Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 514

 

П.Л-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр, хохирогч Т.Н-, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 687 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 914 дүгээр магадлалтай, П.Л-т холбогдох 1708011020393 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт *** оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Т овогт П-н Л.

П.Л- нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Алтай худалдааны төвийн гадна иргэн Т.Н-ын толгойн тус газар цохиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”  гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч П.Л-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Л-, түүний өмгөөлөгч О.Анхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Эрүүгийн хуулиар гэм буруугийн хэлбэрийг санаатай, болгоомжгүй, холимог гэсэн гурван төрлийн аль нэгээр үйлдэгдэнэ гэж хуульчилсан болохоос гэм буруугийн шууд санаатай, шууд бус санаатай гэж ангилан ялгаж заагаагүй. Энэ нь гэм буруугийн санаатай хэлбэрийн шинжийг агуулахгүй бол болгоомжгүй, холимог хэлбэрийн аль нэг болно гэж ойлгогдохоор байна.

Гэм буруугийн санаатай хэлбэрийг Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тодорхойлон заасан энэ заалтыг эрүүгийн эрх зүйн үүднээс авч үзвэл гэм буруугийн санаатай хэлбэр нь гэмт этгээдийн оюун санааны мэдэх болон хүсэх элементийн нэгдэл юм. Хүсэх элементийн хамгийн гол ач холбогдол нь санаатай болон болгоомжгүй гэмт хэргийн хоорондын ялгааг гаргахад оршдог. Хүсэх элементийг хэргийн шинж байдлаас тогтоох боломжтой байдаг. П.Л- нь хууль бус шинжтэй үйлдэл хийж байснаа мэдэж байсан нь тодорхой бөгөөд харин хохирогч Т.Н-ын биед хүнд гэмтэл учруулахыг хүссэн үү, энэ үр дүнд хүрэхээр тууштайгаар эрмэлзсэн үү гэвэл үгүй юм. Энэ нь яллагдагч П.Л-ын /хх-н 58/  гэрч Ц.Байгалмаа, Ц.Нармандах, тэдгээрийн дахин өгсөн мэдүүлгүүдээс, шүүгдэгч П.Л- нь хохирогчид гэмтэл учруулах үр дүнг хүсч байсан болох, хүсэх төдийгүй тууштайгаар түүндээ хүрэхээр эрмэлзсэн гэдэг нь тогтоогдохгүй байна. Хэрвээ П.Л- нь хохирол буюу үр дагаврыг хүссэн юм бол нэгээс олон удаа хохирогчийн толгой руу цохих, араас нь хөөх, түүнийг гүйцэж очин дахин толгой руу нь цохих байдлаар түүний гэм буруугийн санаатай хэлбэрийн хүсэх элемент илэрч болох байсан, гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад ийм үйл явдал болоогүй болох нь тодорхой байна.

Гэтэл хоёр шатны шүүхийн шийдвэрт нотлох баримт болоод хэргийн үйл баримт хоёрын харилцан хамаарлыг огт задлан шинжилж үзээгүй байна. Давж заалдах шатны шүүх хохирогчид хүнд гэмтэл учирсан, хөдөлмөрийн чадвар 70 хувь алдсан гэх зэргээр хор уршигт анхаарал хандуулсан байх боловч энэ хохирол, хор уршиг гэм буруугийн ямар хэлбэрээр учирсан бэ гэдэгт огт анхаарал хандуулаагүй, энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Шүүгдэгчийн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй П.Л- нь хохирогч Т.Н-ын өөрийнх нь хууль бус үйлдэл гэмт хэрэг гарах болсон гол шалтгаан нөхцөл болсон. Шүүгдэгч урьд өмнө ямар ч гэмт хэрэгт холбогдоогүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хүн юм. Энэ хэргийн хувьд шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн. Анхан шатны шүүх шанаа руу цохисон ганц удаагийн цохилтын улмаас хохирогчийн толгойд цус харваж хүнд гэмтэл учирсан гэж дүгнэдэг. Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн энэхүү дүгнэлтийг учир дутагдалтай үздэг. Хохирогч шүүгдэгчид цохиулсныхаа дараа зам хөндлөн гараад салаад явчихдаг, тэгээд өглөө болтол хаагуур юу хийсэн, хэнтэй уулзсаныг огтхон ч тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн шалтгаант холбоог нарийвчлан тогтоогоогүй. /хх-ийн 75 хуудас/

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг огт харгалзан үзээгүй. Шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрдөг бөгөөд хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, 200,000 төгрөг төлсөн байдаг. Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг шүүх харгалзан үзээгүй шүүгдэгчийн хорих ялыг өөрчлөн хөнгөрүүлж, түүнд торгох ял оногдуулах бүрэн боломжтой байхад хуулийг буруу хэрэглэсэн болно. Иймд П.Л-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах зүйл ангиар хөнгөрүүлэн зүйлчилж, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “П.Л-т холбогдох хэрэг нь санаатай гэмт хэрэг юм. Хэрэг гарах болсон шалтгаан нь хохирогч Т.Н-, гэрч Ц.Б нарыг маргаж байхад П.Л- дундуур нь орж хохирогчийн толгой руу нэг удаа цохьсон. Нэг удаа гээд байгаа чамлалттай цохилтын ард хохирогчид хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун тал бөмбөлгийн чамархайн хэлтэнгийн эдийн гүн дэх цусан хураа, зүүн нүдний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд учирсан. Энэ гэмтэл нь амь насанд аюултай хүнд гэмтэлд тооцогдоно. Энэ хэргийн улмаас хохирогч хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан, 28 настай залуу одоо группд орчихсон байгаа. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан гомдлыг үндэслэн П.Л-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч П.Л- нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Алтай худалдааны төвийн гадна иргэн Т.Н-ын толгойн тус газар цохиж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Тодруулбал, хохирогч Т.Н- нь гэрч Ц.Б-тай маргалдаж, түүнийг доромжилсон үг, хэллэг хэлэх явцад шүүгдэгч П.Л- “эмэгтэй хүнийг тэгж хэлж болохгүй” гэж өмөөрөн хохирогчийг баруун гараараа зүүн шанаа руу нь 1 удаа цохиж хохирогчид хүнд гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.                 

Харин анхан шүүх шүүгдэгч П.Л-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнд 5 жил хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохироогүй байна гэж дүгнэлээ.

Иймд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байдал, түүнчлэн шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч П.Л-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил хорих ялыг 3 жил болгон хөнгөрүүлсэн өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаярын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 687 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 914 дүгээр магадлалд “Шүүгдэгч П.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгэсүгэй”  гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаярын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

         ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН