Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2020/00549

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/01830 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1823 дугаар магадлалтай,

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Н-т холбогдох,

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Энхбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/02769 дүгээр шийдвэрээр “К” ХХК-иас 2 472 910 214 төгрөгийг гаргуулж “С” ХХК-д олгуулахаар шийдвэрлэж, энэхүү шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг Н хэрэгжүүлж байгаа билээ.

Уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэх газраас “К” ХХК-ийн өмчлөлийн 12 нэр төрлийн тээврийн хэрэгслийг битүүмжилж, хураан авч улмаар эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авсан. Манай компаниас өгсөн үнийн саналыг “С” ХХК нь хүлээн зөвшөөрөөгүй тул Нраас “Баян модот” ХХК-ийг шинжээчээр томилжээ.

 “Баян модот” ХХК нь манай компанийн өмчлөлийн тээврийн хэрэгслүүдийг зах зээлийн бодит үнэлгээнээс хэт доогуур буюу нийт 12 ширхэг тээврийн хэрэгслийг бүхэлд нь 103 192 000 төгрөгөөр үнэлсэн байхад шийдвэр гүйцэтгэх байгууллага нь тухайн үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулах гэж байна. Энэ нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч компанийн хууль ёсны эрхэд шууд хохирол учруулж төлбөр төлөх нөхцөл боломжийг хясан боогдуулсан үйлдэл болсон.

Учир нь хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллага нь Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгө үнэлгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлгээ хийж тус үнэлгээ нь хуульд нийцсэн эсэхэд нь шинжээчээр томилсон эрх бүхий байгууллага нь хяналт тавьж хуулийн хүрээнд бодитой үнэлсэн гэж үзсэн тохиолдолд үнэлгээг холбогдох этгээдүүдэд мэдэгдэж тухайн үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулах ёстой боловч дээрх эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх газар нь хөрөнгө үнэлгээний компаниас ирүүлсэн хөрөнгө үнэлгээний тайланг нягталж үзэлгүйгээр шууд тухайн үнэлгээний тайланд дурдсан үнэлгээгээр эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулж буй нь шударга ёсонд үл нийцнэ. Хөрөнгө үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заажээ.

 Гэтэл Нраас томилсон “Баян модот”ХХК-ийн тайлангаас үзэхэд хөрөнгө үнэлгээний тухай хуульд заасан дараах шаардлагыг илтэд зөрчсөн байна. Тодруулбал, “Баян модот” ХХК нь үндэслэлгүйгээр өртгийн арга болон орлогын аргаар тухайн эд хөрөнгийг үнэлгээг тогтоогоогүй бөгөөд зөвхөн жишиг үнийн аргад тулгуурлаж үнэлсэн нь холбогдох хуулиар тогтоосон дүрэм, журам, мөн холбогдох стандартыг зөрчсөн үйлдэл болсон. Ийнхүү холбогдох хууль, журамд үл нийцүүлэн тогтоосон үнэлгээг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна. Иймд Нрын 2019.05.03-ны өдрийн 4/10746 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинзул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/02769 дугаар шийдвэрээр “К” ХХК-иас 2 472 560 214 төгрөгийг гаргуулан “С" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч “К” ХХК-д төлбөр төлөхийг мэдэгдэж, төлбөр төлөгчийн эзэмшлийн 12 тээврийн хэрэгслийг 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 19290002/04 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор битүүмжилж, 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 19290002/08 тоот “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолоор хураасан. Талуудад үнийн санал өгөхийг мэдэгдэхэд харилцан тохиролцоогүй, төлбөр төлөгч “К” ХХК нь 12 тээврийн хэрэгслээ 195 500 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайнсанаа зах зээлийн үнээс хэт өндөр үнэлсэн байх тул шинжээч томилох тухай хүсэлт ирүүлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу төлбөрт хураагдсан хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор “Баян модот” ХХК-ийг томилоход, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 103 192 000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг талуудад 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 4/10746 дугаар албан бичгээр төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг, төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайнсанаа нарт мэдэгдсэн. Иймд хөрөнгийн үнэлгээг тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/01830 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нт холбогдох, эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч “К” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1823 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/01830 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.10.25-ны өдрийн 1823 дугаар магадлалыг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Ж.Сэмжид 2019.09.04-ний өдөр хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийг өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг “өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг өмнө олгосон”, хэргийг шийдвэрлэхэд чухал шаардлагатай нотлох баримт гаргуулах хүсэлтийг “өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж байгаа нь хүндэтгэн үзэх шаардлагагүй” гэх үндэслэлээр тус тус хангахаас татгалзаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж шийдвэр гаргасан.

Улмаар итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн үйлдэл болсон.

Өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, өмгөөлүүлэх эрхээр хангаагүй тухайд:

Итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2019.07.17-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцож чадаагүй бөгөөд нэхэмжлэгч компанийн зүгээс тухайн өдөр Г.Дэлгэрсайханд шинээр итгэмжлэл олгон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна. Г.Дэлгэрсайхан нь 2019.07.17-ны өдрийн шүүх хуралдааныг хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч авах хүсэлт гарган хойшлуулж, нэхэмжлэгч компанид мэдэгдэлгүй 2019.07.24-ний өдөр Ө.Оргил гэх өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байна. Үүнийг “К” ХХК-ийн зүгээс компанид мэдэгдэлгүй дур мэдэн өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан тул Ө.Оргил өмгөөлөгчийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж Г.Дэлгэрсайханд олгосон итгэмжлэлээсээ татгалзсан.

Ө.Оргил өмгөөлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэлгэрсайхантай гэрээ байгуулсан болохоос нэхэмжлэгч “К” ХХК-тай гэрээ байгуулаагүй юм. Г.Дэлгэрсайханд олгосон итгэмжлэлээсээ татгалзсан талаар шүүхэд мэдэгдэхээр миний бие удаа дараа очиж байсан ч шүүгч, шүүгчийн туслах ээлжийн амралтаа авсан байсан тул мэдэгдэж чадаагүй. Тэгээд 2019.09.04-ний өдөр энэ талаар мэдэгдсэн.

Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах талаар нэг ч удаа хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд 2019.09.04-ний өдрийн шүүх хуралдаанд анх удаа хуульд заасны дагуу өмгөөлөгч авах хүсэлт тавьсан боловч шүүх хүсэлтийг үндэслэлгүйгээр татгалзаж, нэхэмжлэгчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн.

Нотлох баримт гаргуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан тухайд:

Шүүгч шүүх хуралдааныг нээж талуудаас шинээр гаргаж өгөх баримт байгаа эсэхийг тодруулахад миний бие хөрөнгө үнэлгээний “Баян модот” ХХК-ийг шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан эсэх талаар тодруулах шаардлагатай байх тул хариуцагчаас хамтран ажиллах гэрээ байгуулсан хөрөнгө үнэлгээний компаниудын жагсаалтыг гаргуулах гэсэн хүсэлт гаргасан.

Гэтэл шүүгч дээрх хүсэлтийг өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүгч талуудаас нэмж гаргах хүсэлт байгаа эсэхийг тодруулсан атлаа хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг энэ мэтчилэн шалтгаанаар хэрэгсэхгүй болгож байгаа нь хууль бус юм.

Учир нь шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хөрөнгө үнэлгээний компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулан ажилладаг бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад “Баян модот” ХХК нь Нтай хамтран ажиллах гэрээтэй эсэх нь нотлогдохгүй байсан. Н нь өөрсдийн хамтран ажиллах гэрээ байгуулсан хөрөнгө үнэлгээний компаниудтай ажилладаг бөгөөд гэрээ байгуулаагүй компаниудтай хамтран ажиллахыг хориглодог. Хэрэв гэрээ байгуулаагүй компаниар хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн тохиолдолд уг шинжээчийн дүгнэлт хүчин төгөлдөр бус дүгнэлт болох бөгөөд хуульд заасны дагуу нотлох чадвараа алддаг.

Уг хүсэлтийг гаргахаар шүүхэд удаа дараа очсон боловч шүүгч, шүүгчийн туслах ээлжийн амралттай байгаа үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүгчийг ажилдаа орсны дараа хүсэлтээ гарга гэж буцаасан. Тиймээс миний бие 2019.09.04-ний өдрийн шүүх хуралдаанд уг хүсэлтийг гаргасан бөгөөд энэ хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг шүүгч анзаарч үзэлгүйгээр хүсэлтийг хангахаас татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж шийдвэр гаргасан.

Ийнхүү анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх нөхцөлийг хангаагүй байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг үндэслэлтэй мэтээр тайлбарлаж шийдвэрлэсэн нь мөн адил үндэслэлгүй, хууль бус юм.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

“К” ХХК Нт холбогдуулан төлбөрт хураагдсан 12 нэр төрлийн тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...анхан шатны шүүх өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулах эрхийг зөрчсөн, ...нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үүргээ биелүүлээгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно.

Хэрэгт авагдсан баримтаар “К” ХХК 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарснаас хойш нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нотлох баримт гаргуулах, хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулах, итгэмжлэгдсэн төлөөлөгч шинээр томилогдсон үндэслэлээр хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч авч эрх зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэх, өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцах...” гэсэн хүсэлтээр шүүх хуралдааныг 4 удаа хойшлуулжээ.

Хэргийг хянан шийдвэрлэсэн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцож эрх зүйн туслалцаа авах, нотлох баримт хариуцагчаас гаргуулах...” хүсэлт гаргасныг шүүх “...нэхэмжлэгчийн өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулах эрхийг хангаж, энэ үндэслэлээр шүүх хуралдаан хойшилж байсан, нотлох баримт гаргуулахаар гаргасан хүсэлтийг энэ шүүх хуралдаанд гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй...” гэх үндэслэл зааж хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ дээр дурдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2. дахь заалтыг зөрчөөгүй, хууль хэрэглээний алдаа гаргаагүй байна.

2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаан 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр товлогдсон байна. Энэ хугацаанд нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд оролцох бэлтгэлээ хангах бүрэн боломжтой байсан, шүүх хуралдаанд хүсэлт гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай болохыг нотлоогүй байна.

Иймд “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн...” гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Хоёр шатны шүүх төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэх үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх бөгөөд хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/01830 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1823 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “К” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД