бөгөөд нэхэмжлэгч “К” ХХК-ийн зүгээс тухайн өдөр Г.Д-д шинээр итгэмжлэл олгон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байсан.

Г.Д- нь 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааныг хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч авах хүсэлт гарган хойшлуулж, нэхэмжлэгч “К” ХХК-д мэдэгдэлгүй 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Ө.Оргил гэх өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байсан.

Үүнийг “К” ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Г.Д-д олгосон итгэмжлэлээсээ татгалзсан. Ө.Оргил өмгөөлөгч Г.Д-тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан болохоос нэхэмжлэгч “К” ХХК-тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй.

Г.Д- нь компанийг шүүхэд төлөөлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхгүй болсон тул Ө.Оргил өмгөөлөгч мөн адил уг хэрэгт нэхэмжлэгч “К” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан оролцох эрхгүй болсон. Г.Д-д олгосон итгэмжлэлээсээ татгалзсан талаар шүүхэд мэдэгдэхээр очиж байсан ч шүүгч, шүүгчийн туслах ээлжийн амралтаа авсан байсан тул мэдэгдэж чадаагүй.

Иймд 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “К” ХХК нь Г.Д-д олгосон итгэмжлэлээсээ татгалзаж, үүнтэй холбоотойгоор Ө.Оргил өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй болсон талаар мэдэгдсэн. “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах талаар нэг ч удаа хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд  анх удаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлт тавьсныг шүүх үндэслэлгүйгээр татгалзаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг ноцтойгоор зөрчсөн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хөрөнгө үнэлгээний компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулан ажилладаг бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримт материалуудаас харахад “Баянмодот” ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран ажиллах гэрээтэй эсэх нь нотлогдохгүй байсан.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь өөрсдийн хамтран ажиллах гэрээ байгуулсан хөрөнгө үнэлгээний компаниудтай хамтран ажилладаг бөгөөд гэрээ байгуулаагүй хөрөнгө үнэлгээний байгууллагуудтай хамтран ажиллахыг хориглодог.

Хэрэв гэрээ байгуулаагүй хөрөнгө үнэлгээний компаниар хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн тохиолдолд уг хөрөнгийн үнэлгээ буюу гарсан шинжээчийн дүгнэлт нь хүчин төгөлдөр бус дүгнэлт болох бөгөөд хуульд заасны дагуу нотлох чадвараа алддаг.

Уг хүсэлтийг 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан бөгөөд энэ хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны буюу процессын зөрчил гаргаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж хэргийг эцэслэн шийдвэрлэн.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/02769 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 795 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2018/01309 дүгээр тогтоолоор “К” ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 460 101 756 төгрөгийг гаргуулан “С Л М” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Дээрх шүүхийн шийдвэрийг “К” ХХК сайн дураар биелүүлээгүй тул 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ГХ2018/01218 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 19290002/04 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 19290002/08 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор төлбөр төлөгч “К” ХХК-ийн эзэмшлийн 12 нэр төрлийн тээврийн хэрэгслийг битүүмжлэн хураах ажиллагаа явуулсан ба уг ажиллагаанд талууд гомдол гаргаагүй байна.

 

“К” ХХК-аас 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр дээрх 12 нэр төрлийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулах доод үнийг 195 500 000 төгрөгөөр тодорхойлон үнийн санал гаргасныг төлбөр авагч “С Л М” ХХК эс зөвшөөрсөн тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар талууд үнийн саналд тохиролцоогүй гэж дүгнэн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 11 тоот тогтоолоор “Б М” ХХК-ийг үнэлгээ гаргуулахаар шинжээчээр томилсон, уг ажиллагаа хуульд нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Шинжээч “Б М” ХХК уг 12 нэр төрлийн тээврийн хэрэгслийг нийтэд нь 103 192 000 төгрөгөөр үнэлсэн талаар хариуцагч байгууллага 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 4/10746 тоот албан бичгээр “К” ХХК-д мэдэгдсэн байна.

 

Сангийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тушаалаар “Б М” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин С.Цд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг олгосон нь гэрчилгээгээр тогтоогдож байх тул тус компанийг шинжээчийн дүгнэлт гаргах эрх бүхий этгээд гэж дүгнэнэ. Харин уг компанийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран ажиллах гэрээ байгуулагдсан эсэхээс хамаарч шинжээч биш гэж үзэхгүй болно.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй болжээ.

 

Учир нь нэхэмжлэгч “К” ХХК үнэлгээг эс зөвшөөрч гомдлыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан ба мөн өдрөөр огноолж Н.Э, 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Г.Д- нарт шүүхэд төлөөлөх эрхтэй итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай олгосон байх бөгөөд Г.Д- нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өмгөөлөгч Ө.Оргилтой хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан талаарх баримт хэрэгт авагджээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход эдлэх эрх, хүлээх үүргийн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эт 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр, Г.Д-д 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр тус тус танилцуулж баримт үйлджээ.

 

“К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд оролцохдоо компани Г.Д-д олгосон шүүхэд төлөөлөх эрхийн итгэмжлэлээс татгалзсан тухай албан бичгийг баримтаар гаргаж, өмгөөлөгч авах, нотлох баримт гаргуулах хүсэлт гаргажээ. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний 183/ШЗ2019/10005 дугаар захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Учир нь анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч авах хүсэлтийг 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүхийн 183/ШЗ2019/08573 дугаар захирамжаар шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулж байжээ. Үүнээс гадна анхан шатны шүүх хуульд заасан эрх эдлэх боломжийг нэхэмжлэгч талд нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээс хойш анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх хүртэл 3 сар гаруй хугацаагаар олгожээ.

 

Түүнээс гадна энэ хугацаанд шүүгч, шүүгчийн туслах ээлжийн амралтаа эдэлсэн байж болох ч шүүх хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг авахгүй нөхцөл байдал тогтоогдохгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/01830 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                    ШҮҮГЧИД                                      Н.БАТЗОРИГ

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА