Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2019/01830

 

 2019 оны 09 сарын 04 өдөр

                Дугаар 183/ШШ2019/01830

                  Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

 

Хариуцагч: НШШГт холбогдох,

 

Эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: ... нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Э-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/02769 дүгээр шийдвэрээр “К” ХХК-иас 2.472.910.214 төгрөгийг гаргуулж “С” ХХК-д олгуулахаар шийдвэрлэж энэхүү шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг НШШГ хэрэгжүүлж байгаа билээ. Уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэх газраас “К” ХХК-ийн өмчлөлийн 12 нэр төрлийн тээврийн хэрэгслийг битүүмжилж, хураан авч улмаар эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авсан. Манай компаниас өгсөн үнийн саналыг “С” ХХК нь хүлээн зөвшөөрөөгүй тул НШШГ-аас “Б” ХХК-ийг шинжээчээр томилжээ. “Б” ХХК нь манай компанийн өмчлөлийн тээврийн хэрэгслүүдийг зах зээлийн бодит үнэлгээнээс хэт доогуур буюу нийт 12 ширхэг тээврийн хэрэгслийг бүхэлд нь 103.192.000 төгрөгөөр үнэлсэн байхад шийдвэр гүйцэтгэх байгууллага нь тухайн үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулах гэж байна. Энэ нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч компанийн хууль ёсны эрхэд шууд хохирол учруулж төлбөр төлөх нөхцөл боломжийг хясан боогдуулсан үйлдэл болсон. Учир нь хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллага нь Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгө үнэлгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлгээ хийж тус үнэлгээ нь хуульд нийцсэн эсэхэд нь шинжээчээр томилсон эрх бүхий байгууллага нь хяналт тавьж хуулийн хүрээнд бодитой үнэлсэн гэж үзсэн тохиолдолд үнэлгээг холбогдох этгээдүүдэд мэдэгдэж тухайн үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулах ёстой боловч дээрх эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байна. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх газар нь хөрөнгө үнэлгээний компаниас ирүүлсэн хөрөнгө үнэлгээний тайланг нягталж үзэлгүйгээр шууд тухайн үнэлгээний тайланд дурдсан үнэлгээгээр эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулж буй нь шударга ёсонд үл нийцнэ. Хөрөнгө үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэхь хэсэгт Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заажээ. Гэтэл НШШГ-аас томилсон “Б”ХХК-ийн тайлангаас үзэхэд хөрөнгө үнэлгээний тухай хуульд заасан дараах шаардлагыг илтэд зөрчсөн байна. Тодруулбал: “Б” ХХК нь үндэслэлгүйгээр өртгийн арга болон орлогын аргаар тухайн эд хөрөнгийг үнэлгээг тогтоогоогүй бөгөөд зөвхөн жишиг үнийн аргад тулгуурлаж үнэлсэн нь холбогдох хуулиар тогтоосон дүрэм, журам, мөн холбогдох стандартыг зөрчсөн үйлдэл болсон. Ийнхүү холбогдох хууль, журамд үл нийцүүлэн тогтоосон үнэлгээг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна. Иймд НШШГ-ын 2019.05.03-ны өдрийн 4/10746 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/02769 дугаар шийдвэрээр “К” ХХКомпаниас 2.472.560.214 төгрөгийг гаргуулан “С" ХХКомпанид олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч “К” ХХК-д төлбөр төлөхийг мэдэгдэж, төлбөр төлөгчийн эзэмшлийн 12 тээврийн хэрэгслийг 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 19290002/04 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор битүүмжилж, 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 19290002/08 тоот “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолоор хураасан. Талуудад үнийн санал өгөхийг мэдэгдэхэд харилцан тохиролцоогүй, төлбөр төлөгч “К” ХХК нь 12 тээврийн хэрэгслээ 195.500.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайнсанаа зах зээлийн үнээс хэт өндөр үнэлсэн байх тул шинжээч томилох тухай хүсэлт ирүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу төлбөрт хураагдсан хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор “Б” ХХК-ийг томилоход, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 103.192.000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг талуудад 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 4/10746 дугаар албан бичгээр төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэбилэг, төлбөр авагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Э.Сайнсанаа нарт мэдэгдсэн. Иймд хөрөнгийн үнэлгээг тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд аасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, НШШГт холбогдох, эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/02769 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 795 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2018/01309 дүгээр тогтоолоор “...хариуцагч К ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.460.101.756 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгохоор” шийдвэрлэжээ.

 

            Уг шүүхийн шийдвэрийг “К” ХХК-иас сайн дураар биелүүлээгүйгээс тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ГХ2018/01218 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн НШШГ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, НШШГ-ын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 19290002/04 дүгээр Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 19290002/08 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор төлбөр төлөгч “К” ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн 12 нэр төрлийн тээврийн хэрэгслийг хураан авч, төлбөр төлөгч “К” ХХК-иас 12 нэр төрлийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулах үнийн саналыг 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр НШШГт ирүүлснийг төлбөр авагч “С” ХХК-иас “...уг үнийн санал нь зах зээлийн ханшнаас хэт өндөр байгаа тул шинжээч томилуулах хүсэлт” гаргажээ.  

 

НШШГ-ын 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор “Б” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлангаар “12 нэр төрлийн тээврийн хэрэгслийг тус бүрт нь зах зээлийн үнэлгээг тогтоож, нийт 103.192.000 төгрөг” гэж дүгнэлт гаргасан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-т заасныг зөрчөөгүй байх бөгөөд уг хөрөнгийн үнэлгээний тайлан нь Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан үндэслэл, шаардлага, журмын дагуу хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалд нийцсэн байна.

 

            Иймд НШШГт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “К” ХХК-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлйин 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, НШШГт холбогдох, эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч “К” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ж.СЭМЖИД